| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2022/0204/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/267 |
| Огноо | 2022-04-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/267
2022 4 11 2022/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн
улсын яллагч Б.Билгүүн
шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч А.Будханд, Б.Оюунчимэг
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Цолмон,
гэрч М.А-,
шинжээч З.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *******-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005019931156 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч *******- нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-д борлуулагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд 1.447.767 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 24.482.589 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан орлого зэргийг хувьдаа завшиж, нийт 25.930.356 хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Миний тооцоогоор бол 19.690.706 төгрөгийн зөрүү байгаа. Үүнээс би 5.271.325 төгрөгийг хохирогч “*******” ХХК-д төлөх ёстой юм. Эдийн засгийн шинжилгээ хийсэн баримтууд нь миний гарын үсэггүй, бичлэгт байхгүй баримтууд орсон байгаа. Би “*******” ХХК-нд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр борлуулалт, түгээлтийн ажилд томилогдсон. Борлуулалт хийсэн мөнгөө бэлнээр авч харилцах дансаар тушаадаг байсан. Зарлагын баримтаар хүлээж авсан хүний гарын үсэггүй, камерийн бичлэгт байхгүй баримтууд орсон байгаа. Сард ийм хэмжээний бараа борлуулах ёстой гэсэн лимит гаргасан байдаг. Тэр лимитийг давуулахгүй бол урамшуулал олгохгүй. Тухайн лимитийг давуулбал урамшуулал олгогддог. Урамшуулал авахын тулд харилцагч байгууллагаас аваагүй байгаа мөнгөө өөрөөсөө гаргаж байсан.” гэсэн мэдүүлэг,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Би энэ байгууллагын дэд захирлын албан тушаалтай. Манай байгууллага 4 борлуулагчтай. Түүний нэг нь *******- байсан. Борлуулагч нар байгууллагаас бараа бүтээгдэхүүн хүлээж аваад цааш нь эмнэлэг, эмийн сангуудад бараагаа нийлүүлдэг. Бараагаа бэлэн мөнгө болон зээлээр хүлээж авдаг байсан. Авсан мөнгөө компанийн дансанд дараа сарын эхээр тушаадаг. Тушаасан мөнгөнөөсөө борлуулалтын урамшуулал авдаг байсан. Дандаа гар падаанаар явж байсан. Сүүлд 02 дугаар сарын 01-ний өдрөөс санхүүгийн программд шинэчлэлт хийж борлуулагч нарын гар утсанд аппликейшн суулгаж өгсөн. Энэ аппликейшн нь хаана ямар газарт хэдэн төгрөгийн бараа өгч байгаагаа утсан дээрээ хянах боломжтой болж эхэлсэн. Гар утасны аппликейшн нь шууд санхүүгийн программ юм. Энэ нь харилцагчид ямар бараа бүтээгдэхүүн зарсан бэ гэдгийг хянах боломжтой болсон юм. Санхүүгийн программд автоматаар мэдээлэл нь ирдэг. Өөрсдөө ч мөн адил тооцоогоо хараад явах боломжтой болсон. *******- бараа бүтээгдэхүүн аваагүй, зарлагын падаанд гарын үсэг байхгүй гэж байна. Утаснаасаа санхүүгийн программд шивж байсан нь тулж байгаа гэсэн үг. 3 дугаар сарын сүүлээр *******- ажлаасаа гарах талаар надад хэлээгүй. Манай охин компанид борлуулагчаар ажиллаж байгаад больсон. Би ажлаасаа гарахгүй. Билиг корпус дээр ажиллаад явъя гэж байснаа тэр чигээрээ алга болсон. Ажлаас гарна гэвэл цалинг нь царцааж байгаад тооцоо дууссаны дараа цалинг өгөх ёстой. Ямар ч өр төлбөргүй байгаа тохиолдолд урамшуулал олгодог. Гэтэл би ажлаасаа гарахгүй. Бараа бүтээгдэхүүнээ хүлээлгээд өгье. Цаашид Билиг корпус дээр ажиллана гэж байгаад тооцоогоо бодолгүй цалингаа аваад явсан. Тэрнээс хойш дахиж ирээгүй гэв. Санхүүгийн мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг ерөнхий нягтлан хянаад авлагаас нь хасаад явах үүрэгтэй. *******-гийн нэр дээр зарлагын падаан гаргаж гарын үсэг зурж хүлээлцэж өгдөг. Санхүүгийн баримтууд дундаас *******-гийн хүлээж авсан падаан алга болсон. Алга болсныг сүүлд нь мэдсэн. Бас гарын үсэггүй падаанууд байсан. Тэр нь *******- гадуур явж байхдаа яаралтай бараа гаргуулъя гэж нярав руу утсаар яриад авсан байдаг. *******-г маргааш нөгөөдөр нь ирээд гарын үсэг зурах байх гээд итгээд өгч явуулсан. Сар бүр манайх бүх цэгүүдтэй тооллого хийдэг. Зөвхөн *******-тэй холбоотой нийт 13 ширхэг падаан алга болсон байгаа юм. *******- 19.000.000 төгрөг тушаах ёсгүй гэж маргаж байгаа нь энэ 13 баримтад тулгуурлаж ярьж байгаа байх. Мэдээж хүлээлцсэн баримт байхгүй учраас. Мөрдөн байцаалтын явцад аудитын шинжилгээ болон санхүүгийн шинжилгээ хийхэд гар утасны аппликейшнаар хөөж хаана ямар газар хэдэн төгрөгийн бараа өгснийг олж тогтоосон. *******- 19.000.000 төгрөгийн бараа аваагүй бол тухайн газарт ийм хэмжээний бараа зарсан гэж санхүүгийн баримтад шивэх боломж байхгүй. Тооцоо нийлсэн акт үйлдэхэд харилцагч байгууллагууд *******-гээс бараа авсан. Мөнгийг нь шилжүүлсэн дансны хуулга болон бэлэн мөнгөний гарын үсэгтэй баримт байгаа. Хэрэв *******- 19.000.000 төгрөгийн бараа аваагүй бол харилцагч нарт ямар бараа зарах вэ. Хохиролд 25.000.000 төгрөг гэж байсан. Харилцагч байгууллагууд *******-д мөнгөө өгөөгүй байсан. Бид 2.000.000 гаруй төгрөгийг өөрсдөө олж авсан. Тэр дүн хасагдана. Мөн миний бие 370 дугаартай баримтын талаар сайн санаж байна. Гадуур явж байгаад яаралтай бараа гаргаад өгөөч гээд утсаар яриад авдаг. Хамт ажилладаг учир итгэлцлээр бараа бүтээгдэхүүнээ өгч явуулаад маргааш нь гарын үсэг зуруулна гээд мартсан эсхүл мартуулсан байх гэж бодож байна. Падаан болгон дээр гарын үсэг огт зурдаггүй биш. *******- бараа авахдаа гарын үсэг зурах ёстой. Бүх зүйл программд байгаа ч гэсэн анхан шатны баримтууд бүгд давхар явагдаж байх ёстой. Манай байгууллага *******-д холбогдох энэ үйл явдлаас хойш борлуулагчийн дөрвөн албан тушаалын орон тоог хассан байгаа. *******-гийн энэ үйлдлээс борлуулагч өөрийнхөө албан тушаалыг ашиглаад бараа материал эд хөрөнгө завших боломжтой юм байна гэж үзсэн. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан үнийн дүнд маргах зүйл байхгүй. Аудитын дүгнэлт гаргуулахад зарцуулсан 3.850.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. 25.930.356 төгрөг дээр 3.850.000 төгрөгийг нэмээд нийт 29.780.356 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт “Манай байгууллагад *******- мөнгөн хөрөнгөөр 23.000.000 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Нийт 24.000.000 төгрөгийн төлбөр байгаа. Аудитын үнэлгээ гаргуулсан төлбөр нь дээрх үнийн дүнд ороогүй. Мөн манай байгууллага бүх ажилчидтайгаа эд хариуцлагын гэрээ байгуулаад сар бүрийн үндсэн цалингаас нь 20.000 төгрөг татдаг. *******- тооцоотой, өр төлбөртэй гэдэг асуудлаас болж суутгагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь байгууллага эрсдэлээ тооцож тухайн мөнгийг хурааж авдаг. Борлуулагч нар борлуулалтын системд өр төлбөртэй эсэхээс үл хамаараад тухайн сард авчирч тушаасан үнийн дүн борлуулалтын суурь үнийн дүнд хүрч байвал урамшуулал олгогддог. Тооцооны үлдэгдлээс хамаардаггүй. Өр төлбөртэй эсэхээс үл хамаараад тухайн борлуулагч хэдэн төгрөгийн орлого барагдуулсан болон орлого тушаасан дүн нь компанийн борлуулалтын урамшуулал тооцож байгаа системийн суурь үнэлгээнд хүрч байвал урамшууллын тооцоог олгодог. Борлуулалтыг зогсоох боломжгүй. Үлдэгдэл байгаа боловч борлуулалт нь циклээр явж байгаа учир аль нэг газрыг нь зогсоох боломжгүй. Манай байгууллага тухайн үед дөрвөн борлуулагчтай байсан. Борлуулалтын урамшуулал олгох систем тусад нь баталсан. Тухайн системийн дагуу борлуулалтын урамшуулал олгогддог байсан. *******-д 3 дугаар сард борлуулалтын урамшуулал олгогдоогүй. 4 дүгээр сард харилцагч нартайгаа уулзаад, тооцоо нийлээд нягтлантайгаа тооцоогоо хийж дуусгасны дараа борлуулалтын урамшуулал олгогдох ёстой байсан. Гэтэл *******- ирээгүй. Удаа дараа дуудсан боловч ирээгүй. Шинжээчийн дүгнэлтэд 1.000.000 төгрөг, 160.000 төгрөгийн баримтууд нь хавсаргагдсан байгаа. 160.000 төгрөгийн баримтад өөрөө гарын үсэг зурсан байсан. Нөгөө албан байгууллагын тамга байхгүй байсан. Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр харилцагч байгууллагаас төлбөр орж ирсэн. Хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэж байхад тулган баталгаажуулалт хийж байсан. Харилцагч байгууллагууд *******-д мөнгийг өгсөн гэдгээ хэлж байсан. Өр төлбөртэй харилцагчаас төлбөр хийгдсэн байгаа. Дүгнэлт гарснаас хойш 1.447.762 төгрөг орж ирээгүй. Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш 968.297 төгрөг манай байгууллагын дансаар төлөгдсөн. 968.297 төгрөгийн төлбөрөөс өөр төгрөг манай дансанд ороогүй. 968.297 төгрөг *******-гийн харилцагч нараас орж ирсэн. *******-гийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өр төлбөртэй гэдэг баримт шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа. 2020 оны 02 дугаар сард *******-д бараа хүлээлгэж өгсөн баримт нь компаниас алдагдсан байгаа. Тухайн үед ямар бараа авч байсан эсэхийг нь камерын бичлэгээр баталгаажуулсан. Тухайн хүн хэдэн цагт ямар бараа хүлээж авч байгаа нь камерын бичлэгт байдаг. 2020 оны 8 дугаар сард хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулсан. Хөндлөнгийн аудитын дүгнэлт *******-д холбогдох бүх анхан шатны баримт, тайлан баланст хийгдсэн байгаа. *******-тэй харилцаж байгаа компаниудтай тулган баталгаажуулалт хийгдсэн. Тухайн үед *******-гээс авсан бараа болон барааны төлбөрийг хэний ямар дансаар шилжүүлсэн талаар баримтаа гаргаж өгч байсан. Тулган баталгаажуулалтын захидалд тусгагдсан байгаа. *******-гийн харилцаж байсан байгууллагын хүрээнд тулган баталгаажуулалт хийгдсэн. *******- өөрөө харилцагчдадаа падаанаа бичиж өгдөг. 1.723.000 төгрөгийн бараа өгсөн гэж падаан бичсэн байгаа боловч зарим газрууд бараа аваагүй гэдгээ нотолсон. *******-гийн 2020 оны 02 дугаар сарын баримтууд алга болсон.” гэсэн мэдүүлэг,
Эдийн засгийн шинжээч З.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “Ч.Доржсүрэн гэх хүний Хаан банкны ************ тоот дансаар 5.841.987 төгрөг дүгнэлтэд орсон байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 08-ны хоорондох хугацаанд орсон мөнгө байгаа. Сүүлд нэмэлт шинжилгээгээр баримтууд ирэхэд тэр дунд 1.000.000 төгрөгийн баримт ирсэн. Үүнийг дүгнэлтийн хавсралт 2-ын 39 дүгээр мөрт харуулсан байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар шинжилгээ хийлгэхэд эрх бүхий байгууллагын акт үйлддэг. Тухайн баримтад үндэслэж шинжилгээ хийдэг. Энэ баримтууд шинжилгээнд хамрагдаагүй учир баримтыг шинжилгээнд оруулах эрх надад байхгүй. Байгууллагын нягтлан надад мэдээлэл өгсөн. 1.000.000 төгрөгийн баримт манай байгууллагын баримт биш хуурамч гэж байсан. Манай данс барьдаг хүний тамга нь нягтлан бодогч гэдэг тамгатай байдаг. Үйлчилгээнийхэн санхүүгийн тамгатай байдаг гэж хэлж байсан. Бүх баримтуудыг нь тулгаад үзэхээр кассын баримтууд нь нягтлан бодогч гэсэн тамгатай байсан. Энэ баримт нь ганцаараа санхүүгийн тамгатай байсан учир эргэлзээ төрүүлсэн учир оруулаагүй. Мөн гарын үсэгт эргэлзээ төрсөн. Өмнө нь Үдэлмаа гэх хүн гарын үсэг зурсан байсан. Энэ баримтад Мягмарсүрэн гэх хүн гарын үсэг зурсан. Энэ баримт нь надад *******-гээс ирсэн. Байгууллагаас баримт ирэхдээ гарын үсэг зураагүй байсан. Нэмэлтээр баримт ирэхэд гарын үсэг зурагдсан байсан. Байгууллага үүнийг шүүх хурал болж байхад 1.000.000 төгрөгийн баримт *******- гаргаж өгөхөөр нь манай хүн зургийг нь дарсан гэж тайлбарласан. Тэр баримтад гарын үсэг байхгүй байхад 6 сарын дараа нэмэлт шинжилгээ хийлгэхээр ирэхэд гарын үсэггүй байсан баримт гарын үсэгтэй болоод ирсэн. Иймд энэ баримтыг шинжилгээний дүгнэлтэд оруулаагүй. 1.000.000 төгрөг 2020 онд 01 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банкаар орсон мөнгө байсан. 30 дугаар хуудсанд 01 дүгээр сарын 20-ны өдөр, гүйлгээний утга дээр нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэсэн гүйлгээний борлуулалтын орлого 01 дүгээр сарын 21-ний өдөр төлөгдсөн байна. Кассаар гарсан учир энэ баримт дүгнэлтэд орсон. Барааны дутагдал нь 1.447.767 төгрөг, борлуулсан бараанаас тушаагаагүй мөнгө нь 24.482.589.13 төгрөгийн өр төлбөртэй нийлээд 25.930.356.13 төгрөг гэсэн дүгнэлт гарсан. Аудитын дүгнэлт гаргуулах төлбөр төлсөн гэх 3.850.000 төгрөгийг мэдэхгүй байна. Барааны дутагдал нь тусдаа гарч ирж байгаа. Борлуулаад борлуулсан мөнгөө төлөөгүй учир мөнгөний дутагдал тусдаа гарч ирсэн. Энэ хоёрын дүн нийлээд 1.447.767 төгрөгийн барааны дутагдал, 24.482.589 төгрөг нь тушаагаагүй орлогын мөнгөний дутагдал гэж гарсан. Үүнээс хойш байгууллагын дансанд орсон мөнгө дүгнэлтэд орохгүй. Төлөх ёстой өр төлбөрөөс нь хасагдах ёстой. 62, 404, 623, 19 гэсэн зургаан баримтад хүлээлгэж өгсөн хүний гарын үсэг байгаа. Байгууллагын өөрийнх нь албан ёсны баримт. Хүлээн авсан *******-гийн гарын үсэг байхгүй байгаа ч гэсэн шинжээчийн дүгнэлтэд орсон. Эдний байгууллага өөрсдөө борлуулалтын программ ашигладаг. Тэр борлуулалтыг *******- өөрөө шивдэг. Бараа хүлээж аваагүй бол борлуулалт хийх үндэслэлгүй. 14.411.137.50 төгрөг орж ирсэн байгаа. Баримтад *******- гарын үсэг зураагүй ч гэсэн 19.690.706 төгрөгийн бараа хүлээж авсан байх үндэслэлтэй. Мөнгө нь орж ирсэн. *******- энэ барааг борлуулсан гэж өөрөө шивсэн байсан. Инфо систем гэх нэртэй борлуулалтын программыг энэ компани ашигладаг юм байна лээ. Борлуулагч өөрийн нууц үгээр нэвтэрч ороод шивэх эрхтэй. Өөр хүн нэвтрэх боломжгүй. *******- гарын үсэг зурж хүлээж аваагүй, баримтууд нь байхгүй байгаа хэдий ч борлуулсан гэж шивсэн байдаг. Дүгнэлтэд 390.000 төгрөг орсон байгаа. 01 дүгээр сарын 27-ны өдөр 464,900 төгрөг, 875.100 төгрөг орж ирсэн. Нийлбэр дүн нь 1.340.000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирэхдээ хоёр тусдаа орж ирж байгаа боловч бараа авсан үнийн дүнгээрээ 390.000 төгрөг, 950.000 төгрөг гэж хоёр салж орсон. Дүгнэлт-3 хавсралт-2-ын 20 дахь мөрт энэ талаар тодорхой бичсэн байгаа. Байгууллага хэдэн сарын хэднээр тасалбар болгодгийг би сайн мэдэхгүй байна. Ер нь бол санхүүгийн жил 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр байдаг. Санхүүгийн анхан шатны баримтад он сар тавьж явдаг. Шинжилгээний объектод он сар тодорхой байх ёстой. Тэр он сарыг харж тавьсан. 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш орж ирсэн мөнгийг 2019 онд оруулсан гэж байна. Гүйлгээний утга дээр нь тайлбар байсан учир 2019 онд оруулсан. 2019 оны жилийн эцсийн санхүүгийн баталгаажилтын тайлангаараа *******- болон түүний харилцдаг компаниудаас 13.405.000 төгрөгийн авлагатай байсан. Гүйлгээний утга дээр нь тодорхой бичигдсэн байдаг. 2019 онд төлөөгүй байсан мөнгө байна гэж үзэж 2019 он руу оруулсан. Өмнөх оны орлого биш. Санхүү тайлангаар үлдэгдэлтэй гэж гарч ирж байгаа бол гүйлгээний утга дээр нь 2019 он гэж байгаа учир тэр ондоо оруулж тооцно. Нийт эд хөрөнгийн дутагдал 1.445.766 төрөг, кассад тушаагаагүй мөнгө 24.482.589 төгрөг, нийт 25.930.366 төгрөг. Дээр нь аудитын дүгнэлт гаргасан 3.850.000 төгрөг нэмээд нийт 29.780.356 төгрөг. Гурван баримтын хүрээнд 19.690.706 төгрөг байгаа. Маргаантай зургаан баримтыг тус бүрд нь дурдахад 1.723.425 төгрөг, 4.921.026 төгрөг, 4.347.212 төгрөг, 5.142.894 төгрөг, 1.250.000 төгрөг, 2.306.100 төгрөгийн баримтууд байна. Эдгээр баримтуудын нийлбэр дүн нь 21.348.706 төгрөг болж байна.” гэсэн мэдүүлэг,
Хоёр. Эрүүгийн 2005019931156 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “Манай байгууллага эм эмийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж долоон салбар нэг бөөний төвөөр дамжуулан харилцагч аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт бөөний үнээр болон ширхгийн үнээр зарж борлуулдаг юм. Манай байгууллагад *******- нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр борлуулалтын туслах ажилтнаар ажилд томилогдож ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс борлуулалтын ажилтнаар ажиллан бие дааж бараа болон бэлэн мөнгөтэй харьцаж борлуулалт хийх болсон. *******- нь 2020 оны 01 дүгээр сар хүртэл борлуулалтаа ямар нэгэн алдаа дутагдалгүй сайн хийж байсан. Оны шилдэг ажилтнаар шалгарч ажиллаж байсан. Манай байгууллага борлуулалтын ажилтанд зориулсан ямар нэгэн программ байхгүй бүх бараа бүтээгдэхүүнийг цаасан падаан баримтаар хүлээн авч цааш нь борлуулахдаа гар цаасан баримт бичиж үлдээж нэг хувийн нь өөртөө авч борлуулалт хийдэг байсан. Байнгын худалдан авагч харилцагч байгууллага аж ахуйн нэгж болон иргэнд зээлээр өгч баримт үйлдэж бараа өгснөөс хойш дараа сарынхаа 10-ны дотор шахаж төлбөр тооцоогоо авч манай байгууллагад тушаадаг байсан юм. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс манай байгууллага борлуулагч нарт зориулсан утсан дээр суулгадаг программ ажиллуулж эхэлсэн. Тухайн үеэс *******-гийн борлуулалт багсаад ирсэн. Яагаад борлуулалт багсаад байгаа талаар *******-гээс асуухад *******- нь харилцагч байгууллагууд зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг өгөхгүй удаагаад байна гэсэн тайлбарыг өгдөг болсон. *******- нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр *******- үлдэгдэл бараагаа тооллогоор хүлээж авахад дутагдал нь 1.447.766 төгрөгийн зөрүүтэй өр төлбөртэй гарсан. Тэрнээс хойш ажилдаа ирэхгүй ажлаа хаяж явах болсон янз бүрийн шалтаг шалтгаан хэлэх болсон. *******- нь эмнэлэгт хэвтэж байна бие өвдөөд байна гэх шалтгаануудыг хэлэх болсон. Тэгээд *******-гээс тооцоо зээлүүдээ шахаарай гэж хэлэхэд *******- нь за тэгнээ энэ сарын 25-ны дотор тооцоогоо дуусгана гэж хэлсэн. Эмнэлгээс гарахаараа очно гэдэг байсан. Тэрнээс хойш утсаа ч авахгүй ажилдаа ч ирэхгүй болохоор нь сураг ажиг тавьж хайсаар *******-гийн байгаа газар очиход *******- нь 7 буудлын эцэст архи ус ундаа бөөний төв ажиллуулж байсан. Яагаад ажилдаа ирэхгүй, төлбөр тооцоогоо дуусгахгүй байгаа талаар ярихад *******- нь манай нөхөр хөдөө ажилтай болоод нөхрийнхөө оронд энэ бөөний төвд ажиллах болсон болохоор ажилдаа очиж чадахгүй байгаа юм гэх шалтаг хэлсэн. *******-д та яг хэдэн ажил дээрээ очиж төлбөр тооцоогоо дуусгах талаар ярихад энэ сарын 29-ний өдөр очиж төлбөр тооцоогоо дуусгана гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болсон *******- нь ажил дээрээ ирээгүй учраас захирал Т.Байгальд хэлэхэд шүүх цагдаад хандана гэж хэлээд цагдаад хандсан юм. Бараа бүтээгдэхүүнээ борлуулаад борлуулалтын мөнгийг Байгаль захирлын нөхөр болох Доржсүрэн гэх хүний данс руу болон борлуулагч нар өөрийн дансаар болон бэлэн мөнгөөр авах эрхтэй. Борлуулалтын мөнгөө авч байгууллагад тушааж байвал яаж авах нь хамаагүй байсан юм. *******-тэй 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр борлуулалтын туслах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ байгуулж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс байгууллагын даргын Б/88 дугаартай тушаалаар борлуулалтын ажилтнаар томилж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр борлуулагчаар ажиллуулах гэрээг хугацаагүйгээр хийж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 018 тоот хөдөлмөрийн гэрээг “*******” ХХК-ний ерөнхий захиралтай гэрээ байгуулсан. *******- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд нийт 54.493.000 төгрөгийн эм бараа бүтээгдэхүүн хүлээн авч борлуулалт хийсэн гэж бүртгүүлснээс 30.010.000 төгрөгийн орлого тушаасан. Түүнээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлээс 27.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үлдсэн. Тооллогоор хүлээж авсан барааны дутагдал 1.447.000 төгрөгийн дутагдал гаргасан байсан. Манай байгууллага харилцагч байгууллага аж ахуйн нэг хийт 46 харилцагчаар орж тооцоо нийлэхэд *******-д бараа бүтээгдэхүүний мөнгөө өгөөгүй нийт 300.000 төгрөгийг олж авсан. Бас манай байгууллагын Доржсүрэн гэсэн дансанд шилжүүлж хийсэн байсан 2.526.000 төгрөгийг тооцоо нийлж олж авсан. Үнээс үлдэгдэл Нийт 23.621.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүн дээр хөндлөнгийн Аудит хийсэн төлбөр болох 4.000.000 төгрөгөөр хийлгэсэн. Бас хуулийн туслалцаа өмгөөлөгч авсан 2.000.000 төгрөг байгаа. Нийт 29.621.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Бас *******- нь байгууллагын бараа бүтээгдэхүүнийг дутааж хувьдаа завшсан үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх шаардлагатай байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал)
2. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: “Анх 2020 оны 4 дүгээр сард *******- ажлаас гараад манайх *******-г цагдаад өгөхөд нийтдээ 26.020.339 төгрөгийн дутагдал гарсан юм. Тэгээд тэрнээс зарим хүмүүс нь *******-д мөнгөө өгөөгүй байсан болохоор тэр хүмүүстэй холбогдож мөнгөө бид нар өөрсдөө аваад 24.962.032 төгрөгийн үлдэгдэл өр үлдсэн. Бид нар Шүүх шинжилгээгээр дүгнэлт гаргуулахад 24.482.599 төгрөгийн өр 1.447.767 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан нь манай тооцоотой нийлж байгаа юм. Учир нь гэвэл Шүүх шинжилгээгээр эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргуулсны дараагаар манай харилцагчаас 968,334 төгрөгийн төлбөрөө төлсөн учраас *******-гийн төлөх ёстой байсан төлбөрөөс хасагдаад үлдсэн үнийн дүн таарч байгаа. Манайх *******-гийн гаргасан дутагдал дээр аудитын дүгнэлт гаргуулсан 3.500.000 төгрөгийг нэмээд 29.621.000 төгрөг анх нэхэмжилсэн юм. Одоо *******- манайд тушаагаагүй орлого 23.514.265 төгрөг харин дутагдал бараа 1.447.767 төгрөг хэвээрээ байгаа юм. Бид нар аудит болон Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй санал нийлж байгаа. Үүнээс хүмүүсийн өгсөн өр төлбөрийг хасаад 23.514.265 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал)
3. Гэрч Н.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл 8 сарын турш барааны нярваар ажиллаж байсан. Намайг ажилд ороход *******- борлуулагчаар ажиллаж байсан юм. Тэгээд 2020 оны 4 дүгээр сард “Пламо” ХХК бараа бүтээгдэхүүнээ татаж тооцоогоо цэгцлэхэд *******- бараа материалаа өгөөд би ажлаасаа гарлаа гээд ажиллаасаа гарсан. Хамгийн сүүлд *******- 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа өгөх гэж байна гэж надад үлдэгдэл бараагаа тоолж өгөөд явсан. Тухайн үед яг хичнээн төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байсныг би сайн санахгүй байна. *******-гээс бараа материал хүлээж авахдаа би бараа материал тоолж хүлээж авсан баримтан дээр гарын үсэг зуруулаад баримдаа компанид өгсөн байгаа. Өмнө нь тооцоо нийлдэг байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. *******- 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр надад ганц удаа бараа материал хүлээлгэж өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 31-ний бараа материал авсан асуудал байхгүй, сарын сүүлийн өдрүүдэд бид нарт бараа материал авах зав ч байдаггүй, сарын сүүлийн тооллогоо хийдэг байсан юм. Би нэг удаа 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр *******-гээс бараа материалын үлдэгдлийг нь хүлээж аваад хүлээлцсэн баримт үйлдсэн байгаа. Баримтыг гаргаж өгье.”гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал)
4. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “*******- бараа материал авч яваад бараагаа зарсныхаа дараа дансаар авахдаа байгууллагын данс руу тооцоо хийх ёстой харин бэлэн тооцоогоо касс хариуцсан ажилтан Үдэлмаад тушаах ёстой байдаг. Гэвч *******- байгууллагуудаас өөрийн данс руу борлуулалтын мөнгөө авчхаад байгууллагын данс руу сүүлийн 2 сарын тооцоог хийгээгүй байсан. Манайх өмнөх сард авсан барааныхаа тооцоог дараа сарын 10-ны өдрийн дотор борлуулагч нар дуусгах ёстой байдаг. Гэхдээ *******- 2 сараас хойш тооцооны үлдэгдэлтэй яваад байсан болохоор урамшуулал олгогдоогүй. Харин манай байгууллага борлуулалтаас үл хамааран үндсэн цалинг нь сар бүрийн 15-нд урьдчилгаа сарын сүүлийн өдөр сүүлийн цалин хэвийн олгодог байсан. *******- хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын цалинг бүрэн авсан байгаа. Үдэлмаа манай байгууллагад 2014 оноос хойш бэлэн мөнгөний кассаар ажиллаж байгаа. Үдэлмаа борлуулагч нараас борлуулалтын бэлэн төвлөрүүлсэн орлогыг хүлээн аваад “Кассын орлогын ордер” гэсэн баримтыг үйлдэж нэгийг нь борлуулагчдаа өгөөд нөгөө хувийг нь гарын үсэг зуруулаад авч үлддэг байсан. Манай байгууллагаас *******-гийн сүүлийн нэг сарын цалинг олгосон байгаа. *******-тэй холбоотой цалингийн асуудал байхгүй. *******- цалингаа өөрийнхөө Голомт банкны ********** дугаарын дансаар авдаг байсан. Манай байгууллага хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгө хариуцлагын гэрээнд заасны сар бүрийн цалингаас 20,000 төгрөг авч эрсдэлийн сан бүрдүүлдэг. Хэрэв тухайн ажилчин ажлаас гарсан тохиолдолд бүх хариуцаж байсан эд хөрөнгөө бүрэн хүлээлгэн өгөөд төлбөр тооцоо нийлсэн тохиолдолд буцаан олгогдох нөхцөл үүсдэг. ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал)
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай “"Фитакон аудит” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/19 дугаартай аудитын тайлан гаргасан байна. Тус аудитын тайланд: *******- нийт 66.354.7 мянган төгрөгийн эм бараа материал авснаас борлуулаагүй үлдсэн эм барааны 8.761.6 мянга, борлуулалтын хөнгөлөлт 3.311.8 мянга, Туушинсав, Угз эмийн сангуудад борлуулсан эм бараанаас зарлагын баримтад дутуу, үлдэгдэл илүү бүртгэснээс 200.1 мянган төгрөгийн зөрүүг тооцсоноор нийт 54,481.4 мянган төгрөгийн эм бараа борлуулахаар байна. Тулган баталгаажуулалтаар эм бараа аваагүй, төлбөр төлсөн, авлагын үлдэгдэл хүлээн зөвшөөрсөн зэрэг нийт 30.214.3 мянган төгрөгийн тооцооны баталгааг харилцагч байгууллагуудаас ирүүлсэн бөгөөд үүнээс 5.734.9 мянган төгрөгийг *******- “*******” ХХК-ийн кассад бэлнээр тушааж, 2.305.9 мянган төгрөгийн авлагын үлдэгдлийг тухайн байгууллагууд хүлээн зөвшөөрч, 22,173.5 мянган төгрөгийг дутуу төвлөрүүлсэн байна. Тайланд хугацаанд *******-гийн борлуулаагүй үлдсэн 8.961.7 мянган төгрөгийн “Бараа материалын үлдэгдэл /худалдах үнээр/ баримтад гарын үсэг зурсан боловч *******-гээс бөөний төвд бичигдсэн 7,313.8 мянган төгрөгийн баримтад хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй байна. дээрх 2 баримтын зөрүү 1,447.8 мянган төгрөгийг тооллогоорх дутагдал гэж гаргасан нь тооцоо бодсон актаар баталгаажуулаагүй байна гэж тусгасан байна. Шинжилгээг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас шинжилгээнд ШО-1-р ирүүлсэн тогтоолын хамт хавтаст хэрэг 1 /нэг хавтас/, баримт 220 хуудас /хоёр зуун хорин хуудас/ зэрэг баримт материалыг үндэслэн хийсэн.
Дүгнэлтээр: “Фитакон аудит” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/92 дугаартай аудитын дүгнэлт нь шинжилгээнд ирүүлсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын хүрээнд бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь тайлант хугацаанд *******-гийн борлуулаагүй үлдсэн 8.961.677 төгрөгийн бараа материалыг анхан шатны шаардлага хангаж байна гэж үзэж байна. Харилцагч байгууллагуудын тооцооны үлдэгдлийн тулган баталгаажуулалтыг 31.163.564 төгрөгөөр хийсэн учир тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Фитакон аудит” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн аудитын дүгнэлт нь анхан шатны баримтыг үндэслэн мөнгөн хөрөнгө болон бараа материалын тооцоог шалгаж авлагын үлдэгдэл буюу төлөгдөөгүй төлбөр, бараа материалын тооллогын актыг үндэслэн бараа материалын дутагдлыг тус тус тооцсон. Хүлээн авсан бараа, шинжилгээгээр ирүүлсэн баримтын хүрээнд “*******” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан *******-гийн 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нийт 75.322.057 төгрөгийн бараа авснаас 8.744.004.87 төгрөгийн хөнгөлөлт хасаж тооцон 66.578.052.13 төгрөгийн барааг борлуулахаар хүлээн авсан байна. *******-гийн хүлээн авсан (бөөний төвөөс ачуулсан) барааны дэлгэрэнгүйг хавсралтаар харуулав. Борлуулсан бараа: Компани бараа материалын борлуулалтыг бөөний нэг данс /150101/-аар бүртгэдэг байснаа 2020 оны 02 дугаар сараас онлайн захиалгын программыг нэвтрүүлснээр *******-гийн борлуулалтыг 150111 дансаар хөтөлдөг болсон. *******-тэй холбоотой 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуусах хугацааны борлуулалтыг 150101 тоот дансанд 21.147.263.78 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ныг дуусталх борлуулалтыг онлайн захиалгын программын 150111 тоот дансанд 33.346.156.70 төгрөг, нийт 54.493.420.48 төгрөгийн борлуулалтыг бүртгэсэн байна. Шинжилгээгээр *******- нь ажиллах хугацаандаа 66,578,052.13 төгрөгийн бараа борлуулахаар хүлээн авснаас борлуулагчийн хөнгөлөлт 3,311,855.30 төгрөг, барааны үнийн бууралтын 11,200 төгрөг, борлуулаагүй буцаасан бараа /хүлээлгэн өгсөн бараа/ 7.313.810.20 төгрөгийг тус тус хасаж борлуулбал зохих барааны үлдэгдэл 55.941.186.63 төгрөг байна. “*******” ХХК онлайн захиалгын программд борлуулалтын орлогыг 54.493.419.63 төгрөгөөр бүртгэсэн байна. Зөрүү 1.447.767 төгрөг нь дутагдсан барааны үнэ байна. Орлого тушаах: Шинжилгээгээр *******- 54.493.419.63 төгрөгийн борлуулбал зохих барааны 55.941.186.63 төгрөгөөс 23.386.853.5 төгрөгийг кассад бэлнээр, 6,623,967 төгрөгийг харилцах данс руу шилжүүлсэн байна. Нийт 30.010.820.5 төгрөгийг тушааж, 25,930,366.13 төгрөгийг тушаагаагүй үлдэгдэлтэй байна. Тооцооны дэлгэрэнгүйг хавсралтаар харуулав. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “*******” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан *******-гийн 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд борлуулбал зохих бараанаас 54.493.419.63 төгрөгийн борлуулалт хийж 1.447.767 төгрөгийн барааны дутагдал үүссэн байна. Борлуулалт орлого 54.493.419.63 төгрөгөөс кассад болон харилцах дансанд 30.010.820.5 төгрөгийг шилжүүлснээс үлдэгдэл 24.482.599.13 төгрөгийг тушаагаагүй байна.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-51 дэх тал)
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай “*******” ХХК-нд *******- борлуулагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд 1.447.767 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 24,282,599.13 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан орлого зэргийг хувьдаа завшиж нийт 25.930.366 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт ШШҮХ-ийн эдийн засгийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхцэцэгийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 97 дугаартай дүгнэлт шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл бий болсон нь тогтоогдож байна гэсэн байна. Би нэмэлт шинжилгээг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас *******- болон “*******" ХХК-аас гаргаж өгсөн кассын орлогын ордерын баримтууд 31 хуудас /166-202 дугаартай/, шинжээчийн дүгнэлт 10 хуудас /40-51 дугаартай/ зэрэг баримт материалыг үндэслэн хийсэн. Шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн баримтын 13,405,292.2 төгрөгийг өмнөх шинжилгээнд оруулан тооцоогүй байсан. Учир нь өмнөх оны авлагын үлдэгдэл болох 13,405,292.2 төгрөг авлагын тооцоог хаасан байх тул зөвхөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны борлуулахаар хүлээж авсан бараа, борлуулсан барааны орлого /касс орлогын ордер, дансны хуулга/, буцаасан барааг үндэслэн шинжилгээ хийсэн. Өмнөх оны авлагын үлдэгдлийг хавсралтаар харуулав. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “*******” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан *******-гийн 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд борлуулбал зохих бараанаас 54,493,419.63 төгрөгийн борлуулалт хийж, 1.447.767 төгрөгийн барааны дутагдал үүссэн байна. *******-гийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний авлагын үлдэгдэл 13,405,292.20 төгрөг, борлуулалтын орлого 54,493,419.63 төгрөгөөс касс болон харилцах дансанд 43,416,122.7 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 24,482,589.13 төгрөгийг төлөхөөр байна. Завшсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. “*******” ХХК-ний 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дахь *******-тэй холбогдох 13.405.292.20 төгрөгийн авлагын тооцоог оруулсан болно.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 217-223 дахь тал)
7. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянгол дүүрэг 4 хороо Батбаатар “*******” ХХК-ны оффисын өрөөний хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан эхний 1 ширхэг хатуу дискийг НР маркийн суурин компьютерт уншуулан нээж үзэхэд, зарлагын падаан №262 гэсэн бичиглэлтэй folder-т 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 40 минут 00 секундээс эхэлсэн бичлэг байв. Уг бичлэгийг эхлүүлэхэд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 40 минутад яллагдагч *******- нь шар хар өнгийн үстэй үсээ толгойны дагз хэсэгтээ боосон, бор өнгийн даавуун плаж бүхий хувцастай хар өнгийн трикотой хар өнгийн үслэг бүхий оруулгатай гуталтай бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь харагдах бөгөөд түүний баруун гар талд цагаан өнгийн цамцтай хар мөрөө давсан үстэй цагаан цамц дотроо улаан шоо бүхий даашинзтай хар өнгийн гуталтай эмэгтэй байх бөгөөд түүний хажууд цагаан хар өнгийн саравчтай малгайтай хөх өнгийн малгайтай цамцтай хар өнгийн өмдтэй, бор өнгийн гуталтай эрэгтэй, мөн хар өнгийн саравчтай малгайтай хар өнгийн цахилгаантай цамцтай цэнхэр өнгийн женсэн өмдтэй хар өнгийн гуталтай залуу, түүнийх хажууд хар хөх өнгийн үүргэвчтэй, үслэг бүхий малгайтай хар өнгийн куртиктэй түүний дотор ногоон өнгийн цамцтай, цэнхэр женсэн өмдтэй эмэгтэй тус тус байв. Тухайн хяналтын камерын бичлэгт яллагдагч *******- нь цагаан өнгийн бараа материал хүлээн авах тэмдэглэл бүхий зүйл дээр тэмдэглэл хөтлөн бараа хүлээн авч буй нь бичигдсэн байв тус бичлэг нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 44 минутад дуусав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 40 минутаас 11 цаг 56 минутын бичлэгийг тоглуулахад тус бичлэгт яллагдагч *******- нь цэнхэр өнгийн женсэн өмдтэй, хар өнгийн судалтай цагаан өнгийн цамцтай хар өнгийн гуталтай бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №267 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь цайвар эрээн судал бүхий урт пальтотой дотуураа цагаан эрээн өнгийн судал бүхий ноосон цамцтай цэнхэр өнгий женсэн өмдтэй хар өнгийн гуталтай 2020 оны 02 дугаар сарын 07-ын өдөр 12 цаг 09 минутаас 12 цаг 20 минут хүртэл бараа бүртгэж хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №293 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны орой 18 цаг 03 минутаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 25 минут хүртэлх хугацаанд цэнхэр өнгийн женсэн өмдтэй, хар өнгийн судалтай цагаан өнгийн цамцтай хар өнгийн гуталтай бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №325 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг 05 минутаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг 32 минут хүртэлх хугацаанд хар өнгийн женсэн өмдтэй, хар өнгийн цамцтай урдаа цагаан өнгийн бичиглэлтэй цамцтай хар өнгийн гуталтай бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №370 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 16 цаг 45 минутаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 53 минут хүртэлх хугацаанд цэнхэр өнгийн женсэн өмдтэй, хар өнгийн цамцтай урдаа цагаан өнгийн бичиглэлтэй цамцтай хар өнгийн гуталтай бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №370 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 09 цаг 24 минутаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 31 минут хүртэлх хугацаанд хар өнгийн нэхий бүхий хүрэмтэй дотуураа бор өнгийн даашинзтай хар өнгийн трикотой, хар өнгийн гуталтай бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №863 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг 32 минутаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг 54 минут хүртэлх хугацаанд цайвар эрээн судал бүхий урт пальтотой дотуураа цагаан эрээн өнгийн судал бүхий ноосон цамцтай цэнхэр өнгий женсэн өмдтэй хар өнгийн гуталтай бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №892 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 10 цаг 14 минутаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны 10 цаг 16 минут хүртэлх хугацаанд цайвар эрээн судал бүхий урт пальтотой дотуураа цагаан өнгийн ноосон цамцтай хар өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №99 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өглөө 09 цаг 44 минутаас 2020 оны 3 дугаар сарын 04-ний 09 цаг 48 минут хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №186 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 19 минутаас 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 27 минут хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №328 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг 40 минутаас 2020 оны 3 дугаар сарын 10-ны 10 цаг 46 минут хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №933 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг 15 минутаас 2020 оны 3 дугаар сарын 24-ний 09 цаг 21 минут хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв. Зарлагын падаан №1198 гэсэн бичиглэлтэй folder руу орж бичлэгийг тоглуулахад яллагдагч *******- нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 54 минутаас 2020 оны 3 дугаар сарын 06-ны 10 цаг 00 минут хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн хүлээн авч буй нь бичигдсэн байв.” гэсэн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Р.Баасандоржийн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 146-149 дэх тал)
8. 2018 оны 5 дугаар сарын 07-ны хөдөлмөрийн гэрээ /борлуулагчийн туслах ажилтнаар/ (1 дүгээр хавтаст хэргийн 132-135 дахь тал)
9. 2018 оны 5 дугаар сарын 07-ны эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал)
10. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /худалдааны төлөөлөгч, борлуулагчаар ажиллах/ (1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал)
11. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /худалдааны төлөөлөгчөөр ажиллах/ (1 дүгээр хавтаст хэргийн 144-147 дахь тал)
12. Ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал)
13. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал / ажилд томилох тухай/ (1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал)
14. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /ажлаас чөлөөлөх тухай/ (1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал)
15. Я.Доржсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 152-171, 181-192 дахь тал)
16. “*******” ХХК-ийн эзэмшлийн 5032588588 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 172-180 дахь тал)
17. *******-гийн эзэмшлийн 5026480015 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 194-201 дэх тал)
18. Эм бараа борлуулах зориулалтаар авсан ба мөнгө тушаасан акт (1 дүгээр хавтаст хэргийн 205-209 дэх тал)
19. Бараа материалын үлдэгдэл /2020.4.02/-ыг хүртэл (1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал)
20. Тооллогын баримт (1 дүгээр хавтаст хэргийн 211 дэх тал)
21. Харилцагч байгууллагуудын /эмийн сан/ тооцооны үлдэгдэл /авлага/ тулган баталгаажуулах захидал явуулсан бүртгэл (1 дүгээр хавтаст хэргийн 213-216 дахь тал)
22. Нэг хавтас 116 ширхэг санхүүгийн баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэсэн болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *******- нь “*******” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд 1.447.767 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 24.482.589 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсан орлого зэргийг хувьдаа завшиж, нийт 25.930.356 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “Манай байгууллагад *******- нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр борлуулалтын туслах ажилтнаар ажилд томилогдож ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс борлуулалтын ажилтнаар ажиллан бие дааж бараа болон бэлэн мөнгөтэй харьцаж борлуулалт хийх болсон...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс манай байгууллага борлуулагч нарт зориулсан утсан дээр суулгадаг программ ажиллуулж эхэлсэн. Тухайн үеэс *******-гийн борлуулалт багасаад ирсэн. *******- нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр *******- үлдэгдэл бараагаа тооллогоор хүлээж авахад дутагдал нь 1.447.766 төгрөгийн зөрүүтэй өр төлбөртэй гарсан. Тэрнээс хойш ажилдаа ирэхгүй ажлаа хаяж явах болсон янз бүрийн шалтаг шалтгаан хэлэх болсон. *******- нь эмнэлэгт хэвтэж байна бие өвдөөд байна гэх шалтгаануудыг хэлэх болсон. Тэгээд *******-гээс тооцоо зээлүүдээ шахаарай гэж хэлэхэд *******- нь за тэгнээ энэ сарын 25-ны дотор тооцоогоо дуусгана гэж хэлсэн. *******-тэй 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр борлуулалтын туслах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ байгуулж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс байгууллагын даргын Б/88 дугаартай тушаалаар борлуулалтын ажилтнаар томилж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр борлуулагчаар ажиллуулах гэрээг хугацаагүйгээр хийж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 018 тоот хөдөлмөрийн гэрээг “*******” ХХК-ний ерөнхий захиралтай гэрээ байгуулсан. *******- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд нийт 54.493.000 төгрөгийн эм бараа бүтээгдэхүүн хүлээн авч борлуулалт хийсэн гэж бүртгүүлснээс 30.010.000 төгрөгийн орлого тушаасан. Түүнээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлээс 27.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үлдсэн. Тооллогоор хүлээж авсан барааны дутагдал 1.447.000 төгрөгийн дутагдал гаргасан байсан. Манай байгууллага харилцагч байгууллага аж ахуйн нэг хийт 46 харилцагчаар орж тооцоо нийлэхэд *******-д бараа бүтээгдэхүүний мөнгөө өгөөгүй нийт 300.000 төгрөгийг олж авсан. Бас манай байгууллагын Доржсүрэн гэсэн дансанд шилжүүлж хийсэн байсан 2.526.000 төгрөгийг тооцоо нийлж олж авсан. Үнээс үлдэгдэл Нийт 23.621.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүн дээр хөндлөнгийн Аудит хийсэн төлбөр болох 4.000.000 төгрөгөөр хийлгэсэн. Бас хуулийн туслалцаа өмгөөлөгч авсан 2.000.000 төгрөг байгаа. Нийт 29.621.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал)
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: “2020 оны 4 дүгээр сард *******- ажлаас гараад манайх *******-г цагдаад өгөхөд нийтдээ 26.020.339 төгрөгийн дутагдал гарсан юм. Тэгээд тэрнээс зарим хүмүүс нь *******-д мөнгөө өгөөгүй байсан болохоор тэр хүмүүстэй холбогдож мөнгөө бид нар өөрсдөө аваад 24.962.032 төгрөгийн үлдэгдэл өр үлдсэн. Бид нар Шүүх шинжилгээгээр дүгнэлт гаргуулахад 24.482.599 төгрөгийн өр 1.447.767 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан нь манай тооцоотой нийлж байгаа юм. Учир нь гэвэл Шүүх шинжилгээгээр эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргуулсны дараагаар манай харилцагчаас 968,334 төгрөгийн төлбөрөө төлсөн учраас *******-гийн төлөх ёстой байсан төлбөрөөс хасагдаад үлдсэн үнийн дүн таарч байгаа. Манайх *******-гийн гаргасан дутагдал дээр Аудитын дүгнэлт гаргуулсан 3.500.000 төгрөгийг нэмээд 29.621.000 төгрөг анх нэхэмжилсэн юм. Одоо *******- манайд тушаагаагүй орлого 23.514.265 төгрөг харин дутагдал бараа 1.447.767 төгрөг хэвээрээ байгаа юм. Бид нар аудит болон Шүүхийн шинжилгээний дүгнэлттэй санал нийлж байгаа. Үүнээс хүмүүсийн өгсөн өр төлбөрийг хасаад 23.514.265 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал)
Гэрч Н.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл 8 сарын турш барааны нярваар ажиллаж байсан...*******- 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр надад ганц удаа бараа материал хүлээлгэж өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 31-ний бараа материал авсан асуудал байхгүй, сарын сүүлийн өдрүүдэд бид нарт бараа материал авах зав ч байдаггүй, сарын сүүлийн тооллогоо хийдэг байсан юм. Би нэг удаа 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр *******-гээс бараа материалын үлдэгдлийг нь хүлээж аваад хүлээлцсэн баримт үйлдсэн байгаа. Баримтыг гаргаж өгье.”гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал)
Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “*******- бараа материал авч яваад бараагаа зарсныхаа дараа дансаар авахдаа байгууллагын данс руу тооцоо хийх ёстой харин бэлэн тооцоогоо касс хариуцсан ажилтан Үдэлмаад тушаах ёстой байдаг. Гэвч *******- байгууллагуудаас өөрийн данс руу борлуулалтын мөнгөө авчхаад байгууллагын данс руу сүүлийн 2 сарын тооцоог хийгээгүй байсан. Манайх өмнөх сард авсан барааныхаа тооцоог дараа сарын 10-ны өдрийн дотор борлуулагч нар дуусгах ёстой байдаг. Гэхдээ *******- 2 сараас хойш тооцооны үлдэгдэлтэй яваад байсан болохоор урамшуулал олгогдоогүй. Харин манай байгууллага борлуулалтаас үл хамааран үндсэн цалинг нь сар бүрийн 15-нд урьдчилгаа сарын сүүлийн өдөр сүүлийн цалин хэвийн олгодог байсан. *******- хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сарын цалинг бүрэн авсан байгаа. Үдэлмаа манай байгууллагад 2014 оноос хойш бэлэн мөнгөний кассаар ажиллаж байгаа. Үдэлмаа борлуулагч нараас борлуулалтын бэлэн төвлөрүүлсэн орлогыг хүлээн аваад “Кассын орлогын ордер” гэсэн баримтыг үйлдэж нэгийг нь борлуулагчдаа өгөөд нөгөө хувийг нь гарын үсэг зуруулаад авч үлддэг байсан. Манай байгууллагаас *******-гийн сүүлийн нэг сарын цалинг олгосон байгаа. *******-тэй холбоотой цалингийн асуудал байхгүй. *******- цалингаа өөрийнхөө Голомт банкны ********** дугаарын дансаар авдаг байсан. Манай байгууллага Хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгө хариуцлагын гэрээнд заасны сар бүрийн цалингаас 20,000 төгрөг авч эрсдэлийн сан бүрдүүлдэг. Хэрэв тухайн ажилчин ажлаас гарсан тохиолдолд бүх хариуцаж байсан эд хөрөнгөө бүрэн хүлээлгэн өгөөд төлбөр тооцоо нийлсэн тохиолдолд буцаан олгогдох нөхцөл үүсдэг. ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-51 дэх тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 217-223 дахь тал), 2018 оны 5 дугаар сарын 07-ны хөдөлмөрийн гэрээ /борлуулагчийн туслах ажилтнаар/ (1 дүгээр хавтаст хэргийн 132-135 дахь тал), 2018 оны 5 дугаар сарын 07-ны эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал), 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /худалдааны төлөөлөгч, борлуулагчаар ажиллах/ (1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал), 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /худалдааны төлөөлөгчөөр ажиллах/ (1 дүгээр хавтаст хэргийн 144-147 дахь тал), Ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал), 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /ажилд томилох тухай/ (1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал), Я.Доржсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 152-171, 181-192 дахь тал), “*******” ХХК-ийн эзэмшлийн 5032588588 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 172-180 дахь тал), *******-гийн эзэмшлийн 5026480015 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 194-201 дэх тал), Эм бараа борлуулах зориулалтаар авсан ба мөнгө тушаасан акт (1 дүгээр хавтаст хэргийн 205-209 дэх тал), нэг хавтас 116 ширхэг санхүүгийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хохирогч байгууллагын өмгөөлөгч Г.Цолмон дэмжиж оролцсон.
Шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч А.Бүдхандаас “Шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Харин зургаан баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнийн дүн хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгт 99, 370, 186 гэх гурван баримттай холбоотойгоор камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дээр *******-г байгаа мэтээр тэмдэглэл үйлдснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн,
шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч Б.Оюунчимэг нь А.Бүдханд өмгөөлөгчийн дүгнэлтийг дэмжиж оролцсон болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг шинжлэн судлахад дээрх 99, 370, 186 дугаартай folder-ыг нээж үзэхэд Zarlaga Barimt 99 дугаартай folder-т нийт 4 дүрс бүхий бичлэгт, Zarlaga Barimt 186 дугаартай folder-т нийт 3 дүрс бүхий бичлэгт, Zarlaga Barimt 370 дугаартай folder-т нийт 3 дүрс бүхий бичлэгүүдэд *******-гийн дүрс бичлэг байхгүй бөгөөд хэрэгт авагдсан мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн зөрүүтэй хэсгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгч *******-гийн ажил үүрэг, эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой, уг үүрэг, хариуцлагаа санаатай зөрчсөн үйлдэл, уг үйлдлийн улмаас гарсан шууд үр дагавар, түүнийг нотолсон баримтуудыг няцаасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Түүнчлэн эдийн засгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтийн хавсралтуудад тодорхой нэг бүрчлэн задлан шинжилж эдийн засгийн шинжилгээний онцлог баримтын шалгалтаар тогтоосон эд хөрөнгийн дутагдлыг хэргийн бодит байдалтай тулгуурлан дүгнэсэн, хөрөнгийн дутагдал хэмжээг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитой тодорхойлж шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр тогтоосон байх тул өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч *******- нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар борлуулагчийн ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд шилжсэн байна.
Тодруулбал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг *******- нь ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсан орлого болон бараа материалыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа материалын 54,493,419.63 төгрөгийн борлуулалт хийснээс 1.447.767 төгрөгийн барааны дутагдал үүсгэж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний авлагын үлдэгдэл 13,405,292.20 төгрөг, борлуулалтын орлого 54,493,419.63 төгрөгөөс касс болон харилцах дансанд 43,416,122.7 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 24,482,589.13 төгрөгийг өөртөө завшиж “*******” ХХК-нд нийт 25,930,356.20 төгрөгийн хохирол учруулж, “*******” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшсан нь объектив болон субъектив нөхцөл байдалд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******- нь шунахай сэдэлтээр, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв. Хохирол хор уршгийн талаар
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар *******-гийн хууль бус үйлдлийн улмаас “*******” ХХК-д 1,447,767.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал, 24,482,589.13 төгрөгийн тушаагаагүй орлого нийт 25,930,356.20 төгрөгийн хохирол учруулсан нь тулган баталгаажуулсан баримтууд болон эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. “*******” ХХК нь “Фитакон Аудит” ХХК-иар данс тооцоонд аудитын дүгнэлт гаргуулсан 3.850.000 төгрөгийг шүүгдэгч *******-гээс нэхэмжилсэн ба энэ нь (1 дүгээр хавтаст хэргийн 75, 76 дахь тал)-д авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч байгууллага “*******” ХХК-д учирсан хохирлын 25.930.356.13 төгрөг, хор уршигтай холбогдох 3.850.000 төгрөг буюу нийт 29.780.356 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 23.540.734.13 төгрөгийг шүүгдэгч *******-гээс гаргуулж хохирогч байгууллага “*******” ХХК-д олгох нь зүйтэй.
Тав. Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч А.Бүдхандаас “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хувийн байдалд хамаарах бага насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон, биеийн эрүүл мэндийн байдал болон хохирол төлөх боломжийг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү...” гэсэн саналыг,
шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч Б.Оюунчимэгээс А.Бүдханд өмгөөлөгчийн саналыг дэмжиж оролцсон,
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Цолмонгоос “Хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй байх тул улсын яллагчаас гаргасан торгуулийн ялыг оногдуулах нь хуульд нийцэхгүй. Мөн *******- нь хохирол төлбөр дээр маргаж оролцсон тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нь зохимжгүй юм. Цаашид *******-г хохирол төлбөрөө бүрэн төлөх эсэх нь тодорхойгүй байх тул шүүхээс хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх,...зорчих эрхийг хязгаарлах,...хорих” гэсэн 4 төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч *******-д 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгч *******-гийн холбогдсон 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно.” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч *******-г 01 жил 06 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” буюу “*******” ХХК-д төлбөл зохих 23.540.734.13 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэв.
Дээрх гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээсэнтэй холбоотойгоор шүүгдэгч *******-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт *******- цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж байна.
Хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган ирүүлсэн кассын ордерын нийт 116 ширхэг санхүүгийн баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, баримтын эх хувийг хохирогч байгууллагад буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бөхөөхөн овогт Цэцэнцолын *******-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. *******-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. *******-д оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. *******-гийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-гээс 23.540.734.13 төгрөг гаргуулж хохирогч байгууллага болох “*******” ХХК-д олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” буюу “*******” ХХК-нд учруулсан 23.540.734.13 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг шүүгдэгч *******-д хүлээлгэсүгэй.
10. Шүүгдэгч *******-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
11. Энэ хэрэгт *******- цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.
12. Хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
13. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган ирүүлсэн кассын ордерын нийт 116 ширхэг санхүүгийн баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, баримтын эх хувийг хохирогч байгууллагад буцаан олгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ