Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 2 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЕ66011647, Элжгэн овогт Чилхайсүрэнгийн Өнөржаргалын,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ч.Өнөржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1966 онд төрсөн, 52 настай. Би 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчин болж одоог хүртэл мал маллаж байна. Уг нь миний бие 2 жилийн өмнөөс тэтгэвэрт орох байсан боловч тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нэрийг Өнөрбуян гэж тухайн үеийн тоо бүртгэгч буруу бичиж нээсэн учраас одоог болтол тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтрийг маань нөхөн бичилттэй зэрэг шалтгаанаар шүүхэд хандаж ажилласан байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ингээд Аймгийн архиваас цалингийн тодорхойлолтоо шүүлгэхэд Ч.Өнөрбуян гэх нэрээр гарч ирсэн. Миний төрсөн ах дүү нарын дотор Ч.Өнөрбуян гэх нэртэй хүн байхгүй, миний нэрийг андуурч Ч.Өнөрбуян гэж бүртгэсэн байна. Иймд миний Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээж тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Д.Отгон, Ж.Алтантуяа нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ч.Өнөржаргал нь 1981 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтодЧилхайсүрэнгийн Өнөрбуянгийн 1983 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 261 дүгээр архивын лавлагаанд: Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн 1978-1981 оны цалинг шүүн үзэхэд Дүүдээ овогтой Батсуурийн цалин гараагүй нь үнэн болно гэжээ.

          Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн захиргаанаас Ч.Өнөрбуянд 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Түүний 1981 оноос 1990 оныг дуустал ажилласан хоног, авсан цалин хөлс бичигджээ.

         Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Алтантуяа, Д.Отгон нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Алтантуяа Миний бие нь 1982 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж эхлэхэд Ч.Өнөржаргал нь Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.Өнөржаргал нь тус нэгдэлд 1990 оныг дуустал ажилласан юм. Ч.Өнөржаргал нь голдуу хонь малладаг байсан. Бид нар нэг нутаг усны найз нөхөд хүмүүс бөгөөд хамт нэгдэлд мал маллаж байсан учраас би Ч.Өнөржаргалын ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Тухайн үед Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар Памаж, Сүхбаатар гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Д.Отгон Миний бие нь 1986 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж эхлэхэд Ч.Өнөржаргал нь Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ч.Өнөржаргал нь тус нэгдэлд 1990 оныг дуустал ажилласан юм. Ч.Өнөржаргал нь голдуу хонь малладаг байсан. Түүнийг анхнаасаа Ч.Өнөржаргал гэж дууддаг. Түүний хөдөлмөрийн дэвтрийг андуурч Ч.Өнөрбуян гэж бичсэн юм шиг байна гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 761 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн захиргаанаас Ч.Өнөрбуянд 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр засвартай, мөн бичилтүүд нь эргэлзээтэй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

         Нэхэмжлэгч Ч.Өнөржаргалын цалингийн тодорхойлолт нь Чилхайсүрэнгийн Өнөрбуян гэх нэрээр Аймгийн архивт хадгалагдсан боловч түүний нэрийг Ч.Өнөрбуян гэж андуурч бичсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Д.Отгоны мэдүүлгээр тогтоогдож байх тул Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтыг Ч.Өнөржаргалынх гэж үзэх нь зүйтэй.

         Ч.Өнөржаргалын 1981-1982 онуудын цалин Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Харин нэхэмжлэгч Ч.Өнөржаргал нь 1983 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Алтантуяа, Д.Отгон нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Ч.Өнөржаргалын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1983 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 8 жил ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1981 оноос 1982 оныг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Элжгэн овогт Чилхайсүрэнгийн Өнөржаргалын 1983 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 8 /найм/ жил ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1981 оноос 1982 оныг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Өнөржаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ