Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0226

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр               

 

 

           Дугаар 128/ШШ2020/0226

 

 

               Улаанбаатар хот

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Д.Огийн нэхэмжлэлтэй, СхддЦгт холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Б овогт Д-ийн О 

Хариуцагч: СхддЦг

Нэхэмжлэлийн шаардлага: “СхддЦгын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Ог гүйцэтгэж байсан ажил албанд нь эгүүлэн томилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СхддЦгт даалгах” нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.О би 2019.10.22-ны өдрийг хүртэл СхдЦгхийн дуудлагын цагдаагаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдсан юм.

Би өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 03 - 04 ны өдөр Говьсүмбэр аймагт зохиогдсон Хүч спорт хорооны аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцоод ирэхэд 2019 оны 10 сарын 05-ны өдөр цас орчихсон, дулаалж амжаагүй байсан дулаалгагүй гэрт настай ээж маань нэлээд даарсан байдалтай байсан.

Тухайн өдөр амралтын өдөр байсан ба 11 цагт ажил дээр цуглаж, мөрдөн байцаалтаас оргон зайлсан этгээдүүдийг хайх ажилтай гэхээр нь ажлын өдрүүдэд үнэхээр зав гардаггүй болохоор би гэрээ буулгаж дулаалах, хаяагаа манах, хашаа хороогоо засах ажил хийсээр байгаад очиж чадаагүй, даргадаа хэлэх гэтэл дугаар нь холбогдохгүй байсан юм.

2019 оны 5 сард зохиогдсон Их хурд тэмцээний хамгаалалт, мөн эрэн хайх ажлыг тасалсан гэж 3 сарын цалингийн 20%-иар хасуулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Энэ сахилгын арга хэмжээгээр өмнөх сахилгын шийтгэл арилсан байхад СхддЦгын даргын 2019.10.22-ны өдрийн Б/21 дугаар тушаалд ...Д*******гийн О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний үед ажил тасалсан...нь албаны шалгалтаар тогтоогдсон...гэж зааж намайг ажлаас халсан.

Манай хэлтсийн ахлах мөрдөгч н.Б нь манай ээж Э.Ү, эгч Д.П нартай уулзаж миний талаар асууж тодрүүлсан байсан бөгөөд хэлтсийн дарга Г.Эт ямар мэдээлэл өгснийг би мэдэхгүй. Харин Г.Э дарга зөвлөлийн хурал дээр ...Д.О нь архи уугаад явчихдаг болсон байна, шөнийн 2-3 цагт дандаа согтуу ирдэг гэж ээж, эгч хоёр нь надад хэлсэн гэж миний ээж, эгч хоёртой уулзаагүй атлаа миний талаар ор үндэслэлгүй худал мэдээлэл өгснөөс болж СхдЦгд-ын тушаалаар намайг албанаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байгаа юм.

Иймээс СхддЦгын даргын 2019.10.22-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ог гүйцэтгэж байсан ажил албанд нь эргүүлэн томилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СхддЦгт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дүгээр тушаал хууль бусаар гарч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлын 8 цаг гэж гэрээ хийсэн байна. Зайлшгүй тохиолдолд уртасгасан цагаар буюу ажлын бус цагаар ажиллаж болно гэж заасан. Зайлшгүй тохиолдол гэдэгт гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, террорист үйл ажиллагаа гэж заасан байна. Тушаалын үндэслэл нь хууль зүйн талаараа хамаарахгүй байна. Б/21 дүгээр тушаалын гол үндэслэл нь удаа дараа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний үед ажил тасалсан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж байна. Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зайлшгүй тохиолдол гэдэгт оруулна гэх нотлох баримт байхгүй. Жил, сар, улирал, өдрөөр гаргасан төлөвлөгөө, тушаал, шийдвэр байхгүй байна. Оргодол арга хэмжээ гэж яриад байгаа боловч хэдэн сарын хэдний өдөр болох, ямар ямар алба хаагчид хариуцаж ажиллах талаар гарсан ямар нэг шийдвэр байхгүй. Удаа даараа гэж тодорхойлж  бичсэн байна. Энэ нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар 3 сарын цалинг 20 хуваарь буруулах шийтгэл оногдуулж байсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж халсан гэж тайлбарлаж байна. Энэ нь сахилгын зөрчил юм. Мөн Б/21 дугаар тушаал нь сахилгын зөрчилтэй холбоотой тушаал байна. Төрийн албан хаагчийг ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй тохиолдолд халах зохицуулалт хуульд байгаа. Үүнд 3 буюу түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол хална гэж заасан. Энэ заалтыг хамаатай гэж үзвэл Д.О нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл хүлээж байсан. Ажлаас халсан тушаалаар 2 дахь сахилгын шийтгэлээ хүлээж байгаа юм байна гэж үзэж байна. Тиймээс хуулийн заалттай нийцээгүй байна. Эргүүлийн хуваарийг 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гаргасан мэтээр хийсэн байна. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр асуудал хэлэлцэхдээ тасгийн дарга хошууч н.Ж******* гэх хүн өөрөө тодорхой дурдсан байна. 2019 оны 10 дугаар сарын 4-5 өдрүүдэд удаа дараа залгах, зурвас илгээж холбогдох гэж оролдсон боловч холбогдож чадаагүй гэсэн байна. Гэтэл эдгээр өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан тэмцээнд оролцож байсан. Энэ талаар тушаал шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар авах гэхээр нэр нь байхгүй байна. Гэтэл Д.О уг тэмцээнд оролцсон.  Албан байгууллага ажилчдынхаа нийгмийн байдалд анхаарал тавих ёстой. Нэхэмжлэгч өндөр настай эхийгээ асарч халамжилдаг. Тухайн өдөр өвөлжилтийн бэлтгэл хийж ажилдаа очиж чадаагүй. Үүрэггүй боловч очоогүй гэхдээ өөрөө мэдсэн. Тухайн өдөр даргаасаа чөлөө ав гэж шахсан. Дарга нь чөлөө угаасаа өгдөггүй гэсэн. Ажлын бус цагаар ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг хийж гүйцэтгэхийг шаардах нь хууль бус. Энэ нь хөдөлмөрийн дарамт шахалт, мөлжлөг. Хууль ёсны үйл ажиллагаанд оролцоогүйгээс болж сахилгын шийтгэл авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Тиймээс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Згоос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэн Д.О нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ даргадаа хэлэх гэтэл утас нь холбогдоогүй тухай хэлээгүй, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тайлбартаа “Би “ЦЕГ-ын Шатарын аварга” шалгаруулах тэмцээнд 2019 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд хэлтсийн тэмцээнд оролцсон алба хаагчдын хамтаар яваад 04-ний орой ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны “Бямба” гарагийн 11:00 цагт тасгийн алба хаагчид цуглах ёстой байсан боловч би очоогүй юм. Яагаад очоогүй вэ гэвэл Баянхошуунд байрлах өөрийн амьдардаг Монгол гэрээ дулаалж өвөлжилтийн бэлтгэлээ хангасан болохоор очиж чадаагүй юм. Оройн эргүүлд гарах байсныг мэдээгүй байсан болохоор очоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.

Би тасгийн дарга, ахлах руу ярьж чөлөө гуйх гэснээ өгөхгүй байх гэж бодоод залгаж чөлөө хүсээгүй. Мөн над руу залгахад нь гэрээ янзалж байгаад анзаараагүй болохоор авч чадаагүй юм. Тэгээд 16:00 цагийн орчим миний утсанд дуудлага ирсэн байсныг нь мэдсэн боловч эргэж холбогдох гэснээ айж эмээгээд чадаагүй юм. Чөлөө аваагүй ажил тасалсан нь миний өөрийн буруу. Тэгээд өдөр нь очоогүй болохоор орой эргүүлтэй гэдгээ мэдээгүй өнгөрчихсөн байсан. Бүтэн сайн өдөр нь ажил дээр ирээд эргүүлтэй байсан гэдгийг мэдсэн юм. Урьд өмнө нь тасгийн даргаас чөлөө гуйхад "Чи ганцаараа амьдралтай нь биш бүгд ажиллаж байна” гэдэг болохоор чөлөө өгөхгүй байх гэж бодсон юм. Залгаж илтгэх ёстой байсан боловч залгаж хэлээгүй нь миний буруу. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллах болно. Өгсөн үүргийн дагуу ажилдаа ирээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй. Би ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд миний цалингаар амьдардаг тул надад хүнд байдал үүснэ. Иймд миний учир байдлыг харгалзан албанаас халахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж удирдлагад хүсэлт гаргаж байна” гэж мэдүүлсэн.

Нэхэмжлэлдээ 2019 оны 05 дугаар сард сахилгын арга хэмжээ авагдсан байсан хугацаа нь дууссан байхад дахин шийтгэлийн хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр ажлаас халсан гэжээ. Үүнд:

Урьд гаргасан зөрчилд албаны шалгалт явуулаад сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд дээрхи арга хэмжээ авагдсан тухай тушаал байгаа төдийгүй сахилгын шийтгэлгүйд тооцож шийдвэрийг цуцлаагүй, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйл /Цагдаагийн алба хаагчийн сахилгын хариуцлага/-ийн 81.9-д Хуульд өөрөөр заагаагүй бол сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно. Энэ хугацаанд сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчийн байгуулсан онцгой гавьяа, гаргасан зөрчлийн шинж чанар зэргийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулсан албан тушаалтны шийдвэрээр хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно” гэж заасан нь 1 жилийн хугацаа дуусаагүй байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдал болж эргэж орох эрхгүйгээр албанаас халж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэлд дурдагдсан хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Э дарга зөвлөлийн хурал дээр миний ээж, эгч нартай уулзаагүй байж уулзсан гэж ор үндэслэлгүй худал мэдээлэл өгсөн гэж зөвлөлийн хурал дээр ярьсан гэж хэлсэн нь зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдохгүй байна.

... Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт цагдаагийн албан хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн бол гэж заасан. Ёс зүйн дүрмийн 11 дүгээр зүйлийн 1.3.1 дэх хэсэгт ноцтой зөрчил гэдгийг тодорхойлсон. Сахилгын шийтгэл тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гэж заасан. Тиймээс сахилгын дүрмийн хүндрүүлэн үзэх нөхцөл байна гэж үзэж байна. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрэм ноцтой зөрчсөн гэж заасан үндэслэлээр албанаас халсан. Төрийн албаны тухай хуульд тухайн зөрчлийг 3 удаа давтан гаргасан бол гэж заасан. Энэ нь хувийн байдлыг шалгахад тогтоогдсон. Өмнө нь 3 удаа хэсэгчилсэн арга хэмжээг тасалсан. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Огээс СхддЦгт холбогдуулж “СхддЦгын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Ог гүйцэтгэж байсан ажил албанд нь эгүүлэн томилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг СхддЦгт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр өмнө гүйцэтгэж байсан ажил, албан тушаалаа “мөрдөн байцаах тасгийн дуудлагын цагдаагийн албан тушаал” гэж тодруулсан.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр СхддЦгын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:

СхддЦгын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг үндэслэж, тус газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Ог “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний үед ажил тасалсан нь албан шалгалтаар тогтоогдсон тул өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн үндэслэлээр албанаас халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хурааж[1]” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч “Өмнөх сахилгын шийтгэл арилсан байхад удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний үед ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр настай ээжийнхээ гэрийг дулаалах шаардлагатай байсан тул тухайн өдрийн 11 цагт цуглах байсан боловч очиж чадаагүй, даргадаа хэлэх гэтэл дугаар нь холбогдоогүй байхад албанаас халсан нь хууль бус” гэж маргасан бол, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сахилгын шийтгэлгүйд тооцох шийдвэр гараагүй, Цагдаагийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байсан тул хүндрүүлэх нөхцөлтэй, ... тул Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” Цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас халахаар заажээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн “Нэг. Нийтлэг үндэслэл” хэсгийн 1.3.1-т “холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил” гэж, 1.3.2-т “Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил[2] гэж тодорхойлсон байна.

Гэтэл, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.О нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн “Хоёр. Ёс зүйн хэм хэмжээ” гэсэн хэсгийн аль зүйл заалтыг хэдэн удаа зөрчсөн талаар болон уг зөрчлийн улмаас цагдаагийн байгууллагын эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болсон талаар тайлбарлаагүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.О нь өмнө сахилгын шийтгэлтэй байсан” гэж тайлбарлаж, СхддЦгын даргын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Цагдаагийн дэд ахлагч Д.Од сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/43[3] дугаар тушаалыг ирүүлсэн байх боловч энэхүү Б/43 дугаар тушаал нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т заасныг үндэслэж “Д.Од сахилгын шийтгэл ногдуулсан” агуулгатай байх тул дээрх дурьдсан “...энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй”-г ноцтой гэж тодорхойлсонтой нийцэхгүй байна.

Дээрхээс үзвэл, Д.Огийн тасгийн хэсэгчилсэн арга хэмжээнд очоогүй болон хуваарьт томилгоонд үүрэг гүйцэтгээгүй зөрчлийг цагдаагийн алба хаагчийн ёс зүйн ноцтой зөрчилд хамааруулж, улмаар албанаас халж шийдвэрлэсэн нь цагдаагийн алба хаагчид төрийн тусгай албан хаагч болохынх нь хувьд Төрийн албаны тухай  хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар олгогдсон “хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгааг алдагдуулсан, цагдаагийн байгууллагад дахин орж ажиллах боломжийг хязгаарласан учир дутагдалтай шийдвэр болжээ.

 

Гэвч нэхэмжлэгч Д.Огээс өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан тухайдаа болон 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагт тус хэлтсийн мөрдөн байцаах тасгийн “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээний цугларалалтад очоогүй, үүний улмаас мөн өдөр батлагдсан “...хариуцсан нутаг дэвсгэрт явган эргүүл гүйцэтгэх алба хаагчдын хуваарь/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан гэж тайлбарласан/, томилгооны дагуу оройн 22:00-02:00 цагт нэгдсэн эргүүлд гараагүй[4] тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн Сахилгын дүрэм”-д цагдаагийн алба хаагчийн сахилга нь уг дүрмээр тогтоосон хэм хэмжээг сахиж биелүүлсэнээр илэрхийлэгдэх ба мөн дүрмээр хориглож, шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзэхээр заасан байх ба дүрмийн “Хоёрдугаар бүлэг”-т “Тодорхой төрлийн сахилгын зөрчил, түүнд оногдуулах сахилгын шийтгэл”-ийг томъёолон дурдсан байх бөгөөд цагдаагийн алба хаагч аливаа зөрчил үйлдсэн эсэхийг цагдаагийн байгууллага албаны шалгалт явуулсаны үндсэн дээр тогтоож тус дүрэмд заасан зөрчилд тохирох шийтгэлийг ногдуулахаар зохицуулсанаас үзвэл нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчилд тус дүрэмд зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэхээр байхад хариуцагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан алба хаагчийг цагдаагийн албанаас халах зохицуулалтыг хэрэглэсэн буруу байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.О нь өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан боловч дахин сахилгын дүрэмд заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, уг зөрчил нь тодорхой төрлийн сахилгын зөрчилд хамаарч байхад уг зөрчилд нь дүрмийн 2 дугаар бүлэгт зааснаар тохирох шийтгэл буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасны дагуу оногдуулах ёстой байжээ.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий Б/21 дүгээр тушаалыг гаргахдаа алба хаагчийн хувийн байдал, албаны үйл ажиллагаа удааширч саатсан эсэх, албан хаагчаас буруугийн хэлбэр, буруугаа ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөл байгаа эсэхийг дүгнэх шаардлагатай байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгч Д.Огийн гаргасан зөрчилд тохирох шийтгэлийг ногдуулах эрх нь цагдаагийн албаны эрх бүхий тушаалтанд Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох дүрмээр олгогдсон байх бөгөөд уг нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлаж эцэслэн шийдвэрлэх цар хүрээнээс хэтэрсэн асуудал тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу СхддЦгын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Цагдаагийн дэд ахлагч Д.Ог албанаас халах тухай” Б/21 дүгээр тушаалыг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай  хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасныг баримтлан СхддЦгын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Цагдаагийн дэд ахлагч Д.Ог албанаас халах тухай” Б/21 дүгээр тушаалыг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч СхддЦг нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол СхддЦгын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Цагдаагийн дэд ахлагч Д.Ог албанаас халах тухай” Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ

 


[1] Хавтаст хэргийн 47 дахь талд

[2] Хавтаст хэргийн 128 дахь талд

[3] Хавтаст хэргийн 48 дахь талд

[4] Хавтаст хэргийн 54 дэх алд