Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0534/Э |
Дугаар | 2022/ШЦТ/529 |
Огноо | 2022-04-28 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Б.Д |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203001010198 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн ... дугаар баг, ..., Бугантын ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын О (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Зоорийн буудлын замд Toyota Runx маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн гялбаанд орсон энэ үедээ хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авалгүй үргэлжлүүлэн явснаас явган хүний гарцгүй газраар гарч явсан явган зорчигч Б.Ш-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 26 дахь тал), гэрч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал), иргэний хариуцагч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 64, 66 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 623 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 97-105 дахь тал), 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 1619799 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 123-126 дахь тал), мөрдөгчийн 405 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 135-135 дахь тал), Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 131-132 дахь тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 150, 151, 153, 154, 155, 156-158, 160-163, 187-189 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас хохирол төлсөн талаарх баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Зоорийн буудлын замд Toyota Runx маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгслийн гялбаанд орж, энэ үедээ хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авалгүй үргэлжлүүлэн явснаас зорчих хэсэг гэрэлтүүлэггүй замаар, 1.1 промилли согтолттойгоор гарцгүй газраар гарч явсан явган зорчигч Б.Ш-ыг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт: “...Осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зоорийн буудал гэх газарт гарсан байх бөгөөд тухайн зам нь шулуун, тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв. Toyota Runx ... тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү харж зогссон, явган зорчигчийг түргэний машинд оруулж хэвтүүлсэн байдалтай байв” гэж тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 5-6, 7, 8, 9-12 дахь тал),
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-гийн: “...тухайн осол болох үед хажууд нь байгаагүй болохоор ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ослын газрын зургийг харахад гэр лүүгээ явж байсан юм шиг байна, осол болсон газраас нааш ойролцоогоор 1 автобусны буудлын зайд байрладаг болохоор гэртээ харих гэж явж байсан байна гэж бодсон. Гомдолтой байгаа. Манай төрсөн дүүгийн эхнэр хөгжлийн бэрхшээлтэй, бас насанд хүрээгүй бага насны охин ард нь үлдээд байна. Жолооч Б.О нь оршуулгын зардалд гарсан 8,200,000 төгрөгийг бүрэн төлсөн. Мөн сэтгэл санааны хохиролд жолооч Б.О нь 5 сая төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, үүнээс өнөөдрийн байдлаар 1,200,000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдсэн 3,800,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж барагдуулах зарчмаар хоорондоо хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 26 дахь тал),
3. Гэрч Б.Б-ын: “...анх зам тээврийн осол гарах үед хүү О залгаад аав “би хүн мөргөчихлөө, та хүрээд ир” гэж хэлсэн. Тухайн үед би ослын газар очиход явган зорчигч газарт хэвтчихсэн, харин манай хүү хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би очоод цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн үү гэж асуухад би хоёуланд нь дуудлага өгсөн гэж хэлсэн. Яаж яваад хүн мөргөчхөв гэхэд машин бариад явж байтал өөдөөс их хурц гэрэл тусаад байхаар нь гэрлээ шилжүүлэх хооронд түс гээд явчихсан, би өөрөөр юм мэдэхгүй байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
4. Иргэний хариуцагч Б.Б-ын: “...Тoyota Runx маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин юм. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.О нь амжуулах ажил байна, тээврийн хэрэгслээ түр өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд өгч явуулсан юм. Хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64, 66 дахь тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 623 дугаартай: “...талийгаач нь дух, зүүн ухархайн дээд хананы хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, эдийн няцрал, баруун хацар, хамар, баруун нүдний ухархайн хананы хугарал, дух, баруун хацар, эрүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, цус харвалтын улмаас комд орж нас баржээ. Талийгаач нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны 00:50 минутад нас баржээ. Нэгдүгээр бүлгийн цустай, нас барах үедээ согтолтгүй байжээ. Ходоодонд хүрэн бор өнгийн нэгэн төрлийн шингэн агууламжтай байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 97-105 дахь тал),
6. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 1619799 дугаартай: “...тээврийн хэрэгслийн урд салхины шил баруун гар талын дээд хэсэгтээ цацарч хагарсан, урд копут нилэнхүйдээ гажсан, баруун гар талын урд их гэрлийн бүрхүүл хагарсан, урд буфер баруун гар талын дугуйрсан хэсгээрээ тасарч байхгүй болсон, баруун гар талын хойд хонго хонхойж зурагдсан сэвтэй, зүүн гар талын урд хаалганы шил доош буудаггүй, баруун гар талын хойд хаалганы шил буудаггүй, дуут дохио байхгүй, хойд суудлын аваарын бүснүүд байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Дээрх гэмтлүүдээс урд салхины шил баруун гар талын дээд хэсэгтээ цацарч хагарсан, урд копут нилэнхүйдээ гажсан, баруун гар талын урд их гэрлийн бүрхүүл хагарсан, урд буфер баруун гар талын дугуйрсан хэсгээрээ тасарч байхгүй болсон гэмтлүүд нь шинэ, бусад нь хуучин гэмтэл байх бөгөөд энэ эвдрэл гэмтлүүд нь тухайн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 123-126 дахь тал),
7. Мөрдөгчийн 405 дугаартай магадлагаа: “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон”, мөн дүрмийн 18.3 “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй. Явган зорчигч Б.Ш нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “явган зорчигч нь явган хүний буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тий сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” (хавтаст хэргийн 135-135 дахь тал),
8. Шүүгдэгч Б.О-ын “...Б 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 цаг 30 минутын орчимд төрсөн аавын эзэмшлийн ... улсын дугаартай Т.Ранкс маркийн автомашиныг жолоодон гэр лүүгээ явж байхдаа Зоорийн буудлын орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байхад миний урд явган зорчигч ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарсан. Тухайн үед өөдөөс машины гэрэл туссан учир миний нүд гялбасан юм. Тэгээд уг явган зорчигчийг харж чадалгүй мөргөсөн ба машинаасаа буугаад очиж харахад 50 орчим насны эрэгтэй хүн хөл нь замын зорчих хэсэг дээр, цээжин бие нь явган хүний зам дээр байрлалтай дээшээ хараад хэвтэж байсан. Тэр хүн амьд байсан ба маш хүчтэй амьсгалж байсан. Би тэр даруй өөрийнхөө ... дугаарын утсаар 102, 103 дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 148-149 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хохирогч нас барсан, тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан байна.
Амь хохирогч Б.Ш- нь эхнэр Б.О, охин Ш.А, ах Б.Д нарын хамт амьдардаг байсан байх бөгөөд эхнэр Б.О нь оюуны хөнгөн хомсдол F70 өвчтэй буюу төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн, охин Ш.А нь 2009 онд төрсөн бага насны хүүхэд, хамт амьдардаг төрсөн ах Б.Д нь хараагүй өвчний улмаас 90 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд авагдсан, эдгээр хүмүүс нь хохирогчийг төлөөлж оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж, амь хохирогчийн төрсөн ах Б.Г-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл хийж өгсөн байна. (хавтаст хэргийн 30, 31, 33, 35, 36 дахь тал)
Б.Г- нь амь хохирогчийн төрсөн ах бөгөөд асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон этгээд бус байх боловч хохирогчийн эхнэртэй хийсэн итгэмжлэлийн үндсэн дээр оролцсоныг буруутгах үндэслэлгүй байна.
Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, нэг талаас явган зорчигч, амь хохирогч Б.Ш нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай буюу согтолтын зэрэг нь 1.1 бүхэл хувьтай байхдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зорчих хэсэг нь гэрэлтүүлэггүй, явган хүний гарц, гарамгүй “Зоорийн зам”-аар гарч явахдаа замаар явж байсан тээврийн хэрэгслийг өнгөрөөлгүй зам хөндлөн гарч явсан нөхцөл байдал тогтоогдсон, нөгөө талаас шүүгдэгч Б.О нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байхдаа явган зорчигч Б.Ш-ыг зам хөндлөн гарч ирэхийг харсан атал анхааруулах зорилгоор дуут дохио өгөх боломжгүй, дуут дохио ажиллагаагүй тээврийн хэрэгсэлтэй явсны улмаас зохих арга хэмжээг авч чадаагүй, улмаар эсрэг урсгалд өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн гялбаанд орсон, энэ үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зогсоох арга хэмжээ авалгүй үргэлжлүүлэн явснаас явган зорчигчийг мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослоос үүдэлтэйгээр Б.Ш-ын амь нас хохирсон үйл баримт нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.О-ын дээрх үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.2 “Дуут дохио ажиллахгүй болсон”, мөн дүрмийн 18.3 “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн шинжтэй байна.
Шүүгдэгч Б.О нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Улмаар шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн”, 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд:
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, 508.2 дахь хэсэгт “...гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээдийн ... аль нэг нь авах эрхтэй гэж хуульчилжээ.
Тус хэргийн улмаас Б.Ш-ын амь нас хохирч, оршуулгын зардалд 8,200,000 төгрөг гарсныг шүүгдэгч Б.О нь төлж барагдуулсан байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г- нь сэтгэл санааны хохирол, бага насны хүүхдийн амьжиргааны зардал хэмээн 5,000,000 төгрөг нэхэмжилснээс 1,200,000 төгрөгийг шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулсан байх бөгөөд улмаар үлдэгдэл 3,800,000 төгрөгийг 8 сарын хугацаатайгаар, сард 475,000 төгрөг өгч байхаар тохиролцож “хохирол барагдуулах хэлцэл” гэх баримтыг үйлдэн нотариатаар баталгаажуулсан, шүүхийн шатанд 475,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн байна. (хавтаст хэргийн 187 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.О нь нийт 9,875,000 төгрөг төлсөн баримттай байна.
Гэтэл амь хохирогч Б.Ш харуулаар ажилладаг буюу ажил хөдөлмөр эрхэлж, бага насны хүүхдээ тэжээн тэтгэхээс гадна оюуны хөнгөн хомсдолтой эхнэр Б.О, 90 хувийн хараагүй төрсөн ах Б.Д нар нь түүний асаргаанд байдаг байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г- мэдүүлсэн байх тул эдгээр хүмүүс нь гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгчээс шаардан авах эрхтэй этгээд байж болзошгүй байна.
Гэвч хэрэгт дээрх хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгосон баримтаас өөр баримтгүй, тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгосон баримт авагдаагүй байх тул энэ тогтоолоор уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.О, иргэний хариуцагч Б.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.О-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.О-ад танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч Б.О-ын хувийн байдлыг нь тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргүүдийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтож, Б.О-ын ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын О-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргүүдийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.О-ад мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.О-ын ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-д оршуулгын зардал, гэм хорын хохиролд 9,875,000 (есөн сая, найман зуун далан таван мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.О, иргэний хариуцагч Б.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ