Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/531

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр (ҮД-1886) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Ж-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000704 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Ж-гийн Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж, ... тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Р.Л-тай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Р.Л-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4855 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), шүүгдэгч Ж.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 48, 62-68 дахь тал), шүүгдэгч Ж.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж, ... тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Р.Л-тай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч Р.Л-гийн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод гэртээ байж байсан манай нөхөр Б 23 цагийн үед гэртээ архи уучихсан согтуу ирсэн. Тэгэхээр нь би нөхөр Б лүү архи уулаа гэж уурлаж бид хоёр хоорондоо жоохон маргасан. Тэгсэн Б миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж авсан, тэгээд би уурлаж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн үед манай том хүү Б.Д байсан. Миний баруун нүд хавдаж хөхөрсөн байсан. Өөр ямар нэг гэмтэл учраагүй, анх удаа л надад гар хүрсэн. Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

3. Насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн: “...Манай аав Б ээжийг цохиж зоддоггүй. Ер нь хэрэлдэж маргаад байдаггүй. Тэр өдөр аав Б архи уусан байсан. Тэгээд би гэртээ унтаж байсан ээжийн орилох дуу гарахаар нь би сэрээд харсан чинь ээжийн нүд хавдсан, аав ээжийн нүд рүү цохисон байсан. Тэгээд ээж уурлаж аавыг цагдаад өгч явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4855 дугаартай:

“Р.Л-гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

5. Шүүгдэгч Ж.Б-ийн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би ажлынхаа газрын хүмүүстэй цэргийн баярын өдөр тэмдэглэж архи уусан. Ингээд гэртээ 23 цаг өнгөрч байхад бага зэрэг согтуу ирсэн чинь манай эхнэр намайг архи уудаггүй байж архи уулаа гэж уурлаж бид хоёр хоорондоо маргасан. Ингээд хэрүүл маргаан хийж байхдаа би архи уучихсан болохоор эхнэр Л-гийн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн манай эхнэр уурлаж цагдаад манай нөхөр агсам тавиад байна гэж дуудлага өгсөн. Би өөрийн үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ ирэхэд нь эхнэр Р.Л нь дургүйцэж “архи уулаа” хэмээн” хэлснээс үүдэн хоорондоо маргалдаж, шүүгдэгч Ж.Б нь хохирогч Р.Л-гийн нүдэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд халдсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгчийн энэхүү  үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн санаатай үйлдэл хохирогчид учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Р.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэн нь Ж.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ж.Б-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ж.Б-ийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ж.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ж-гийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ