Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Гантулга,

хохирогч Х.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2142) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Оготор еөншөөбү овогт Даваадоржийн Ууганбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011240 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Оготор еөншөөбү овогт Даваадоржийн Ууганбаяр, Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд 1992 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Мун чулуу ХХК-д мужаан ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамжны 185 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДБ92032811.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн буян хишиг хүнсний дэлгүүрт ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.Алтанцэцэгийг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр орой 17 цагийн үед Өлгийн Буян хишиг дэлгүүрт ойр зуурын юм авах гээд орсон. ...Би тухайн дэлгүүрт өмнөх өдөр нь мөнгө хэрэг болоод 10 салат өгсөн. ...хохирогч эгч тухайн салатыг авч байсан. ...надаас он, сар нь яагаад ийм байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь эгчээ та авахаа больчих гэж хэлсэн. Тэгэхэд тухайн эгч чи юу юм бэ гээд намайг хэл амаар доромжлоод ...араас ирээд хэрүүл хийгээд салатаар намайг цохиод...кассан дээр ирэхэд намайг дахин цохисон. Тэгээд хохирогч эгч чамайг харнаа, чи муу яахаараа ингэдэг юм гээд байхаар нь би зөрүүлээд нэг удаа цохисон гэв.

Хохирогч Х.Алтанцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр...дэлгүүрээс будаа, талх, салат авсан. Тэгсэн салатны он, сар нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр бичигдсэн, хөөсөн байсан. ...нөгөө худалдагч залуу наад залуу чинь мэднэ гэж хэлсэн. Би шүүгдэгчээс яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлэхэд урдаас тэгээд авахаа больчихгүй юу, албатай юм уу гэж уурлаад намайг загнасан. Тэгэхээр нь би чи юу гээд байгаа юм, чиний буруу биз дээ гээд барьж байсан салатаараа нэг цохисон. ...кассан дээр очиход шүүгдэгч залуу дэлгүүрээс гараагүй...гараараа миний нүүр рүү цохисон. ...Би гэмтлийн эмнэлэг явж хөмсгөө оёулсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

                                              

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Х.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 19 цаг өнгөрч байхад...Сонинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Өлгийн буян хишиг нэртэй хүнсний дэлгүүрт юм авахаар орсон. ...Би тэр дэлгүүрээс будаа, гялгар уутанд савласан Баялаг нэртэй салатыг авах гэтэл уг салатны савлагаан дээр 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн байна. Тэгэхээр нь би худалдагч залууд өнөөдөр чинь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүү дээ гэхэд...худалдагч залуу ямар сонин юм бэ, нээрээ тийм байна шүү дээ гээд бид хоёр хоорондоо яриад зогсож байтал гаднаас дэлгүүрт 20 гаруй насны залуу орж ирэх үед худалдагч залуу орж ирсэн залуу руу заагаад наадах хүн чинь мэдэж байгаа гэсэн юм. Тэгэхээр нь би зааж өгсөн залуугаас өнөөдөр 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байхад яагаад энэ салатны савлагаан дээр 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэж байгаа юм бэ гэхэд тэр залуу тэгвэл авахаа больчихгүй юу, угаасаа тэгж хийдэг шүү дээ, пизда минь гэхээр нь миний уур хүрээд чи намайг доромжилдог хэн юм бэ гээд бид хоорондоо маргасан. Тэр залуу над руу гараа далайгаад зохих гээд байхаар нь би түүний цээж рүү нь түлхсэн. Дараа нь би түүнтэй хэрэлдэж байгаад түүний цээж рүү нь гартаа барьсан салатаар зөөлхөн цохиход тэр залуу зөрүүлээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр залууг гараад явах гэхэд тэнд байсан хүмүүс түүнийг барьж авахаар нь би өөрөө цагдаа дуудсан гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 19 дэх тал),

2. Гэрч  Д.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 2 дугаар гудамжны 4 тоотод байрладаг Өлгийн буян хишиг дэлгүүртээ үдээс хойш ороход манай дэлгүүрт 20 орчим насны цагаан футболкатай залуу, 30 орчим насны эмэгтэй хоёр хоорондоо салатны үйлдвэрлэсэн хугацаа дараагийн өдрөөр дарагдсан байна гээд маргалдаж байсан. Харин нөгөө залуу нь чи юу юм, чамд хамаагүй гэсэн зүйл яриад байсан. Тэгээд л удалгүй нөгөө 2 хүн манай дэлгүүрийн кассан дээр ирж зогсоод тооцоогоо хийгээд дэлгүүрээс гарахдаа 30 гаруй насны эмэгтэй нь нөгөө залуугийн хацар руу барьж байсан жижиг гялгар ууттай салатаараа цохисон чинь нөгөө залуу нь уурлаад тэр эмэгтэйг гараараа нэг удаа нүүр рүү нь цохичихсон ба тэр эмэгтэйн хөмсөгнөөс цус гарсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

3. Гэрч Д.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би...Өлгийн буян хишиг дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр намайг дэлгүүртээ ажиллаж байхад...19 цагийн үед...40 орчим насны эгч...салат авахдаа надаас эгчийн дүү энэ он, сар, өдөр нь хэдэн гэж байгаа юм бэ, хараад өгөөч гэсэн ба тэр үед тэр эгчийн үйлдвэрлэсэн он, сар, өдөр асуусан салатыг авч ирдэг залуу орж ирэхээр нь тэр залууг заагаад энэ хүн энэ салатыг хүргэж ирдэг юм, энэ хүнээс асуу гэж тэр...эгчид хэлсэн юм. Тэгээд л удаагүй байхад нөгөө эгч салат хүргэж ирдэг залуутай хэрэлдээд л танайх яахаараа он, сар, өдрийг нь дараагийн өдрөөр гаргадаг юм гэхэд нөгөө залуу бас зөрүүдлээд л хэрэлдэж байсан. ...Ямар ч байсан тэр эгч нөгөө залуу руу дайраад түлхээд байсан. Нөгөө залуу нь ч гэсэн өөдөөс нь хэрэлдээд байсан. ...нэг харахад л 40 орчим насны эгч хэрэлдээд байсан залууг түлхэхэд нөгөө залуу нь зөрүүлээд л цохчихоод зугтах гэхэд нь тэнд байсан хүмүүс түүнийг барьж авч байгаа харагдсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6044 дугаар актад:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний дотор хэсэгт 1.5х0.2 см косметик оёдол бүхий няцарсан шархтай. Баруун нүдний доод зовхинд 1х1 см, зүүн нүдний дээд зовхинд 3*2 см, доод зовхинд 2.5х4 см, хамрын нуруунд 4х3 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. 2016.05.02-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгт: тархи доргилт, духны няцарсан шарх гэжээ. КТГ-д: хажуугийн ховдлуудын эргэн тойронд тархилаг эдийн хавантай...хамрын яс хугарсан, таславчийн мурийлт гэжээ. ДҮГНЭЛТ

1. Х.Алтанцэцэгийн биед хамрын ясны хугарал, цус хуралт, хөмсөгний няцарсан шарх, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөпөөлөхгүй. (хавтаст хэргийн 28 дахь тал),

 

5. Шүүгдэгч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтад сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим гэртээ талх, боов, боорцог авахаар Баянхошууны 112-ын буудал дээр байдаг Өлгийн буян хишиг хүнсний дэлгүүрт орсон. Дэлгүүрт дөнгөж ороход 30 гаруй насны бордуу царайтай эгч гялгар ууттай салат барьсан зогсож байсан. Энэ үед худалдагч эмэгтэй наад салатыг чинь мэддэг хүн наадах чинь, наад хүнээсээ асуу гээд над руу заасан. Тэгсэн чинь тэр эгч надаас салатны үйлдвэрлэсэн хугацааг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэж байна, яагаад ийм байгаа юм гэхээр нь би түүнд нэг өдрийн наана цаана байдаг юм, та наадахаа авахаа болчихгүй юу гэж хэлэхэд тэр эмэгтэй над руу чи юу яриад байгаа юм, би энэ салатыг чинь байнга худалдан авдаг... гээд над руу дайраад байсан. Би тэр эгчид наадахаа авахаа больчихоо гэж дахиад хэлэхэд...над руу дайраад миний хүзүү орчим барьж байсан...салатаар цохиод авсан. Тэгэхээр нь би түүнд та яаж байгаа юм мөрөөрөө л яв, наадахаа авахаа боль гэсэн чинь араас дагаад намайг хэл амаар доромжлоод салахгүй байсан. Дэлгүүрийн кассан дээр очоод тооцоогоо хийчихээд гарах гэхэд...намайг зуураад хэл амаар өдөөд...байхаар нь нүүр рүү нь нэг удаа гараараа цохьчихсон...Манай ээж Уранчимэг салатны үйлдвэрт ажилладаг ба би мөнгөний хэрэг гараад маргааш нь худалдах байсан салатыг нь өмнөх өдөр нь цөөхөн хэдийг зарсан юм. Тэгээд л тэр он, сар, өдрийн асуудлаас болоод маргаан болсон юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6255 дугаар актад:

Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний зүүн ар доод хэсэгт 6.0х0.2 см, баруун ар доод хэсэгт 3.0х1.0 см хүрэн өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ

1. Д.Ууганбаярын биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5), камерийн бичлэгт үзлэг хийсэн талаархи тэмдэглэл (хавтаст хэргийн 15), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 16), эд мөрийн баримт (хавтаст хэргийн 17), хохирогчийн гэрэл зураг (хавтаст хэргийн 46), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 47-55), оршин суугаа хорооны тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41-42) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ууганбаярыг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн буян хишиг хүнсний дэлгүүрт ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Х.Алтанцэцэгийг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

-Хохирогч Х.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...би түүний цээж рүү нь түлхсэн. Дараа нь би түүнтэй хэрэлдэж байгаад түүний цээж рүү нь гартаа барьсан салатаар зөөлхөн цохиход тэр залуу зөрүүлээд нүүр рүү гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 19 дэх тал),

-Гэрч  Д.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: ...30 гаруй насны эмэгтэй нь нөгөө залуугийн хацар руу барьж байсан жижиг гялгар ууттай салатаараа цохисон чинь нөгөө залуу нь уурлаад тэр эмэгтэйг гараараа нэг удаа нүүр рүү нь цохичихсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

-Гэрч Д.Отгонпүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Ямар ч байсан тэр эгч нөгөө залуу руу дайраад түлхээд байсан. Нөгөө залуу нь ч гэсэн өөдөөс нь хэрэлдээд байсан. ...нэг харахад л 40 орчим насны эгч хэрэлдээд байсан залууг түлхэхэд нөгөө залуу нь зөрүүлээд л цохьчихоод зугтах гэхэд нь тэнд байсан хүмүүс түүнийг барьж авч байгаа харагдсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

-Шүүгдэгч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: ...над руу дайраад байсан. Би тэр эгчид наадахаа авахаа больчихоо гэхэд дахиад хэлэхэд...над руу дайраад миний хүзүү орчим барьж байсан...салатаар цохиод авсан. Тэгэхээр нь би түүнд та яаж байгаа юм мөрөөрөө л яв, наадахаа авахаа боль гэсэн чинь араас дагаад намайг хэл амаар доромжлоод салахгүй байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6255 дугаар актад:

Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний зүүн ар доод хэсэгт 6.0х0.2 см, баруун ар доод хэсэгт 3.0х1.0 см хүрэн өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ...3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30 дахь тал) гэх зэрэг баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хэдийгээр олон нийтийн газар буюу дэлгүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж байгаа үйлдэл гаргасан хэдий ч гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус идэвхтэй үйлдэл үзүүлсэнээр эхэлсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Тиймээс шүүгдэгч Д.Ууганбаярыг танхайн сэдэлтээр хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоодоогүй ба харин хохирогчийн зүй бус үйлдэл буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Алтанцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ууганбаярыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Х.Алтанцэцэгийг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэж зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41)-р тогтоогдож байна.

 

Тиймээс шүүгдэгч Д.Ууганбаярт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж тус гэмт хэрэг нь гарсан байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан шүүгдэгч Д.Ууганбаярт хорихоос өөр төрлийн буюу торгох ял оногдуулахаар шүүхээс шийдвэрлэв.

 

Хохирогч Х.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ууганбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Ууганбаярыг хохирогч Х.Алтанцэцэгт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 201626011240 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Оготор еөншөөбү овогт Даваадоржийн Ууганбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Оготор еөншөөбү овогт Даваадоржийн Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярыг нэг сарын хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээг 10 (арав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.920.000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ууганбаяр нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ялтан Д.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Алтанцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдож хэрэгт хавсаргагдан ирсэн дүрс бичлэг бүхий цагаан өнгийн ANGTE DVD+RI 4.7GBI бичиглэлтэй си-ди (CD) 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ