Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0100

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 02 дугаар сарын 26 өдөр       дугаар 100            Улаанбаатар хот

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Ө.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ө.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагч П.Ц, хариуцагчийн өмгөөлөгч М.Д нарыг оролцуулан хийж, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15А дугаар шийдвэрт нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын дагуу Ө.Э-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгох, Булган аймгийн Орхон сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн Бэлчээр газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2013 оны Б/01 дүгээр захирамжаар туршилтын хугацаанд ажиллаж байсан Ө.Э-ыг мэргэжил, ажлын зохион байгуулалт муу тул ажлаас халсан. 2012 оны 11 дүгээр сард албан ёсоор тангараг өргөөгүй. 2012 оны үр дүнгийн гэрээг Засаг дарга болон албан хаагчдыг байлгаж байгаад дүгнэсэн. Түүний гаргасан гэх амжилтууд нь өөр бусад ажилтан, хоршооны хийсэн ажил. Мөн Ө.Э нь харилцааны соёл муутай, ёс зүйн зөрчил гаргадаг.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...миний бие Орхон суманд төрсөн, тухайн сумын харьяат. 2013 оны 05 дугаар сарын 09-нд Засаг даргын Тамгын газрын даргын Б/07 тушаалаар Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр түр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн шалгалтад орсон. Уг ажлын байранд 3 хүн шалгалт өгсөн ч бүгд тэнцээгүй.” гэжээ.

Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 15А дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам"-ын 4, 6, 7-д заасныг тус тус баримтлан Булган сумын иргэн Ө.Э-ын Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан "Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.365.656 төгрөгийг гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Тамгын газрын дарга анх ажилд томилох тушаал гаргахдаа туршилтын журмаар ажиллах хугацааг тодорхой зааж өгөөгүй. 2013 оны 01 сарын 22-ны өдрийн Б/01 дугаар тушаалд намайг ажлаас чөлөөлөх үндэслэлд "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 40.1.2-д заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

...Миний нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 сарын 13-ны өдрийн 15 дугаар "Шийдвэр"-ээр хуучин ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр бүх баримт бичгийг нотариатаар баталгаажуулан хавтаст хэргийн материалд хавсаргасан. 2013 оны 10 сарын 16-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн хуралд материал явуулахдаа шүүхийн мэргэжилтэн, сумын дарга нар зарим нотлох баримт бичгийг санаатай болон санамсаргүйгээр явуулаагүй орхигдуулсан нь төрийн жинхэнэ албан хаагч намайг хохироож, өнөөдрийг хүртэл ажилгүй байлгаж, хариуцагч, өмгөөлөгч нарыг хууль завшиж, хувийн ашиг сонирхлоо биелүүлэхэд хүргэсэнд би гомдолтой. Тухайлбал:

а/ Намайг анх тухайн ажилд томилсон Орхон сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Ц-ийн 2012 оны 01сарын 31-ний өдрийн 02 дугаар тушаалыг нотариатаар баталгаажуулан хавтас хэрэгт өгсөн байсныг явуулаагүй.

б/ Би 5 мэргэжилтний хамт төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, Орхон сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Ц тамга дарж баталгаажуулсан "Батламж"-ийг нотариатаар баталгаажуулан хавтас хэрэгт өгсөн байсныг орхигдуулсан.

в/ Намайг Д.Энхтуулын ажлын байрны тодорхойлолтоор ажлаа дүгнүүлсэн гэжээ.Би өөрийн нэр дээр "Төрийн албаны тухай хууль"-ийн 14.1.1/төрийн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах/-д заасан заалтын дагуу ажлын байрны тодорхойлолтыг Тамгын газрын дарга П.Ц-оор батлуулан ажиллаж, 2012 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхийг зорьсон. Ажлын байрны тодорхойлолтыг Тамгын газрын дарга батлагдсан тушаал, шийдвэрийн дагуу гаргах үүрэгтэй, үүнийг би шаардан авах эрхтэй, биелүүлж ажиллах үүрэгтэй гэж ойлгодог. Энэ ажлын байрны тодорхойлолтыг мөн орхигдуулсан.

Миний бие хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэж, улс, аймгаас зохион байгуулсан уралдаан тэмцээн, үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцон байр эзэлсэн нь миний ажлын тодорхой үр дүн гарсан. Үүнийг ажлынхан гэрчилнэ.

г/ 2013 оны 01 сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн мөртөө 2013 оны 01 сарын 04-ний өдрийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар үр дүнгийн гэрээ хэлэлцсэн гэх тэмдэглэл нь хуурамчаар үйлдэгдсэн, он сар нь болсон үйл явдалтай тохирохгүй цаг хугацааны зөрүүтэй, хурлыг 01 сарын 04-нд, бас 01 сарын 24-нд хийсэн юм шиг 2 янзаар нөхөж бичсэн зэрэг нь нотлох баримт биш гэж үзэж байна. Ийм хурал болоогүй, намайг болон бусад мэргэжилтнүүдийг уг хурлаар оруулж хэлэлцээгүй, хурлыг хийгээгүй гэдгийг бид мэднэ. Хэрэв 2013 оны 01 сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн бол албан ёсны шийдвэрийг танилцуулж, "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 40.5 заалтыг мөрдөж, мэдэгдэх хуудас албан ёсоор өгөөгүй, энэ баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тодорхой байхад шүүхийн байгууллага хянан үзэж шийдвэрлээгүй, орхигдуулсан юм.

д/ Орхон сумын Засаг дарга О.Оюун өөрийн гараар зассан төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг санаатайгаар эх баримтыг нь шүүхэд өгөлгүй өөрийн хууль бус үйл ажиллагааг санаатай нуун дарагдуулж, болсон үйл явдлыг тодорхой бус болгон бүрхэг болгож, шийдвэрлэх хугацааг хойшлуулж, чирэгдэл хүндрэл учруулсан.

е/ Тамгын газрын дарга П.Ц Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа үр дүнгийн гэрээг 80 оноо буюу "С" үнэлгээтэй гэж үнэлсэн мөртөө дараа нь дахин гэрээг дүгнэж, 65.6 оноотой буюу "О" оноотой болгон өөрөө зассан, бодит үнэн байдалд тулгуурлан Төрийн албаны Зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэн дүгнээгүй, өөрийн дураар, хувийн үзэл бодлоо тулган засаж дүгнэсэн нь тодорхой юм. Тамгын газрын дарга П.Ц зассан дүгнэлтээ сумын засаг даргад өгөхөд Засаг дарга "өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээрээ сумын хэмжээнд бодлого барьж ажиллах шаардлагын хэмжээнд хүрч ажиллахгүй байгаа тул үнэлгээг зөвшөөрөхгүй гээд өөртэй нь уулзан ярилцаж, "Р" үнэлгээ өгсөн, 2013 оны 01 сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн" гэж давж заалдах гомдолдоо бичсэн нь хуулийн хүрээнд ажиллаагүй, шүүхийн байгууллага болон төрийн албан хаагч намайг гүтгэн доромжилсон гэж үзэж байна.

Миний үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу үнэн, зөв, бодит байдлыг харгалзан үзэж дүгнээгүй, хувь хүний үзэл бодлоо тулган дүгнэсэн гэж үзэж байна. Үр дүнгийн гэрээний дүнг өөрөө гараараа зассан эх хувь нь Засаг даргад байгаа боловч нуун дарагдуулж, үнэнийг гуйвуулан шүүхийн баримтад гарган өгөөгүй юм. Би өөртөө байсан хуулбарыг хэргийн баримтад хавсарган өгсөн нь үнэн.

Миний бие "Төрийн албаны тухай хууль"-ийн 14.1.2-т заасан эрхийн дагуу "зөвшөөрөхгүй" гэж бичсэн. Үр дүнгийн гэрээний биелэлтийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гэх 2012 оны 01сарын 24-ний өдрийн хуралдаан нь намайг ажлаас халагдсанаас хойш 2 хоногийн дараа болсон, эсвэл 01 сарын 04-ны өдөр хийсэн гэх зөрөөтэй 2 хурлын талаар надад зар хэлээгүй, миний асуудлыг хэлэлцээгүй, хийсэн гэх энэ хурлаас өмнө "ажлаас чөлөөлөх" шийдвэр гаргасан байсан юм.

Миний бие "Төрийн албаны тухай хууль"-ийн 14.1.2-т заасан эрхийн дагуу "зөвшөөрөхгүй" гэж бичсэн. Үр дүнгийн гэрээний биелэлтийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гэх 2012 оны 01сарын 24-ний өдрийн хуралдаан нь намайг ажлаас халагдсанаас хойш 2 хоногийн дараа болсон, эсвэл 01 сарын 04-ны өдөр хийсэн гэх зөрөөтэй 2 хурлын талаар надад зар хэлээгүй, миний асуудлыг хэлэлцээгүй, хийсэн гэх энэ хурлаас өмнө "ажлаас чөлөөлөх" шийдвэр гаргасан байсан юм.

Би төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн учир "туршилтын хугацааны" мэргэжилтэн биш болсон. Миний хувьд захиргааны болон ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, захиргааны болон сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд арга хэмжээ авсан талаар нотлогдсон баримт байхгүй билээ. Би "Төрийн албан

хаагчийн 2012 оны үр дүнгийн гэрээ"-г 2012 оны 02 сарын 16-ний өдөр Засаг даргын тамгын газрын дарга П.Ц-той байгуулж, төлөвлөгөө гарган ажилласан.

Тамгын газрын дарга П.Ц 2012 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг надтай хамт дүгнээгүй, танилцуулаагүй, төрийн албан хаагчийн эрхийг хүндэтгэн үзээгүй "Төрийн албаны тухай хууль-ийн 14.1.4 заалтыг зөрчсөн юм.

Ажлаас чөлөөлсөн тухай тушаалын 1 хувийг 01 сарын 22-ны өдөр 17 цагт надад өгсөн мөртөө Ц дарга өгсөн тайлбартаа үнэн, бодит байдлыг бичээгүй хурлын тэмдэглэлийг хуурамчаар хөтөлж, ямар асуудал хэрхэн хэлэлцэж, мэргэжилтнүүдийн санал бодол юу байсан, ямар шийдвэр гаргасан талаар тэмдэглэлд тусгаагүй, хурал хийсэн эсэх нь тодорхой бус, хуурамч баримтыг шүүхэд гарган өгсөн нь нотлогдож байна. Мөн энэ хурлын тэмдэглэлийг 2013 оны 01 сарын 24-ний өдрийн хурал юм уу 01 сарын 04-ний өдрийн хурлын аль нь болох нь тодорхой бус, хуурамчаар үйлдэгдсэн нь тодорхой байна. Намайг ажлаас чөлөөлөх үндэслэлд ёс зүйн зөрчил байнга гаргадаг, харилцааны соёл муутай, ёс зүйн болон ажил гүйцэтгэх чадварын хувьд ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэж дүгнэсэн нь бодит, үнэн байдалд нийцэхгүй байна. Хууль тогтоомжид заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй зөрчил гаргаж, сахилгын шийтгэлийг би хүлээгээгүй болно. Миний үр дүнгийн гэрээг дүгнэхдээ ёс зүйн талаар 2 даргын аль нь юу ч яриагүй, хурлын тэмдэглэлд бичигдээгүй, дурдагдаагүй, орон нутгийн иргэдээс гомдол, санал ирээгүй болно. Ёс зүйн талаар олон удаа намайг гүжирдэж, гүтгээд байгаа нь дарга нар албан тушаалаа урвуулан ашиглаж, хүнийг гүтгэдэг, өөрсдөө ёс зүй, харьцаа хандлагын маш том доголдолтой, ашиг сонирхлын зөрчилтэй байгааг илчилж байна. Ганцхан намайг ч биш, бусад мэргэжилтнүүдийг ч ингэж дарамталдаг, тийм учраас өнөөдөр үнэнийг зоригтой хэлэх хүн цөөн байгаа нь үнэн билээ.

Хариуцагчаас үгсэн хуйвалдаж, төрийн албан хаагч бидний гуйлт, хүсэлтээр тангараг өргөсөн мэт болгон гуйвуулж дүгнэсэн.

Төрийн албан хаагчдыг гүтгэн доромжилж, Засаг даргын тамгын газрын дарга П.Ц албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, аймгийн ЗДТГ-ийн төрийн албаны салбар Зөвлөлд тангараг өргүүлсэн тухай албан ёсны баримтыг хугацаанд нь хүргүүлээгүй, нуун дарагдуулж, 6 хүний ажил, амьдралыг санаатай хохироосон гэж үзэж байна.

Би биш юм гэхэд бусад 5 албан хаагч өнөөдөр яагаад төрийн жинхэнэ албан хаагч биш байж ажлаа хийгээд явж болоод байгаа, төрийн албаны сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй Олон нийтийн байцаагч Ч.Энхцэцэг нь миний оронд ажиллаж байгаа зэрэг нь ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэхэд хүргэж байна. Засаг дарга О.Оюун төрийн жинхэнэ албан хаагч намайг анх ажилд ороход "гаднын нутгийн хүнийг ажилд авахгүй", бага ангийн багш хүний хувьд "А"-гаас эхлэх үү гэхчлэн Монгол улсын "Үндсэн хууль" зөрчин газар нутгаар ялгаварлан гадуурхаж, хэл амаар доромжилж, 7 сарын турш цааргалж, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажилд авсан нь үнэн билээ.Гэтэл дахин үндэслэлгүй ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хуулийн дагуу хянан үзэж, Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 сарын 11-ний өдрийн 154 тоот шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгнө үү.” гэжээ.

Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/02 дугаар тушаалаар Ө.Э-ыг мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилсон боловч тийнхүү туршилтаар ажиллуулах хугацааг тодорхой заагаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-д туршилтын хугацаагаар ажиллаж байгаа төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэсний эцэст төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгох, харин тийнхүү ажиллах чадваргүй бол тухайн албан тушаалаас нь чөлөөлж болохоор заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, фото зураг зэрэг баримтуудаас үзвэл Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газарт туршилтын хугацаагаар ажиллаж байсан зургаан албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон, тухайн үйл ажиллагаанд хариуцагч Засаг даргын тамгын газрын дарга биечлэн оролцож, албан хаагчдаар тангараг өргүүлж, тангаргийн хуудсыг тэдгээрт гардуулсан нь тогтоогджээ.

Хэдийгээр зарим гэрчээс тангараг өргөх ажиллагааг өөрсдөө зохион байгуулсан гэх мэдүүлгийг өгсөн, мөн Тангаргийн бичиг журмын дагуу төрийн албаны зөвлөлд хүргэгдээгүй нь тогтоогдсон боловч энэ нь Ө.Э-ын үйл ажиллагаатай холбоогүй байна. Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-аас үзвэл тангараг өргөх ёслолыг албан хаагчийн ажиллах төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, ёслолын ажиллагаанд төрийн захиргааны албанд анх орж буй ажилтныг шууд захирах удирдах албан тушаалтан заавал оролцож, удирдан явуулах, тангаргийн бичгийг тухайн албан хаагчийн хувийн хэрэгт хадгалах зэрэг нь төрийн захиргааны байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтны үүрэг бөгөөд энэхүү ёслол, хүндэтгэл бүхий арга хэмжээг дурын этгээд сайн дураараа явуулах боломжгүй. Тиймээс явагдсан ёслолын ажиллагаанд Засаг даргын тамгын газрын дарга өөрөө оролцож, гарын үсэг бүхий тангаргийн бичгийг албан хаагчдад гардуулсан, хамт тангараг өргөсөн этгээдүүд төрийн жинхэнэ албан хаагчид тооцогдон ажиллаж байгаа нөхцөлд Ө.Э-ыг дангаар нь тангараг өргөөгүй буюу төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөө талаас Ө.Э-аар тангараг өргүүлсэн нь тухайн үед хариуцагч түүнийг туршилтаар ажиллах хугацаандаа үр дүнтэй ажиллахаа харуулсан буюу үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзсэнийг харуулж байна.

Дээрхээс дүгнэхэд Ө.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн заалтууд үйлчлэх ёстой бөгөөд түүний үйл ажиллагааны үр дүнг үнэлж, түүнтэй байгуулсан гэрээг дүгнэх ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл болон Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх журам’’-ын дагуу явагдах ёстой бөгөөд ийнхүү үнэлсэн үнэлгээ нь Ө.Э-ыг түүнийг албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх үндэслэл болохоор байна.

Иймд тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон албан тушаалтныг туршилтын хугацаанд ажиллаж байгаа гэж үзэн үр дүнгийн гэрээг дүгнэх замаар албан тушаалаас нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт баримталж чөлөөлсөн хариуцагчийн захиргааны акт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Үүнээс гадна Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Орхон сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн албаны бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг Орхон сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсний дагуу Засаг даргын тамгын газрын даргаас Ө.Э-ыг холбогдох албан тушаалд нь томилсныг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн маргаан бүхий асуудлаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 15А дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Э-ыг Булган аймгийн Орхон сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыг Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулан, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

Ц.ЦОГТ

Б.МӨНХТУЯА

Д.БАТБААТАР