Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/506

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт М-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000555 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ...  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт М-гийн Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод У.Д-ыг “эцэг эхийг нь хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар толгой тус газарт нь заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч У.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал), гэрч Ш.М-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3821 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), шүүгдэгч М.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 58-53, 63 дахь тал), шүүгдэгч Ц М.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот гэртээ найз У.Д-ыгаа “эцэг, эхийг нь хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас толгой тус газарт нь заазуураар цохиж, эрүүл мэндэд нь зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч У.Д-ын: “...намайг Б-ынд очиход Б-а, Т нар пиво уугаад сууж байсан ба би дэлгүүрээс 3 том савтай пиво аваад уусан. Т орой гэр лүүгээ харилаа гээд явсан, Б-а бид 2 үлдээд Б-а зурагтаараа дуу сонсоод байж байтал  аав, ээж хоёр нь согтуу орж ирээд ээж нь бүжиглээд,  аав нь суугаад байхаар нь  би “унтаж амаръя” гэж хэлэхэд Б-а уурлаад “чи манай аав, ээж хоёрыг хүндлэхгүй байна уу” гээд гал тогооны шүүгээнээс заазуур аваад миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгтэл миний толгойноос цус гарахаар нь гэрээс гарч цагдаад дуудлага өгсөн. Би эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн үйлчилгээ аваагүй, эмнэлэгт үзүүлээгүй, толгойны шарх өөрөө эдгэрсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

2. Гэрч Ш.М-гийн: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед хүү Б-ын гэрт нөхөр бид хоёр ороход Д ирчихсэн, тэр 2 унтах гэж байсан. Манай хүүхэд зурагт дээр дуу тавьчихсан байхаар нь би согтуудаа  жоохон бүжиглэсэн юм, тэгтэл Д хүн унтуулж амраагаач гэж хэлэхэд  манай хүү уурлаад “чи манай гэрээс аав, ээжийг хөөдөг хэн бэ” гээд нэг мэдэхэд Д ёо ёо гээд орилсон. Тэгээд харахад Д-ын толгойноос цус гарч байхаар нь би айгаад сандраад гараад явчихсан юм. Манай хүү намайг өмөөрөөд Д луу уурлаад заазуураар толгой руу нь цохичихсон юм билээ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3821 дугаартай:

“... У.Д-ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

4. Шүүгдэгч Ц М.Б-ын: “...миний уур хүрээд чи миний аав, ээж хоёрыг хүндэлдэггүй хэн бэ гээд гал тогооны шүүгээ дээр байсан хар өнгийн  заазуурыг аваад Д-ын толгой хэсэг рүү цохисон. Тэгтэл толгойноос нь цус гарсан чинь Д гэрээс гараад явчихсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч У.Д, шүүгдэгч М.Б нарын хооронд “айлд ирчхээд эцэг эхэд минь хүндэтгэлгүй хандлаа” гэх асуудлаас үүдэлтэйгээр маргаан үүссэн байх бөгөөд уг асуудлыг эвээр зохицуулахын оронд шүүгдэгч М.Б нь шууд заазуур авч өөрийн найз У.Д-ын толгойн тус газар 2 удаа цохиж хагалж, гэмтэл учруулсан асуудлыг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлсэн бөгөөд энэ нь гэрч Ш.М-гийн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.  

Шүүгдэгч М.Б-ын зэвсэг хэрэглэн бусдын бие махбодид халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй  түүнийг хүсч үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид зулайд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн,  уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой  байна.

Шүүгдэгч М.Б-ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч У.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч хохирол нэхэмжлээгүй, эмчилгээ хийлгээгүй, эдгэрсэн хэмээн шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 16, 18 дахь тал)

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь М.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) М.Б-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна мөн хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхээс татгалзсан зэрэг байдал, шүүгдэгч М.Б-ын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 26.5см, ажлын хэсэг нь 16см, бариулын хэсэг 10.5см хар өнгийн заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 26.5см, ажлын хэсэг нь 16см, бариулын хэсэг 10.5см хар өнгийн заазуур 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ