Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/505

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Л.Баасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Т-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208007870465 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа ... худалдааны төвд гурил ачигч ажилтай,  ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Т-ийн М (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод иргэн Ц.Б-ын  нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд энэ хохирогч гэх хүн манай гэрт эхнэр, хүүхэд 2-той маань хамт байсан. Тэгээд хардаад ийм асуудалд хүрчихлээ. Би Н захад гурилын грушик хийдэг юм. Вагоноос ачаа буулгах үед шөнө орой тардаг асуудал байдаг. Би хохирогчид 1508000 төгрөг шилжүүлсэн байгаа.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр багийн найз Н над руу залгаад “нүүрс түлээ дөхүүлээд өгөөч, манай хүн 10 гаран хоног ирсэнгүй, гал хөс тасраад хэцүү байна” гэхээр нь очиж түлээ нүүрсийг нь дөхүүлж өгсөн. Тэгсэн хүүхэд нь надтай тоглоё гээд байхаар нь тоглоод сууж байтал Н-ын нөхөр нь ороод ирсэн. Тэгээд юу болоод байгаа юм гээд Н-ыг алгадаад дараа нь намайг цохисон, улмаар надтай зууралдаад миний нүүр хэсэг рүү 2 удаа цохиход миний хамар хугарсан юм. Н бид хоёрын дунд янз бүрийн асуудал байхгүй, энгийн найзууд юм. Одоо би хамраа янзлуулмаар байна, энэ зардлаа нэхэмжилнэ” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрханд дүүргийн ... дугаар хороо ... тоотод иргэн Ц.Б-ыг өөрийн хамтран амьдрагч О.Н-тай хардан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Ц.Б-ын: “...миний танил Н нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр над руу залгаад манай хүүхдийг хараад өгөөч гэхээр нь би ажлаа тараад гэрт чинь очно гэсэн чинь “за” гэсэн. Ингээд би орой 19 цаг өнгөрч байхад очсон чинь гэрт нь Н охиныхоо хамт гэртээ байсан. Тэгээд би гэрт нь хүүхдийг нь харж хамт тоглож байгаад цаг харсан чинь шөнийн 01 цаг болсон байсан. Тэгээд би Н-д харилаа гэж хэлээд байж байтал нөхөр нь гэртээ ороод ирсэн. Тэгээд нөхөр нь Н-аас “энэ хэн бэ” гэхэд Н болон би дуугараагүй. Тэгсэн эхнэрээ зодох гээд байхаар нь би нөхрийг нь боль гэсэн чинь гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод миний биед гэмтэл учруулахаар би гэрээс нь гараад зугтаасан. Би томографт толгойгоо харуулахад 150,000 төгрөг болсон, мөн хамрын хагалгаанд орж хамраа тэгшхэн болгох хэрэгтэй байгаа тул уг зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч О.Н-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр М нь гадуур хоноод ирэхгүй байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би найз Б-ыг гэртээ дуудаад хамт байж байсан чинь манай нөхөр М орж ирээд найз Б-ыг “хэн юм бэ” гэхээр нь манай найз гэсэн чинь ...уурлаад миний мөр лүү цохисон, Б намайг өмөөрсөн. Тэгээд Б, М 2 хоорондоо ноцолдоод зодолдоод байхаар нь би хүүхдээ аваад гэрээс гараад явсан. Тэгээд 102 руу утасдаж цагдаа дуудсан чинь М гэрээс гараад явсан. Би Б-ыг хүүхдээ харуулах гэж дуудсан, бидний хооронд ямар нэгэн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн 2371 дугаартай:

“Ц.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шууны  цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

4. Шүүгдэгч Т.М-ийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 53 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.М нь өөрийн хамтран амьдрагчаа найз Ц.Б-тай нь хамт байхыг харан хардаж улмаар хохирогч Ц.Б-ын нүүрэн тус газар 2 удаа цохисон болох нь тэдгээрийн хохирогчоор болон яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, тухайн үйл явцыг харсан гэрч О.Н-ын мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон, Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.М-ийн бусдын бие махбодод халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн хамрын хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Т.Мийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Хохирол төлбөрийн тухай: Хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд КТГ хийлгэхэд 150,000 төгрөг гарсан, мөн хамрын хагалгаанд орох шаардлагатай тул уг зардлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 150,000 төгрөгийг хохирогчид өгсөн талаарх дансны хуулгыг гаргаж өгсөн, хохирогч Ц.Б уг мөнгийг хүлээн авснаа илэрхийлсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Ц.Б нь хамрын хагалгаанд орохтой холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.М-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч Ц.Б: “...гомдолтой, шүүгдэгч нь хамар янзлуулахад 5-6 сая төгрөг гарах юм байна гэхэд тэр мөнгийг өгч чадахгүй, шоронд ороод гарч ирсэн нь дээр” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасан нь “торгох ялыг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.М-ийн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчид гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирол төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч нь Н захад гурил ачигчаар ажилладаг, сарын орлого нь 900,000-1,000,000 төгрөгийн хооронд авдаг буюу орлоготой болохыг илэрхийлсэн баримтууд тус хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Т.М-ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогын хэмжээ, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Т.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Т-ийн Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч Т.М нь хохирогч Ц.Б-ад 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Б-а нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон цаашид гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.М-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Мийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ