Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 499

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОИ62120703, Бөөгүүд овогт Цэвээний Цэрэннадмидын,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн, 55 настай. Би 1982 онд Зөвлөлт Холбоот Улсын Барилгын коллежийг засалчин мэргэжлээр төгссөн. Улмаар 1982 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар томилогдон ажилласан. Уг мэргэжлээрээ 1989 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад өөр сум руу шилжих болсон шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт орох нас болж, тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон тушаал байгаа боловч 1984, 1989 онуудад ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг дуустал засалчнаар ажиллаж байсныг сэргээж тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Д.Дуламсүрэн, Б.Зээнэг нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Цэрэннадмид нь 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Цэвээний Цэрэннадмидын 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Барилга материалын үйлдвэрийн яамны боловсон хүчнээс Ц.Цэрэннадмидад 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1980 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсад барилгын техник мэргэжлийн сургуульд суралцуулав, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Зөвлөлт Холбоот Улсад барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн тул Увс аймгийн Барилга трестийн мэдэлд шилжүүлэв, 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Барилга трестэд засалчнаар томилон ажиллуулав, 1984 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжин ажиллах болсон тул засалчны ажлаас чөлөөлөв, 1984 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Барилгын бригадад засалчнаар томилон ажиллуулав, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Барилгын бригадаас өөр сум руу шилжих болсон тул чөлөөлөв гэжээ.

           Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1982 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаар Ажилд томилох тухай тушаалд: ...Гадаад дотоодын барилгын техник мэргэжлийн сургууль төгсөж ирсэн хүмүүсийг бригад салбар цехэд хуваарилж ажилд томилох шаардлагатай байгааг үндэслэн Тушаах нь: 9 дүгээр бригадад Цэвээний Цэрэннадмид-Өлгийн засалчин гэжээ.

         Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Дуламсүрэн, Б.Зээнэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Дуламсүрэн Миний бие нь 1973 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид барилгачнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Ц.Цэрэннадмид нь 1982 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж эхэлсэн ба тус газарт 1989 оныг дуустал засалчнаар ажилласан юм. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Батзул гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч Б.Зээнэг Миний бие нь 1981 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгачнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Ц.Цэрэннадмид нь 1982 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Цэрэннадмид нь тус газарт 1989 оныг дуустал засалчнаар ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Барилга материалын үйлдвэрийн яамны боловсон хүчнээс Ц.Цэрэннадмидад 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1984 оны 9 дүгээр сарын 25, 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн бичилтүүд нь тухайн онуудад бичигдээгүй эргэлзээтэй байх тул хөдөлмөрийн дэвтрийн энэ хэсгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

           Харин нэхэмжлэгч Ц.Цэрэннадмид нь 1982 оны 7 дугаар сарын 03-наас 1989 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Барилга материалын үйлдвэрийн яамны боловсон хүчнээс түүнд 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1982 оны 7 дугаар сарын 05, 1984 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн бичилтүүд, Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1982 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаар Ажилд томилох тухай тушаал, гэрч Д.Дуламсүрэн, Б.Зээнэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидын хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 7 дугаар сарын 03-наас 1989 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар 7 жил 3 сар 27 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бөөгүүд овогт Цэвээний Цэрэннадмидын 1982 оны 7 дугаар сарын 03-наас 1989 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар 7 /долоо/ жил 3 /гурав/ сар 27 /хорин долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэннадмидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ