Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1683

 

Э.Цанлиг, Ц.Эрдэнэбаяр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/01869 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Цанлиг, Ц.Эрдэнэбаяр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Болортуяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одонжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Цанлиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эцэг эх хариуцагч Б.Болортуяа, түүний нөхөр М.Түвшинжаргал нартай гэр бүлийн найзууд байсан. Эцэг Ц.Эрдэнэбаяр нь гэр бүлийн бизнес эрхэлж олсон мөнгийг М.Түвшинжаргал, Б.Болортуяа нарт зээлдүүлдэг байсан. Энэ мөнгө манай гэр бүлийн хөрөнгө тул би нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. М.Түвшинжаргал нь нас барсан учир бид энэ мөнгийг нэхэж чадахгүй нилээн удсан. Ингээд Б.Болортуяатай очиж уулзахад 40 350 000 төгрөгийг хэсэгчилэн төлөх баталгаа гаргаж өгсөн. Зээлийн баталгааны дагуу 12 600 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 27 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хүний хамт М.Түвшинжаргал, Б.Болортуяа нартай дотно харьцаатай найзууд байсан ба өмнө нь олон удаа аж ахуйн үйл ажиллагаанд нь зориулж мөнгө зээлдэг байсан. Манай гэр бүлийг төлөөлж би өөрөө, Б.Болортуяагийн гэр бүлийн хүн болох М.Түвшинжаргал бид хоёр энэ мөнгийг өгч авалцдаг байсан. М.Түвшинжаргал, Б.Болортуяа нар нь 2008 онд энэ мөнгийг авч байсан нь талийгаач М.Түвшинжаргалын гарын үсэг бүхий баримтаар нотлогдоно. Энэ баримтад үндэслэж Б.Болортуяа өөрөө тооцоог нь бодож зээлийн баталгааны бичгийг хийж өгсөн. Би өөрөө бие муутай эмчилгээнд байнга гадагшаа явдаг байсан учир мөнгийг З.Цанлигт өгөхөөр баталгаа хийлгүүлсэн. Энэ мөнгийг би гарын үсэг зурж өгсөн ч гэсэн энэ мөнгө бол манай гэр бүлийн мөнгө юм. Иймд хариуцагч Б.Болортуяагаас 27 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Цанлиг бидний хооронд огт зээлийн харилцаа үүсч байгаагүй. Харин түүний эцэг Ц.Эрдэнэбаяраас миний нөхөр М.Түвшинжаргал зээл авч, буцааж төлдөг байсан. 1994-1995 оны үед нөхөр маань Ц.Эрдэнэбаярын орон сууцыг худалдан авснаас эхлэн танилууд болсон бөгөөд байнга мөнгө зээлж, буцааж төлөх зэргээр санхүүгийн харилцаатай болсон. Талийгаач ихэвчлэн гадаад явах, ирэх онгоцны зардал болон хувийн хэрэгцээндээ зориулан шаардлагатай үедээ хүүтэй мөнгө зээлж, цаг хугацаанд нь хүүгээ төлөөд явдаг байсан бөгөөд энэ харилцаа миний оролцоогүй явагдаж байсан. Тэд 15 жил орчим ийм харилцаатай найзууд байсан ба харин хэд хэдэн удаа завгүй үедээ надаар дамжуулан мөнгө авахуулж байсан удаа бий. 2011 оны 6 дугаар сарын 23-нд нөхөр минь зуурдаар нас барсан. Энэ үеэс эхлэн Ц.Эрдэнэбаяр надаас нөхрийн чинь зээлсэн мөнгө хэмээн шаргуу нэхэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр н.Ариунаа удаа дараа гэрт ирж уулздаг байсан. Ханиа алдаад асар их сэтгэл санааны хямралтай байхад талийгаач чинь өглөгтэй тул одоо чамаас авна, чи авсан биз дээ гээд н.Ариунаа над дээр ирж баримт бичиж өгөхийг шаардсан. Би талийгаачийн нэр төрийг бодоод тэдний хэлсэн дүнгээр хэрхэн төлөх хуваарь хүртэл бичиж өгсөн. Тэр үед зээлийн баталгаа гэсэн бичгийг бичихдээ нягталж бодох сэхээ байгаагүй ба төлбөр авах хүнийг Э.Цанлиг гэж хэлэхээр нь хэлснийх нь дагуу бичсэн. Тэгээд төлөлт хийж эхэлсэн ба өөрийн гарын үсэг зурж авсан мөнгийг төлж дууссан гэж бодоод 2013 оны 9 сараас эхлэх төлөлт хийхгүй байхаар шийдэж энэ талаар хэлсэн. Гэтэл 4 жил өнгөрсөн байхад хэцүү үед надаар бичүүлсэн баталгаа гэх бичгийг үндэслэн төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нар ямар зээлийн гэрээний үндсэн дээр энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа талаараа тодорхойлоогүй. Мөн 2008 онд Ц.Эрдэнэбаяр болон М.Түвшинжаргал нарын хооронд байгуулсан гэх зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа бол энэ нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Б.Болортуяагийн хувьд талийгаач нөхрийн чинь өгөх ёстой мөнгө гэхээр нь зээлийн баталгаа гэх баримтыг ямар ч тооцоо, баримтгүйгээр үйлдэж өгсөн байдаг. Үүнийхээ дагуу нэхэмжлэгч нарт 12 600 000 төгрөгийг төлсөн харин ч энэ мөнгө эдгээр хүмүүсээс буцааж нэхэмжлээгүй. Б.Болортуяа нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаяраас 2 800 000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба энэ мөнгөө хангалттай илүү хэмжээгээр төлсөн болох нь баримтаар тогтоогдоно. Харин нэхэмжлэгч Э.Цанлигтай огт зээлийн гэрээний харилцаанд оролцож байгаагүй. 2008 онд талийгаач нөхрийн авсан энэ мөнгийг тухайн цаг үедээ хэдийнээ төлөөд дууссан. Б.Болортуяагийн гаргасан баталгаа гэх баримт нь Иргэний хуульд заасан баталгааны гэрээний шинжийг агуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Болортуяагаас 27 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Цанлиг, Ц.Эрдэнэбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/01869 шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэг маргаанд ач холбогдолтой талаас нь үнэлж чадалгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагын агуулгыг зөв дүгнэж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр Э.Цанлиг, Ц.Эрдэнэбаяр бид хамтдаа оролцсон байхад шүүх нэхэмжлэгч Э.Цанлиг нь гэрээний үүргийг шаардах эрхтэй этгээд биш гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Б.Болортуяа нь зээлийн баталгаа гэх баримтыг 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн талаар маргаагүй бөгөөд энэ баримт нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаяраас нөхрийн хамт зээлж авч өөрсдийн бизнест хэрэглэж байсан мөнгөө нөхрөө нас барснаас хойш төлнө гэдгээ баталгаажуулсан нотлох баримт юм. Энэ баримтыг үйлдэх үед зээлдүүлэгч Ц.Эрдэнэбаяр миний бие хүндээр өвдсөн байсан тул Б.Болортуяагийн хүсэлтээр зээлийн төлбөрийг Голомт банкинд данс нээлгэж хийнэ гэсэн тул уг данстай байнга харилцаж байх хүн шаардлагатай болж, хүү Э.Цанлигт зээлийн мөнгийг төлнө гэсэн баталгааны бичгийг үйлдэн, түүний нэр дээр Голомт банкинд данс нээсэн байдаг.

Хариуцагч Б.Болортуяа нь зээлсэн мөнгөө төлөх үүргээ биелүүлж Э.Цанлигийн Голомт банкинд 2012 оны 3 дугаар сард нээлгэсэн дансанд 12 600 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ байдал нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг нотлож байгаа болно. Хариуцагч Б.Болортуяа нь өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор баталгааны бичгийг зээлдүүлэгч Ц.Эрдэнэбаяр миний хүүгийн нэр дээр үйлдсэнээр Э.Цанлигт уг мөнгийг шаардах эрх үүссэн бөгөөд “гэр бүлийн хөрөнгө тул хэн аль нь нэхэмжлэх эрхтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй. Тиймээс Ц.Эрдэнэбаяр миний бие нь хүү Э.Цанлигтай хамтран нэхэмжлэгчээр оролцсон ба зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжлэх эрх бүхий этгээдүүд мөн болно.

2. Шүүх хариуцагч Б.Болортуяа нь хэрэгт авагдсан тодорхойлолт гэх нэртэй баримтаар 2 800 000 төгрөгийг зээлсэн байх ба энэ мөнгөө төлсөн учраас 40 350 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчаас өөрийн гараар бичсэн Зээлийн баталгааны дагуу уг зээлийг төлөх үндэслэлгүй болохоо нотлосон нэг ч баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх түүнийг зөвхөн 2 800 000 төгрөг төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хууль бус дүгнэлт болсон гэж үзэж байна.

Шүүх зөвхөн тодорхойлолт гэх нэртэй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байх ба энэ баримтыг хариуцагчийн огт мөнгө зээлж байгаагүй гэсэн үндэслэлгүй худал тайлбар,түүний татгалзалтай холбон дүгнэж үзэх ёстой байсан болов уу. Түүний шүүхэд өгсөн тайлбар, татгалзал нь үндэслэлгүй бөгөөд түүний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлосон нэг ч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Тийм учраас хариуцагч Б.Болортуяа нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг нотлосон баримтуудыг шүүх үндэслэн дүгнэж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасныг үндэслэн Баталгааны гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Шүүх хуралд нэхэмжлэгч бидний өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа, мөн Зээлийн баталгаа гэх баримт нь гэрээ гэж тооцогдох үндэслэлтэй талаар шүүхэд тайлбарлаж мэтгэлцсэн.Хариуцагч Б.Болортуяа Зээлийн баталгаа гэх баримтыг дангаар бичиж үйлдсэн байдал нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасан нөхцөл байдал үүссэнийг нотлож байгаа тул шүүх Иргэний хуулийн 281, 234 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх хурал дээр тайлбарласан. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв зүйлчилж чадаагүй болох нь шүүхийн шийдвэрээс тодорхой харагдаж байна. Шүүх нэг болохоор талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй гэсэн атлаа зээлдэгч Б.Болортуяа нь 2 800 000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж нэг дүгнэлт нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёрдмол байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл муутай дүгнэлт болсныг анхаарч үзэхийг хүсч байна.

3. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл  гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар  болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хариуцагч Б.Болортуяа нь 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэнээр хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзжээ. Хариуцагч Б.Болортуяа нь хариу тайлбартаа “Би 2013 оны 9 сараас эхлэн цаашид үргэлжлүүлэн төлөхгүй байхаар шийдсэн. Энэ шийдвэрээ н.Ариунаад утсаар хэлсэн, ямар нэгэн байдлаар төлөхийг шаардаж байгаагүй тул намайг мөнгөө бүрэн төлсөн болохыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон” гэж тайлбарласныг шүүх үндэслэж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хариуцагч энэ тайлбараа нотлох баримтыг нэг ч баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд харин нэхэмжлэгч нарын зүгээс Б.Болортуяагаас энэхүү зээлийн төлбөрийн үүргээ биелүүлэхийг олон жил шаардаж ирсэн, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй талаар хангалттай нотлох баримтыг гаргаж ирүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч бидний талаас болсон үйл явдлыг нотлохын тулд хариуцагчийн тайлбарт дурьдсан гэрч нарыг шүүх хуралд оролцуулж тайлбар мэдүүлэг өгүүлсэн байгаа.

Шүүх хуралд хариуцагчийн тайлбарт дурьдагдсан С.Ариунаа гэрчээр оролцохдоо “Б.Болортуяа нь 2013 оны 11 дүгээр сараас хойш зээл төлөлтөө хийхгүй болохоор нь байнга шаардаж байсан ба 2014 оны 10 дугаар сард гэрт нь очиж түүнтэй уулзаад бухимдсандаа болоод ууж байсан аягатай цайгаа Б.Болортуяа руу цацсан гэж мэдүүлсэн байна. Үүнээс хойш Б.Болортуяагаас мөнгөө байнга нэхдэг байсан тул Б.Болортуяа нь тэднээс зугтаад утасны дугаараа солиод, нүүгээд өөр тийшээ яваад олдохгүй байсан тул түүнийг олж уулзахын тулд хүү Э.Цанлиг, Э.Содном нар нь Б.Болортуяагийн том хүү н.Саруултөгстэй нь харилцаа тогтоож түүнийг олсон байдаг.

Ингээд хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сарын 18-нд нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаяр миний бие хариуцагч Б.Болортуяаг дуудаж уулзаад мөнгөө төлөхийг шаардсан. Энэ талаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэбаяр миний бие шүүх хуралд тодорхой мэдүүлсэн ба энэ тухай шүүх хуралд гэрчээр оролцсон эхнэр С.Ариунаа, бага хүү Э.Содном нар нотлон мэдүүлсэн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгийг хуулийн шаардлагын дагуу зөв үнэлж дүгнэж чадаагүйгээс үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан тул гомдлын дагуу уг хэргийг хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Цанлиг, Ц.Эрдэнэбаяр нар хариуцагч Б.Болортуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.Болортуяа нь 40 350 000 төгрөгийн зээлийг 2012 оны 4 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл хуваан төлөхөөр “Зээлийн баталгаа” гэх баримтыг 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн ба энэ талаар талууд маргаагүй байна.

/хэргийн 22 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Э.Цанлиг нь аав Ц.Эрдэнэбаяр 40 350 000 төгрөгийг хариуцагч Б.Болортуяа болон түүний нөхөр М.Түвшинжаргал нарт зээлдүүлсэн, уг мөнгө нь манай гэр бүлийн хөрөнгө тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан боловч Э.Цанлиг, Б.Болортуяа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих журмын дагуу биелүүлээгүйгээс үүдэн гарах эрсдэл хохирлыг шаардах эрх нь гэрээний талуудад хууль буюу гэрээнд зааснаар үүсэх ба дээрх зээлийн баталгаа гэх нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий баримт нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх, мөн гэрээний нэг тал биш гуравдагч этгээд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар баталгаа гаргасан байх хуулийн шаардлагыг хангаагүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд уг баримт нь нэхэмжлэгчээс хариуцагч мөнгийг хүлээн авсан, тэдгээрийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэл болохгүй.

 

Хэргийн 34 дүгээр талд авагдсан “Тодорхойлолт” гэх баримтаар хариуцагч Б.Болортуяа нь 2008 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 800 000 төгрөг зээлсэн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй бөгөөд хариуцагч нь 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 3 100 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 6 500 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 12 600 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Цанлигт төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”, 79.7 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж тус тус зааснаар хариуцагчийн сүүлд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр тоологдоно гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолсон өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ.

 

Иймд хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/01869 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Э.Цанлигийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 700 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ТУЯА

 

                                                    ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                               С.ЭНХТӨР