Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 92

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж  даргалж тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   Улсын яллагч                               Н.Гэрэлмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч            Р.Атарцэцэг

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 89 дүгээр  зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галсанцэрэн овогт Машлайн Машбатад холбогдох эрүүгийн 2016010000045 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн , 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 26 настай,  эрэгтэй, яс үндэс: халх,  бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр  хүүхэд, дүүгийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 14 дүгээр гудамж 551 тоотод оршин суух, , эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Галсанцэрэн овогт Машлайн Машбат РД: /УЗ90090618/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Машбат нь ОХУ-д очиж ажил эрхлэх зорилгоор Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсээс өөрийн төрсөн дүү болох Машлайн Пүрэвбатын овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Е1596941 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Е1642930 дугаартай хуурамч үндэсний энгийн гадаад паспортуудыг гаргуулан авч, улмаар уг паспортуудыг байнга ашиглан 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           1.Шүүгдэгч М.Машлайн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Анх 2015 оны 12 дугаар сарын дундуур өөрийнхөө гадаад паспортанд хар тамга даруулж хойшоо явах эрхгүй болсон. Тэнд барилгын ажил хийдэг байсан. Монголдоо амьдарч байхад орлого бага болоод гэр орны асуудал хэцүүдээд дүүгийнхээ нэрээр цахим үнэмлэх авч гадаад паспорт ч захиалж авсан. Тэгээд би Улаан-Үүд рүү 3-4 удаа явсан. Тухайн үедээ ерөөсөө янз бүрийн юм бодогдоогүй. Хэдэн төгрөгтэй болчихоод болино доо гэж бодож байсан. Хууль бус зүйл хийж байгаагаа мэдэж байсан гэв.

2.Гэрч Ш.Уранчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн“....Манай нөхөр Машбат нь анх 2012 оноос шиг санагдаж байна. ОХУ-ын Улаан-Үүд хотод очиж барилгын өрлөгийн ажил хийж эхэлсэн. Ер нь бол 1 сарын

хугацаатай яваад ирдэг байсан. 2015 онд Машбат ажил хийж байгаад баригдаад гадаад паспортан дээрээ хар тамга даруулаад буцаж гарах эрхгүй болчихсон. Тэгээд дүү болох Пүрэвбатынхаа цахим үнэмлэхээр гадаад паспорт гаргуулж 2015 оны сүүлээс эхлээд өнөөг хүртэл 3-4 удаа явж ирсэн ... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн  32  дугаар хуудас/

3.Гэрч М.Пүрэвбатын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие нь ахынхаа гэрийн хаяган дээр явдаг бөгөөд тэнд манай эх гэр байсан гэж ойлгож болно. Ингээд би хүнтэй гэрлээд тусдаа гарсан. Миний бүх бичиг баримтууд манай ахын гэрт буюу эх гэрт хадгалагдаж байдаг. Би урьд өмнө нь гадаад паспорт авч хилийн дээс алхаж үзээгүй хүн. Тэгтэл харин ах миний цахим үнэмлэхийг ашиглаад  гадаад паспорт гаргуулаад хил гарсан болохыг сая мэдсэн. ...гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн  33 дугаар хуудас/

4.Гэрч Б.Буянтогтохын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу оройн 20.00 цагаас маргааш өглөөний 08.00 цагийн хооронд шөнийн ээлжинд хонож ашиглласан. Энэ хугацаанд Машлайн Пүрэвбат нэрээр Монгол улсад буцах үнэмлэхтэй хүн орж ирсэн. Надад үзүүлсэн Машлайн Пүрэвбат гэсэн нэртэй бичиг баримтыг шалгаж үзээд зургийг өөртэй нь харьцуулахад өөрийнх нь зураг мөртлөө Улсын бүртгэлийн сангаас иргэний үнэмлэхний зургийг нь үзэхэд өөр хүний зураг байсан /паспорт, иргэний үнэмлэхний зураг зөрсөн/ тул түүнээс “энэ бичиг баримт таных мөн үү” гэдгийг асуухад “... энэ паспорт минийх биш байгаа юм. Би дүүгийнхээ бичиг баримтаар хил гарсан...” гэж тайлбарласан. Иймд гүнзгийгүүрсэн шалгалтанд оруулж хэний хэн болохыг мэдсэн. Гэтэл уг хүн нь Машлайн Машбат гэж хүн байсан.... Энэ хүн дүүгийнхээ нэр дээр өөрийхөө зургийг өгөөд гадаад паспорт авсан гэж байсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

5.Гэрч Б.Алтантуяагийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Е1642930 дугаартай гадаад паспортыг Машлайн Пүрэвбат гэж нэртэй хүнд олгосон нь үнэн байна. Тэгэхдээ тэр олон хүн дотор энэ хүнийг бол санахгүй байна. Мөн энэ хүнийг танихгүй. Машлайн Пүрэвбат гэдэг хүний цахим үнэмлэхний лавлагаа дээрх зургийг харлаа, гадаад паспорт авах мэдүүлгийн хуудас дээрх зурагнаас ондоо хүн гэхэд их хэцүү адилхан харагдаж байна. Хэрэв үнэхээр тэр хоёр хүн өөр хүмүүс бол мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэж байна. Машлайн Пүрэвбат гэдэг хүний зураг паспортын мэдүүлэг дээрх хүний зурагтай маш адилхан харагдаж байгаа болохоор би анзааралгүй гадаад паспорт олгосон байхаа түүнээс биш санаатай бусдаас шан харамж авч ийм юм хийгээгүй. Нэмж хэлэхэд 96727223 гэсэн дугаартай хүнийг бол танина. Манайд олон жил ажилласан үйлчлэгч байна. Магадгүй энэ хүн очер дараалал ихтэй байснаас яаралтайгаар надаас гуйж гаргуулсан байх мэдээж гэхдээ хүн нь ондоо хүн шүү гэж хэлээгүй л байх хэлсэн бол юу гэж паспорт олгох вэ дээ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

6.Гэрч Д.Лхабадрахын 2016 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний нагацын нөхрийнх нь дүүгийн хүүхэд гээд Энхбаяр гэх нэг залуу байдаг юм. Тэр залуу над руу бичиг баримтыг нь хурдан гаргаад өгөөч гээд явуулсан. Энхбаяр нь Улаан-Үүд хотод барилгын компанитай тэрний барилга дээр ажиллах гэж энэ хүүхэд гадаад паспорт гаргуулсан. Би материалыг нь аваад Алтантуяа гэх улсын байцаагчид өгсөн юм. Би тэр хүүхдээс ямар ч мөнгө төгрөг аваагүй ээ. Бас улсын бүртгэгч Алтантуяад ч ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Тэр үед ачаалал их байсан болохоор урдуур нь барьж ороод материалыг нь Алтантуяад өгсөн.... Би зүгээр очерт зогсоолгүйгээр материалыг нь аваачаад өгсөн юм.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

7.Гэрч Б.Энхбаярын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Машбат надад очиж болж байна даан ч гадаад паспортоо гээчихсэн дахиж авмаар байна. Чамд аавын чинь хамаатны эгч байдаг гэсэн тэрэндээ хэлээд хурдан гаргуулаад өгөөчээ гэсэн. Тэгэхээр нь чи зүгээр шууд улсын бүртгэл дээр очоод Лхабадрах гээд үйлчлэгч эгч байгаа би Энхбаярын дүү нь байгаа юм аа гээд уулзаад үз гээд өөрийг нь явуулсан. Дараа нь Машбат Улаан-Үүд хотод ажиллаж байгаад энэ оны 4 дүгээр сард бас паспортоо гээчихсэн гээд консул орж буцах үнэмлэхээр буцлаа гээд явсан ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №3118 дугаартай шинжээчийн “.... Шинжилгээнд ирүүлсэн Т0026133 дугаартай буцах үнэмлэх дээрх зураг, 2015 оны 12 сарын 14-ний өдрийн Машлай овогтой Пүрэвбатын нэр дээрх Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг дээрх зураг болон 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Машлай овогтой Пүрэвбатын нэр дээрх Монгол улсын энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг дээрх зургууд нэг хүний зураг мөн байна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №3950 дугаартай шинжээчийн”...

  1. Шинжилгээнд ирүүлсэн М.Пүрэвбат, М.Машбат нарын фото зураг адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн М.Пүрэвбатын фото зураг нь харьцуулах загварт ирүүлсэн Т0026133 дугаартай буцах үнэмлэхний зураг 2015 оны 12 дугаар сарын 14, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрүүдэд бүртгүүлсэн үндэсний энгийн гадаад паспорт хүсэх материалуудын фото зургуудтай тохирохгүй байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн М.Машбатын фото зураг нь харьцуулах загварт ирүүлсэн Т0026133 дугаартай буцах үнэмлэхний зураг, 2015 оны 12 дугаар сарын 14, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрүүдэд бүртгүүлсэн үндэсний энгийн гадаад паспорт хүсэх материалуудын фото зургуудтай тохирч байна...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 57-68  дугаар хуудас/

10.Монгол улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас/

11.Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №05/3230 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагааны хариу

/хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/

12.Шүүгдэгч М.Машбатын 2016 оны 05 дугаар сарын 04-ний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн... Миний бие 1990 онд Улаанбаатар хотод төрсөн доороо хоёр эрэгтэй, эмэгтэй дүүтэй. Ниййслэлийн 60 дугаар дунд сургуульд 5 дугаар анги хүртлээ сурч байгаад амьдралын шаардлагаар сургуулиасаа гарсан. Сургуулиасаа гараад ачаа буулгадаг байсан бөгөөд ер нь хаана хар бор ажил байна тэрнийг л хийдэг байсан. Ер нь бол барилгын ажил талдаа гарын дүйтэй. 2012 оноос хойш ОХУ-ын Улаан-Үүд хотод барилгын ажил гэрээгээр хийгээд буцаж орж ирээд гардаг байсан. Тэндэх барилгын ажил бол сарын хугацаатай л явагддаг. Тэгээд Хиагт хотод хар ажил хийж байгаад цагдаа нарт баригдаад гадаад паспортон дээрээ хар тамга даруулсан. Ингээд миний төрсөн дүү болох Пүрэвбат нь өмнө нь гадаад паспорт авч байгаагүй болохоор дүүгийнхээ цахим үнэмлэхийг ашиглаж 100-н айлд байдаг улсын бүртгэлийн газраас 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр авсан шиг санаж байна, дараагийн гадаадын паспортоо 2016 оны 03 дугаар сарын сүүлээр авсан. Эхний дүүгийнхээ нэрээр авсан гадаад паспортаар 2016 оны 04 дүгээр сард явах гэтэл гэрт хайгаад олоогүй, дараагийн хуурамч гадаад паспортоо Улаан-Үдэ хотод 2016 оны 04 дүгээр сард ажил дээрээ гээсэн. Тийм учраас сая Алтанбулаг боомтоор орж ирэхдээ буцах үнэмлэхээ ашиглаж орж ирсэн юм...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/

13.Шүүгдэгч М.Машбатын 2016 оны 05 дугаар сарын 16-ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн... Миний бие 2012 оноос хойш ОХУ-ын Улаан-Үүд хотод барилгын ажил хийхээр явж ирэн очин байдаг байсан. Тэгээд Хиагт хотод хар ажил хийж байгаад цагдаа нарт баригдаад гадаад паспортон дээрээ хар тамга даруулсан. Тэгэхээр нь төрсөн дүү Пүрэвбатынхаа цахим үнэмлэхийг аваад дүүгийнхээ нэрээр гадаад паспорт авч болох эсэхийг үзье гээд 100-н айлд байдаг улсын бүртгэлийн газар очоод дүүгийнхээ нэрээр гадаад паспорт авчихсан. Тэр хуурамч гадаад паспортаараа анх 2015 оны 12 дугаар сарын 31-нд Улаан-Уүд рүү явсан. ... Дахиж Орос явахын тулд 2016 оны 03 дугаар сард дахиж дүүгийнхээ нэрээр өөрийн зурагтай гадаад паспорт улсын бүртгэлийн газраас гаргуулж аваад 2016 оны 4 дүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор гарсан. Алтанбулаг боомтоор орж ирэхдээ 2016 оны 05 дугаар сарын 03-нд баримт бичгийн шалгагчид баригдсан. Гадаад паспорт дээрх зураг лавлагааны зурагтай чинь арай өөр байна гэхээр нь би үнэнээ хэлсэн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 73-80 дугаар хуудас/

14.Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь газрын 4027 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

15.Зөрчлийг шалгасан нотломж /хавтаст хэргийн 5-13  дугаар хуудас/

16.Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас/

17.Эд мөрийн баримтаар авч хэрэгт хавсаргах тухай тогтоол /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

     18. Шүүгдэгч М.Машбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад

шүүх дараахи дүгнэлт хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 201601000045 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Машлайн Машбатыг ОХУ-д очиж ажил эрхлэх зорилгоор Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсээс өөрийн төрсөн дүү болох Машлайн Пүрэвбатын овог, нэр, регистрийн дугаарыг ашиглан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Е1596941 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Е1642930 дугаартай хуурамч үндэсний энгийн гадаад паспортуудыг хувьдаа ашиглах зорилгоор гаргуулан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг, улмаар уг паспортуудыг байнга ашиглан 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “Давтан үйлдлээр, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн  байна.

          Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэхэд шүүгдэгч М.Машбатын үйлдэл холбогдол тогтоогдсон, гэм буруугийн хэлбэр байна гэж шүүх дүгнэлээ.

          Учир нь: Гэрчүүд Машбатыг энгийн гадаад паспорт хэрхэн гаргуулж авсныг тодорхой мэдүүлсэн ба хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын шалгагч Монгол улсын хилээр Машбатыг орж ирэх үед уг паспортыг хуурамч, өөр хүнийх болохыг илрүүлсэн, шүүгдэгч энэ талаар ОХУ-ын Улаан-Үүд хотод хувиараа барилгын ажил хийж цалин хөлс олох зорилгоор төрсөн дүүгийнхээ иргэний үнэмлэхийг ашиглаж хуурамч энгийн гадаад паспорт 2 ч удаа гаргуулсан, хуурамч паспортаараа хэд хэдэн удаа хил нэвтэрч Улаан-Үүд хотод очиж ажил хийсэн тухай үнэн зөвөөр мэдүүлсэн байдлуудаар шүүгдэгчийн гэм буруу тогтоогдож байна.  

         Шүүгдэгч Машбатын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байхаас гадна уг паспортуудыг ашиглан 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ОХУ руу нэвтэрсэн нь мөн л гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “Давтан үйлдлээр, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” гэмт хэргийн шинжийг давхар агуулж байна.

        Энэ талаар Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, харин шүүхээс шүүгдэгч Машбатыг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна.       

           Шүүх ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд тухайн хуулийн зүйл хэсэгт заасан ялын хөнгөнийг хүндэд нь багтаах, ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно. 

       Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т0026133 дугаартай буцах /ногоон өнгөтэй/ паспорт 1 ширхэг, Е1006754 дугаартай энгийн гадаад паспорт 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.  

           Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хамгаалсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 д зааснаар Галсанцэрэн овогт Машлайн Машбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “Давтан үйлдлээр, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар Машлайн Машбатыг 4 /дөрөв/ сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар М.Машбатад оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Машбатад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.   

5.Ялтан М.Машбат нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хамгаалсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т0026133 дугаартай буцах /ногоон өнгөтэй/ паспорт 1 ширхэг, Е1006754 дугаартай энгийн гадаад паспорт 1 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.   

6. Ялтан М.Машбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.НАЦАГДОРЖ