Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

 

 

  2022          03          17                                     2021/ШЦТ/212

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Хохирогч: Б.Т-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Д.Түвшинтамир,

Шүүгдэгч: А.А-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Ганбаатар,  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт А.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905015230784 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.А-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч А.А- нь хохирогч Б.Т-аас өмнөх зээлсэн мөнгөө төлөхийн тулд зээлийн барьцаагаа буцаан авч дахин зээлийн барьцаанд тавьж мөнгө авч зээлээ төлнө гэж хуурч, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах нэрээр бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

- 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн орчимд 30.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2011 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Одисэй төвийн орчимд 6.000.000 төгрөгийг бэлнээр, 2012 оны 4 дүгээр сард 10.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан бэлнээр,

- 2013 оны 4 дүгээр сард 3.000 ам долларыг /ханш 1 доллар 1616*3000=4.850.940 төрөг/ Бүгд Найрамдах Вьетнам Улсад байхдаа олон улсын картаар,

- 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн соёлын төвийн талбайд 18.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн орчимд 120.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээн амралтын газрын орчимд 10.000 ам доллар /ханш 1 доллар 1795.35*10000=17.953.500 төгрөг/-ийг бэлнээр,

- 2014 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны гадна 20.000 ам.доллар /ханш 1 доллар 1826.41*20.000=36.528.200 төгрөг/-ыг бэлнээр,

- 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32 дугаар тойргийн Голомт банкны орчимд 12.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Охины сургалтын төлбөр нэхэгдээд байна” гэх шалтгаанаар Хаан банкны Адъяамөнх гэх 5006502894 тоот дансаар 2.000.000 төгрөг, 100 айлын Автоплаза төвийн орчимд 1.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “өмгөөлөгчийн хөлс төлөх гэсэн юм” гэх шалтгаанаар 2.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 9 тоот байрыг 10 сар түрээсэлж суусан төлбөр 6.000.000 төгрөг, хаалга эвдэлсний төлбөр 260.000 төгрөг, нийт 6.260.000 төгрөг,

- 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Хоол унааны мөнгө алга байна” гэх шалтгаанаар 1.000.000 төгрөгийг охин Бишрэлийн Хаан банкны 5212034251 тоот дансаар тус тус залилан авч хохирогч Б.Т-д үргэлжилсэн үйлдлээр нийт 267.592.640 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А- шүүх хуралдаанд: “Би 2007 оноос эхлэн Т-ын дүү Б-тай ажил хэрэг, найз нөхдийн холбоотой болсон. Миний төрсөн ах Алтансүх компанийн захирал Болдбаатар нь “Жаранбат” банк санхүүгийн байгууллагын харилцагч байсан болохоор анх танилцуулж байсан. Яллах дүгнэлтэд 12 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан. Нэгдүгээрт Б-тай холбоотой үйлдэл. 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн орчимд 30 сая төгрөгийг бэлнээр авсан гэсэн байна. “Жаранбат” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан бөгөөд 2011 онд 30 сая төгрөгийн гэрээг Б-тай хийж, авсан болохоос иргэн Т-тай гэрээ хийж мөнгө аваагүй. Учир нь Т-ыг тухайн үед таньдаггүй байсан. Тус гэрээг “ТБ” төвийн зүүн талд Гээгиймаа гэх нотариат дээр очиж гэрээ хийж, авч байсан.

Хоёрдугаарт: 2011 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Одисэй” төвийн орчимд 6 сая төгрөгийн бэлнээр, 2012 оны 4 дүгээр сард 10 сая төгрөг нийт 16 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан бэлнээр авсан гэсэн байна. 10 сая төгрөгийг Б-аас Чингэлтэй дүүрэгт байрлах Соёл урлагийн их сургуулийн хойно байрлах “Жаранбат” банк бус санхүүгийн байгууллага дээр очиж авч байсан. 6 сая төгрөгийг “Хүүхдийн 100 дэлгүүрийн” орчимд Б-аас бэлнээр авч байсан. Дээрх нийт 46 сая төгрөгийг Б-аас авсан болохоор Б-ы эзэмшлийн 5085012716 тоот дансанд 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 26 удаагийн гүйлгээгээр 33.118.000 төгрөг, голомт банкны дансанд 15.100.000 төгрөг нийт 38.218.000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх 46 сая төгрөгийг авахад Т-  ямар нэгэн байдлаар холбоогүй.

Гуравдугаарт: Т-тай холбоотой үйлдэлд 2013 оны 4 дүгээр сард 3000 доллар тухайн үеийн ханшаар 4.850.940 төгрөгийг Бүгд найрамдах Вьетнам Улсад авсан. 2013 оны 9 дүгээр сард тус Улсад Олон Улсын картаар авсан. Тус мөнгөөр дэлгүүрт гүйлгээ хийсэн. Иймд дээрх 3000 долларыг авсан.

Дөрвдүгээрт: 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний соёлын төвийн гадаа 18 сая төгрөгийг бэлнээр авсан гэсэн байна. Уг мөнгийг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбатаар дүүрэг дэх “Хүүхдийн 100” дэлгүүрийн орчимд хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байгаа.

Тавдугаарт: 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төв номын сангийн” ойролцоо 120 сая төгрөгийг бэлнээр авсан гэсэн байна. 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Т-тай утсаар ярьж, банкны барьцаанд байгаа объект хямд авах боломж гарлаа, 120 сая төгрөг зээлүүлээч, үнэ нэмж зараад ашигтай бизнес байна гэж ярьсны маргааш нь 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн орчим Т-аас машин дотор бэлнээр авсан. Энэ мөнгөнөөс 35 сая төгрөг нь түүний дүү Ж-ынх, 25 сая төгрөг нь түүний дүү Б-ынх гэж хэлж байсан. Уг мөнгөөр ярьж, тохирсноороо үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваад, гэрчилгээ гарсны дараа барьцаанд тавьж, дээрх 3 хүнтэй зээлийн гэрээ хийсэн байгаа. Худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ жил гаран болж удсан учраас зарах зорилгодоо хүрч чадаагүй, Т-, Ж-, Б- гуравт барьцаанд тавьсан. Уг хөдлөх хөрөнгө нь социализмын үед Германчууд барьж байсан суурь сайтай, бүрэн цутгамал, дотроо гурван давхар, өргөжүүлэх боломжтой объект байдаг.

6 дахь үйлдэл: 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” газрын орчим 10.000 ам доллар буюу 17.953.500 төгрөгийг бэлнээр авсан гэсэн байна. Энэ нь 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Наран дэлгүүртэй 3 өндөр байрны нотариат дээр гэрээ хийж О.О- нь гэрээ хийж бэлнээр авсан. О.О- нь тухайн үед надад 10.000 долларын өртэй байсан. Тухайн үед надаас бэлэн хувцас худалдаж авсан. Би тухайн үед “ambsadоr” нэртэй дэлгүүр ажиллуулдаг байсан.

7 дахь үйлдэл: 2014 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны гадна 20.000 доллар буюу 36.528.200 төгрөгийг бэлнээр авсан гэж яллах дүгнэлтэд бичсэн байна. Би уг мөнгийг огт мэдэхгүй, О- болон Т- нараас аваагүй. Дараа нь 20.000 доллар гэсэн байсан.

8 дахь үйлдэл: 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32 тойргийн ойролцоо голомт банкны орчимд 12 сая төгрөгийг бэлнээр авсан гэсэн байна. Т- надад банк бус санхүүгийн байгууллага татан буулгаж байгаа, мөнгө зээлэх хүн байвал хэлээрэй гэдэг байсан. Тухайн үед Сэргэлэнбаатар надаас мөнгө зээлэх хүн байна уу гэж асуусан. Т-тай утсаар ярихад “ажил дээрээ байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Сэргэлэнбаатартай очиж, 12 сая төгрөгийг Сэргэлэнбаатар авсан. Сэргэлэнбаатар нь бэлэн хувцас худалдаж авсан 6 сая төгрөгийг надад өрөндөө өгч, үлдсэн мөнгийг өөрөө авсан. Сэргэлэнбаатар нь автомашинаа барьцаанд тавьсан тул тэрийгээ чөлөөлнө гэж хэлсэн. 12 сая төгрөгөө буцаагаад Т-ын дүү Ж-д 20 сая төгрөгийн НӨАТ-н баримт болгоод төлсөн, ямар ч тооцоо байхгүй гэж Сэргэлэнбаатар хэлж байсан.

Охины сургалтын төлбөр нэхэгдэж байна гээд А- гэсэн дансанд 2 сая төгрөг, зуун айлын авто плаза төвийн орчимд 1 сая төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байгаа.

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгчийн хөлс төлөх гэсэн  шалтгаанаар 2 сая төгрөгийг худалдаа аж үйлдвэрийн танхимын ойролцоо хаан банкнаас авч байсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.

2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил Стар хотхоны 56 дугаар байрны 9 тоот орон сууцыг 10 сар түрээслэн суусан төлбөр 6 сая төгрөг, хаалга эвдэлсэн төлбөр 260.000 төгрөг нийт 6.260.000 төгрөг гэсэн байна. Т-ын охин Батхорлоотой би сарын 600.000 төгрөгийн түрээсийн гэрээ хийж, 10 сар түрээслэн суусан. Дээрх мөнгийг Батхорлоод гэрээний дагуу төлнө.

2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хоол унааны мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар 1 сая төгрөг охин Бишрэлийн дансанд орсон. Тэгээд тухайн өдөртөө энэ мөнгө түүний дүү Ж-ын дансанд орсон учраас 1 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б-тай гэрээ хийж авсан 2011 оны 4 дүгээр сарын 04-нд 30 сая төгрөг, 10 сая, 6 сая нийт 46 сая төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хаан болон Голомт банкны дансанд 48 сая төгрөг төлөөд дууссан. Т-аас зээл авсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 120 сая төгрөгийг түүнтэй ярьж тохирсны дагуу банканд хураагдах гэж байсан үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Түүний дүү Ж- 30 сая, Б- 25 сая, Т- нь 60 сая төгрөг гаргасан. Ж-, Б- нар энэ хэрэгт хамааралгүй болсон. Т-аас зээлсэн 45 сая төгрөгийг өөрийн эзэмшлийн 25 км-ийн заалттай 5 ангилал бүхий авто замын тусгай зөвшөөрөлтэй “Аврум алт” гэх компаниа худалдах, худалдан авах гэрээ хийж, 2015 оны 3 дугаар сарын 12-ны нотариатаар баталгаажуулсан. Гэвч тухайн нотариатын байгууллагын архив шатсан гэх шалтгаанаар галын дүгнэлт, холбогдох материалыг хэрэгт өгсөн байгаа. Компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг, тусгай зөвшөөрөл бүгд Т-д байгаа. Тийм учраас Т-аас авсан 60 сая төгрөгөөс компанийн 45 сая төгрөг хасагдана гэж тооцож байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон 74.939.000 төгрөгөөс 38.200.000 төгрөгийг Б-д төлж бүх өрийг дуусгасан. Зөрүү болох 26.700.000 төгрөгийг Т-ын голомт банкны дансанд 8.356.000 төгрөг, хаан банкны дансанд 6.095.000 төгрөг, охин Батхорлоогийн дансанд 6.500.000 төгрөг, Ж-ын 2 хаан банкны дансанд 6 сая төгрөг нийт 27.221.000 төгрөгийг төлсөн. Т-ын ээж Батхүү гуайд гэрт нь 2 сая төгрөг өгсөн. Үүнийг тооцоонд оруулаагүй. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Т-ын Голомт банкны дансанд О.О-ы өмнөөс 2.065.000 төгрөг төлсөн. Ингээд нийт 4 сая төгрөгийг хохиролд төлсөн тооцоонд ороогүй байгаа. Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Т-ын Хаан банкны дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн. Т-д нийт 79.286.000 төгрөг төлсөн. 3000 доллар буюу 4.850.940 төгрөгийг төлсөн. Одоо 60 сая төгрөгөөс 45 сая төгрөгийг компани өгсөн гэж хасаж, 15 сая төгрөгийн тооцоо үлдсэн. Үүнд 324 метр квадрат бүхий агуулахын зориулалттай байшин барьцаанд байгаа учраас хангалттай гэж үзэж байгаа” гэв.

Хохирогч Б.Т- шүүх хуралдаанд: “А-тэй анх 2011 онд танилцаж байсан. Миний төрсөн дүү Б- анх дагуулж ирээд танилцуулж, А-тэй 30 сая төгрөгийн зээлийн гэрээ хийж, бэлнээр өгч танилцаж байсан. Танилцсан цагаасаа хойш ойр дотно, гэр орноор орж гардаг. Аав, ээжтэй маань ирж золгодог, миний 2 эмэгтэй дүүгээс илүү дотно байсан. 2011-2018 оны хооронд 8 жилийн хугацаанд нийт 210 сая төгрөг, 56.000 ам.доллар удаа дараагийн үйлдлээр авч залилсан. Эхний авсан 30 сая төгрөгийн албан ёсоор гэрээ хийж, барьцаа авч зээлүүлж байсан. Энэ мөнгөн дээрээ барьцаа хангалттай юм чинь өгчих гэж гуйж авсаар байгаад 16 сая төгрөгийг 1 жилийн туршид нэмж авсан. Барьцааны гэрээ Б-д байсан бөгөөд бага хүүтэй банкны барьцаанд тавьж мөнгө авч, Т- эгчийн 46 сая төгрөгийг төлнө гэж гэрчилгээг өгчих гэж Б-аас авч барьцааг зарсан байсан. Зарсан талаар Б- болон би мэдээгүй. Үүнийг би 3000 доллар Вьетнам Улсад явж байхдаа өгөөч барааны эргэлтийн мөнгөгүй болчихлоо, очоод бараагаа зараад өгчихье гэж гуйж байхаар өгсөн байсны дараа барьцааг авч, зарсан талаар мэдсэн. Үүнээс хойш бүх мөнгийг өмнө өгсөн мөнгийг өгөхийн тулд ийм ч бизнес хийж байна, өрнөөсөө гарах гээд байна, дэмжээд, туслаад өгөөч гэж гуйж авдаг байсан. 2013 онд банканд хураагдаж байгаа объектыг 120 сая төгрөгөөр аваад, 360 сая төгрөгөөр зараад таны бүх мөнгийг төлөөд, цаана нь би ч бас эргэлтийн мөнгөтэй үлдэх гээд байна, та надад туслаад 120 сая төгрөг өгчих гэж гуйж байсан. Надад тухайн үед тийм мөнгө байгаагүй учраас 2 дүүгээсээ 25 сая, 35 сая төгрөг авч, өөрт байсан 60 сая төгрөгийг нийлүүлэн 120 сая төгрөгийг А-т бэлнээр өгсөн. Тэгээд 2 жил гаран нөгөө объект зарагдахгүй байна гээд яваад байсан. 2 жил болсон учраас дүү нар мөнгөө нэхсэн. Манай дүү Б- нь нуруу, нугасны гэмтэлтэй, хөдөлмөрийн чадваргүй хүн байдаг. А- намайг “та Б-ын мөнгийг төлж байгаач, Жагаа ч яах вэ ойлгох байх” гэж гуйж байсан. Дүү маань хөдөлмөрийн чадваргүй байсан болохоор аргагүйн эрхэнд 25 сая төгрөгийн хүүг, тасралтгүй өгдөг  байсан. Дунд нь нэг удаа А- 1 сая төгрөг өгч байсан байх. Хэзээ гэдгийг санахгүй байна. Дүү нар ч уурлаж, цагдаа сэргийлэхэд хандъя, мөнгөө өгөхгүйн байна гэж Ж- хэлж байсан. Тэгээд А-тэй уулзахад одоо гэрээ хийе, гэрчилгээ авъя гэж хэлсэн. Энэ бол 2 жилийн дараа болсон асуудал. 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “миний 2 найз байгаа, хоёулаа Энхтуяа гэдэг нэртэй, би энэ хоёртой нийлж бизнес хийх гээд байна, их мөнгөөр гадагшаа явж, бөөний бараа авчирч, мөнгө олж, таны бүх мөнгийг дарна, нэгэнд нь 3000 доллар, нөгөөд нь 6000 доллар өгчих” гэж гуйгаад байсан. Эхний мөнгөө шийд, дараа нь мөнгө төгрөгийн асуудал ярья гэсэн чинь “өөрийнхөө нэр дээр нөгөө 2 Энхтуяа нартай 3000, 6000 долларын  гэрээ хийгээд авчирсан. Та “энэ 2 хүнтэй харьцахгүй, би өөрөө хариуцаад аваад өгнө. 3 дугаар сарын 28, 5 дугаар сарын 28 гэсэн хийсэн гэрээ А- аваад ирсэн. Тэгээд гуйсаар байгаад бөөний бараа авчирч зараад, бөөнд зараад гаргаад өгнө, хоёрхон сарын ажил гээд гуйгаад байхаар нь 9000 доллар өгөөд явуулсан. Ж.Э- нь 6000 доллар, Б.Э- нь 3000 доллар авсан гэж надад хэлж байсан. А- өөрөө гэрээ хийгээд, хариуцаад ирсэн болохоор А-т л өгсөн. Гэрээний хугацаа дуусаагүй байхад 5 дугаар сард А- нь Ж.Э-д “та дахиад 4000 доллар өгчхөөч, дутаад байна, барааны мөнгийг цааш нэмж төлөх хэрэгтэй байна өгчих гэсэн. Тэгэхээр нь би миний мөнгийг өгөх гэж байгаа юм чинь гэж бодоод 4000 долларыг өгсөн. Тэгээд тэр мөнгө байхгүй болсон. Нийтдээ 13.000 доллар болж байгаа. Би энэ мөнгийг төл, хариуцаад төлнө гэсэн яасан бэ, өгөөч гээд яваад байсан. Миний мөнгийг өгөхгүй байна, хууль хяналтын байгууллагаар явъя гэхэд Энхтуяатай уулзуулъя гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар хорооллын нотариат дээр хэл ярианы бэрхшээлтэй, айсан, бүлтгэнсэн хүүхэд ирж уулзахад 6000 доллар зээлсэн Энхтуяа юм уу гэж хэлсэн. 13000 доллар дээр бүгд дээр нь гэрээ хийлгэх гээд байсан. Нөгөө 3000 доллар авсан Энхтуяа нь яасан бэ гэхэд эхлээд Монголд байхгүй гэж байснаа, Булган аймгийн Тэшигт ойд тайгад амьдардаг, ирж чадахгүй, бүх гэрээгээ хийчих гэж байсан. Тэгээд би “чи 10.000 доллар авсан биз дээ” гэхэд бүлтгэнээд юм хэлж чадахгүй байсан. Тэгээд Энхтуяатай 13.000 долларын гэрээ хийсэн. Би тухайн үед Энхтуяатай гэрээ хийсэн нь буруу байсан. А-т л тэр мөнгийг өгч явуулсан. Тэр мөнгийг А-ээс л нэхнэ. Яагаад гэвэл өөрийнхөө нэр дээр гэрээ хийж, өөрөө хариуцна гэж хэлсэн. 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр О- гэх найзыгаа дагуулж ирж, “хүү нь мисс Б-тэй хурим хийж  байгаа, нэр төртэй хурим хиймээр байна. 20.000 доллар найзад маань зээлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгө авахаараа яаж төлөх вэ, барьцаа байна уу” гэхэд барьцаа байхгүй, төрийн 3 өндөрлөгийн нэг нь бага хүүхдийн аав нь байгаа юм, тэр хүн нь төлөөд өгнө гэсэн, одоохондоо боломжгүй байна гэсэн. А- танд би өөрөө буцаагаад аваад өгнө гэж маш шаргуу, надаас гуйж 20.000 доллар авч байсан. Дараа нь 7 дугаар сарын 04-ний өдөр О-ы төрсөн өдөр гэж намайг урьж, хүндэлж түүнээс хойш бид 3 их дотно болсон. Үүнээс хойш удалгүй А- нь 1 дүгээр хороололд О-ы объект байдаг, одоохондоо түрээслүүлсэн байгаа. Түрээсийн гэрээ дуусахаар бид 2 засаад, ажиллуулаад, ашиг орлого олоод мөнгө хийж болохоор байна, танд ийм төгрөг өгнө гэж тооцоо гаргаж, таны өрийг төлмөөр байна гэж хэлээд надаас 20.000 доллар А- авсан. Надад хэлэхдээ “О- объектоо гаргана, би мөнгөө гаргана” гэж хэлсэн. Урьд авсан мөнгөнүүд хуримтлагдсан байгаа болохоор бага багаар цувуулаад аваад дуусгачих юмсан гэсэн бодол агуулж байсан болохоор тооцоо зэргийг үзэж байгаад ямар нэгэн гэрээ хийхгүйгээр 20.000 долларыг А- авсан. Тэгээд О-ы хүүхдийн хурим гээд явах гэж байхад А- залгаад Монгол шилтгээн дээр төлбөр хийх болсон чинь 10 сая төгрөг дутчихаад байна, та О-д туслаач, хурим  дээр олсон орлогоос 10 сая төгрөгийг өдөр нь гаргаад өгнө гэхээр нь тийм байх гэж бодоод 10 сая төгрөгийг авч очиход А- авсан. 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А- Австри улс руу явах гэж байна, барааны эргэлтийн мөнгө байхгүй, ирээд баргаа зарчхаад таны мөнгийг өгье, сарын дотор буцаагаад өгнө гэж хэлээд аваад явсан. Тэгээд бас өгөөгүй, алга болсон. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Оросоос хивэг квотоор оруулж ирж байгаа, Бурмаа сайдтай ярьсан, улсад тушаагаад мөнгөө авдаг тийм бизнес байдаг гэж байсан. Тэгээд квотоо ярьсан, хивгээ оруулаад ирсэн, гаалийн мөнгийг төлөх хэрэгтэй болоод байна гээд нэг залуутай ирсэн. Тухайн үед тэр залуутай танилцахад Сэргэлэнбаатар гэсэн. Сэргэлэнбаатар надад тусалж байгаа, миний найз, гаалийн мөнгө төлөх хэрэгтэй учраас 12 сая төгрөг зээлээч гэсэн. Тэгээд мөнгө төгрөгөө оруулаад, гааль дээр байгаа, орж ирээд хивгээ Улсад тушаагаад, улаан буудайн фондоос мөнгөө аваад танд өгчихнө, дуусаж байгаа бизнес гэж нухацтай ярилцаж, асууж байгаад 12 сая төгрөгийг өгсөн. Сургалтын төлбөр, өмгөөлөгчийн мөнгө 2 сая төгрөг, хоол ундны мөнгө 1 сая төгрөг гэж авсан. Хоол ундны мөнгө гэж авсан 1 сая төгрөгийг Ж- мөнгөө нэхээд байхаар нь Ж-д өгсөн юм билээ. Би мөнгөө өгөх бүрдээ ямар нэгэн мөнгө олох ажил, арга сэдээд миний ч мөнгийг өгөөд, өөрөө ч хөл дээрээ босох гэж байгаа юм байна гэж итгэж, найдаж мөнгө өгдөг байсан. Өмнө өгсөн мөнгийг нэхэх зорилгоор уулзахад ямар нэгэн төсөл, бизнес, том улс төрч, дарга нарын нэр барьж тэндээс ийм тийм мөнгө өгөх гэж байна, та надад туслаад дэмжээд өгөөч гэж хэлж мөнгө авдаг байсан. Дахиад мөнгө өгөхгүй болсныг мэдмэгцээ найз нөхөд, таньдаг хүнээ дагуулж ирж нөгөө хүмүүстэй авч өгч байгаа нэртэй өөрөө авч, заримыг нь гэрээ хийж талыг нь авч, өөр хүнтэй гэрээ хийж өөрөө ирж авах мэтээр мөнгө авсан. 231.658.640 төгрөгийг А-ээс гаргуулж өгнө үү. Нийт 290.927.640 төгрөгөөр хохирсон. Буцааж надад өгсөн 59.260.000 төгрөг, одоо 231.658.640 төгрөг үлдэж байгаа. Яллах дүгнэлтэд 267.592.640 гэж бичсэн байгаа. Үүн дээр 2 Энхтуяагийн 13.000 долларыг А-ээс нэхэмжилж байгаа буюу 23.335.000 төгрөг буюу 13.000 доллар нэмэгдэж 290.927.640 төгрөгөөр хохирсон гэж үзэж байгаа. Үүнээс яллах дүгнэлтээр 74.939.000 төгрөг төлсөн гэж үйлдсэн. Үүнд Б-д төлсөн 33.118.000 төгрөг төлсөн гэж оруулж ирж байгаа. Гэтэл Б- нь гэрчийн мэдүүлэгтээ 15.670.000 төгрөг Т- руу шилжүүлсэн байдаг. Прокурор 33.118.000 төгрөг төлсөн гэж үзэж байгаа дүнгээс бидний зүгээс 15.670.000 төгрөг төлсөн гэж үзээд 59.269.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр 231.958.640 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2011 оноос эхэлж таньдаг болсон. 2011 оноы 4 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр 30.000.000 төгрөг хорооллын Номин их дэлгүүрийн гадна машинд өгсөн. Энэ мөнгийг манай дүү Б- А-т зуучилж авч өгсөн. Энэ мөнгөний оронд надад өөрийнхөө Хаусыг барьцаанд тавьж авсан. 2011 оны 6 дугаар сард өмнө авсан 30.000.000 төгрөг дээрээ нэмээд 6.000.000 төгрөг Парадокс хавиас авсан. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй, миний барьцаа хангалттай юм чинь гэж А- надад хэлээд нэмж авсан. 2012 оны 4 дүгээр сард 10.000.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд урьд зээлсэн мөнгөтэйгээ нийлээд 46.000.000 төгрөг болсон. Энэ үед бид хоёр гэрээ хийсэн. Надад барьцаанд тавьсан байсан хаусных нь бичиг баримт манай дүү Б-д байсан чинь хаусныхаа бичиг баримтыг авъя, хаусаа зараад Т- өгчийн мөнгийг нь төлье гэж хэлээд бичиг баримтыг нь аваад зараад мөнгийг нь өөрөө хэрэглэсэн. Надад ямар нэгэн мөнгө төлөөгүй. Дараа нь тухайн үед А- Вьтнам Улс руу явах гэж байгаа юм мөнгө хэрэгтэй байна гээд 3.000 доллар өөрийнхөө данс руу хийлгүүлж авсан. Би 3.000 долларыг хаанаас шилжүүлснээ санахгүй байна. 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр барааны эргэлтийн мөнгөгүй болчихлоо Австри явж ирээд өгье мөнгө зээлээч гэж хэлэхээр нь итгээд би тухайн үед бэлнээр 18.000.000 төгрөг баруун 4 замын үйлдвэрчний соёлын төвийн талбай дээр машин дотор өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А- надад хандан объект хямд аваад 3 дахин үнийг нь нэмж зараад таны мөнгийг бүгдийг нь төлөх ганц боломж гарлаа, туслаач гэж хэлээд 120.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би мөн л итгээд түүнд бэлнээр өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө би өөрийн дүү Батбаряаас 25.000.000 төгрөг зээлж аваад өгсөн. ...2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр найздаа туслах гэж байгаа юм 1 сарын дараа өгнө мөнгө зээлээч гэхээр нь эхлээд 10.000 ам доллар, дараа нь 3.000 ам доллар зээлсэн. Энэ үед А- бид хоёр байсан. Энэ мөнгийг авахдаа А- би гэрээ байгуулчхаад ирсэн гээд барьчихсан ирсэн. 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр найз О-д 20.000 ам доллар зээлүүлээч гэж хэлээд зээлийн гэрээ би тэр О- гэдэг хүнтэй байгуулсан. Дараа нь О-аас мөнгөө нэхэхээр 10.000 ам долларыг нь А- авсан гэж хэлээд мөнгөө төлдөггүй. 2014 оны 7 дугаар сарын сүүлээр А- над дээр ирээд О- дахиад 20.000 ам доллар зээлүүлээч гээд байна гэж хэлээд ямар ч гэрээ хийгээгүй манай гэрийн гаднаас буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Нархан хотхоны 65 дугаар байрны гаднаас аваад явсан. Тэгээд хөдөөнөөс ирээд гэрээ хийгээгүй. Түүнд итгэж байсан юм. 2014 оны 8 дугаар сарын сүүлээр А- надад хандан О-ы хүүхдийн хуриман дээр 10.000.000 төгрөг аваад ирээч, сүүлийн найдвар шүү гэж хэлэхээр нь би мөнгө аваачиж Монгол шилтгээнд А-т өгсөн. 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөнгө зээлээч гээд 7 буудлын 32-ын тойргийн Голомт банкнаас 12.000.000 төгрөг бэлнээр аваад явсан. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охины сургалтын төлбөр нэхэгдээд сургуулиасаа хөөгдөх гээд байна гэж уйл гуйж байгаад Адъяамөнх гэдэг хүний Хаан банкны 5006502894 дугаарын дансаар надаас 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөн 100 айл Авто плаза дээр уулзаад 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгчид мөнгө өгөхгүй бол шүүх хурал дээр сууж өгөхгүй балраад байна, дүүдээ туслаач гэхээр нь би 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэрээс ирж авсан байх. 2016 оны 11 дүгээр сард байрнаасаа хөөгдсөн, ахдаа зодуулсан гэж хэлээд танай охины байранд сарын 750.000 төгрөгөөр сууя, мөнгийг нь дараа нь өгье гэж хэлээд 10 сар суусан. Түрээсийн мөнгө гэж 1 ч төгрөг өгөөгүй. Энэ нь нийт 7.500.000 төгрөг болно. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А- надаас хоол унааны мөнгө алга байна гэж хэлээд 1.000.000 төгрөг гуйж авсан. Тэр үед хорооллын Номин дэлгүүрээс би түүний охин Бишрэлийн данс руу шилжүүлсэн. Ингээд надаас гэрээ хийхийг нь хийж бэлнээр авахыг нь авч миний итгэлийг олж авсны үндсэн дээр авсан. Би уг нь А-т маш их итгэдэг бараг миний төрсөн дүүгээс илүү маш ойр дотно байсан. Намайг ийм байдалд оруулсанд нь одоо итгэж чадахгүй байна. Дээрх мөнгөнүүдийг авахдаа гэрээ хийсэн 46.000.000 болон 120.000.000 төгрөгөөс бусдыг нь дандаа 1 сарын дараа өгнө гэж хэлээд авдаг байсан. Тэгээд л дараа нь тэгээд, ингээд болсонгүй гэж уйлж унжаад хүн үнэмштэл ярьж өрөвдүүлж итгүүлдэг байсан. ...Намайг эгчээ гэдэг боловч надаас 3 дүү юм. Яг л миний хамгийн ойр дотны найз эгч дүү шиг байсан. Том ах нь өр ширэнд орлоо гэж А-ийг зодлоо гээд над дээр хүрээд ирэхээр нь өрөвддөг байсан. Өмнө зээлсэн мөнгөө төлөх гэж байгаа юм гээд намайг төөрөгдөлд оруулсан. ...А- нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөнгө зээлээч гээд 7 буудлын 32-ын тойргийн “Голомт” банкнаас 12.000.000 төгрөг ОХУ-с буудай оруулж ирнэ гэж хэлээд бэлнээр аваад явсан. ...би Б.Э-д нэг ч төгрөг гардуулж өгөөгүй. Харин тухайн үед А-, Б.Э-д 3.000 ам долларыг нь өгөх гэж байгаа юм гээд зээлийн гэрээ урьдчилж хийгээд надад үзүүлээд зээлж авсан. Мөн Ж.Э-д 6.000 ам доллар өгөх гэж байгаа гээд бас зээлийн гэрээтэй ирсэн. Харин өөрөө 4.000 ам долларыг нь А.А- гэрээ үзүүлэхгүйгээр авсан. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А-, Ж.Э-г дагуулж ирээд надтай 13.000 ам долларын гэрээ хийлгүүлсэн. Би тэр үед хууртагдаад А-ийн хийснээр гэрээ хийсэн. Түүнээс биш би Энхтуяа гэх хүмүүсийг огт танихгүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 24-26, 126, 225-227/,

            Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А-ээс хохиролд өгнө гэж байгаа агуулахын барилгыг очиж үзсэн. Уг агуулахын барилга нь “Хатан сүйх” ХХК-ний эзэмшлийн хашаанд байдаг, тухайн компаний байртай залгаа болохоор салгаж зарна гэсэн ойлголт байхгүй, хуучирч муудсан ...Би Б.Т-тай хөдөө ажлаар явах гэж байхад Б.Т- нь А- болон А.А-тэй хамт явж байсан нэг эмэгтэйтэй уулзаад мөнгө өгөхөөр боллоо гээд Хан-Уул дүүргийн Нархан хотхонд гэртээ ороод хоёр боодол доллар авч гарч ирээд А-т өгсөн үг асуудлыг би харсан учир мэдэж байна” гэсэн мэдүүлэг /хх 3-н 89, 232-233/,

            Гэрч С.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...одоогоос 4-5 жилийн өмнө А- нь 32-ын тойргийн Номин их дэлгүүрийн гадаа Т- эгчийн машин дотроос “Голомт” банкны логотой бор цаасан ууттай мөнгө авсан. Тухайн үед Т- эгч Прадо маркын машинтай харин А- жижиг саарал тэрэгтэй явж байсан. Тэгээд Номингийн гаднаас А- нь ууттай мөнгө аваад явсан. Тэгээд тухайн үед А- мөнгө авчихаад надад 100.000 төгрөг бензин хийгээрэй гэж өгсөн. Би Т- эгчээс мөнгө аваагүй, А- өөрөө авсан. Ямар учиртай мөнгө болохыг нь би мэдээгүй. Хэдэн төгрөг байсан талаар нь би мэдэхгүй. ...Хэзээ гэдгийг нь би санахгүй байна. Нэг удаа Т- эгч над руу залгаад “А- манай гэрт байна, чи хүрээд ир, та хоёрыг нүүрэлдүүлэх гэсэн юм” гэж хэлсний дагуу гэрт нь очсон чинь бөөн мөнгөний хэрүүл болсон байсан. Тухайн үед Т- эгч надаас “эгч нь мөнгөө авъя” гэсэн. Тэгэхээр нь би гайхсан. Тухайн үед А- өөрөө байсан. Тэгээд надтай очиж авсан мөнгөө өөрөө хэрэглэсэн гэж А- хүлээн зөвшөөрч байсан. Би тухайн үед нь “байдал биш болох юм байна гэж бодоод А-ийн надад өгсөн 100.000 төгрөгийг Т- эгчийн нүдэн дээр А-т өгсөн ...6829 УБВ улсын дугаартай автомашин надад байсан 2014 оны намар Оросын Холбооны Улс руу ажлаар явж ирээд бэлэн 18.000.000 төгрөгөөр 1000 машины зогсоол дээрээс худалдан авч байсан. 2018 оны 6 дугаар сард Мөнгөн цохиур нэртэй ББСБ-д 2.500.000 төгрөгөөр унаж явах нөхцөлтэй барьцаалж байсан өөр барьцаалж байсан газар байхгүй. 2020 оны хавар Мөнгөн цохиур ББСБ-с авахдаа Х.Даваадулам гэх хүний нэр дээр шилжүүлэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 3-н 14, 4-н 3-4/,

            Гэрч Ж.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2014 онд манай найз Б.Э- бид хоёр наймаа хийх гээд А.А-тэй уулзаад мөнгө зээлэх хүн байна уу гэхэд надад таньдаг ББСБ байна гээд Б.Э- 3000 ам.долларын гэрээ хийж аваад би 6.000 ам.долларын гэрээ хийж Б.Э- бид хоёр хамтран бизнес хийгээд шатчихсан тэгээд ашиг олж чадаагүй. Би уг 9.000 ам долларыг би Т- эгчид өгөхөөр байгаа уг 9.000 ам долларыг бизнес хийгээд шатчихсан болохоор уг мөнгө эргүүлэн өгч чадаагүй одоо хөл хорио дуусаад хил нээгдчихвэл ажил эхлээд уг 9.000 ам.долларыг нь маш хурдан барагдуулна. Уг 9.000 ам.долларыг өгч чадаагүй нэг жил өнгөрсөн. 2015 оны 3 дугаар сард А.А- надтай яриад мөнгө өгөө гээд Т- эгчтэй гэрээ хийчих гэхээр нь очиж 13.000 ам.долларын гэрээ хийсэн тухайн үед миний авсан 9.000 ам долларын хүү алданги нэмэгдээд 13.000 доллар өг гэж байгаа гэж ойлгосон. Тэгээд би тухайн мөнгө өгч чадахгүй байсан болохоор уг гэрээ хийхээс өөр аргагүй байсан. ...Тухайн 13.000 ам.долларыг би Т- эгчид төлнө. Б.Э- төлөхгүй” гэсэн мэдүүлэг /хх 3-н 216-216, 4-н 131/,

            Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Он, сар, өдрийг нь одоо санахгүй байна. Ж.Э- бид хоёр хамт наймаа хийх гээд Ж.Э- Алтаа гэх танил нь мөнгө хүүтэй зээлдэг хүн байгаа гэсэн гээд Ж.Э- бид 2 А- гэх эмэгтэйтэй гэрээ байгуулаад Ж.Э- 6.000, би 3.000 ам.доллараа бид хоёр нийлүүлж хамтраад наймаа хийгээд орлого олж чадаагүй зарлагадаа зарцуулаад шатчихсан. Тэгээд Ж.Э- бид хоёр ярилцаж тооцоогоо бодоод Ж.Э- 9.000 ам.долларыг бүгдийг нь төлөхөөр болсон” гэсэн мэдүүлэг /хх 4-н 128-129/,

            Эдийн засгийн шинжээчийн 085 дугаар дүгнэлтэд: “...2011.04.04-2020.04.16-г хүртэлх хугацаанд иргэн Б.Т-аас иргэн А.А- нь нийт 283.964.999 төгрөг, 16.000 ам.доллар, иргэн О.О- 10.000.000 төгрөг, 20.000 доллар нийт 293.964.999 төгрөг, 36.000 ам.долларыг авсан байна. Үүнээс А.А-т өгсөн гэх 37.965.000 төгрөг, 3.000 ам.долларыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Иргэн Б.Т- нь Хаан банканд байрших 500329564 дугаартай харилцах дансандаа А.А-ээс 2.795.000 төгрөг хүлээн авсан байна. Иргэн Б.Т- нь Голомт банкны 2405003337 дугаартай дансандаа А.А-ээс 8.356.000 төгрөг хүлээн авсан байна. Иргэн Б.Ж- нь хаан банкны 5022457079 дугаартай харилцах дансандаа А.А-ээс 5.070.000 төгрөг хүлээн авсан байна. Иргэн Б.Ж-ын хаан банкны 5000819444 дугаартай дансанд А.А-ээс 2018.12.14-нд 500.000 төгрөг орж ирсэн байна. 2018.12.14-нд А.А-ийн хүсэлтээр Мөнхбатын 5026944104 тоот харилцах данс руу засварын хөлс гэж 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг тул хасаж тооцоход Б.Ж- нь 4.570.000 төгрөгийг хаан банкны 2 дансаараа хүлээн авсан байна. Иргэн Э.Батхорлоогийн хаан банкны 5041178536 дугаартай дансанд А.А-ээс 6.500.000 төгрөг орж ирсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд иргэн Б.Т- нь А.А-ийн өмнөөс Б.Б-т 25.000.000 төгрөгийн хүүд нийт 69.729.999 төгрөгийг олгосон байна. Дүгнэлт гарах өдрийн байдлаар төлөөгүй үлдэгдэл буюу Б.Т-ын хохирлын хэмжээ нь 234.948.999 төгрөг, 36.000 ам.доллар байна. Үүнээс 37.965.000 төгрөг, 3.000 ам долларыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэжээ. /хх 2-н 167-175/,

            2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б.Т-д А.А-ээс бичиж өгсөн баталгаа: “Би 2011 онд Б-аар дамжуулан гэрээ хийж Т- эгчээс Шарга Морьт дахь зуслангийн байшинг барьцаалан 46.000.000 төгрөг зээлж авсан ба уг байшингаа зарсан боловч зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа. Дараа нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт агуулахын зориулалттай объект авахаар 120.000.000 төгрөгийг зээлэн авч төлөөгүй байгаа. 2012 онд барааны эргэлтийн мөнгө 18.000.000 төгрөг, мөн 3.000 ам.доллар, 2015 онд 10.000.000 төгрөг дахин зээлэн авсан. 2014 онд өөрийн найз О-ыг уулзуулж 20.000 ам.доллар гэрээ хийж авч өгсөн. О- нэмж 20.000 ам.доллар, 10.000.000 төгрөг зээлж авсан. 2013 оны 5 дугаар сард Энхтуяа гэдэг найздаа гэрээ хийж 13.000 ам доллар, 2015 оны Сэргэлэнбаатар гэдэг хамтран ажиллаж байсан залууд 12.000.000 төгрөг зээлж авч өгсөн. Эдгээр зээлж авсан мөнгөнүүдийн тооцоог өнөөг хүртэл хийж чадаагүйн улмаас цаг хугацаа яваад хүү ч төлөгдөөгүй болно” Зээлсэн бүх мөнгийг сарын 4 хувиар тооцож, өгөх өдөр хүртэл хүүг нь тооцон бүх төлбөрийг барагдуулах болно” гэжээ /хх 1-н 6/,

            2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б.Т-д А.А-ээс бичиж өгсөн баталгаа: “...А- овогтой А- би Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Баянбулагийн 3 дугаар хэсэг 178 тоот 128 м.кв талбай бүхий Y-2203015767 дугаартай зуслангийн зориулалттай байрыг барьцаалж 46.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үедээ хүүгийн төлбөрийг төлж байсан боловч 2013 оноос өдийг хүртэл үндсэн өр төлөөгүй болно. Уг барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бага хүүтэй зээлийн барьцаанд тавиад өрөө төлөөд зөрүү мөнгийг нь бизнесийн эргэлтэндээ зориулахаар Б-аас гуйж авсан, улмаар зээл бүтээгүй боловч уг байшинг сонирхсон хүн гарч ирснээр зарахаар болсныг Б-д хэлээгүй. Байшингаа зараад дээрх 46.000.000 төгрөгөө төлөөд үлдсэн мөнгөө хувийн хэрэгцээндээ зориулахаар төлөвлөсөн байсан ч найз Б-ы итгэлийг алдан төлбөрөө ч төлөөгүй болно. Барьцаанд тавихын тулд гуйж аваад дараа нь байр зарагдсаныг Б- огт мэдээгүй, энэ зээлийн асуудалд Б- надад итгэж үл хөдлөхийн гэрчилгээг өгсөн ч би итгэлийг нь алдсан нь үнэн болно” гэжээ. /хх 1-н 21/,

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 3/, хохирогч Б.Т-аас А.А-т өгсөн мөнгөний баримт /хх 1-н 27-44/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 79, 83-111/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 193-196, 199, 2-н 6-71, 88-96, 121-135, 194-219, 231/, аудитын дүгнэлт /хх 2-н 137-160/, эд зүйлийн үнэлгээ /хх 2-н 181-182, 3-н 95-106/ зэрэг болно.      

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч А.А- нь хохирогч Б.Т-аас өмнөх зээлсэн мөнгөө төлөхийн тулд зээлийн барьцаагаа буцаан авч дахин зээлийн барьцаанд тавьж мөнгө авч зээлээ төлнө гэж хуурч, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах нэрээр бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

- 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн орчимд 30.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2011 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Одисэй төвийн орчимд 6.000.000 төгрөгийг бэлнээр, 2012 оны 4 дүгээр сард 10.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан бэлнээр,

- 2013 оны 4 дүгээр сард 3.000 ам долларыг /ханш 1 доллар 1616*3000=4.850.940 төрөг/ Бүгд Найрамдах Вьетнам Улсад байхдаа олон улсын картаар,

- 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчдийн соёлын төвийн талбайд 18.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн орчимд 120.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээн амралтын газрын орчимд 10.000 ам доллар /ханш 1 доллар 1795.35*10000=17.953.500 төгрөг/-ыг бэлнээр,

- 2014 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны гадна 20.000 ам.доллар /ханш 1 доллар 1826.41*20.000=36.528.200 төгрөг/-ыг бэлнээр,

- 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32 дугаар тойргийн Голомт банкны орчимд 12.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Охины сургалтын төлбөр нэхэгдээд байна” гэх шалтгаанаар Хаан банкны Адъяамөнх гэх 5006502894 тоот дансаар 2.000.000 төгрөг, 100 айлын Автоплаза төвийн орчимд 1.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “өмгөөлөгчийн хөлс төлөх гэсэн юм” гэх шалтгаанаар 2.000.000 төгрөгийг бэлнээр,

- 2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 9 тоот байрыг 10 сар түрээсэлж суусан төлбөр 6.000.000 төгрөг, хаалга эвдэлсний төлбөр 260.000 төгрөг, нийт 6.260.000 төгрөг,

- 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Хоол унааны мөнгө алга байна” гэх шалтгаанаар 1.000.000 төгрөгийг охин Бишрэлийн Хаан банкны 5212034251 тоот дансаар тус тус залилан авч хохирогч Б.Т-д үргэлжилсэн үйлдлээр нийт 267.592.640 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд зарим үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Т-, гэрч Б.Ж-, Ж.Э-, Б.Э-, С.Сэргэлбаатар нарын мэдүүлэг шинжээчийн болон аудитын дүгнэлт, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хохирогчид гараар бичиж болон нотариат орж гэрчлүүлсэн баталгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдохгүй байгаа, иргэд хоорондын зээлийн харилцаа байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болон хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь удаа дараагийн үйлдлээр хохирогчид итгэл төрүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан буюу залилах гэмт гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “...2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр авсан 30.000.000 төгрөг, 6 дугаар сард авсан 6.000.000, 2012 оны 4 дүгээр сард авсан 10.000.000 төгрөг буюу нийт 46.000.000 төгрөгийг Б-аас авсан. Т- холбоогүй, Б-д 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 33.118.000 төгрөг, Голомт банкны дансаар 15.100.000 төгрөгийг төлсөн” гэсэн мэдүүлэг нь:

Хохирогч Б.Т-ын: “...2011 оноы 4 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр 30.000.000 төгрөг хорооллын Номин их дэлгүүрийн гадна машинд өгсөн. Энэ мөнгийг манай дүү Б- А-т зуучилж авч өгсөн. Энэ мөнгөний оронд надад өөрийнхөө Хаусыг барьцаад тавьж авсан. 2011 оны 6 дугаар сард өмнө авсан 30.000.000 төгрөг дээрээ нэмээд 6.000.000 төгрөг Парадокс хавиас авсан. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй, миний барьцаа хангалттай юм чинь гэж А- надад хэлээд нэмж авсан. 2012 оны 4 дүгээр сард 10.000.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд урьд зээлсэн мөнгөтэйгээ нийлээд 46.000.000 төгрөг болсон. Энэ үед бид хоёр гэрээ хийсэн. Надад барьцаанд тавьсан байсан хаусных нь бичиг баримт манай дүү Б-д байсан чинь хаусныхаа бичиг баримтыг авъя, хаусаа зараад Т- өгчийн мөнгийг нь төлье гэж хэлээд бичиг баримтыг нь аваад зараад мөнгийг нь өөрөө хэрэглэсэн. Надад ямар нэгэн мөнгө төлөөгүй” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгчийн “2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10.000 ам.долларыг О- гэрээ хийж авсан. Би хамаагүй” гэх мэдүүлэг нь:

Хохирогч Б.Т-ын “2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр найз О-д 20.000 ам доллар зээлүүлээч гэж хэлээд зээлийн гэрээ би тэр О- гэдэг хүнтэй байгуулсан. Дараа нь О-аас мөнгөө нэхэхээр 10.000 ам долларыг нь А- авсан гэж хэлээд мөнгөө төлдөггүй” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгчийн “2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 12.000.000 төгрөгийг Сэргэлэнбаатар авсан. Сэргэлэнбаатар Ж-д төлсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь:

Хохирогч Б.Т-ын: “...2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөнгө зээлээч гээд 7 буудлын 32-ын тойргийн Голомт банкнаас 12.000.000 төгрөг бэлнээр аваад явсан” гэх мэдүүлгээр,

Гэрч С.С-ын: “...Хэзээ гэдгийг нь би санахгүй байна. Нэг удаа Т- эгч над руу залгаад “А- манай гэрт байна, чи хүрээд ир, та хоёрыг нүүрэлдүүлэх гэсэн юм” гэж хэлсний дагуу гэрт нь очсон чинь бөөн мөнгөний хэрүүл болсон байсан. Тухайн үед Т- эгч надаас “эгч нь мөнгөө авъя” гэсэн. Тэгэхээр нь би гайхсан. Тухайн үед А- өөрөө байсан. Тэгээд надтай очиж авсан мөнгөө өөрөө хэрэглэсэн гэж А- хүлээн зөвшөөрч байсан. Би тухайн үед нь “байдал биш болох юм байна гэж бодоод А-ийн надад өгсөн 100.000 төгрөгийг Т- эгчийн нүдэн дээр А-т өгсөн” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгчийн “2014 оны 7 дугаар сард 20.000 ам.долларыг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг нь:

Хохирогч Б.Т-ын: “...2014 оны 7 дугаар сарын сүүлээр А- над дээр ирээд О- дахиад 20.000 ам доллар зээлүүлээч гээд байна гэж хэлээд ямар ч гэрээ хийгээгүй манай гэрийн гаднаас буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Нархан хотхоны 65 дугаар байрны гаднаас аваад явсан. Тэгээд хөдөөнөөс ирээд гэрээ хийгээгүй. Түүнд итгэж байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-ын: “...Б.Т- нь А- болон А.Аланцэцэгтэй хамт явж байсан нэг эмэгтэйтэй уулзаад мөнгө өгөхөөр боллоо гээд Хан-Уул дүүргийн Нархан хотхонд гэртээ ороод хоёр боодол доллар авч гарч ирээд А-т өгсөн үг асуудлыг би харсан учир мэдэж байна” гэх мэдүүлгүүдээр,

Шүүгдэгчийн “2016 оны 11 дүгээр сард байр түрээсэлсэн 6.000.000 төгрөг, хаалга эвдсэн 260.000 төгрөг, нийт 6.260.000 төгрөгийг гэрээний дагуу Батхорлоод төлнө” гэх мэдүүлэг нь:

Хохирогч Б.Т-ын: “...2016 оны 11 дүгээр сард байрнаасаа хөөгдсөн, ахдаа зодуулсан гэж хэлээд танай охин байранд сарын 750.000 төгрөгөөр сууя, мөнгийг нь дараа нь өгье гэж хэлээд 10 сар суусан. Түрээсийн мөнгө гэж 1 ч төгрөг өгөөгүй. Энэ нь нийт 7.500.000 төгрөг болно” гэх мэдүүлгээр.

Шүүгдэгчийн “2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр авсан 1.000.000 төгрөгийг тухайн өдөр нь Ж-ын дансанд хийсэн” гэх мэдүүлэг нь:

Хохирогч Б.Т-ын: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А- надаас хоол унааны мөнгө алга байна гэж хэлээд 1.000.000 төгрөг гуйж авсан. Тэр үед хорооллын Номин дэлгүүрээс би түүний охин Бишрэлийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн хохирогчтой хийсэн гэрээнүүд болон баталгаа гэсэн баримтуудаар нотлогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий компанийг 45 сая төгрөгөөр зарах гэж байхад би авна гэхээр нь түүнд шилжүүлж өгөх гэсэн боловч аваагүй байж байгаад тусгай зөвшөөрөл нь дууссан, компаний бичиг баримт, тамга Б.Т-д байгаа тул уг мөнгийг хохирлоос хасуулна гэсэн мэдүүлэг нь “Аврум алт” ХХК нь одоог хүртэл шүүгдэгч А.А-ийн эзэмшилд байгаа болох талаарх улсын бүртгэлийн газрын тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна. Мөн уг компаний гэрчилгээ, тамга хохирогчид байгаа талаарх мэдүүлэг нь хэрэгт авагдсан ямар нэгэн баримтаар тогтоогдохгүй байна.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Харин хавтаст хэрэгт Ж.Э-г иргэний хариуцагчаар татсан тогтоолд өөр хүний нэрийг бичсэн, түүнчлэн, иргэний хариуцагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулаагүй зөвхөн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэсэн байх тул Ж.Э-г иргэний хариуцагчаар татсан тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоогоогүй байна гэж үзэв.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.А- нь хохирогч Б.Т-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнд итгэл төрүүлж, гэрээ байгуулах нэрээр бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч А.А-ийг их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хэрэгт авагдсан баримтууд болон хохирлын тооцоогоор хохирогч Б.Т-д нийт 267.592.640 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд төлсөн 74.939.000 төгрөг, шүүхийн шатанд төлсөн  3.000.000 төгрөгийн хохирол төлсөнд тооцож, үлдэгдэл 189.653.640 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.А-ээс гаргуулж хохирогч Б.Т-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгч нарын шүүгдэгчийн Б-д төлсөн гэх мөнгийг А-т төлөөгүй тул хохирол төлсөн дүнгээс хасуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй ба хавтаст хэрэгт авагдсан хохирлын тооцоог үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн, хохирогчийн өмгөөлөгч нар нь иргэний хариуцагч Ж.Э-д холбогдох 13.000 ам.долларыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогчийн Ж.Э-д зээлсэн 13.000 ам.долларыг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйлдэл гэж улсын яллагчаас яллах дүгнэлт дүгнээгүй тул түүнд хохирлыг хариуцуулах үндэслэлгүй байна.

Харин шүүх иргэний нэхэмжлэлийг уг хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжтой хэдий ч хэрэгт иргэний хариуцагчаар Ж.Э-г иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн байх тул шүүх энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирол төлөх талаар ажлын 5 хоногийн завсарлага авсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хурал шүүгдэгчийн эрүүл мэндийн  байдлаас шалтгаалж удаа дараа хойшилсон ба дээрх хугацаанд шүүгдэгч нь хохирол нөхөн төлөөгүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “6 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх”, хохирогчийн өмгөөлөгч “дээд хэмжээгээр хорих ял” оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “торгуулийн ял оногдуулж, хохирол төлөх боломж олгож өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч А.А- нь хохирогчид их хэмжээний хохирол учруулсан, уг хохирлыг төлж барагдуулаагүй байхад түүнд торгуулийн ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан торгуулийн ял оногдуулах саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч А.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзсан хохирогч түүний өмгөөлөгчийн санал, улсын яллагчийн оногдуулах хорих ялын саналаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.А-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А-ийг 4 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ээс 189.653.640 төгрөг гаргуулж хохирогч Б.Т-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР