Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/388

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00000 0113 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Д.А, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “***” ХХК-ы *** салбарт хими технологич ажилтай, ам бүл гурав, хоёр дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цаг 39 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Депогийн” замд “Toyota Crown" маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байсан явган зорчигч П.Г-д зогсож зам тавьж өгөлгүй мөргөж, энэ гэмт хэргийн улмаас П.Г-ын амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Д.А нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цаг 39 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн замд “Toyota Crown" маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч П.Г-ыг мөргөж амь насыг нь хохироосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

  1. 2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүхээс тогтоосон үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

-2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-12 дахь тал),

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...Бичлэгийн цаг нь 2021.11.28-ны 11:37:40 цагийг зааж байв. ...11:38:08 секундэд явган зорчигч ертөнцийн зүгээр баруун талаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар явж байна. 11:38:16 секундэд ертөнцийн зүгээр урд талаас хойш чиглэлд явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урагш явж байгаад явган хүний гарц дээр явган зорчигчийг мөргөж байна...” (хавтаст хэргийн 24 дахь тал),

-цогцост хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 401 дугаартай “П. Талийгаач П.Г-ын цогцост гавлын орой ясны сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, их, бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурийн хэсгийг хамарсан аалзан хальсны доорх тархмал цус харвалт, дагзны дэлбэнгийн суурь, уртавтар тархины эдийн гүн дэх цус харвалт, хуйхны цус хуралт, хоёр талын олон хавирганы хугарал, баруун уушгины тархмал няцрал, хоёр талын шаант, тахилзуур ясны далд хугарал, 2 шүдний хугарал, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зулай, хамар, уруулд баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохилт, доргилтын улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эдгээр гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн ходоодонд хагас боловсорсон хоолны агууламжтай байна. Ходоодны агууламжид спиртийн зүйл илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 133-146 дахь тал),

-“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 136 дугаартай “...салхины шил баруун хэсгээрээ цөмөрч хагарсан, капод гол хэсгээрээ хар зураас үүссэн..., урд буфер доод хэсгээрээ хагарсан...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 124-130 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Д.А-гийн хувьд мөрдөн байцаалтад яллагдагчаар “...Б бид хоёр Д-гийн машиныг буулгаад би жолоодоод Сонгинохайрхан дүүргийн Содон хороолол явсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Депо гэх газар ертөнцийн зүгээс урдаас хойш чиглэлтэй явж байтал гэнэт тасхийх чимээ гараад урд цонх мөргөхөөр нь би  тоормос гишгээд машинаа буугаад хартал замын баруун гар талд нэг хүн уначихсан байсан. Би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Машин найз Д-гийн нэр дээр байдаг. 2021 оны хавар говийн угалзад ороод урд салхины шил нь цайгаад цараа үүссэн, үзэгдэх байдал хангалтгүй болсон байсан. Тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явж байснаа мэдэхгүй байна, явган хүний гарцыг анзаараагүй, хурдаа хасалгүй орсон...” хэмээн (хавтаст хэргийн 175 дахь тал) мэдүүлсэн байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “...мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Би амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 18,896,556 төгрөгийг өгсөн...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Би А-д гомдолгүй. Нэгэнт аавыгаа босгохгүй учраас залуу хүн дахин ийм алдаа гаргаж болохгүй гэдгээ ойлгосон байх гэж бодоод гомдолгүй гэж хэлсэн. Манай дүү 16 настай, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр сургуульд суралцдаг. Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор материалаа өгсөн байгаа...” гэж мэдүүлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3       Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч П.Г нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохилт, доргилтын улмаас үүсгэгдэх боломжтой гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-12 дахь тал), “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 136 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 124-127 дахь тал)-ээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.А-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэсэн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.А-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 18,896,556.0 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 18.896.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэг хадгалах хугацаанд хавсаргуулах саналтай байна. Шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй байж болох уу. Залуу хүн ажлаа хийж байвал өөдрөг байх байх гэж бодож байна. Би шүүгдэгчид нэг боломж олгомоор байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөгдсөн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хор уршгийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах хор уршгийн зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Миний үйлчлүүлэгчид зорчих эрх хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл дээр тусгайлан гаргах саналгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 151 дэх тал), гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 156 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 157 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 158 дахь тал), эд хөрөнгийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 163 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 154 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 155 дахь тал) зэрэг нотлох баримтыг шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэв.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, ...аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд энэ хэргийн хувьд хүний амь нас хохирсон үр дагавар нь гэмт хэргийн хохирол болно. Иймд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн амьд явах эрхийг сэргээх боломжгүй тул шүүх мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Тодруулбал, нөхөн төлөх боломжтой хохирол учирсан хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэх хуулийн шаардлага хангагдах боломжтой.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон императив хэм хэмжээ биш бөгөөд шүүхийн үзэмж буюу шүүгчийн дотоод итгэл үнэмшил, эрх зүйн ухамсрын түвшинд үнэлэгдэх боломжтой эрх олгосон диспозитив хэм хэмжээ юм.

Шүүх шүүгдэгч Д.А нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байх тул зорчих эрхийг хязгаарлах ял зохимжгүй гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон байх шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан цээрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Д.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний түүний *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэв.

2.3      Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 18,896,556.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.А-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 18,896,556.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шүүгдэгч Д.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.БАТАА