Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/298

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал,

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Н  Н-д   холбогдох эрүүгийн 2210004220314 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны.......... дугаар сарын ............-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамтаар Хан-Уул дүүргийн .......... дугаар хороо ................... тоотод оршин суух, Б овогт Н  Н  /РД:........................./.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Тоёота Вита маркийн ******* ******* улсын дугаартай автомашинд орхиж буусан хохирогч *******-ийн Айфон 12 про макс, Айфон 11 гар утаснуудыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 4.050.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210004220314 дугаартай хэргээс:

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

Дамно ХХК-ийн ХУ2-22-82 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

Юнител ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/1894 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 60 дахь тал/

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав.Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.  

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Тоёота Вита маркийн ******* ******* улсын дугаартай автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч *******-ийн тус автомашинд гээгдүүлсэн Айфон 12 про макс, Айфон 11 гар утаснуудыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 4.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд нэг мэдэхэд 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 07:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо ******* орчимд нэг үл мэдэх машинд сэрээд жолоочоос нь болсон асуудлыг асуухад 20-25 орчим насны эрэгтэй зам дээр хэвтэж байхаар чинь авсан гэж хэлсэн. Би тэр даруйд нь өөрийн эд зүйлийг шалгаж үзэхэд миний Айфон 12 про макс, Айфон 11 гар утас байхгүй, мөн машины түлхүүр, гэрийн түлхүүр байхгүй байсан. Би тэгээд гуйж байгаад гэртээ буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороолол Н-19 дүгээр байранд хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/

 

Дамно ХХК-ийн ХУ2-22-82 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфон 12 про макс гар утасны үнэ 2.750.000 төгрөг, Айфон 11 гар утасны үнэ 1.300.000 төгрөг...” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

 

Юнител ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05-01/1894 дугаартай албан бичиг: “...356731117922161 имэй кодтой утсанд манай сүлжээний дугаар ороогүй байна. 354006104011787 имэй кодтой утсанд 86868945 дугаарыг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хийж ашигласан байна. 86868945-Нарандэлгэр *******, НД96061418, УБ, Хан-Уул 7 хороо, Жаргалантын 4 гудамж 106 тоот...” /хавтаст хэргийн 60 дахь тал/

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Айфон 11 гар утсыг *******аранхүүгээс хураан авч *******үндэрмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл...” /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

 

                 Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр найз Анхбаярын Вита маркийн ******* ******* улсын дугаартай цагаан өнгийн автомашинтай таксинд явж байсан. Тухайн үед шөнийн 00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “*******” гэх нэртэй шөнийн цэнгээний газрын үүднээс нилээд согтуу үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хорооллын эцэс орно гээд машины ар талын суудал дээр суусан. Тэгээд би хорооллын эцэс дээр ирээд буулгах гэтэл эрэгтэй нь *******гийн хойно бууя гэж хэлсэн юм. Би 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар 1 дүгээр байрны *******гийн ар талын зам дагуу нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр буусан юм. Буухдаа таксины мөнгө гэж 10,000 төгрөг эрэгтэй нь надад өгсөн. Машинд суусан эмэгтэй нь өөрийгөө бараг авч явах чадваргүй болтлоо согтсон байсан. Эрэгтэй нь арай гайгүй байсан. Машинаас буугаад эрэгтэй нь эмэгтэйгээ зам дээр үлдээгээд яваад өгсөн. Би шууд гэртээ харихаар болоод *******гоос Яармагийн чиглэлд явсан. Яармаг өнгөрөөд явж байтал машины ард талын суудал дээр утас дуугараад байх шиг байсан. Тэгээд машинаа зогсоогоод шалгаж үзтэл ар талын суудал дээр Айфон 12 про макс, Айфон 11 загварын гар утас байсан. Дуугараад байсан Айфон 12 про макс загварын гар утсыг авах гэтэл цэнэг нь дуусаад унтарсан, харин Айфон 11 загварын гар утсанд нь сим байхгүй байсан. Би тэр даруйд нь гэртээ буюу Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 4-106 тоотод ирсэн. Айфон 11 загварын хөх ягаан өнгөтэй гар утас ямар нэгэн ай ди, цоож байхгүй байсан учир би өөрийн 86868945 дугаарыг хийж тухайн гар утсыг ашигласан юм. Харин Айфон 12 про макс загварын гар нь ай ди болон цоожтой байсан учир Хархорин зах дээр гадаа явж байсан үл таних хүнд бэлнээр 900,000 төгрөгөөр 2022 оны 3 сарын эхээр зарсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

          

          Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

            Шүүгдэгч ******* нь хохирогч *******-ийн гээгдүүлсэн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, өөртөө авч завшсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

         2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/-аар тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.   

Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д   ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д   мэдэгдэх нь зүйтэй.   

Шүүгдэгч *******-д   холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

3. Хохирол төлбөрийн талаар

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Шүүгдэгч *******-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч *******үндэрмаад 4.050.000 төгрөгийн хохирол учирсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь Айфон 12 про макс гар утасны үнэ 2.750.000 төгрөгийг төлсөн, Айфон 11 гар утсыг биет байдлаар хохирогч *******үндэрмаад хүлээлгэн өгсөн тул /хавтаст хэргийн 63-64, 65 дахь тал/, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овогт Н  *******г бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.          

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д   мэдэгдсүгэй.        

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь Айфон 12 про макс гар утасны үнэ 2.750.000 төгрөгийг төлсөн, Айфон 11 гар утсыг биет байдлаар хохирогч *******үндэрмаад хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.    

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР