Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 498

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 9-19 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ65031208, Маргад овогт Дүүдэйгийн Дариймаагийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Д.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, 52 настай. Би 1980 онд Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын конторт туслах шаварчин, будагчнаар ажиллаж байгаад 1984 оны 3 дугаар сард засал чимэглэлийн 2 дугаар курст суралцаж төгсөөд 1984 оны 5 дугаар сараас 1991 оныг дуустал Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр 1995 онд гэр шатахад шатсан тул Аймгийн архивт хандаж өөрийн холбогдолтой бичиг баримтыг гаргуулж авсан. Иймд энэ баримтыг үндэслэж намайг 1980 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын контор болон Барилга угсралтын трестийн 2 дугаар бригадад шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.Бадамцэцэгийг гэрчээр асууж өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Дариймаа нь 1980 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын контор болон Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтодДүүдэйгийн Дариймаагийн 1980 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар /засалчин/ ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Тэс сумын Барилга угсралтын конторын 1980 оны тайлан баланс гаргах барилга санхүүгийн төлөвлөгөө хийх комиссуудын ажиллах цагийн хуваарийн 4 дүгээр хавсралтад Д.Дариймаагийн нэр бичигджээ.

           Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын контор даргын 1980 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 110 дугаар Шагнах тухай тушаалд: ...Барилгачдын баяр угтсан 45 хоногийн социалист уралдаан, хөдөлмөр соёлын чуулганд амжилттай оролцож эхний 8 сарын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн Надмид, Ж.Бүргээ нарын 21 хүнийг 1-р байр эзлүүлж 1 дүгээр хавсралтаар, ... Д.Хишгээ нарын 20 хүнийг 2 дугаар хавсралтаар тус тус шагнаж урамшуулсугай. 2 дугаар хавсралтад Р.Нямжав-засалчин, Д.Дариймаа-туслах... гэжээ.

           Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын контор даргын 1981 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар Богино хугацааны социалист уралдаан өрнүүлэхэд шагналын фонд бий болгох тухай тушаалд: ...Богино хэмжээний уралдаан өрнүүлж хамт олныхоо хөдөлмөрийн эрч хүчийг нэмэгдүүлэн өдөр бүрийн ажил дүгнэх 1, 3, 7 хоногийн богино хэмжээний уралдаан өрнүүлэхэд нь зориулж Ноост, Загдаа, Цэвэгжав, Содном даргатай нэгдсэн бригадуудад тус тус 300 төгрөг олгосугай. Хавсралтад Д.Дариймаагийн нэр бичигджээ.

          Барилга угсралтын конторын дэргэдэх тэргүүн туршлага социалист уралдааны комиссын хурлын 1982 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3 дугаар протоколын хавсралтад: ...Д.Цэнд-Очир-засалчин, Дариймаа-туслах гэжээ.

           Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1984 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаар Барилгын засал чимэглэлийн курс байгуулж хичээллүүлэх тухай тушаалд: ...Барилга засал чимэглэлийн 2 сарын курсыг 1984 оны 3 дугаар сарын 13-наас эхлэн байгуулж хичээллүүлсүгэй. Барилгын засал чимэглэлийн курст-Дүүдэй Дариймаа нарыг тус тус элсүүлсүгэй гэжээ.

         Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 139 дүгээр Ажилд томилох тухай тушаалд: ...Барилгын засалчдын курс төгссөн Т.Пүрэвсүрэн, Ш.Алтансүх, С.Отгон нарын 31 хүнд 1 дүгээр хавсралт ёсоор барилгын засалчны мэргэжил, зэрэг олгосугай. Хавсралтын 16-д Д.Дариймаа гэжээ.

        Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 336 дугаар тушаалд: ...Барилгын байгууллагад олон жил ажиллаж төлөвлөгөө норм, өгөгдсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг ажилчин Дурмаг, Өлзийбаяр, Мөнгөө, Пүрэвжав, Баянсан нарын 256 хүнийг баярын бичиг, сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтын 86-Д.Дариймаа-засал гэжээ.

          Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр Шагнал олгох тухай тушаалд: ...Барилгыг хугацаанд нь чанартай барьж ашиглалтанд оруулахад идэвхи зүтгэлтэй ажилласан хавсралт бүхий 60 хүнийг 3870 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 37-д Дүүдэй Дариймаа гэжээ.

          Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Бадамцэцэгээс мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.БадамцэцэгМиний бие нь 1982-1984, 1986-1992 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Д.Дариймаа нь намайг Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж эхлэх үед тус газарт шаварчин, будагчнаар ажиллаж байсан бөгөөд Д.Дариймаа уг газарт нь 1991 оныг дуустал ажилласан. Бид хоёр нэг хүний удирдлаган дор хамт ажилладаг байсан. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Батзул гэх хүн ажиллаж байсан гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 430 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын контор даргын 1980 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 110 дугаар Шагнах тухай тушаал, Барилга угсралтын конторын дэргэдэх тэргүүн туршлага социалист уралдааны комиссын хурлын 1982 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3 дугаар протоколын хавсралтад нэхэмжлэгч Д.Дариймааг туслах ажилтнаар ажиллаж байсан талаар бичигдсэн, нэхэмжлэгч нь 1984 оны 5 дугаар сард засал чимэглэлийн курс төгсөж засалчин мэргэжил эзэмшсэн байх тул түүнийг 1980-1984 онуудад Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын конторт шаварчин, будагчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй, харин дээрх онуудад туслах аижлтнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

         Түүнчлэн гэрч Б.Бадамцэцэгийн Миний бие нь 1982-1984, 1986-1992 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар ажиллаж байсан ба Д.Дариймаа нь намайг Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж эхлэх үед тус газарт шаварчин, будагчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

         Иймд нэхэмжлэгч Д.Дариймаагийн 1980-1984 онуудад Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын контортшаварчин, будагчнаар ажиллаж байсан байдал тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Д.Дариймаагийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1984-1986 онуудын тушаалуудад түүнийг засалчнаар ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн боловч шаварчин, будагчин нь засалчин мэргэжилд багтдаг тул түүнийг 1984-1991 онуудад шаварчин, будагчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

         Нэхэмжлэгч Д.Дариймаа нь 1980 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын конторт туслах ажилтнаар, Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар ажиллаж байсан болох ньУвс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Тэс сумын Барилга угсралтын конторын 1980 оны тайлан баланс гаргах барилга санхүүгийн төлөвлөгөө хийх комиссуудын ажиллах цагийн хуваарийн 4 дүгээр хавсралт, Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын контор даргын 1980 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 110 дугаар Шагнах тухай тушаал, Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын контор даргын 1981 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар Богино хугацааны социалист уралдаан өрнүүлэхэд шагналын фонд бий болгох тухай тушаал, Барилга угсралтын конторын дэргэдэх тэргүүн туршлага социалист уралдааны комиссын хурлын 1982 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3 дугаар протоколын хавсралт, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1984 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаар Барилгын засал чимэглэлийн курс байгуулж хичээллүүлэх тухай тушаал, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 139 дүгээр Ажилд томилох тухай тушаал, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 336 дугаар тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр Шагнал олгох тухай тушаал, гэрч Б.Бадамцэцэгийн Д.Дариймаа нь Барилга угсралтын трестэд1991 оныг дуустал ажилласан. Бид хоёр нэг хүний удирдлаган дор хамт ажилладаг байсан. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Батзул гэх хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Иймд нэхэмжлэгч Д.Дариймаагийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын конторт туслах ажилтнаар 3 жил 10 сар 2 хоног, 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оныг дуустал Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар 7 жил 7 сар 27 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Маргад овогт Дүүдэйгийн Дариймаагийн 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Барилга угсралтын конторт туслах ажилтнаар 3 /гурав/ жил 10 /арав/ сар 2 /хоёр/ хоног, 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оныг дуустал Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар 7 /долоо/ жил 7 /долоо/ сар 27 /хорин долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ