Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0038

 

2015 оны 1 сарын 16 өдөр

Дугаар ДЗШ/МА2015/0041

Улаанбаатар хот

 

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овооны ар талд, С компанийн зүүн талд 0.4 га буюу 20х20 хэмжээний газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан. Захирамжид заасны дагуу газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээгээ батлуулж авахаар хариуцсан мэргэжилтэн Ттай маш олон удаа, олон жилийн турш очиж уулзсан боловч ...удахгүй таны бичиг баримтыг гаргаж өгнө, та тайван хүлээж бай, нийслэлийн Засаг даргын захирамжтай газар болохоор санаа зовох хэрэггүй... гэж хүлээлгэсээр 9 жилийн нүүрийг үзлээ.

Энэ талаар 2012 оны 4 дүгээр сард Нийслэлийн газрын албаны дарга Ц.Стай уулзаж, учир байдлаа тайлбарлан хэлтэл ...Та өргөдлөө өгчихөөрэй... гэсний дагуу газрын албанд өргөдөл бичиж өгсөнд Ц.Сгийн цохолтоор байцаагч Т болон С нарт хариуцуулсан. Ялангуяа С гэдэг байцаагчтай мөн 2012 оны 5 дугаар сараас хойш удаа дараа очиж уулзаж асуусан боловч ашиглалтын газрын баримт бичгийг маань гаргаж өгсөнгүй. Гэтэл миний ашиглалтын газрын хажууд олон байгууллага, иргэд газар авч бүгд бичиг баримт, гэрээ гэрчилгээгээ авсан байгаа. Жишээ нь: Харанга, Петровис гэх мэт. Түүгээр ч үл барам 2012 онд С компани нь газраа нэмж сунгуулж авахаар 2 дахь удаагаа захирамж гаргуулж сунгасан байна. Арга барагдан Баянгол дүүргээс сонгогдсон нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч болон Улаанбаатар хотын захирагч Б нарт тус тусад нь өргөдөл гаргасны үр дүнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5/1131 тоот албан бичгээр бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцаж байгаа тул өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг авсанаар уг газрыг нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 тоот захирамжаар Н ХХК-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар олгосон болохыг мэдлээ. Энэ байдлаас дүгнэхэд: 1. Газрын албаны хүмүүс авилга, хээл хахууль өгөхгүй болохоор одоо болтол гэрчилгээ гэрээгээ авч чадахгүй байгаа нь тодорхой боллоо. Хэрвээ би тэр хээл хахууль, авилгыг нь өгчихсөн бол аль эрт гэрээ, гэрчилгээгээ авчих байжээ. Нэгэнт л нийслэлийн Засаг даргын захирамж гарсаны дагуу холбогдох албан тушаалтнууд цалин авдаг, ажил үүргээ шударгаар гүйцэтгэнэ гэж төр засагтаа итгэн бодож явсан минь бурууджээ.

2. Хэрвээ арваад жилийн өмнө энэ газрынхаа бичиг баримтыг авсан бол айх эмээх, стресст орох зүйлгүй үйл ажиллагаагаа хэвийн өргөжүүлээд, олгогдсон газраа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж, хийж бүтээхээр санасан бодсон бизнесээ бодитоор хэрэгжүүлээд амьдрал ахуйгаа дээшлүүлэх байсан. Газрын эрхийн гэрчилгээ нь газар ашиглах эрхийн баталгаа болдог учраас уг баримт бичиггүй болохоор уг газрыг ямар нэг байдлаар ашиглах боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Стресс сэтгэл зүйн хямралд дандаа орж явсаар байгаад эрүүл мэндээр, эдийн засгаар ч зөндөө хохирлоо.

Иймд иргэн миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг минь хамгаалан, хэрэгжүүлэх боломжоор хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Үүнд нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн дагуу гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын хууль бус үйлдлийг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах, нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 тоот захирамжаар Н ХХК-д газар эзэмшүүлэхтэй холбогдсон хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн дагуу гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын хууль бус үйлдлийг тогтоож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгах шаардлагын талаар:

Иргэн Г.Бд нийслэлийн Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 400 м2 газрыг 2 жилийн хугацаагаар түр ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Ашиглах эрх олгогдсон этгээдэд эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй бөгөөд иргэн Г.Б нь өнөөдрийг хүртэл газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөрийг 2003 оноос хойш төлөөгүй байна.

Нэхэмжлэгч 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн газрын алба /хуучин нэрээр/-ны дарга Ц.Сд гэрээ, гэрчилгээ олгож өгөх тухай өргөдөл гаргасныг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хамтарсан Техникийн зөвлөлийн хурлаар 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 3 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэж, Бусдын эзэмшлийн газартай давхацсан, газар эзэмших эрх үүсээгүй гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрч шийдвэрлэжээ. Энэ тухай иргэн Г.Бд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5/1131, 3 дугаар сарын 20-ны өдрийн 5/1660 тоот албан бичгүүдээр хариу өгсөн байна. Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

... Дээр дурдсан үндэслэлээр иргэн Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 34.1, 37 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 44.8, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оын Нийслэлийн газрын албаны байцаагч нарын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, газар ашиглах эрхийн гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэн Г.Бтай газар ашиглах эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 37 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 44.8, 60 дугаар 60.1.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд эдгээр хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна.

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 1 /Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүургийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж,байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ/ дэх хэсгийг үндэслэсэн талаар: Нэхэмжлэгч "газар ашиглах эрхийн гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д газар эзэмших гэрээ, гэрчилгээг Засаг даргын шийдвэрийг үндэслэн олгохоор заасан.

Иргэн Г.Бд Нийслэлийн Засаг дарга 2003 онд 2 жилийн хугацаагаар газар ашиглуулах шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан болон түүнд газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр өнөөдрийг хүртэл дахин гараагүй. Өөрөөр хэлбэл, Г.Бд газар ашиглуулах, эзэмшүүлэх тухай Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэр енөөдөр байхгүй байна.

Гэтэл 2014 онд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид хугацааны хувьд хүчин төгөлдөр бус болсон 2003 оны захирамжийг үндэслэн гэрээ байгуулан, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Газрын тухай хуулийн 37 /Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах/ дугаар зүйлийг үндэслэсэн талаар:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргаж байсан талаар дурдаагүй, харин НЗД-ын 2003 оны 238 дугаар захирамжийн дагуу гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрээ гэрчилгээ олгохыг даалгах шаардлага гаргасан болно. Уг захирамжийг гарснаас хойш нэхэмжлэгч анх удаа 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр НГА-ны даргад гэрээ, гэрчилгээ олгож өгөхийг хүссэн өргөдөл гаргасныг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.

Харин Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө бичгээр гаргаж, холбогдох баримтуудыг хавсарган өгөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч 2003 онд олгогдсон газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг өнаөдрийг хүртэл гаргаагүй.

Нэхэмжлэгчийн 2012 онд НГА-нд гаргасан хүсэлт ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "2003 онд гаргасан захирамжийн дагуу гэрээ, гэрчилгээ олгуулах'' хүсэлт болон дээрх "газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах" гэсэн хүсэлт нь хууль зүйн агуулгын хувьд өөр өөр хүсэлт байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгыг газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл гэж тайлбарлан энэ чиглэлд нотлох баримт цуглуулж, гэрчийн мэдүүлэг авч, тэдгээрийг үнэлэн шийдвэр гаргасан болно.

Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч нь ...газар ашиглах гэрээ, гэрчилгээгээ батлуулж авахаар хариуцсан мэргэжилтэнтэй олон удаа уулзсан.., гэрээ, гэрчипгээ олгуулахыг даалгаж өгнө үү гэжээ", "гэтэл хариуцагч... нэхэмжлэгчтэй газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан байна", "гэрч Р.Т нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслээд НГА-аас гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ёстой байдаг..., Тасганы овооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гартал гэрээ байгуулахгүй гэдэг хариу өгч байсан гэж мэдүүлсэн байна", "2005 оноос хойш нэхэмжлэгч нь удаа дараа газрын гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар уулзаж байсан 2012 оноос хойш бичгээр хүсэлт гаргаж байсан гэдэг нь ... нотлогдож байна" гэж нөхцөл байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргасан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах" тухай 37 дугаар зүйлийг үндэслэн /газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг биелүүлээгүй мэтээр/ шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс иргэн Г.Бын гэрээ, гэрчилгээ олгож өгөхийг хүссэн хүсэлтийг Техникийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцээд тазар эзэмших эрх үүсээгүй" гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаагүй тухай мэдэгдсэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мөн оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/1660 тоот албан бичгийн үндэслэлийг тайлбарлахдаа газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй тухай тайлбарласныг анхан шатны шүүх 2003 оны захирамжийг үндэслэн гэрээ, гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлттэй хольж андууран дүгнэлт хийсэн байна.

Гэрч Р.Т нь мэдүүлэгтээ "нэхэмжлэгч гэрээ, гэрчилгээ олгуулах хүсэлтийг амаар гаргаж байсан" гэж мэдүүлсэн боловч нэгдүгээрт, энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт биш, хоёрдугаарт Р.Т нь 2008 оны 8 дугаэр сар хүртэл Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтэст Чингэлтэй дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчаар ажиллаж байгаад өөр ажилд томилогдсон бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч 2012 онд гэрээ, гэрчилгээ олгож өгөхийг хүссэн өргөдлийг НГА-нд бичгээр гаргах хүртэл эрх бүхий байгууллагад албан ёсоор бичгээр ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжийн хугацаа дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч хугацаа сунгуулахаар хүсэлт гаргаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гэрчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах хүсэлтээ гаргах үүргээ биелүүлээгүй, газар ашиглах эрх нь дуусгавар болсон байтал шүүх гэрчийн мэдүүлэг 2012 онд 2003 оны захирамжийн дагуу гэрээ, гэрчилгээ хүсч нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг үндэслэн "нэхэмжлэгч Г.Б зохих үүргээ биелүүлсээр байтал Газрын тухай хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Г.Бын эрх ашиг зөрчигдсөн байна" гэж дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүухийч 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Бд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч Нийслэлийн газрын алба /хуучин нэрээр/ нь түүнтэй газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олголгүй Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн ... 34.1-34.5 ...-д заасан журмыг баримтлана, 34 дүгээр зүйлийн 34.1-д ... шийдвэрийг үндэслэн ... нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай ... гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дээрх хуульд зааснаар газар ашиглагчтай гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Г.Бд газар ашиглах эрхээ эдлэх боломж олдоогүй, өөрөөр хэлбэл газрын албаны дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчтэй газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч захиргааны байгууллагын буруугаас нэхэмжлэгч Г.Б газар ашиглах эрхээ эдлэх боломжгүй байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан ... 2 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн тул түүний газар ашиглах хугацаа дууссанаар газар ашиглах эрх нь дуусгавар болсон. Одоо хүчин төгөлдөр шийдвэр байхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд ... газар ашиглах хугацаа сунгуулахаар хүсэлт гаргаж байгаагүй, гэтэл шүүх Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... гэж дурдсан нь үндэслэлтэй байна.

Учир нь Г.Б нь газар ашиглах гэрээ, гэрчилгээгүйн улмаас 2003 оноос хойш газраа ашиглаагүй тул түүнд газар ашиглах эрх бодитойгоор үүсээгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахтай холбоотой харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй юм. Гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохооргүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт уг маргаанд хамааралгүй Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн баримталсан хуулийн заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энь давж заалдах шатны шүүх хуралдаанд ... Тасганы овооны орц гарцыг хаах тул газар ашиглах гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэгчид хариу өгч байгаагүй, анхан шатны шүүхэд тайлбар, нотлох баримт гаргаагүй, давж заалдах гомдолдоо ч дурдаагүй бөгөөд хэрэгт авагдсан шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар Н ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан зэргээс дүгнэхэд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг баримтлан Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн газрын албаны Г.Бтай газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжийг үндэслэн газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт /шинэ нэрээр/ даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ