| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00510/и |
| Дугаар | 503 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ57070133, Монголмууд овогт Бямбын Жамаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Жамаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. 60 настай. Би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 онд малчнаар ажилд орж, тасралтгүй мал маллаж байгаад 1991 онд нэгдэл тарахад хувийн аж ахуй эрхлэн одоо болтол мал маллаж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа учраас шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1990 оныг дуустал Пионер нэгдэлд ажиллаж байсан боловч 1990 оноос эхлэн ажилласан жилээ нөхөн тооцуулсан. Иймд тухайн үед тус нэгдэлд надтай хамт ажиллаж байсан Б.Долгор, Ц.Нацагдорж нарыг гэрчээр асууж, миний 1981 оноос 1989 оныг дуусталх хугацаанд Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Жамаа нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Бямбын Жамаагийн 1982 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас Д.Жамаад олгосон хөдөлмөрийн дэвтэрт: Түүний 1981 оноос 1990 оныг дуустал ажилласан хоног, авсан цалин хөлс бичигджээ.
Мөн нэхэмжлэгч Д.Жамаад 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 85 дугаар малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Долгор, Ц.Нацагдорж нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Долгор Миний бие 1981 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Жамаа нь аав ээжийн хамт бага наснаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд 1981 оноос Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Тухайн үед Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Доржсүрэн, Орших гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ц.Нацагдорж Миний бие 1984 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажилд орох үед Б.Жамаа нь Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Тэр үеэс эхлэн бид нар Пионер нэгдэлд мал маллах болсон ба Б.Жамаа нь Пионер нэгдэлд 1989 оныг дуустал малчнаар ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Жамаад 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр олгосон 85 дугаар малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар нь 1981-1989 онуудад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай хамааралгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Хэдийгээр Д.Жамаагийн 1981 он болон бусад онуудын зарим саруудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй хэдий ч нэхэмжлэгч нь 1981 он болон цалин бичигдээгүй саруудад Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтэрээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Жамаа нь 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн захиргаанаас түүнд олгосон хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Долгор, Ц.Нацагдорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Жамаагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 9 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Монголмууд овогт Бямбын Жамаагийн 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 9 /ес/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Жамаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ