Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 0209

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 30 өдөр            Дугаар 128/ШШ2020/0209                      Улаанбаатар хот

                              

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Х” 

Хариуцагч: Тег

Нэхэмжлэлийн шаардлага: “Х” ХХК-иас Тегын Төрийн сангийн 900******* тоот дансанд тушаасан 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг илүү төлсөн татварт тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг “Х” ХХК-д буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Т.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал М.Гөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Татварын байгууллагаас 2012 онд манай “Х” ХХК”-ийн 2008-2011 оныг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад 2,843,676,600 төгрөгт ноогдох зөрчил гаргасан гэж үзэн татварын байцаагчийн дүгнэлт бичин цагдаагийн байгууллагаар шалгуулахад хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс дээрх зөрчлийн дүгнэлтэд үндэслэн 5 жил гаруйн дараа 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №2402201740 дугаартай шийтгэлийн хуудас нөхөн бичиж 284,367,660 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Манай компани уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд №032 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн №2402201740 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад цагдаагийн байгууллагаас шаардсаны дагуу “Х” ХХК-ийн ерөнхий захирал М.Г нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хувийн ******* банкны 5******* данснаас 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг Төрийн сангийн 900******* тоот Татварын хяналт шалгалтын дансанд барьцаа болгон тушаасан байдаг. Өнөөдрийн байдлаар манай компанийн тушаасан дээрх 100’000’000 төгрєгийг татварын өр төлбөрт тооцох ямар нэгэн шүүхийн шийдвэр, тогтоол, татварын байгууллагын акт байхгүй бөгөөд илүү төлсөн татварт тооцож буцаан олгохыг хүсэн хүсэлт гаргахад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/3946 дугаартай албан бичгээр, Тегын даргад гомдол гаргахад 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04/2731 дугаартай албан бичгүүдээр татгалзсан хариу єгснийг 2019 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч танилцсан.

... Би хууль тогтоомж сайн мэдэхгүй. Дүгнэлтийг би гардаж аваагүй. Тухайн үед н.Ч гүйцэтгэх захирал байсан. Авсан байх гэж хэлсэн. н.Ч нь ял эдэлж байгаа. Тухайн үед би татвар төлнө гэж мөнгө тушаагаагүй. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын данс байсан. Уг мөнгийг төлсний дараа манай үйл ажиллагааг сэргээсэн. Би барьцаа гэж ойлгосон. Дүгнэлтээр төлбөр төлнө гэсэн асуудал байхгүй.

Иймд хариуцагч “Х” ХХК-иас Тегын Төрийн сангийн 900******* тоот дансанд тушаасан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг илүү төлсөн татварт тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг “Х” ХХК-д буцаан олгохыг даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч байгууллага нь уг мөнгийг ямар үндэслэлээр улсын орлогод оруулах буюу хэвээр үлдээж байгааг тодорхой хууль зүйн үндэслэл эрхийн акттайгаар тайлбарлах ёстой. Гэтэл ямар нэг эрхийн акт гараагүй гэж тайлбарлаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн тухай үйлдлийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон Эрүүгийн хуульд зааснаар хохирлыг гэмт хэрэг үйлдсэн хүн өөрөө хариуцдаг. Хэрэв байгууллага татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байгаа бол иргэний хариуцагчаар татах ёстой. Гэтэл нэхэмжлэгч компанийг иргэний хариуцагчаар татаж улсаас нэхэмжилж байгаа төлбөрийг танилцуулж, ямар нэг тайлбар авч  шийдвэрлэсэн асуудал байхгүй. Тиймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тайлбарлах боломжгүй. н.Ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг үндэслэлээр Өршөөлийн тухай хуульд хамруулсан гэж тайлбарладаг. Мөн энэ агуулгаар ирсэн хэрэгсэхгүй болгосон тогтоол байна. Хэрэгсэхгүй болгосон тогтоолд бусад аж ахуй нэгжүүдийг хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх агуулгаар бичсэн байна. Харин н.Ч нь хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэсэн агуулгаар бичигдээгүй. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэсэн дүгнэлтийг прокурор хийсэн байна. 

... 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шийтгэлийн хуудас нэртэй нөхөн ногдуулалтын акт тавьсан байдаг. Хэрвээ шийтгэл гэж үзэж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар арга хэмжээ авах ёстой. Гэтэл шийтгэлийн хуудас бичихдээ 284,000,000 төгрөгийг л бичсэн байдаг. Хэрвээ энэ компани 2013 онд 100,000,000 төгрөгийн хохирол төлсөн гэж үзэж байгаа юм бол 2017 онд 284,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг яагаад хасаагүй юм.

... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3. дахь хэсэгт  нөхөн ногдуулалт гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг хэлнэ гэж заасан. Тиймээс энэ шийтгэлийн хуудас нь нөхөн ногдуулалтын шинжтэй акт гаргасан. Уг актыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөлийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Тиймээс Татварын  ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд зааснаар татварын албаны үндэслэлгүй илүү хураасан мөнгөн хөрөнгө гэх үндэслэлд уг 100,000,000 төгрөг хамаарч болох үндэслэлтэй байна.  Тиймээс уг 100,000,000 төгрөгийг авах талаар ямар нэг шийдвэр, акт байхгүй. Хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолд хэдэн төгрөгийн хохирол учирснаас хэдэн төгрөг төлсөн, хэдийг нь төлөөгүй талаар дүгнэлт байхгүй. Тиймээс уг мөнгийг хохирол мөн эсэхийг мэдэх боломжгүй байна. “Х” ХХК н.Чийн үед мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Үүсгэн байгуулагч нь энэ талаар огт мэдэхгүй. Шүүхэд ирсний дараа л эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үзсэн. Татварын байгууллага төсвийн орлогыг бүрдүүлэхдээ хуульд заасан арга хэрэгслээр бүрдүүлэх ёстой. Гэтэл энэ нь хуулиар тогтоосон арга хэмжээгээр бүртгэгдээгүй. Үл ойлголцлын буюу хоёр байгууллагын унд байршуулсан, байршуулаагүй гэж үндэслэлгүйгээр 100,000,000 төгрөг улсад төвлөрсөн тул уг мөнгийг нэхэмжлэгч байгууллага буцаан гаргуулах, эсхүл илүү төлсөн татварт суулгаж өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Тегын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Ч.О нараас шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Тегт  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тегын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсээс тус “Х” ХХК-ийн 2009-2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл илэрч, улмаар 2012 оны 03 дугаар сарын 19-ны өдөр татварын улсын байцаагчийн 210004 тоот дүгнэлт үйлдэж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

“Х” ХХК /захирал Г.Ч/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт 284,436.700 мянган төгрөг /хоёр зуун наян дөрвөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга долоон зуун/-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн 201626022156 дугаар хэрэг үүсгэн шалгасан.

Тухайн хэргийн яллагдагч “Х” ХХК /захирал Г.Ч/-иас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсад учруулсан хохиролд 100.0 сая төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төрийн сан банкны 900******* тоот дансанд төлсөн.

Эрүүгийн 201626022156 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан ... “Х” ХХК /захирал Г.Ч/-д холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2036 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай 2036 тоот тогтоолын ОЛСОН НЬ хэсэгт ... нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ... болохыг дурдсан байдаг.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг хууль хяналтын байгууллагаас тогтоосныг Өршөөлийн хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна, “Х” ХХК , түүний эрх бүхий албан тушаалтан нь гэмт хэрэг үйлдээгүй, улмаар өршөөлд хамруулан шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нээлттэй байсан.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын төсөвт учирсан хохиролд 100.0 сая төгрөгийг төлсөн, хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд хуульд заасан хугацаанд гомдол гаргаж, маргаагүй зэрэг нь холбогдох үйл баримтаар тогтоогддог бөгөөд энэ үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж ял шийтгэлгүй үлдсэн.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "... энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй ...” гэж заасан бөгөөд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэний улмаас бий болсон хохиролд төлсөн 100.0 сая төгрөгийг улсын төсвөөс буцаан олгох үндэслэлгүй болно.

... Нэхэмжлэгч нь хууль тайлбарлах субъект биш. Өөрийн эрх ашигт нийцүүлэн хуулийг буруу тайлбарлаж байна.  Өршөөлийн тухай хуульд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийг тодорхойлсон. Прокурор өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгох тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт хэргийн оролцогчид 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Бид гэмт хэрэг үйлдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр үзэж өршөөлд хамруулсан байна гэж үзсэн бол тухайн үед эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл ял завших гэж байгаа юм шиг тухайн үед эрүүгийн хэргээ шийдвэрлүүлэх зорилгоор тодорхой хэмжээний төлөлт хийчихээд одоо болохоор төрөөс үндэслэлгүйгээр 100,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Өршөөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй гэж заасан. Мөн татвар төлөгчөөс хохирлын хэмжээтэй маргах эрх нь олгогдсон. Гэтэл эдгээр эрхээ эдлэхгүйгээр 2013 онд төлж улсын орлого болж зарцуулагдсан мөнгөний талаар маргаж татварын байгууллагын буруу байсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна ... н.Ч гарын үсэг зурж танилцсан байгаа. Үүсгэн байгуулагчид нь танилцуулах үүрэггүй. Мэдэх, мэдэхгүй нь компаний дотоод асуудал. 100,000,000 төгрөг буцааж олгох нь үндэслэлтэй гэж үзэх юм бол татварын албаны аливаа буруутай үйл ажиллагааг эхлээд тогтоох шаардлагатай. Татварын алба ямар тохиолдолд буруутдаг вэ гэхээр бид үндэслэлгүй шийтгэлийн хуудас бичээд түүний дагуу татвар төлөгчөөс албадлагын арга хэмжээ хэрэглэж татварын өрөнд 100,000,000 төгрөг гаргуулж авсан зүйл байхгүй. Мөн уг данс нь Тегын өөрийн эзэмшлийн данс биш гэдэг нь Сангийн яамны бичгээр тодорхой болсон. Төрийн санд байршилтай дансанд орсон.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-аас Тегт холбогдуулан гаргасан Х” ХХК-иас Тегын Төрийн сангийн 900******* тоот дансанд тушаасан 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг илүү төлсөн татварт тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг “Х” ХХК-д буцаан олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд тогтоогдож буй,

- татварын улсын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 210004 тоот дүгнэлтээр “... 866,231.3 мянган төгрөгийн барилгын борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан, 1,977,455.3 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган ...худалдан авалтаас хасаж тооцсон, нийт 2,843,676.6 мянган төгрөгийн татвар ногдох орлогоос төсөвт төлөх албан татвараас санаатайгаар зайлсхийсэн” гэж дүгнэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн[1]

-  Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 2036 дугаартай тогтоолоор 51******* регистртэй “Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чийн 284,436.7 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд холбогдох эрүүгийн хэрэг/201626022156 тоот/-ийг, мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 704 дугаартай тогтоолоор  ... яллагдагч Г.Ч ... нарт холбогдох баримт бичиг хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан үйлдэлд холбогдох эрүүгийн хэрэг/20120100065/-ийг тус тус Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

- “Х” ХХК-ийн захирал М.Гөөс 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг Төрийн сан банкин дахь 900******* тоот дансанд “201201000065 тоот хэргийн хохирол, нөхөн татвар төлбөр” гэж төлсөн[2] үйл баримтуудтай маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “...нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Чийн гэм бурууг шүүхээр тогтоосон зүйл байхгүй, түүнчлэн татварын улсын байцаагчийн 2017 оны 2402201740 дугаартай шийтгэлийн хуудсыг нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 32 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад татварын хяналт шалгалтын дансанд төлөгдөж, улсын төвийн орлогод орсон нэг зуун сая төгрөгийг илүү төлсөн татварт тооцохгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч Тегын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирлаар ажиллаж байсан Г.Ч нарт холбогдох хэргийг Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд прокурорын тогтоолд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн байхад нэхэмжлэгч нь уг тогтоолд гомдол гаргаж гэм буруугүй болохоо тогтоолгоогүй, түүнчлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь хохирол нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “Эс үйлдэхүй гэдэгт иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор заажээ.

Гэтэл нэхэмжлэгч “Х” ХХК”-аас Тегт хандаж 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 18/140, 2019 оны 19/47 дугаартай албан бичгүүдээр “...гэмт хэргийн хохиролд төлж байсан 100,000,000 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1.1, 58.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ... одоо төлөх ёстой татварын өрөнд болон ирээдүйд бий болох татварт суутган тооцож өгнө үү”[3] гэсэн хүсэлтүүдэд Тегын 2018 оны 12/3946, 2019 оны 04/2731 тоот албан бичгүүдээр “...танай компанийн улсад учруулсан хохиролд төлсөн нэг зуун сая төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаас үндэслэлгүй, илүү хураасан, түүнчлэн илүү төлсөн татвар гэж үзэж буцаан олгох боломжгүй”[4] гэсэн агуулга бүхий хариуг өгснөөс үзвэл, хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, Тег нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйл байхгүй, харин нэг зуун сая төгрөгийг илүү төлсөн татварт тооцохоос татгалзсан шийдвэр гаргасан байхад нэхэмжлэгч нь энэхүү татгалзалтай маргаагүй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өргөжүүлэн тайлбарлах, улмаар “Х” ХХК”-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй, хариуцагч Тегаас нэг зуун сая төгрөгийг илүү төлсөн татварт тооцож буцаан олгохгүй байгаа нь Татварын ерөнхий хууль/2008/-ийн, 22 дугаар зүйлийн 22.1.1, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д заасан  “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах...” чиг үүргийг хэрэгжүүлж гарсан шийдвэр болжээ.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “татварын алба нь хуульд заасан хувь хэмжээгээр татвар хураах үүрэгтэй ба манай компанийн төлсөн нэг зуун сая төгрөг нь татварын хяналт шалгалтын дансанд төлөгдөж улсын төсвийн орлого болсон байхад илүү төлсөн татварт тооцохгүй байгаа нь хууль бус гэж тайлбарлан маргаж байх тул дээрх нэг зуун сая төгрөг нь илүү төлөгдсөн татварт тооцогдох эсэх асуудлаар дүгнэлт өгөв.

Татварын ерөнхий хууль/2008/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т зааснаар татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй байх ба мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж төлөх үүргийг татвар төлөгч, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар татвар төлөгчийн үндэслэлгүй, илүү хураагдсан хөрөнгийг буцаан олгох үүргийг татварын алба тус тус хүлээж байх боловч “Х” ХХК-ийн буцаан авахаар шаардаж буй нэг зуун сая төгрөг нь татвар төлөгчөөс өөрөө илүү тодорхойлж төлсөн татварт, мөн татварын албанаас үндэслэлгүйгээр илүү хураасан татварын аль алинд хамаарахгүй байна. 

Учир нь нэхэмжлэгч “Х” ХХК-иас дээрх мөнгийг илүү тодорхойлж төлсөн татвар болох талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй ба уг 100,000,000 төгрөгийг төгрөгийг төлөхийг Татварын албанаас шаардаагүй, харин Цагдаагийн байгууллагын шаардлагаар тус компанийн захирал М.Гөөс 2013 онд 201201000065 тоот хэргийн хохирол, нөхөн татвар төлбөр гэж төлсөн байх тул татвар төлөгчөөс илүү тодорхойлж төлсөн татвар гэж үзэхгүй.

Мөн Татварын ерөнхий хууль/2008/-ийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан хөрөнгөнд “татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийн дүн; энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар тодорхойлсон татварын ногдлыг эрх бүхий байгууллага хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийн дүн; татварын алба, татварын улсын байцаагчийн бусад шийдвэрээр үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгийн дүн”-г хамааруулж ойлгохоор тус тус нэрлэн заасан байх ба маргааны тохиолдолд “Х” ХХК-аар төлүүлэхээр аливаа татварын акт, бусад шийдвэр гараагүй байсан байх тул мөн татварын албанаас үндэслэлгүйгээр илүү хураасан хөрөнгө гэж үзэхээргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Татварын алба үндэслэлгүй шийтгэлийн хуудас бичээд түүний дагуу татвар төлөгчөөс албадлагын арга хэмжээ хэрэглэж татварын өрөнд 100,000,000 төгрөг гаргуулж авсан зүйл байхгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “татварын улсын байцаагчийн 2017 оны 2402201740 дугаартай шийтгэлийн хуудсыг нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 32 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргах боловч энэхүү нөхцөл байдлыг цаг хугацааны хувьд өмнө төлөгдсөн төлбөрт хамааруулж тайлбарлах боломжгүй.

Түүнчлэн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 2036 дугаартай тогтоолд “... энэ хэргийг байнга үйлдсэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэгт дараах нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул” гээд “1. Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 51******* регистртэй “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ч нь ...нийт 2,843,676.6 мянган төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 284,436.7 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн...”[5] гэж тэмдэглэн улмаар Г.Ч ... нарт холбогдох 20120100065 тоот эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Г.Ч болон нэхэмжлэгч хуулийн этгээдээс тус гэмт хэрэгт гэм буруугүй талаарх аливаа гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Чийн гэм бурууг шүүхээр тогтоосон зүйл байхгүй байхад илүү төлсөн татварт тооцохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрхээс нэгтгэн авч үзвэл, нэхэмжлэгч “Х” ХХК-аас 100,000,000 төгрөгийг илүү төлсөн татварт тооцож буцаан олгохыг даалгах шаардлага гаргаж байгаа нь татвар төлөгчөөс илүү тодорхойлж төлсөн татвар гэж үзэхээргүй, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан хөрөнгөнд хамаарахгүйн дээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй ...” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд “Х” ХХК-аас Тегт холбогдуулан гаргасан “Х” ХХК-иас Тегын Төрийн сангийн 900******* тоот дансанд тушаасан 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг илүү төлсөн татварт тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг “Х” ХХК-д буцаан олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

“Х” ХХК-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхдөө дээрх нэг зуун сая төгрөгийг суутган тооцуулах, эсхүл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д заасны дагуу хохирлын хэмжээгээр маргах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас Тегт холбогдуулан гаргасан ““Х” ХХК-иас Тегын Төрийн сангийн 900******* тоот дансанд тушаасан 100,000.000 /нэг зуун сая/ төгрөгийг илүү төлсөн татварт тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг “Х” ХХК-д буцаан олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ

 


[1] Хавтаст хэргийн 162 дахь тал

[2] Хавтаст хэргийн 16 дахь талд

[3] Хавтаст хэргийн 105-106 дахь талд

[4] Хавтаст хэргийн 4, 17 дахь талд

[5] Хавтаст хэргийн 94 дэх талд