Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/315

 

      

 

 

 

 

 

 

    2022         04           25                                  2022/ШЦТ/315

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,       

шүүгдэгч Ж.Г өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Ж-ийн Г-т холбогдох эрүүгийн 2210000000455 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ....... оны ........ дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,........... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........ хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ..........дүгээр хороо, ............ тоотод оршин суух хаягтай,  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар ял шийтгүүлж байсан, Ц овогт Ж-ийн Г  /РД:.............../.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 18-р гудамжны 466 тоотод хохирогч Х.А маргалдаж улмаар түүний толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

 

Хоёр. Эрүүгийн 2210000000455 дугаартай хэргээс:   

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/  

Хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Гэрч О-ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 4413 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Шүүгдэгч Ж.Г ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-80 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/, боловсролын яамны албан бичиг /хавтаст хэргийн 68 дахь тал/, Улсын бүртгэлийн хэлтэс /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Г ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ж.Г нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 18-р гудамжны 466 тоот Г.О-ийн  гэрт нийлж архидан согтуурч байхдаа хохирогч Х.Аүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгойн тус газарт заазуураар цохьсны улмаас “зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:   

 

Хохирогч Х.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт- Ухаа 2 хорооллын 1036-23 тоотод ээж Оюунчимэг, хойд аав нарын хамт амьдардаг юм. Би одоогоос 2 хоногийн өмнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 18-р гудамжны 466 тоотод байх Одмаа гэх танил эгчийн төрсөн өдөр болоод очсон. Тухайн үед бид нартай нилээн хэдэн зүс таних хүмүүс байсан бөгөөд Жаргалцогт, Одмаа, Г  бид нар архи уусан юм. Бид нар 4 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи уусан. Би архи ууж байгаад согтоод гэрийн баруун хойд талд гудас дээр хэвтэж байсан. Харин тухайн хүмүүс гэрийн зүүн талын хэсэгт архи уугаад юм ярьж байснаа Ж.Г нь намайг “ална” гээд заазуур бариад миний хэвтэж байсан газарт хүрээд ирэхээр нь хэвтсэн чигээрээ байж байсан чинь барьсан заазуураа миний толгойн зулай хэсэгт 1 удаа цохисон юм. Тэгээд миний толгойноос цус гараад эхэлсэн чинь бид хоёрын голоор Одмаа эгч гүйж орж ирээд хоёр тийш салгахад Ж.Г миний элэг рүү нэг удаа хөлөөрөө дэвсээд, гарт барьсан заазуураа над руу шидсэн чинь миний толгойны дээгүүр даваад газар унасан юм. Тэгээд тухайн гэрт байсан хүмүүс бүгд гэрээс гараад явсан би толгойгоо алчуураар цусыг дараад байж байсан чинь Одмаа эгч эмч дуудна гээд гэрээс гараад яваад өгсөн тэгээд удалгүй эмч цагдаа нар хүрээд ирсэн юм. Одмаа эгчийн нэрийг бүтнээр нь сайн мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 4413 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Х.А-ийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр 24 цагийн доор үүссэн шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

           Гэрч Г.О-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.А-ийн толгойны зулай хэсэгт гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтлийг Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 18-р гудамжны 466 тоотод байх манай гэрт Ж.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай гэрийн хар өнгийн иштэй, ишийг скочоор ороосон заазуураар учруулсан. Х.Амартүвшин, Ж.Г хоёроос өөр хүн хоорондоо маргалдсан зүйл болоогүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/   

 

Шүүгдэгч Ж.Г ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.   

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. 

Шүүгдэгч Ж.Г хохирогч Х.Анар нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Г.О-ийн  төрсөн өдрийг тэмдэглэж байгаа нэрийдлээр нийлж архидан согтуурсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.   

           Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ хохирогч Х.Амартүвшиний биед зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

           Иймд шүүгдэгч Ж.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Амартүвшиний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Х.Амөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж /хавтаст хэргийн 17, 90 дэх тал/ мэдүүлжээ.    

Шүүгдэгч Ж.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх нь зүйтэй.

           

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгч Ж.Г нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-80 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/-аар тогтоогдож байна.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.   

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Ж.Г нь зөвшөөрсөн байна.    

Шүүгдэгч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Г-т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Г-т мэдэгдэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгч Ж.Г-т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Ж-ийн Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Г-т мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Г-т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

  

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.ОДБАЯР