Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 98

 

 

 

 

                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч В.Төгсбаяр,

шүүгдэгч О.Энхномин, түүний өмгөөлөгч Э.Жамц (Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2180) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Оюунбатын Энхноминд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625030149 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Оюунбатын Энхномин, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Аргалант суманд 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, компьютер график-дизайнер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 17 дугаар баг, Өргөө багийн 22 дугаар хороолол, 15 дугаар байрны 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЬ89042079.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Энхномин нь 2016 оны 01 дүгээр сард тусгай техник хэрэгсэл буюу Леново маркийн зөөврийн комьютероос хуурамч фишинг сайтад нэвтэрч хохирогч Б.Анужин, А.Балжинням, Б.Зулцацрал нарын фэйсбүүк хаягт нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авч улмаар тэдгээрийн фэйсбүүк хаягаар нэвтэрч хувийн захидал харилцаа, зурган файлыг авч задруулж захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч О.Энхномин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр Шинэ үе продакшинтай хамтран www.Shineue.mn гэсэн албан ёсны вэб сайт нээж ажиллуулж байсан чинь бичлэгүүд цахим орчинд үнэгүй алдагдаж байсан. Энэ талаар Оюуны өмчийн газар 1, 2 удаа мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Тэгэхээр нь өөрсдөө устгах шаардлагатай болоод тухайн хүмүүсийн цахим хаяг шаардлагатай болсон. ...2010 оны үед гарсан Cod Canon гэсэн өөрсдийн бичсэн кодоо устгадаг вэб сайтаас анх фишн сайтын загварыг худалдаж авсан. Тэгээд энэ кодыг худалдаж аваад бичлэгүүд тавигдсан тохиолдолд устгах зорилгоор 4-5 хүний фэйсбүүк хаягаар орж үзсэн. ...Тэгээд тухайн бичлэгүүдийг устгуулах гээд Анужин гэж охины фэйсбүүк хаягаар нь орчихсон байсан чинь нэг залуу над руу нүцгэн зургаа явуулаач гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь чатыг нь сонирхоод харсан чинь тэр Анужин гэж охин эхлээд 2 зураг явуулсан. Би ойлгохдоо тэр залуу Анужин гэж охиныг дарамталж зураг нэхээд байгаа юм болов уу гэж ойлгосон. Тэгэхээр нь би хашраая гэж бодоод шинэ фэйсбүүк хаяг нээгээд тэр залуугийн суралцдаг сургуулийнх нь групп дээр зургийг нь тавьсан. Гэтэл тэр зурагны доор хүмүүс элдэв янзын комментууд бичиж байсан. Тэгэхээр нь би устгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагаан хакер гэж нээсэн шинэ фэйсбүүк хаягаараа Балжиннямтай маргалдсан. Тэгээд өмнөх харилцааных нь талаар уншиж үзээд дараа нь Анужин руу холбогдоод бүх зургийг нь устгасан талаараа хэлж уучлал гуйсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Хохирогч А.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 1 дүгээр сарын 03-ний орчим өөрийн фейсбүүкийн А.Балжаа гэдэг хаягнаас найз охин Б.Анужингийн фейсбүүкийн Б.Аанжий гэх хаяг руу миний хайр юу хийж байна, хайрыгаа санаад байна, нүцгэн зургаа явуулаач гэх мэтээр хоорондоо чааталж байтал найз охины Б.Аанжий гэдэг хаягнаас гэнэт найз охин чинь завгүй байна, надтай секс хийж байна гэж бичээд ороод ирсэн. Өмнө нь өөр байдлаар мессеж бичдэг байсан ба бичиж байгаа хандлага нь шал өөр байсан. Тэгэхээр нь би гайхаад найз охин руу гаа залгаад чи над руу юу бичээд байгаа юм бэ гэсэн чинь би фейсбүүкт байхгүй байна... гэсэн. Тэгээд би өөрийн фейсбүүк хаягаар эргэж ороод чи хэн юм бэ, яагаад энэ хаягаар ороод байгаа юм бэ гэсэн чинь би чиний хувийн зургуудыг чинь фейсбүүкээр тараана, өөр фейсбүүкийн группэд тавина гээд байсан. Би өөрийн фейсбүүкийн хаягаар найз охинтойгоо чатлаж байхдаа өмнө нь өөрийнхөө нүцгэн...зургуудыг явуулж байсан. Мөн найз охины нүцгэн зургууд нь байсан. Тэр зургуудыг харчихаад тараана гээд байсан. ...Маргааш орой нь 21 цагийн үед найз охиныхоо гэрт сууж байтал найз Мөнхжаргал...залгаад чи фейсбүүкт байгаа юм уу, зургуудаа хараач гэхээр нь фейсбүүктээ ороод хартал Цагаан хакер нэртэй фейсбүүк хэрэглэгчээс миний фейсбүүк хуудас болон фейсбүүкийн мэдээ хэсэг дээр миний болон манай найз охины нүцгэн зургуудыг tag-д тавьчихсан. Мөн манай сургуулийн фейсбүүк групп дээр зургуудыг тавьсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 26 дахь тал),

...миний нүцгэн зургуудыг тараасаны дараа Мөнхжаргал, Маргад-Эрдэнэ, Энхболд, Бат-Оргил, Хүрэлчулуун нар харсан. Өөр хэн харсаныг мэдэхгүй... гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 93 дахь тал),

Хохирогч Б.Анужингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би өөрийн Б.Аанжий гэдэг фейсбүүк хаягаар найз залуу А.Балжиннямтай 20-21 цагийн орчим чатлаж байгаад... гал тогооны өрөөнд ус уух гээд явсан. Гал тогооны өрөөнд 5-6 минут орчим болж байтал найз Балжинням залгаад чи над руу юу бичээд байгаа юм бэ, чиний фейсбүүкээр хүн ороод байгаа юм биш үү гэхээр нь фейсбүүкээ харсан чинь миний өмнөөс Балжинням руу танай найз охин чинь завгүй байна, надтай секс хийж байна гээд интернэтээс татсан нүцгэн хүүхний зураг явуулчихсан байсан. Тэгээд манай найз залуу миний фейсбүүкнээс бичээд байгаа хүнтэй чи хэн бэ, яагаад энэ хаягаар ороод байгаа юм бэ гээд хоорондоо хэрэлэж байсан. Тэгээд бид хоёрын хоорондоо фейсбүүк хаягаараа харилцаж байсан миний болон Балжиннямын нүцгэн зургуудыг бусдад тараана гэж сүрдүүлсэн. ...Балжиннямын фейсбүүкийн нүүр хуудас дээр нүцгэн зургуудыг постлоод байхаар нь 2-3 удаа бид нар устгасан. ...маргааш нь Цагаан хакер нэртэй фейсбүүк хэрэглэгчээс миний фейсбүүктээ хийсэн зурагны доор нөгөө нүцгэн зургуудыг постлоод танай найз чинь ийм шүү дээ гэх утгатай зүйлс бичиж байсан. ...хамгийн сүүлд манай сургуулийн Соёл урлагийн их сургууль гэсэн нэртэй фейсбүүк групп дээр постолсон байсныг Цагаан хакер нэртэй фейсбүүк хэрэглэгч өөрөө устгасан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

Хохирогч Б.Зулцацралын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 03, 04-ний орчим гэртээ байж байтал Анужин над руу залгаад...чи фэйсбүүктээ байна уу гэхээр нь би байхгүй байна, яасан гэсэн чинь...чиний фэйсбүүкээр чинь өөр хүн ороод янз бүрийн юм бичээд байна шүү дээ, чи надад фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ өгч бай гэж хэлээд нэвтрэх нэр, нууц үг аваад утсаа тасалсан. Дараа нь би юу болсон талаар асуусан чинь миний фейсбүүкээр хэн нэгэн ороод Б.Анужин, А.Балжинням нарын нүцгэн зургийг нь тараасан гэсэн. Би тухайн үед бол мэдээгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал),

Гэрч Х.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...би тухайн хэдэн сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан би орой 20 цагийн үед фэйсбүүк хаяг руугаа ороход миний мэдэгдэл дотор манай найз болох Балжиннямын нүцгэн зураг байсан, гэхдээ өөрийнх нь хаягнаас биш Цагаан хакер гэсэн нэрнээс миний пост дээр байсан. Тэгээд Балжинням руу ярихад Балжинням фэйсбүүк хаягаа хакердуулчих шиг боллоо гэсэн. Би Балжиннямын фэйсбүүкийг ороод үзэхэд зарим зургуудын коммент бичдэг дээр нь нүцгэн зургийг нь постолсон байсан. Тэгээд Балжинням над руу фэйсбүүк хаягаа болон нэвтрэх нууц кодоо явуулж би фэйсбүүкийг нь хаасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

Гэрч А.Хүрэлчулууны мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны эхээр Мөнхжаргал над руу залгаад Балжиннямын нүцгэн зураг фэйсбүүкээр тарчихсан байна, чи үз дээ гэхээр нь би тоглоомоосоо гараад өөрийнхөө фэйсбүүкээр ороод харсан чинь Балжиннямын орон дээр суучихсан утсаа барьчихсан нүцгэн зураг, мөн бэлгэ эрхтэнийх нь зураг байсан. Тэгэхээр нь Балжинням руу утасдаад хэлсэн. Цагаан хакер гэдэг нэртэй хэрэглэгч Балжиннямын зургийг тавьсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дэх тал),

Гэрч М.Маргад-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны эхээр байсан...Мөнхжаргал надад Балжиннямын фэйсбүүкт нь түүний нүцгэн зураг нь явж байна гэхээр нь харсан чинь Балжиннямын орон дээр нүцгэн сууж байгаа зураг нь байхаар нь өөр хүн харчихаж магадгүй гэж бодоод зөөврийн компьютерээ хаачихсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал),

Гэрч Г.Бат-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны эхээр фэйсбүүк рүү орсон чинь Балжиннямын орон дээр суучихсан нүцгэн зураг, хажууд нь бэлгэ эрхтэнийх нь зураг байж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал),

Гэрч Г.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны эхээр тоглоом тоглож байгаад гараад фэйсбүүк рүү ороод харсан чинь Цагаан хакер нэртэй хэрэглэгч Балжиннямын нүцгэн байх үеийнх нь болон бэлгэ эрхтэнийх нь зургуудыг тараагаад тавьчихсан байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал),

Гэрч Г.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: ...фэйсбүүкт орсон чинь Б.Анужингийн найз залуугийнх нь нүцгэн зургийг Цагаан хакер нэртэй хэрэглэгч тараачихсан байсан. Тэгэхээр нь би яг тэр хэсгийг нь утсан дээрээ татаж аваад Б.Анужинд фэйсбүүкийн чатаар үзүүлсэн...шинээр нээсэн хаяг байх шиг байсан. Ямар ч найз, постгүй байсан санагдаж байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал),

Туршилт хийсэн тэмдэглэл ...Lenovo маркийн хөр өнгийн зөөврийн...компьютерийг асаан нууц үг бичих хэсэгт 0000 гэж бичин нэвтэрч ороход компьютерийн дэлгэц асч байв. Ажиллагааг цааш үргэлжлүүлэн...фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үг олж авсан гэх хуурамч фишинг цахим хаяг руу интернэтийн Mozilla Firefox хөтөчийг ашиглан хаяг бичих талбарт 124.158.124.54/like/Login.php гэж нэвтрэхэд дээрээ Facebook гэсэн бичигтэй, фейсбүүк сайтын нэвтрэх нүүр хэсэгтэй ижил төстэй нүүр гарч ирэх ба Email or Phone буюу нэвтрэх нэр гэсэн цонхонд Turshilt, Password буюу нууц үг гэсэн цонхонд Turshilt-password гэж бичин Login буюу нэвтрэх товчлуурыг дарахад фейсбүүк хуудсанд нэвтрэн орж байв. Үүний дараа шинэ цонх нээн хаяг бичих талбарт 124.158.124.54/like/fbdata.txt гэж бичин ороход өмнөх Turshilt, Turshilt-password гэсэн нэвтрэх нэр, нууц үг бүртгэгдсэн байв. ...Туршилтын ажиллагааг бичлэг хэлбэрээр 201525030149 гэж бичсэн саарал өнгийн CD-нд буулгаж хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргахаар тогтов гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 21, 22 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2082 дугаар дүгнэлтэд

ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ:

1. Шинжилгээнд хар өнгийн, дээд талдаа Lenovo гэсэн бичигтэй, Lenovo брэндийн G570 загварын СВ07560813 гэсэн сериал дугаартай...зөөврийн компьютерийг асааж үзэхэд...дараах программ хангамжууд байна.

- Bitnami wamp /тухайн компьютерийг веб сервер болгох зориулалттай/

- Filezilla/FTP сервертэй холбогдож файл дамжуулах удирдах зориулалттай/

- WinSCP/FTP сервертэй холбогдож файл дамжуулах удирдах зориулалттай/

- Visualcode /Програмчлалын хэлний код бичих зориулалттай/

- Google drive /www.google.com цахим хуудсанд өөрийн хийсвэр хатуу дисктэй болж интернетэд өөрийн файлуудыг хадгалах боломжийг олгох зориулалттай/

- Onedrive /Microsoft компанийн www.live.com цахим хуудсанд өөрийн хийсвэр хатуу дисктэй болж интернетэд өөрийн файлуудыг хадгалах боломжийг олгох зориулалттай/

Filezilla, WinSCP програмуудаар Tamir Batbold нэртэй хүний CITINET LLC-ний 124.158.124.53, 124.158.124.54 IP хаяганд 22, 21, 999 портуудаар хандаж байсан байна.

...olloo.ga цахим хуудас нь одоо ажиллахгүй...алдаа зааж байна. /зураг №8/

- Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютероос уг цахим хуудас руу удаа дараа хандаж байсан нь интернет хөтчийн түүхэнд хадгалагдаж үлдсэн байна.

- Уг интернет хандалтын түүхэнд хадгалагдсанаар olloo.ga/login.php хуудасны гарчиг нь Welcome to Facebook гэж байгаагаас үзэхэд уг цахим хуудасны загвар www.facebook.com цахим хуудсын загвартай адилхан байж болохоор байна.

- olloo.ga цахим хуудасны login.php, like.php, fbdata.txt, 4524asd.php, iasdsdx.php нэртэй хуудаснууд дуудагдаж ажилласан байна. /зураг №9/

...Onedrive программын хавтсанд fb.txt нэртэй файл байна. Уг файлд фейсбүүкийн нууц үг байж болох тэмдэгтүүд байна. /зураг №10/...Жич: IP хаягуудын мэдээлэл, интернет хандалтын түүх, компьютерээс олдсон зураг, fb.txt нэртэй файлыг CD-нд хадгалж хавсаргав. ДҮГНЭЛТ

1. Olloo.ga цахим хуудас нь одоогоор ажиллахгүй тул хэрхэн ажилладаг, ямар зориулалттайг тогтоох боломжгүй.

...3. C:\Users\Enkhnomin\Downloads\zzz, C:\Users\Enkhnomin\Pictures гэсэн байрлалуудад тодорхой нэрлэсэн нэргүй нүцгэн зургууд байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерт суулгасан Onedrive программын хавтсанд fb.txt нэртэй файл байна. Уг файлд фейсбүүкийн нууц үг байж болох тэмдэгтүүд байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 118-121 дэх тал),

 

Шүүгдэгч Б.Энхномингийн мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: ...би 2010 онд Codycаnon.net сайтаас фэйсбүүктэй адилхан дизайнтай Olloo.ga/login.php фишинг сайт 1 доллараар худалдаж авсан. Энэ нь фейсбүүкийн дизайнтай адилхан харагддаг ба нэвтрэх нэр болон нууц үгээ бичдэг хэсэгттэй. Энэ хэсэгт мэдээллээ оруулснаар olloo.ga/fbdata.txt линк дээр текст хэлбэрээр хадгалагддаг юм. Тэгээд би энэ фишинг сайтыг ашиглан фейсбүүк хэрэглэгчдийн хуудсыг олж аван тэдний өмнөөс фейсбүүк рүү хүсэлт илгээе гэж бодсон. Энэ үйлдлийг би 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хийсэн ба 60 орчим хүний нэвтрэх нэр, нууц үг-ийг нь олж авсан. ...ингэж байтал 2016 оны 01 дүгээр сарын эхээр Б.Аанжий гэдэг хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг олж аваад нэвтэртэл А.Балжаа гэх хэрэглэгчтэй фейсбүүкийн мессенжэрээр харьцаж байсан. Мессенжэрүүдийн бичилтүүдийг нь ороод уншсан чинь А.Балжаа гэх залуу нь Б.Аанжийгаас нүцгэн зургуудаа өгөхийг шаардаад байсан. ...Би өмнө нь секс сүрдүүлгийн гэмт хэргийн талаар интернэтээс мэдээлэл авч байсан болохоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх гэж байж магадгүй гэж сэжиглээд А.Балжаа гэх хэрэглэгчийг хашраах санаатай Б.Аанжийгийн өмнөөс нь чадахгүй, би завгүй байна гэж бичсэн. Тэгсэн чинь нөгөө хоёр тал талаасаа гайхаад хэн бэ, юу вэ болоод ирсэн...тэгээд би А.Балжаа, Б.Аанжий нарын өмнө нь харилцаж байсан захиаг нь үзсэн чинь залуу нь өмнө нь өөрийнхөө нүцгэн зургийг, мөн бэлгэ эрхтэнийхээ зургийг явуулж байсан юм байна лээ. Би тэр зургийг нь өөрийнхөө зөөврийн компьютер дээр хуулж аваад Цагаан хакер нэртэй хэрэглэгч шинээр нээгээд, нээсэн хэрэглэгчээрээ Buzar bulainuud нэртэй хуудас нээсэн. Энэ хуудсаараа дамжуулаад А.Балжаагийн сурдаг гэх ХААИС, мөн ангийнх нь байдаг групп руу нүцгэн зургуудыг нь постолсон. ...Тэгсэн чинь хүмүүс зурганы доор юу вэ, хэн бэ, юу постлоод байгаа юм бэ гээд наад зурагнуудаа устга гээд эхлэхээр нь бүх зурагнуудаа эргээд устгасан. Тэгээд Buzar bulainuud гэдэг хуудсаа болон өөрийнхөө компьютер дээр байсан А.Балжаагийн нүцгэн зургуудыг устгасан. ...мөн olloo.ga/fbdata.txt-ээс устгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

...Codycаnon.net сайт дээр миний ашигласан Olloo.ga/login.php нэртэй хуурамч фишинг сайтын эх кодыг зарж байсныг би 1 доллараар худалдаж авсан. Эх код гэдэг нь миний ашигласан яг фейсбүүк шиг харагддаг сайтын харагдах байдал юм. Ситинэт ХХК бол интернетийн үйлчилгээ үзүүлэхээс гадна сервер байршуулдаг үйлчилгээ үзүүлдэг компани юм. Би Ситинэтэд зөвхөн серверээ байршуулахаас биш тэрэн дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тэдэнд хамаагүй. Тиймээс сервер байршуулах гэрээ хийсний дараа сервер дээр хуурамч фишинг цахим хуудсыг ажиллуулсан.

Миний ашигласан Olloo.ga/login.php домэйн нэртэй хуурамч фишинг сайт нь яг фейсбүүк шиг харагддаг бөгөөд нүүрэн дээр нь хэн нэгэн текст хэлбэрээр...юм бичихэд olloo.ga/fbdata.txt дээр хадгалагддаг. Өөрөөр хэлбэл би фейсбүүкийн шинэ хаяг нээгээд чатаар хүмүүс рүү хуурамч фишинг сайтын линкүүдээ явуулаад Ороод үзээрэй гэж бичдэг байсан. ...хүлээн авсан хүмүүс нь миний явуулсан фишинг сайт дээр нэвтрэх нэр, нууц үгээ бичдэг. Бичигдсэн тэмдэгтүүд нь olloo.ga/fbdata.txt дээр хадгалагддаг. ...Би Б.Анужин болон Azula Zul гэх хүний фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг дээр хэлсэн байдлаар чатаар линк явуулж олж авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110, 111 дэх тал),

...2015 оны 12 дугаар сарын сүүлээр 2016 оны 01 дүгээр сарын эхээр эгч Энх-Оюуны гэрт очдог байсан. Тэр үедээ уг Анужин гэх охины хаягийг олж аваад дээрх үйлдлийг хийсэн. Манай эгчийн гэрийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптауны 53 дугаар байрны 123 тоот... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136 дахь тал)

Гэрч О.Энх-Оюуны мөрдөн байцаалтад өгсөн ...манай дүү Энхномин 2015 оны 12 дугаар сараас хойш манай гэрт байсан... хотод манайхаас өөр айл байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дэх тал),

 

- Эд зүйл хураан авсан талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 8), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 23), Фейсбүүкийн нүүр хэсгийг дуурайлгасан мэдээлэл олж авдаг Olloo.ga/login.php домэйны харагдах байдал, олж авсан нэвтрэх нэр, нууц үг хадгалагддаг olloo.ga/fbdata.txt-ийн харагдах байдлыг тус тус компьютерээс screenshot хийж хэвлэсэн баримт (хавтаст хэргийн 19), эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 115), Цагаан хакер нэртэй фейсбүүк хэрэглэгчээс тараасан зураг, хоорондын харилцсан чатууд буюу компьютерээс screenshot хийж хэвлэсэн баримт (хавтас хэргийн 11-18), Эс Ти Экс Ситинет ХХК-тай байгуулсан Сервер байршуулах гэрээ (хавтаст хэргийн 112-114), эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 116),

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56, 60, 71), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 52, 62-70) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энхноминг 2016 оны 01 дүгээр сард тусгай техник хэрэгсэл буюу Леново маркийн зөөврийн комьютероос хуурамч фишинг сайтад нэвтэрч хохирогч Б.Анужин, А.Балжинням, Б.Зулцацрал нарын фэйсбүүк хаягт нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авч улмаар тэдгээрийн фэйсбүүк хаягаар нэвтэрч хувийн захидал харилцаа, зурган файлыг авч задруулж захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Энхномин 2010 онд Codycаnon.net цахим хуудаснаас Olloo.ga/login.php домэйн нэртэй хуурамч фишинг сайтыг худалдаж авч улмаар 2016 онд Эс Ти Экс Ситинет ХХК-ийн интернэтийн сүлжээнд холбогдсон...сервер байршуулах гэрээг хийн ажиллаж байжээ. Тэрээр иргэдийн фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олж авахдаа худалдаж авсан гэх Olloo.ga/login.php домэйн нэртэй хуурамч фишинг сайтыг өөрийн Эс Ти Экс Ситинет ХХК-тай байгуулсан серверт байрлуулан фейсбүүк хэрэглэгчидэд хуурамч фишинг сайтын линкийг явуулдаг. Фейсбүүк хэрэглэгчид нь хуурамч фишинг сайтыг хүлээн авсан тохиолдолд хэрэглэгчид нь нэвтрэх нэр, нууц үгээ бичдэг. Энэ нэвтрэх нэр, нууц үг нь серверийн olloo.ga/fbdata.txt дээр хадгалагддаг болох  нь туршилт хийсэн тэмдэглэл болон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн тэрээр зөөврийн компьютерийг тусгайлан тоноглоогүй, хэлбэр хийц, хүчин чадлыг нь өөрчлөөгүй түүнчлэн зөөврийн компьютерийг хууль бусаар ашиглаагүй, зөвхөн компьютерийн тусламжтайгаар фейсбүүкийн хуурамч фишинг сайт ашиглаж иргэний захидал харилцааны нууцыг задруулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт ...тусгай техник, хэрэгсэл ашиглан үйлдсэн гэх шинжийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилсан байх бөгөөд ...тусгай техник, хэрэгсэл ашиглан үйлдсэн гэдэг нь нууцаар сонсох, харах, хувилж авах зэрэг зориулалт бүхий төхөөрөмжийг хууль бусаар хэрэглэснийг ойлгох ба дээрх шинжүүдийг судалбал компьютер нь тусгай техник, хэрэгсэлд хамаарахгүй байна.

 

Иймд шүүгдэгч О.Энхноминг иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчихдөө тусгай техник хэрэгсэл ашиглан үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба харин хохирогч Б.Анужин, А.Балжинням нарын гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд байршуулан tag лах, постлох, Б.Зулцацаралын фейсбүүк хаягаар нэвтэрч орон харилцсан зэргээр иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг компьютерийн тусламжтайгаар хуурамч фишинг сайт ашиглан зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгч О.Энхноминг иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Гэвч О.Энхноминд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрвөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно, 208 дугаар зүйлийн 208.1.1 дахь заалтад энэ хуулийн 24.1.1-24.1.6-д заасан тохиолдолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан  байх тул О.Энхноминд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Энхномин нь Lenovo брэндийн G570 загварын СВ07560813 гэсэн сериал дугаартай 800.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Анужин, А.Балжинням, Б.Зулцацрал нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхэг, компьютерээс ач холбогдол бүхий файлыг хуулбарлаж авсан CD 1 ширхэгийг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Оюунбатын Энхноминг иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Энхноминг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч О.Энхноминд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. О.Энхноминд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Lenovo брэндийн G570 загварын СВ07560813 гэсэн сериал дугаартай зөөврийн компьютерийг улсын орлогод оруулсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон СD 1 ширхэг, компьютерээс ач холбогдол бүхий файлыг хуулбарлаж авсан CD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Энхноминд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                       

 

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ