Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1684

 

Ж.Дэлгэрсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01487 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Дэлгэрсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Дэлгэрсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Билгүүн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дэлгэрсайхан би 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан. Миний бие үүрэгт ажлаа аливаа алдаа дутагдалгүйгээр гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа тус газрын захирал шинээр томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэлтсийн даргын албан тушаалыг ахлах мэргэжилтэн болгон үндэслэлгүйгээр бууруулсан. Улмаар энэ байдал даамжирч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр захирлын 6/115 тоот ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарч намайг Авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Дээрх тушаалаас үзвэл ажлын цагийн бүртгэлд дотоод аудит хяналт шалгалт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ажлын тайланд үндэслэн шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг удаа дараа гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний өнгөрсөн хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан удаа байхгүй, өдөр тутам цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлж байсан болохыг хариуцлагатайгаар мэдэгдэхийн зэрэгцээ надад авсан энэхүү ажлаас сахилгын шийтгэл үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл бодитой би болоогүй байхад энэхүү үндэслэлээр надад ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тус үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараа буюу хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, 2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар сард 2017 оны 01 дүгээр сард шалтгаангүйгээр 5 удаа цаг бүртгэлийн системд бүртгүүлээгүй, 19 цаг 30 минут хоцорсон, 1 сард 2 өдрөөс дээш хугацаагаа удаа дараа шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан.

Ажил олгогчоос Ж.Дэлгэрсайханд хөдөлмөрийн гэрээний 4.3.5, 4.3.8, 4.3.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.2, 11.7.5 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрлөх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлаа үр бүтээлтэй гүйцэтгэж чадахгүй байгаа ажилтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь түүний эрхийг зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Шарнууд овгийн Жавхлангийн Дэлгэрсайхан /РД:ЙЮ86080315/-г Автотээврийн төвийн авто үйлчилгээний ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 3 122 400 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Дэлгэрсайханы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Дэлгэрсайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64 908 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Автотээврийн үндэсний төв нь Ж.Дэлгэрсайханыг 2016 оны 9 дүгээр сараас 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд удаа дараа ажил тасалсан, цаг ашиглалт хангалтгүй мөн дахин 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүлтэл ажил тасалсан учир ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажил тасалж удаа дараа сахилгын зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл хүлээлгэн ажлаас халсан. Энэ талаарх цагийн бүртгэлийг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно. Цагийн бүртгэлийг хурууны хээгээр бүртгэдэг.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эмнэлэгт хэвтсэн гэж байгаа боловч энэ талаарх баримтыг өөрөөс нь нэхэхэд гаргаж өгдөггүй. Шүүхэд ажил олгогчид өгсөн гэдэг. Энэ нь ажил олгогчид өгсөн гэдгээр тухайн хүн өвчтэй байсан гэх байдал нь нотлогдохгүй юм. Мөн шүүх зөвхөн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажлын цаг ашиглалт болон тасалсан үйл явцад дүгнэлт өгч байгаагаас биш нэг сард мөн ажил тасалсан асуудалд дүгнэлт өгсөнгүй.

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журамд заасан зөрчлийг удаа дараа гаргасан нь зөрчил хоорондын зай 1 жилийн дотор буюу 2 сарын хооронд давтагдан гарч байгаа юм. Ж.Дэлгэрсайханд ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулан ажлаас халах нь хууль зүйн дагуу явагдсан бөгөөд зөрчлийн талаар өөрт нь мэдэгдэж тайлбар авах гэсэн боловч тайлбар өгөөгүй байдаг.

Энэ бүгдээс үзвэл “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2014 оны 01 дүгээр сарын сарын 24-ний өдрийн 6/115 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Дэлгэрсайхан нь хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан тул нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/115 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолооор баталсан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалт, ажлын цагийн бүртгэлд дотоод аудит, хяналт шалгалт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ажлын тайланг тус тус үндэслэн Ж.Дэлгэрсайханыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан зөрчлийг гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4.3.5, 4.3.8, 4.3.9, Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.2, 11.7.5 дахь заалтыг баримтлан түүнийг авто үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 8 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно” гэж, хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заасан байх ба 11.7.2-т “Ажилтан урьдчилан мэдэгдээгүй, зохих зөвшөөрөлгүй 3 хүртэлх өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан”, 11.7.5-д “Ажлын цаг ашиглалт хангалтгүй байх, удаа дараа цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажлаас хоцорсон” гэж тус тус зохицуулсан байна. /хэргийн 48 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ажлын цаг ашиглалт хангалтгүй, удаа дараа цаг бүртгэлийн төхөөрөмжид цагаа бүртгүүлээгүй ажил тасалсан нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын цагийн бүртгэлд дотоод аудит, хяналт шалгалт хийсэн ажлын тайлангаар тогтоогдсон гэж хариуцагч маргажээ.

 

Хэргийн 20-22 дугаар талд авагдсан хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын зөвлөлийн хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчид дээрх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байх тул хариуцагч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнөх нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбогдуулан цуцласан гэж үзэхээр байна.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төсөл боловсруулагдах үед дахин ажил тасалсан гэж тайлбарлаж байх боловч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/115 дугаар тушаалд энэ талаар заагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж, нэхэмжлэгчийг зөрчил гаргаснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй байна.   

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ТУЯА

 

                                               ШҮҮГЧИД                              Д.ЦОГТСАЙХАН   

 

                                                                                            С.ЭНХТӨР