Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1066

 

Г.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

          прокурор Г.Эрдэмбаатар,

          хохирогч Б.Б, Б.Д,

          шүүгдэгч Г.Х- /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2016 2602 0895 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У-Т овгийн Г-ын Х, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ..... аймгийн ... сум, .. дугаар баг, .. гэх газар оршин суух,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:............/;

Г.Х- нь зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хувцастай ижил төстэй хувцас өмсч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон:

1. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд Б.О-тай утсаар ярилцаж иргэн А.Д-гээр дамжуулан “цэргийн албанаас чөлөөлж өгнө” гэж 300.000 төгрөгийг,

2. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлнэ, Оросын Холбооны улс руу цэргийн сургуульд явуулж өгнө” гэж Б.О-тай утсаар ярилцаж А.Д-аар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Батлан хамгаалах яамны урд талд 300.000 төгрөгийг,

3. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Халдвар судлалын үндэсний төвийн хажууд автобусны буудал орчим Б.О-гаас “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлж өгнө” гэж 300.000 төгрөгийг,

4. 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед Баянзүрх дүүргийн Хавдар судлалын автобусны буудал дээр “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлж өгнө” гэж Г.Б-наас 325.000 төгрөгийг,

5. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд байрлах “Миний дэлгүүр”-ийн гадна “хүүхдийг чинь цэргийн албанаас чөлөөлүүлж өгнө” гэж Т.Б-гээс 300.000 төгрөгийг,

6. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 3 дугаар сургуулийн урд талд “ерөнхий боловсролын шалгалтыг аргалж өгнө” гэж Ц.О-гээс 1.000.000 төгрөгийг,

7. 2016 оны 01 дүгээр сарын 05, 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сансарын клонкын автобусны буудлын орчимд Д.Б-гаас “Цагдаагийн байгууллагад дуудлага хүлээн авагчаар ажилд оруулж өгнө” гэж 300.000 төгрөгийг,

8. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сонор Плаза” төвд Б.Б-нээс “Шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг хямдхан зарна, урьдчилгаа өгчих” гэж “Хаан” банкны өөрийн дансаараа дамжуулан 4.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 180.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 4.180.000 төгрөгийг,

9. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Э-т өөрийгөө “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан” гэж танилцуулан “Шүүхийн шийдвэрийн дуудлага худалдаагаар хямд үнээр хашаа байшин авч өгнө” гэж 3.000.000 төгрөгийг,

10. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн дотор иргэн А.М-аас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан зөөврийн компьютер хямд зарна” гэж 240.000 төгрөгийг,

11. 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.А-гт “хямд байр авч өгнө” гэж 3.500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 250.000 төгрөгийг, нийт 4.250.000 төгрөгийг,

12. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар хорооллын автобусны буудлын ойролцоо Б.Д-гаас “хямдхан байр авч өгнө” гэж 4.000.000 төгрөгийг,

13. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянцээл” дэлгүүрийн орчимд Д.Б-ээс “хямдхан хашаа байшин авч өгнө” гэж 3.000.000 төгрөгийг,

14. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хотхоны 412 дугаар байрны 157 тоотод иргэн Ө.М-нийг “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж 500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “эрүүл мэндийн шинжилгээ хийлгэнэ” гэж 75.000 төгрөгийг тус тус авч нийт 575.000 төгрөгийг,

15. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нарантуул” захын орчим Б.О-ыг “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж 615.000 төгрөгийг,

16. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Б-д өөрийгөө “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан” гэж танилцуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байр зарна” гэж 5.900.000 төгрөгийг,

17. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хотхоны 142 дугаар байрны 157 тоотод “шүүхийн шийвэрт хураагдсан байр авч өгнө” гэж Х.Б-гаас 2017 оны 07 сард 150.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-нд 240.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “автомашин жолоодох эрхийг хасуулахгүй” гэж 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.240.000 төгрөг, нийт 1.930.000 төгрөг,

18. 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хотхоны 412 дугаар байрны орчим “хууль сахиулах сургуульд оруулж өгнө” гэж Э.Х-ээс 500.000 төгрөг, “сонсогчийн үнэмлэх, шинжилгээний мөнгө” гэж 115.000 төгрөг, нийт 615.000 төгрөгийг,

19. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын орчим “Хууль сахиулах их сургуульд” оруулж өгнө гэж Б.Ү-аас 500.000 төгрөг, “эрүүл мэндийн шинжилгээ хийлгэнэ” гэж 155.000 төгрөг, нийт 655.000 төгрөгийг,

20. 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт Р.Б-д “шланз загварын автомашиныг 1.000.000 төгрөгөөр худалдана” гэж 500.000 төгрөг, торгуулийн мөнгө 150.000 төгрөг, нийт 650.000 төгрөгийг,

21. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.З-д ““Истана” загварын автомашинг дуудлага худалдаанд гарах гэж байна хямдхан худалдана” гэж 2.500.000 төгрөгийг,

22. 2017 оны 07 дугаар сард Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Макс молл” худалдааны төвийн орчим Б.Э-аас “Хууль сахиулахын их сургуулийн магистрийн ангид оруулж өгнө” гэж 500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан үнэтэй байр авч өгнө” гэж 1.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 240.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “хүүхэд сургуульд оруулж өгнө” гэж 500.000 төгрөгийг, нийт 2.240.000 төгрөгийг,

23. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны хойно байрлах түргэн үйлчилгээний цэгт Д.Б-т “дуудлага худалдаанд орж байгаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны 70 тоот 2 өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө, тус байрны гэрчилгээ нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарна” гэж 500.000 төгрөгийг,

24. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны хойно байрлах түргэн үйлчилгээний цэгт Б.Б-д “дуудлага худалдаанд орж байгаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Говь” сауны дэргэдэх 25 дугаар байрны 4 давхарт 3 өрөөг 50.000.000 төгрөгөөр 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө, тус байрны гэрчилгээ нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарна” гэж 600.000 төгрөгийг,

25. 2017 оны 11 дугаар сарын 26-ны өдөр Ж.С-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тарвалин” хотхоны гаднаас “энд 60м.кв, 2 өрөө байр байгаа, 40.000.000 төгрөгт гарах ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 100 жилийн ой болоод 10 хувь хасагдаад сардаа 240.000 төгрөг төлөөд, 15 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө, тус байрны гэрчилгээ 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарна” гэж 700.000 төгрөгийг,

26. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан 2 өрөө байрыг хямд худалдана” гэж иргэн Х.Н-гоос 700.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын “Хаан” банкны салбараас тус тус шилжүүлэн авч, нийт 25 иргэнд 39.675.000   төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Х-ыг залилах гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х-ын цагдан хоригдсон 559 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тавиур бүхий эмээл, хазаар, даалинтай бага гарын тархи манан хөөрөг зэргийг худалдан борлуулж, эд мөрийн баримтаар хураагдсан 1.050.360 төгрөгийн хамт хохирогч нарт хувь тэнцүүлэн олгож, “Alofeng” нэртэй 2 ширхэг гар станцыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж,

- 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон ногоон өнгийн зүүн гарын ханцуйн дээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн бэлэгдэлтэй, мөрөн дээрээ “Дэслэгч” цолны мөрдөстэй өмсгөл тодорхойгүй китель, саарал өнгийн ноосон цамц, ногоон өнгийн улаан канттай өмд, цагаан өнгийн срочкин цамц, ногоон өнгийн зангиа, ногоон өнгийн шар соёмботой өвлийн малгай, цагаан өнгийн зүүн талын ханцуйн дээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн бичиг бүхий бэлэгдэлтэй, баруун гарын ханцуйн дээрээ “ШШГ” гэсэн бичигтэй мөрөн дээрээ “Ах дэслэгч” цолтой мөрдөстэй ханцуйтай цагаан цамц,

- 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон цэргийн парад өмд, эрээн өмд, пекиж, ахмад мөрдөс бүхий таних ялгаа, дамар малгай, ногоон ноосон цамц, зуны цамц, хар ноосон малгай, энгэрийн тэмдэг,

- 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эд мөрийн баримтаар тооцогдсон цэрэг дамран малгай, цэрэг өвлийн малгай, нэг хос савхин бээлий, цэрэг савхин дээл, цэрэг өмд, цэрэг цамц, цэрэг китель, хар өнгийн хэвтэвч дотор байсан 88219602 юнителийн сим картны үүр 1 ширхэг, юнителийн бичиг нь арилсан тасалбар 1 ширхэг, мобикомын цэнэглэсэн 2500 нэгжийн карт 1 ширхэг, “Жаргалан” авто жолооны сургуулийн нэрийн хуудас 1 ширхэг, “Элит” констрейшн центр баталгаат орчуулгын нэрийн хуудас 1 ширхэг, “Шижир хүлэг” ХХК-ийн Х.Д-гийн нэрийн хуудас 1 ширхэг, орчуулгын төвийн нэрийн хуудас 1 ширхэг, цэнэглэгдсэн 5000 төгрөгийн төгс карт 1 ширхэг, “Dans club”-ийн тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баригт устгах комисст даалгаж, шүүгдэгч Г.Х-ын хэрэглэж байсан хар өнгийн хэтэвчийг түүнд буцаан олгож,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х-аас 39.675.000 төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж, хохирогч Б.О-д 900.000 төгрөг, Г.Б-нд 325.000 төгрөг, Т.Б-д 300.000 төгрөг, Ц.О-т 1.000.000 төгрөг, Д.Б-д 300.000 төгрөг, Б.Б-д 4.180.000 төгрөг, Д.Э-д 3.000.000 төгрөг, Д.Б-д 3.000.000 төгрөг, А.А-т 4.250.000 төгрөг, Б.Д-д 4.000.000 төгрөг, Ө.М-д 575.000 төгрөг, Б.О-д 615.000 төгрөг, Т.Б-д 5.900.000 төгрөг, Х.Б-д 1.930.000 төгрөг, Э.Х-т 615.000 төгрөг, Б.Ү-д 655.000 төгрөг, Р.Б-т 650.000 төгрөг, С.З 2.500.000 төгрөг, Б.Э-д 2.240.000 төгрөг, А.М-д 240.000 төгрөг, Х.Н-д 700.000 төгрөг, Д.Б-т 500.000 төгрөг, Б.Б-д 600.000 төгрөг, Ж.С-д 700.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Х- миний бие 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр шүүгдэгч Г.Х- би эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Миний бие бусдыг залилсан гэм буруутай үйлдлийн талаар маргахгүй байна. Г.Х- би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэнтэй санал нийлэхгүй байна.

Учир нь, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь 2015 онд эхлэн 2017 оны 12 дугаар сард дууссан байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон” буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн уг шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд байхгүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг үндэслэн намайг бусдыг залилсан үйлдлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.         

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

Г.Х- нь зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хувцастай ижил төстэй хувцас өмсч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, нийт 25 иргэнд 39,675,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.О /1-р хх-42-43, 47-49/, А.Д /1-р хх-44-46, 2-р хх-183-184/, Т.Б /1-р хх-50-52, 3-р хх-80/, Г.Б /1-р хх-53-55/, Ц.О /1-р хх-56-58, 3-р хх-79/, Д.Э /1-р хх-118-119/, Б.Б /1-р хх-167-169, 2-р хх-28/, Д.Б /1-р хх-170-173, 2-р хх-182, 3-р хх-77/, Д.Ч /1-р хх-174-176/, А.М /1-р хх-245-247/, А.А /1-р хх-62-63/, Б.Д /1-р хх-65-66, 2-р хх-142-143, 3-р хх-78/, Д.Б /2-р хх-68-69, 119-123/, Ө.М /4-р хх-22-26/, Б.О /4-р хх-43-48/, Т.Б /4-р хх-66-69/, Х.Б /4-р хх-99-104, 5-р хх-42-43/, Э.Х /4-р хх-119-124/, Б.Ү /4-р хх-140-144/, С.З /4-р хх-169-173/, Р.Б /4-р хх-176-180/, Х.Н /5-р хх-27-30/,  Б.Э /6-р хх-157-161/, Д.Б /6-р хх-48-49/, Б.Б /6-р хх-50-51/, Ж.С /6-р хх-52-53/, насанд хүрээгүй гэрч Б.М /1-р хх-177-178/, гэрч Н.М /2-р хх-70-71/, Б.Г/2-р хх-72/, Б.А /2-р хх-75-76/, В.М /3-р хх-162/, Ц.П /4-р хх-72/, Т.О /4-р хх-73/, Р.С /4-р хх-183-184/, Ж.Б /5-р хх-31/ нарын мэдүүлгүүд,

Эд зүйл хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-19-21, 90, 3-р хх-190/, эд мөрийн баримт /1-р хх-22-23, 2-р хх-61, 3-р хх-189/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-92/, хохирогч Б.Б, Ц.О, Д.Ч, Д.Б, А.А, Т.Б, Б.О, Б.Д, Г.Б нараар зураг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /2-р хх-160-161, 162-163, 164-165, 166-167, 168-169, 170-171, 172-173, 174-175, 179-181/, шүүгдэгч Г.Х-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Х-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгох зорилгоор бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон нийт 25 иргэнийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Х- “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж тус тус хуульчилснаар Г.Х-ын үйлдэл нь (2015 оны 10 дугаар сарын 16-наас 2017 оны 12 дугаар сарын 20-ны хугацаан дахь) үргэлжилсэн үйлдэл ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Х-ын дээрх нэр бүхий 25 иргэнийг залилан мэхэлсэн гэмт хэрэг нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төгссөн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                      

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ