Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ч.Батбаатар

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203000390128 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны 0 дугаар сарын 0-нд Орхон аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан ажилладаг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, Зүүн Нарангийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: / *******.

 

                         Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 6 дугаар байрны баруун замд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өглөөний 10 цаг 50 минутын орчимд “S Forester” маркийн 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 дахь заалтыг зөрчсөний улмаас 05 настай эрэгтэй Б.Б- мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “2021 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө гэрээсээ гараад өмд худалдаж авахаар хорооллын дэлгүүр явсан. Буцаад гэр рүүгээ явах болоод замын түгжрэл их байсан учир байрны дундуур явж байтал зам дээр тавьсан машинууд дундаас нэг хүүхэд гэнэт гүйж гарч ирээд миний жолоодож явсан автомашинд шүргэгдсэн. Хүүхэд шүргэчихээд хохирогчийн эхэд хүүхдээ харж хандаж явахгүй яасан юм бэ гэж хэлээд эмнэлэг аваад явъя гэж хэлсэн. Тухайн үед сандарсан байсан. Урдаас машин ирээд сигналдаад улам сандаргаад байсан. Би машинаа замаас холдуулаад байж байтал Ундрах өөрийнхөө машинаар гэмтэл явсан байсан. Би араас нь гэмтлийн эмнэлэг рүү явж байтал над руу цагдаагийн газраас залгахад нь би гэмтлийн эмнэлэг рүү очиж явна гэдгээ хэлсэн. Хохирогч талд 1.550.080 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч талаас нэхэмжилж байгаа хохирлыг шүүх тогтоовол  өгнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У- мэдүүлэхдээ “Энэ осол болсоноос хойш манай хүүхэд 2 сарын хугацаанд  гипстэй, суга таягтай  явсан.  Эмчийн заавраар  өвчин намдаах  эм тариа хэрэглэж, энэ төрлийн эм их ууснаас болж ходоод нь өвдсөн. Хүүхэд маань одоо ч түнх нь муу юм шиг явж байгаа бөгөөд Төв аймгийн Багахангай сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчилгээнд 2.319.650 төгрөг, би ажилгүй байсан хугацааны цалинд 339.185 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардалд 100.000 төгрөг нийт 3.758.835 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч Т.Баяр-Эрдэнийн төлсөн 1.550.080 төгрөгийг хасч үлдэх 2.331.755 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хувийн эмнэлэгт МRI харуулсан 288.000 төгрөгийн  төлбөрийн баримтаа нөхөж авч чадахгүй байна.” гэв

 

         Эрүүгийн 2203000390128 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Баянгол дүүргийн 11-р хороо 6 дугаар байрны баруун замд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10 цаг 50 минутын орчимд “S Forester” маркийн 00-00 УАР дугаарын автомашиныг жолоодож явсан жолооч нь явган зорчигч 5 настай, эрэгтэй Б.Б- мөргөж эрүүл мэндэд нь хохирол учирсан...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

 

2. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 04-05 дахь тал)

 

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-10 дахь тал)

 

4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “******* нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)

 

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Камерын бичлэг бичигдсэн цагаан өнгийн CD-г Dell маркийн суурин компьютерт хийж уншуулахад автомашинууд замын 2 талаар зогссон байх ба бага насны хүүхэд замын зүүн талд зогсож байх ба уг бичлэг нь нийт 9 секундийн бичлэг байлаа. Бичлэгийг эхлүүлэхэд урдаас хойшоо чиглэлтэй саарал өнгийн автомашин ирж байгаа нь харагдах ба бичлэгийн 2-3 дахь секундэд замын зүүн талд зогсож байсан хүүхэд урагш алхан зорчих хэсэг рүү гүйж байгаа нь харагдаж, бичлэгийн 4 дэх секундэд урдаасаа хойш чиглэлтэй явж байсан саарал өнгийн автомашинд мөргүүлж байгаа нь харагдав. Бичлэгийн 6 дах секундэд хүүхдийг мөргөсөн автомашин зогсох үйлдэл хийх ба замын баруун талд зогсож байсан эмэгтэй хүн бичлэгийн 7 дахь секундэд машинд мөргүүлсэн хүүхэд рүү гүйж байгаа нь харагдав. Үзлэгээр өөр ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэг хийх ажиллагааг дуусгав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

6.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У- мөрдөн байцаалтанд “Би гэрээсээ 09 цаг өнгөрч байхад 3 хүүхдээ айлд хүргэж өгөхөөр гарсан. Би орцны эсрэг талд буюу ертөнцийн зүгээр баруун талд өөрийн тээврийн хэрэгслээ байрлуулсан байсан. Би 3 хүүхэдтэй том нь 6 настай, дараагийн хүүхдүүд нь ихэр 5 настай. Тэгээд хоёр ихрийнхээ нэгийг дагуулаад нөгөө ихрийгээ том ахтай нь хамт орцны үүдэнд үлдээгээд тээврийн хэрэгсэл рүүгээ очиж цүнхтэй хувцсаа тавихаар очсон. Тухайн үед замаар явж байгаа тээврийн хэрэгсэл байгаагүй. Зам дагуу машинууд тавьсан байсан. Би тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгыг онгойлгоод цүнхтэй хувцсаа хийчихээд хаалгаа хаагаад эргээд хартал манай хоёр хүүхэд уйлсан. Хүүхэд уйлахаар нь би хүүхдүүд рүүгээ гүйгээд очтол манай хоёр ихрийн нэгийг нь машин мөргөөд унагаачихсан байсан. Том ах нь орцны үүдэнд уйлаад зогсож байсан. Би тэр машиныг манай хүүхдийг мөргөж байгааг хараагүй. Би тэр машиныг урд талаас ирж байгааг хараагүй. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг ямар хурдтай явдаг юм бэ гэсэн чинь тэр жолооч надад би 35 км/цаг хурдтай явж байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр жолооч намайг гэмтлийн эмнэлэг явъя гэж хэлэхээр нь би хоёр хүүхдээ үлдээчхээд явъя гэж хэлээд дээд айлын хүн рүү залгаад ирэхийг нь хүлээж байх хооронд замын урд талаас нэг машин ирсэн тэр машин ирэхэд манай хүүхдийг мөргөсөн машины жолооч би машинаа холдуулаад энэ машинд зам тавиад өгье гэж хэлэх шиг болсон. Тэгээд тэр жолооч орцны үүдэнд байдаг дэлгүүрийн хойгуур баруун эргээд явчихсан. Би тэр жолоочийг 10 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Дуудлага хүлээн авсан цагдаа намайг эмнэлэг дуудаж гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувийн машинаараа гэмтлийн эмнэлэг явж болох уу гэхэд болно гэж хэлхээр нь би хүүхдээ аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд манай хүүхдийн зүүн хөлийн шилбэ хугарсан байсан. Би хүүхдийнхээ хөлийг гипсдүүлчихээд эмнэлгээс гарах гэж байхад нөгөө жолооч эмнэлэг дээр ирсэн. Би нөгөө жолоочийн хамт осол болсон газар очиж цагдаа нарт хүүхэд мөргүүлсэн байрлалыг зааж өгч хэмжилт хийлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

 

7. Иргэний хариуцагч О.Давааням мөрдөн байцаалтанд “Би S-Forester маркийн 00-00 УАР улсын дугаартай автомашиныг 2020 оны 02 дугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн нэр дээрээ зээлийн гэрээ байгуулан шилжүүлэн авч байсан. Одоо дээрх автомашиныг нөхөр Баяр-Эрдэнэ бид хоёр ээлжилж жолоодон замын хөдөлгөөнд оролцдог. Осол болсон өдөр миний нөхөр Баяр-Эрдэнэ гэртээ ирээд хүүхэд мөргөсөн талаараа надад хэлсэн. Би иргэний хариуцагчаар оролцож байгаа гэдгээ ойлгож байна. Одоогоор нөхрийн хамт машинд мөргүүлсэн хүүхдэд 500.000 орчим төгрөгийг нөхөн төлсөн. Цаашид эм эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

 

         8. Иргэний нэхэмжлэгч О.Давааням мөрдөн байцаалтанд “...ослын улмаас миний эзэмшлийн автомашинд ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11867 дугаартай “Б.Б- биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

 

         10. Хохиролтой холбогдох баримтууд (хавтаст хэргийн 64, 65, 66, 67, 133, 134, 135, 137, 138, 139, 140, 141, 142, 143, 144, 145, 146, 164 дэх тал)

 

         11. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд “1. Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн, зүүн болон баруун гар талын хол, ойрын их гэрлийн тусгалын чадал, стандартын шаардлага хангаж байна. Авто тээврийн хэрэгслийн Урд тэнхлэгийн хажуу гулсалтын  хазайлтын хэмжээ алдагдсан, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй зэрэг гэмтэлтэй байна. 3. Улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. 4. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсанаар авто тээврийн хэрэгслийг жолоодоход хүндрэл учруулах, зам онохгүй байх, шатахуун зарцуулалт ихсэх, дугуйн жигд бус элэгдэлтэд нөлөөлдөг боловч энэ осолд хэрхэн яаж нөлөөлснийг бид тогтоох боломжгүй байна. 5. Авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВ8 бүхий тоормосны системтэй байна. 6. Авто тээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос, зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай эвдэрч, гэмтсэн зүйлгүй байна. 7. 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Харин 2021 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. 8. 2020 оны техникийн хяналтын дүгнэлтийн хуудсыг хавсаргав. 9. Асуултад дурдаагүй боловч шинээр тогтоогдсон нөхцөл байдал илрээгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-42 дахь  тал)

 

12. Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Нийт 1.600.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож байгаа надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дэх тал)

 

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  (хавтаст хэргийн 52 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэсэн болно.                                                                                      

 

 

 

 

          Хоёр. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

          ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар байрны баруун замд “S Forester” маркийн 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч 05 настай Б.Б- мөргөсөн хэргийн үйл баримт камерын бичлэгээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч ******* нь “S Forester” маркийн 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 дахь хэсэгт заасан “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүй сонгож явна: д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор 20 км цаг хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 05 настай эрэгтэй Б.Б- мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У-ын “...Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг ямар хурдтай явдаг юм бэ гэсэн чинь тэр жолооч надад би 35 км/цаг хурдтай явж байна шүү дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), иргэний хариуцагч О.Даваанямын “дээрх автомашиныг нөхөр Баяр-Эрдэнэ бид хоёр ээлжилж жолоодон замын хөдөлгөөнд оролцдог. Осол болсон өдөр миний нөхөр Баяр-Эрдэнэ гэртээ ирээд хүүхэд мөргөсөн талаараа надад хэлсэн...Одоогоор нөхрийн хамт машин мөргүүлсэн хүүхдэд 500.000 орчим төгрөгийг нөхөн төлсөн. Цаашид эм эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), иргэний нэхэмжлэгч О.Даваанямын “...ослын улмаас миний эзэмшлийн автомашинд ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 04-05 дахь тал) хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-10 дахь тал), камерын бичлэгт үзлэг тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал), 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11867 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) “үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Т.Баяр-Эрдэнийн “Би өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож байгаа надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт” гэм буруутайд тооцов.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх” санал дүгнэлтийг,  

          шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцлоо.

 

          Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч Т.Баяр-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Нөгөө талаас бага насны хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчаас гаргасан торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн аваагүй болно.

 

Иймд ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх   зааснаар  хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

        Хэргийн хохирогч болох 05 настай Б.Б- биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

         Хавтаст хэрэгт авагдсан (64, 65, 66, 67, 133, 134, 135, 137, 138, 139, 140, 141, 142, 143, 144, 145, 146, 164 дэх талууд) болон шүүх хуралдаан дээр гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

       Хохирол хор уршгийн тухайд бага насны буюу 5 настай хохирогч Б.Б- хууль ёсны төлөөлөгч О.У- шүүх хуралдаанд “Эмчилгээтэй холбоотой 2.319.650 төгрөг, хүүхдээ асрах хугацаанд ажилгүй байсан цалин хөлс 339.185 төгрөг, хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч хөлсөлсөн 1.000.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 100.000 төгрөг нийт 3.758.825 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс Т.Баяр-Эрдэнийн төлсөн 1.550.080 төгрөгийг хасаж үлдэх 2.231.755 төгрөгийг нэхэмжилнэ. Хүүхэд маань одоо ч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна.” гэж мэдүүлсэн.  

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон  төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бага насны хүүхдийн эмчилгээтэй холбогдох зардалд 2.319.650 төгрөг нэхэмжилнэ гэх боловч хэрэгт авагдсан эмчилгээний баримтуудаас үзэхэд нийт 2.342.650 төгрөг болж байна.  Үүнээс  шүүгдэгчийн төлсөн 1.550.080 төгрөгийг хасаж, үлдэх 792.570 төгрөг, хууль ёсны төлөөлөгч О.У-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 339.185 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар төлсөн 100.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж нийт 792.570+339.185+100.000=1.231.755 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

 

Бага насны хохирогч 05 настай Б.Б-д энэ хэрэгтэй холбоотойгоор цаашид  эмчилгээ шаардагдвал холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн  шүүгдэгч *******эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “S Forester” маркийн 00-00 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн автомашины өмчлөгч “Инвескор” ББСБ-ыг иргэний нэхэмжлэл, иргэний хариуцагчаар тогтоох асуудлыг тухайн байгууллагатай зээлийн гэрээ байгуулсан О.Давааням хариуцна гэснийг үндэслэн энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч-хариуцагчаар О.Даваанямыг тогтоосон байна.

 

Иргэний нэхэмжлэгч-хариуцагч О.Давааням нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх бөгөөд  хариуцвал зохих төлбөргүй болно.   

 

Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 27.2-т “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:

а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх; гэсэн заалтыг зөрчсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 54- т “Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар 50.000 төгрөгөөр торгосон байна.  (хавтаст хэргийн 169 дэх тал)

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг  тус тус дурьдав.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  овогт ******************** “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******эс нийт 1.231.755 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У-ад олгосугай.

 

6. Бага насны хохирогч Б.Б-д энэ хэрэгтэй холбоотойгоор цаашид эмчилгээ шаардагдвал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.У- холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ