Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1067

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор Г.Ганчимэг,

          шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Д.Бум-Аюуш,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,        

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох 1810 0142 10470 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-ын Б, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Санкомфорт” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, .... гудамжны ... тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн, 8 сар 2 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 736 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:.../;

Т.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санкомфорт” ХХК-ийн ажлын байранд иргэн Л.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ыг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б- нь хохирогч Л.Н-д 800.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Т.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие нь архи согтууруулах зүйл хэрэглэсний улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр их гэмшиж байгаагаа гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр гэм буруугаа хүлээн мэдүүлсээр ирсэн төдийгүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид төлж барагдуулсан.

Миний бие цаашид дахин гэмт хэрэг хийхгүй, нас өндөр болсон эцэг, эхийгээ ийм байдалтай орхиод хорих ял эдлээд гарч ирэхэд эцэг, эх минь байхгүй болсон байх вий гэхээс маш их харамсаж байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байгаа байдал, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг, эцгийн минь бие хүнд байгаа, надаас өөр асран хамгаалах хүн байхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тодорхой эрхэлсэн ажилтай, цалин хөлс авдаг зэрэг хувийн байдлуудыг маань харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Н.Цэрэнчимэд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлын байран дээрээ тус компанийн цахилгаанчин Л.Н-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцан Л.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Шүүгдэгч Т.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч Л.Н- нь “Т.Б- надаас уучлалт гуйж хохирлыг барагдуулсан, цаашид гаргах ямар ч гомдол саналгүй шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна.” гэсэн хүсэлт, тайлбар өгсөн байгааг харгалзан үзэхийг хүсэж байна.

Нөгөө талаар Т.Б-ын эцэг Т-ын эрүүл мэндийн байдал муу байгаа зэрэг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Т.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хуульд заасан торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

Т.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санкомфорт” ХХК-ийн ажлын байранд иргэн Л.Н-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Н-ы “... намайг ирээд нүүр лүү өшиглөөд, ажлын хувцасны цамцнаас барьчихаад өшиглөөд байсан. Тэгэхээр нь би өрөөнөөс гарч гүйгээд автомашины зогсоол дээр очоод байж байхад, араас хүрч ирээд намайг цохиод унагачихсан. ...” гэх  мэдүүлэг /хх-6-7, 8-10, 35-36, 37-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Л.Н-ы биед дагз ясны хугарал, эрүү ясны баруун сэртэнд үений гадаргуу дайрсан хугарал, зүүн хацар ясны хугарал, баруун чамархайн аалзан хальсны доорх цусан хуралт, хамар ясны хугарал, таславчний мурийлт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн хацар, эрүүний зүүн талд зөөлөн эдийн няцрал, 2 зовхинд цус хуралт, зүүн хацар, эрүүний зүүнд доод хэсэгт цус хуралт, зулгаралт, дух, баруун хөмсөг, хамрын нуруу, ооч, баруун тохой, цээжинд зулгаралт, баруун чихний дэлбээ, баруун хацар, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн 7210 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-21-22/,

хохирогч Л.Н- Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-53-61/, хохирлын баримтууд /хх-67-69/, хохирол төлсөн баримт /хх-70/, шүүгдэгч Т.Б-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Б- нь хохиролд 800,000 төгрөг төлсөн хэдий ч хохирогч Л.Н-д учирсан хүнд хохирол, хор уршиг арилаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах  хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                     

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ