Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

 

 

 

    2022          03          17                                     2022/ШЦТ/214

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Ч.Батбаатар /томилолтоор/,

Хохирогч: Д.Н-,

Шүүгдэгч: С.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000270099 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.А-,  ..... тоот регистртэй,

Шүүгдэгч С.А- нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Оргил худалдааны төвийн урд талын замд “Тоёота Приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, 8.18-д заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Н-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хорооллын Дүүхээ төвийн орчимд явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч байхад мөргөсөн. Тэгээд газарт хүчтэй унасны улмаас тухайн үедээ амьсгалж чадахгүй байсан. Миний өвчүү яс хугарсан. Тухайн үед шүүх эмнэлгийн дүгнэлтээр өвчүү яс хугарсан, толгой хэвийн гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл шинж тэмдэг илэрсэн учраас толгойн MRI зураг авахуулахад хамрын таславч мурийсан, тархинд 3 жижиг толбо үүссэн, цаашид тодосгогчтой зураг авахуулах шаардлагатай гэж зөвлөсөн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 15-наас 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилдаа яваагүй. Одоо эмчилгээний зардал 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 3 дугаар сарын 29-ний өдөр тархины зураг авахуулахаар цаг авсан бөгөөд 580.000 төгрөгөөр харуулна” гэв.

Хохирогч Д.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд “Оргил” худалдааны төвийн харалдаах урд замаар явган хүний гэрэл дохиотой гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахаар ногоон гэрлээр зорчих хэсэг рүү гүйгээд орсон. Тэгэхэд ногоон гэрэл анивчиж байсан. Зам гарах гэж байтал “Toyota Prius” маркийн машин миний зүүн талаас мөргөөд намайг газар унагаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Иргэний хариуцагч Б.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мандалбаяр, Адъяа нарын хамт дөрвүүлээ буудлаас гарсан. Найз А-ыг дуудаад өөрийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулан Энхбаярын замаар явж байгаад найз Адъяаг гэрийнх нь гадаа буулгасан. Цаашаа явж байгаад хүн мөргөчихлөө гээд би сэрсэн. Осол болох үед А- явган хүний ногоон гэрэл анивчиж байсан. Тэгэхэд хүн гүйгээд гараад ирсэн гэж надад хэлж байсан. Миний тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учраагүй, тийм болохоор үнэлгээ хийлгэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 27, 91/,

Иргэний хариуцагч Ц.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Иргэний хариуцагчаар татан оролцож байгаа гэдгээ ойлгосон. Жолоочийн буруутай үйлдлээс болж бусдад учирсан хохирлыг жолооч төлж барагдуулах үүрэг хүлээнэ гэж гэрээнд зохицуулалт хийсэн байгаа. Тийм болохоор манай байгууллагаас ямар нэгэн хохирол төлж барагдуулах үүрэг хүлээхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 99/,

Шинжээчийн 577 тоот дүгнэлтэд: “...Д.Н-ийн биед өвчүү ясны хугарал, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 33-34/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...06:43:52 секунтэд явган зорчигч зорчих хэсэг рүү гүйж орох ба явган хүний гэрлэн дохио анивчиж байгаа нь харагдаж байлаа ...ертөнцийн зүгээс зүүнээс баруун тийш чиглэлтэй гуравдугаар эгнээгээ явж байсан автомашин зогсох үйлдэл хийлгүй гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж 06:43:56 дахь секундэд зогсож байлаа” гэжээ /хх-н 14/,

Мөрдөгчийн 121 дугаар магадалгаанд: “...жолооч С.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно..., мөн дүрмийн 8.18 Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.1 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Н- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна” гэжээ. /хх-н 75-76/,

Яллагдагчаар С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож байна. Хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг төлж барагдуулна, одоогоор ажилгүй байгаа болохоор боломжгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 88/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 2-3/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-12/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 41-48/, хохирлын баримт /хх-н 54, 56, 71/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч С.А- нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Оргил худалдааны төвийн урд талын замд “Тоёота Приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, 8.18-д заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Н-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Н-ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч С.А-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч С.А- хохирогчийг зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор, гарцаар зам гарч байх үед нь тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.А- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогчийг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул иргэний хариуцагч Б.Ж- нь хохирол, хор уршгийг арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Д.Н- нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс эмчилгээний зардал 2.200.000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 580.000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан нийт 1.542.507 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч Б.Ж-гаас гаргуулж хохирогч Д.Н-д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Д.Н-ь нь ажилгүй байсан үеийн 580.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хэдийгээр хохирогч нь 2021 оны 12 дугаар сарын 15-наас 2022 оны 01 дүгээр сарын 10 хүртэл ажиллаагүй гэсэн тодорхойлолт авчирсан боловч өөр баримт байхгүй. Хохирогч нь нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул хохирогч Д.Н-ь нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч С.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.А-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, иргэний хариуцагч Б.Ж- нараас 1.542.507 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д олгосугай.
  6. Хохирогч Д.Н- нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР