Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0099

 

 

 

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

 

2014 оны 02 дугаар сарын 26 өдөр       дугаар 99            Улаанбаатар хот

 

“С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Б, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 441 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу “С т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/749 дүгээр захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 17-ны А/749 дүгээр захирамжаараа "С т" ХХК уг газрыг анхнаасаа дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин, дулааны шугам болон түүний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн газрын зам талбай, ногоон байгууламж дээр барьсан байх тул 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжийн "С т" ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө барьж, гэрчилгээ авсан боловч зөвшөөрлийн дагуу бариагүй тул 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн. Хамгаалалтын бүс одоогийн байрлалаас ойрхон байсан. Дулааны шугамыг өөрийн хөрөнгөөр зайлуулж зөөвөрлөсөн тул хамгаалалтын бүсийг зөрчөөгүй гэдэг. Хамгаалалтын бүсэд байгаа дулааны шугам сүлжээг зөөвөрлөхдөө зохих эрх бүхий газраас зөвшөөрөл аваагүй. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "С т" ХХК- ийн гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/749 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Нэхэмжлэгч “С т” ХХК-ийн Баянгол дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/192 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянгол эмнэлгийн баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 450 м.кв газар эзэмшүүлсний дагуу гэрээ байгуулсан.

Газрын тухай хууль 2002 онд шинэчлэгдсэнтэй холбогдуулан газрын албанд тус компани өргөдөл гаргасны дагуу Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, дүгнэлт гаргасныг үндэслэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-г үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14- ний өдрийн 290 дүгээр захирамжаар газрын хэмжээг 360 м.кв болгон багасган гэрчилгээ олгож, 5 жилийн гэрээ байгуулсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжаар газрын хэмжээг дахин өөрчлөн 246 м.кв болгон гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Үүний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байтал. Мөн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/749 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

  1. Захирамжийн үндэслэлээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газрын тухай хууль зөрчин дулаан шугам сүлжээ, хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэр газрын зам талбай, ногоон байгууламж дээр байршуулан илт хууль бусаар газар эзэмшүүлсэн, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэх зохиомол үндэслэл гаргасан. Газар эзэмшүүлсэн захирамжийг Нийслэлийн Засаг дарга өөрөө гаргасан.
  2. Газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх үед дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт гэж байгаагүй.
  3. Маргаан бүхий газар нь дулааны шугам сүлжээ болон бусдын эзэмшил газартай давхцаагүй болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 24 дүгээр

шийдвэрээр тогтоогдсон.

  1. Тухайн газарт нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн дулааны шугамыг 48 сая төгрөг гарган тавиулсан нийт өртөг нь 178 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө оршиж байгаа,
  2. Мөн уг газарт зэрэгцэн 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулан зөвхөн “С т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/192 дугаар захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Баянгол эмнэлгийн баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 450 м.кв газрыг “С т” ХХК-д эзэмшүүлжээ. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290, 2008 оны 298 дугаар захирамжуудаар газрын хэмжээг багасган 246 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/749 дүгээр захирамжаараа газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр, дулааны шугам, түүний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн зам талбай, ногоон байгууламжийн газарт эзэмшүүлсэн нь илт хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

Хэрэгт авагдсан шугам сүлжээний зураг, хэргийн газарт үзлэг хийсэн баримтуудаас үзэхэд “С т” ХХК-ийн эзэмшил газар нь дулааны шугамын хамгаалалтын бүстэй давхцаж байгаа, нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн хөрөнгөөр дулааны шугамыг зөөвөрлөсөн тул хамгаалалтын бүсийн давхцал арилсан гэж тайлбарлажээ. Гэвч нэхэмжлэгч тухайн үйл ажиллагааг холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг, /танилцуулж, зөвшөөрөл авалгүйгээр, дулааны шугамын техник ашиглалтын дүрмийг зөрчин, авто зам руу оруулан давхар шугам хийснийг төвийн шугамд холбох боломжгүй/ тухайн компанитай нэхэмжлэгчийн 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Дулааны шугамын хамгаалалтын зурвас бүхий газрыг шаардлагатай нөхцөлд чөлөөлөх тухай гэрээ” зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Түүнчлэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 24/А дугаар захирамжаар “Баянгол эмнэлэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн оролцогчид “С т" ХХК-ийн эзэмшил газраас 223 м.кв газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан зөвшөөрч эвлэрснийг баталгаажуулсан байгаагаас бус “С т” ХХК-ийн эзэмшиж байсан газраас үлдэх хэсгийг тухайн компанид эзэмшүүлэхийг хариуцагч зөвшөөрснийг баталсан агуулга байхгүй байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий газар нь дулааны шугам, хамгаалалтын бүстэй давхцаагүй болохыг тогтоогдсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

 

Анхан шатны шүүхээс эдгээр болон бусад асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж, заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.