Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 0201

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр

           Дугаар     128/ШШ2020/0201

            Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Хариуцагч: Инег

Нэхэмжлэлийн шаардлага: “... “М” ХХК-ийг шалгаруулах тухай үнэлгээний хорооны зөвлөмж, “М” ХХК болон Инегын хооронд байгуулсан “Түлшний шүүрний элемент нийлүүлэх  тухай” 1602/19 тоот гэрээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баас нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Инегт холбогдуулан гаргасан захиргаан хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж, өөрчилж байна. Үүнд:

1. “М” ХХК-ийг шалгаруулах тухай үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгуулах,

            2. “М” ХХК болон Инегын хооронд байгуулсан “Түлшний шүүрний элемент нийлүүлэх” 160/19 тоот гэрээг хүчингүй болгуулах.

            Ингэснээр тендерийн шаардлагад нийцсэн тендер илгээсэн “Х” ХХК нь уг тендер шалгаруулалтад шалгарсан нь тогтоогдох бөгөөд Инегтай гэрээ байгуулах эрхтэй болж зөрчигдсөн эрх ашиг нь хамгаалагдах боломжтой юм.

... “Х” ХХК нь Инегаас зарласан түлшний шүүрний элемент нийлүүлэх тендерт оролцож, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай тендерийн шаардлага хангасан боловч бага үнийн санал ирүүлсэн “М”  ХХК тендерт шалгарсан гэх мэдээллийг Инегаас ирүүлсэн. Гэтэл “М”  ХХК тендер шалгаруулалтад хуурамч бичиг баримт бүрдүүлж оролцож шалгарсан болох нь манай харилцагчаас бидэнд ирүүлсэн мэдээллээр батлагдсан тул тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, “Түлшний шүүрний элемент нийлүүлэх тухай” гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Манай компани тендерт олон удаа оролцож байсан. Ямар нэг тодорхойгүй зүйл гарахад тендерийн хороо албан бичгээр тодруулга авдаг. Тиймээс үнэлгээний хороо тодруулах үүрэгтэй. Манай компанийн зүгээс Э 2 ХХК-иас өгсөн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамч байна. Тиймээс үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс бид харилцах боломжгүй болсон гэх зэргээр нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн шүүх шаардаж байхад ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Бид хуульд зааснаар өөрсдөдөө олдох боломжтой баримтаа хэрэгт өгсөн. Хариуцагч, гуравдагч этгээд нар нь татгалзлынхаа үндэслэлийг нотолсон баримт хэрэгт гаргаж өгөөгүй. Шүүхэд гаргаж өгсөн материал нь зөвхөн ирсэн бараа материалыг хуваарилсан гэсэн баримт л гаргаж өгсөн. Хариуцагч нь бид аль нэг талд нь ороогүй гэж байгаа боловч зөвхөн гуравдагч этгээдийг хамгаалж ярьж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуульд зааснаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг шалгаруулсан. Нэхэмжлэгч компани бага үнийн санал ирүүлсэн бол мөн л тендерт шалгаруулах байсан. Манай байгууллага улсад төсөв бүрдүүлдэг 3 байгууллагын нэг. 500 тэрбум төгрөгийн зорилго тавьж нойр хоолгүй ажилладаг. 15 аймгийн нисэх буудлын ажиллагаа зогсох гээд байсан тул хөрөнгө батлуулж тендер шалгаруулсан. Бид шүүх хуралдаанд ямар нэг саад учруулаагүй. Хэрэв энэ үйл ажиллагаа зогссон бол Монгол Улсын нисэх хүчинд доголдол гарах байсан. Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг доголдуулахгүй явуулах үүрэгтэй. Хэн нэг компани юу гэж ярих нь бидэнд хамааралгүй.

... Хуурамч бичиг баримт гэж тогтоох боломж байгаагүй. Хуурамч гэдгийг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэж ойлгож байна. Бид хуульд зааснаар хамгийн бага үнийн саналтай компанийг шалгаруулсан. Бид нэхэмжлэгч компанийг шалгаруулсан бол харин ч ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдах байсан гэж ойлгож байна. Мөн нэхэмжлэгч байгууллага нь манай дээр жил бүр тендерт оролцдог. Манайд ийм маргаан үүсэж байгаагүй. Бид хэн нэгний талд орж үйл ажиллагаа явуулаагүй. Онгоц нэг минут саатахад 2000 долларын алдагдалд ордог. Тиймээс Засгийн газар болон яамны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулсан” гэв.

 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. Инегаас “Түлшний шүүрний элемент нийлүүлэх” тендер зарласан. Уг тендерт 2 компани  оролцсон. Тендерт оролцсон 2 компанийн Инегт гаргаж өгсөн бичиг баримтыг харахад аль аль нь тендерийн бичиг баримтад ирүүлэх ёстой бичиг баримтаас бүрдэл нь хангалтгүй байсан байдаг. Үүнд “Х” ХХК нь тухайн нийлүүлэгчээс авсан албан ёсны зөвшөөрөл гэх баримтыг Монгол хэл рүү орчуулаагүй байсан. “Х” ХХК нь өмнө нь энэхүү тендерт оролцож байсан түүх байхгүй зэрэг хэд хэдэн баримт дутуу байгаа хэдий ч тендерийн үнэлгээний хороогоор оруулж хурлаар хэлэлцүүлсэн байдаг. Тендерийг харьцуулсан шалгаруулалтаар шалгаруулсан. Харьцуулалтын аргыг хэрэглэхдээ бага үнийн санал ирүүлсэн тендерийг илүү сайн тендер гэж үзэх зохицуулалттай. Тэгэхээр тендерийн үнэлгээний хороо нь ямар нэг байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй.

... “М” ХХК нь гэрээний гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр 100 хувь нийлүүлж, хүлээлгэж өгсний дараа хөрөнгөө авах ёстой байсан. Тиймээс хөрөнгө мөнгөний асуудал дээр эрсдэлгүй байсан. Мөн манайх хуурамч эсхүл өөр бараа оруулж ирсэн бол нислэгийн аюулгүй байдал алдагдах байсан. Энэ гэрээг байгуулснаар ямар нэг төрийн болон хувийн байгууллагын эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. Гэрээний үүргийн дагуу хугацаандаа нийлүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгуулах, М ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах. Тэгэхээр тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийг бүхэлд нь хүчингүй болгох юм уу эсхүл тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжид тухайн борлуулагчаас олгосон зөвшөөрлийг үнэлсэн дүгнэсэн зүйл байгаа бол түүнийг хүчингүй болгуулах гэж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэрээг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах нь тодорхойгүй байна. Инег нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн аль заалтыг зөрчиж гэрээ байгуулсан талаар тодорхойгүй байна. Хуурамч албан бичиг гэдгийг шалгасан эсэх, зөвлөмжид тусгагдсан эсэх нь тодорхойгүй. Хамгийн бага үнийн дүн ирүүлсэн талаар л зөвлөмжид дурдсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь анх Инегт холбогдуулж “Инег болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан “Түлшний шүүрний элемент нийлүүлэх гэрээг цуцлуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... “М” ХХК-ийг шалгаруулах тухай үнэлгээний хорооны зөвлөмж, “М” ХХК болон Инегын хооронд байгуулсан “Түлшний шүүрний элемент нийлүүлэх  тухай” 1602/19 тоот гэрээг хүчингүй болгуулах”[1] гэж тодруулсан.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодруулж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр “Инегын даргын 2019 оны А/512 тоот тушаалаар байгуулагдсан[2] Түлшний шүүрний элемент нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1-д заасныг үндэслэн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл олгохыг захиалагчид зөвлөсөн зөвлөмж”-ийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Х” ХХК болон гуравдагч этгээд “М” ХХК-иуд нь Инегаас зарласан Түлшний шүүрний элемент нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИНЕГУЗ/ТО/ТББ/Б-04/19 тоот[3] тендер шалгаруулалтад цахим хэлбэрээр оролцжээ.

Инегын даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/512 тоот тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дээрх тендер шалгаруулалтад оролцсон 2 хуулийн этгээдийн ирүүлсэн тендерүүдийг шаардлагад нийцсэн гэж дүгнэж, бага үнийн санал ирүүлсэн “М” ХХК-тай гэрээ байгуулах тухай 01 тоот дүгнэлт, зөвлөмжийг гаргаж[4], улмаар Инег болон “М” ХХК-ийн хооронд ИНЕГУЗ/ТО/ТББ/Б-04/19 тоот “Түлшний шүүрийн элемент нийлүүлэх тухай”[5] гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, уг гэрээ хэрэгжсэн байна.

 

ИНЕГУЗ/ТО/ТББ/Б-04/19 тоот тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан түлшний шүүрний элементүүдийг зөвхөн ОХУ-ын “Э-2” компани үйлдвэрлэдэг болон мөн тус улсын хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэгч нь барааг шууд худалдан борлуулахгүй, зөвхөн албан ёсны борлуулагчаараа дамжуулан худалдаалдаг тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “Тендерт оролцогч “М” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг аваагүй атлаа авсан мэтээр тендерийн баримт бичгийг бүрдүүлж өгсөн байхад хариуцагч нь тус компанийн тендерээс татгалзаагүй нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тендерт оролцогчдоос ирүүлсэн баримт бичгүүдийг хуурамч эсэхийг тендерийн үнэлгээний хороо мэдэх боломжгүй тул тендер шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус зааснаас үзвэл, тендер шалгаруулалтыг зохион байгуулж явуулахаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендер нь хуульд болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нэгбүрчлэн хянаж, тендерт оролцогч аль нэг шаардлагыг хангаагүй бол уг тендерээс татгалзах үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагч Инегын даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/512 тоот тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо нь оролцогчоос ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр “М” ХХК-ийг ялагчаар тодруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ... хариуцлагатай байх зарчим”-д нийцээгүй, хариуцлагагүй шийдвэр болжээ. Тодруулбал,

Инегаас зарласан ... “ИНЕГУЗ/ТО/ТББ/Б-04/19” тоот тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18 зүйлийн 18.1-ийн (а)-д “хэрэв ТШӨХ-д шаардсан болон тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг тендерт санал болгох тохиолдолд уг барааг Монгол Улсад нийлүүлэх эрх олгосон тухай үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг 4 дүгээр бүлгийн маягтаас тохирох маягтыг ашиглан ирүүлнэ”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт/ТШӨХ/-ийн ТОӨЗ 18.1 (а)-д “ Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардлагатай, Үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг маягтын дагуу ирүүлэх шаардлагатай. МАЯГТ №ТШМ-4”[6] гэж заажээ.

Мөн тендерийн баримт бичгийн №ТШМ-4 маягтад “Тендерт оролцогч энд заасан зааврын дагуу үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчаас энэ маягтыг бөглүүлсэн байна. Энэхүү итгэмжлэлийг үйлдвэрлэгч/гэрээт борлуулагчийн албан бланкан дээр бичиж, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байна. ТШӨХ-д шаардсан тохиолдолд тендерт оролцогч үүнийг тендерийн хамт ирүүлнэ” гэсэн санамжийг урьдчилан сануулсны[7] дагуу тендерт оролцогч нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан байх шаардлагатай.

 

Гэтэл “М” ХХК нь техникийн тодорхойлолтод заасан түлшний шүүрний элементүүдийг үйлдвэрлэдэг ОХУ-ын “Э-2” компанийн зөвшөөрлийг бодитоор аваагүй болох нь,

- Тус компаниас өөрийн албан ёсны борлуулагч “А******* *******” компанид хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар мэдэгдэлд “... М ХХК-д албан ёсны борлуулагчийн сертификат хэзээ ч олгож байгаагүй, ...Э-2 компани нь ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу ийм лиценз олгох эрхгүй, ... доорх зүйлүүдийг харахад энэхүү бичиг нь хуурамч болох нь илэрхий байна...” гээд, хуурамч гэж үзэх шалтгаануудыг нэрлэн заасан, энэхүү мэдэгдэл нь эх хувиараа болон баталгаат орчуулгын тэмдэгтэйгээр хэрэгт авагдсанаар[8],

- “Э-2” компаниас “М” ХХК-д хүргүүлсэн гэх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны 392 тоот албан бичиг[9] нь орос хэлний дүрмийн төдийгүй, өгүүлбэр зүйн алдаатай болох нь Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Европ судлалын тэнхимийн багш Б.Д-аас гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба уг дүгнэлтэд “G******* ******* баталгаат орчуулгын товчооны орчуулга нь алдаатай өгүүлбэрүүдийг утгачилж орчуулсан, эх хувьд байхгүй өгүүлбэрийг нэмж бичсэн” гэснээр[10],

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “М” ХХК-ийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Э-2 компанийн албан бичгийн эх хувь олдохгүй байгаа...”, “...Дээрх албан бичиг эх хувиараа манай байгууллагад ирээгүй, цахим шуудангаар ирүүлсэн файл компьютерийн программ хангамжийг шинэчлэх явцад устгалд орсон...” хэмээн зөрүүтэй тайлбарлаж, ОХУ-ын “Э-2” компаниас ирүүлсэн гэх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны 392 тоот албан бичгийг шүүхээс шаардсаны дагуу эх хувиар гаргаж ирүүлээгүйгээр[11] тус тус тогтоогдов.  

Дээрхээс үзвэл, тендерийн баримт бичигт тодорхойлсон бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч ОХУ-ын “Э-2” компани нь “М” ХХК-д үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг бодитоор олгоогүй, “М” ХХК нь тендерийн шалгаруулалтад үнэн зөв тендерийг хүргүүлээгүй байхад хариуцагч Инегын Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичиг нь үнэн зөв эсэхэд дүгнэлт хийлгүйгээр “шаардлагад нийцсэн” гэж дүгнэсэн нь хууль бус шийдвэр болжээ.  

Хэдийгээр Түлшний шүүрний элемент нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан, “М” ХХК-ийг илт худал баримтыг тендерт гаргаж хүргүүлснийг тогтоосон аливаа шийдвэр гараагүйгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тендерт оролцогчдоос ирүүлсэн баримт бичгүүдийг хуурамч эсэхийг тендерийн үнэлгээний хороо мэдэх боломжгүй” гэсэн тайлбарыг буруутгахааргүй боловч энэ нь оролцогчоос ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг нягтлан шалгах, оролцогчоос ирүүлсэн баримт бичиг үнэн зөв эсэх, тэр дундаа өөр этгээдээс олгосон тодорхойлолт, зөвшөөрөл зэрэг нь хууль ёсны дагуу олгогдсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, түүнчлэн төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг шударгаар зохион байгуулах үүргээс чөлөөлөхгүй тул уг тендер шалгаруулалтад мөн шаардлагад нийцсэн тендер хүргүүлсэн боловч бага үнийн шалгуураар ялагдсан “Х” ХХК-ийн шударгаар өрсөлдөх, шалгарч, гэрээ байгуулах эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй байна.

Гэвч Инег болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Түлшний шүүрийн элемент нийлүүлэх тухай” гэрээ ИНЕГУЗ/ТО/ТББ/Б-04/19 тоот гэрээ хэрэгжсэн, “М” ХХК нь ОХУ-ын “Э-2” компанийн үйлдвэрлэсэн ЭФК-300-5-М, ФЭ-700-15-1-Е, ФЭ-170-5-1-В, ФЭ-2000-15-1-Б, ФЭ-1340-15-1-Б маркын шүүлтүүрийн элементүүдийг “И*******” хувьцаат нийгэмлэгийн захиалгаар дамжуулан худалдан авч нийлүүлсэнийг бараа, материал хүлээн авах комиссын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар актаар захиалагч хүлээн авсан[12] байх тул нэхэмжлэлийн ““М” ХХК болон Инегын хооронд байгуулсан “Түлшний шүүрний элемент нийлүүлэх  тухай” 1602/19 тоот гэрээг хүчингүй болгуулах” шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу “Инегын даргын 2019 оны А/512 тоот тушаалаар байгуулагдсан Түлшний шүүрний элемент нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.4-т заасны тус тус баримтлан “Инегын даргын 2019 оны А/512 тоот тушаалаар байгуулагдсан Түлшний шүүрний элемент нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч “Х” ХХК-иас Инегт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Инегаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 

 

 

 

 

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 48 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 97 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 14, 156 дахь талд орчуулга, 2 дугаар хавтаст хэргийн 78 дахь талд эх хувиараа орос хэл дээр

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 158, тендерийн цахим баримт/Мөлүүхээр/3/6 дахь талд

[10] 2 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь талд

[11] 2 дугаар хавтаст хэргийн 22- 27 дахь талд

[12] 2 дугаар хавтаст хэргийн 29-47 дахь талд талд