Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01369

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01369

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 3 дугаар гудамжны 1638 тоотод оршин суух Халзан овогт Пүрэвийн Ганбаатар, Давсчин овогт Дашдаваагийн Дэлгэрмаа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний 60 дугаар байрны 44 тоотод оршин суух, Тайж овогт Чулуунбаатарын Оюунсувдад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5.810.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч П.Ганбаатар,Д.Дэлгэрмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2016 оны 7 дугаар сарын сүүлээр хувь хүн, компаниас банкны оролцоогүйгээр зээлээр байр худалдан авах гэж судалж байгаад фэйсбүүкийн Байр, орон сууц, түрээс гэсэн группээс мэдээлэлийг авч, Чулуунбаатарын Оюунсувд гэдэг хүнтэй холбогдсон.

Ч.Оюунсувд бидэнд Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн Шинэ амгалан хорооллын 521 дүгээр байрны 89 тоот хаягт байрлах, 51.24 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг санал болгохдоо:

- Тодорхой хэмжээний урьдчилгаа төлчихвөл, үлдсэн төлбөрийг банкны жилийн 5 хувийн хүүтэй, орон сууцны зээлэнд өөрөө хөөцөлдөж оруулна гэж хэлээд, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дэлгэрмаа руу утсаар ярьж, урьдчилгаа мөнгөө нотариат дээр аваад ир гэхээр нь тухайн үед байсан 2 сая төгрөг дээрээ хүнээс 3 сая төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлж өгсөн.

Биднийг бичиг баримтаа бүрдүүлээд Залгаарай гэсэн болохоор 8 сарын дундуур баримтуудаа бүрдүүлээд өгөхөд Би банкинд бичиг баримтуудыг чинь өгнө, банкнаас хүн залгана байх гэж хэлсэн боловч түүнээс хойш банкнаас залгаагүй, Ч.Оюунсувдтай ярихад элдэв шалтаг тоочин, сүүлдээ утсаа авахаа болиод, манай худалдаж авах гэж байсан байранд өөр хүнийг оруулсан.

Иймд Ч.Оюунсувдаас урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөг, бусдад төлсөн хүү 810.000 төгрөг, нийт 5.810.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагч Ч.Оюунсувд бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 5.810.000 төгрөгнийхөө 810.000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч Ч.Оюунсувд үлдэх 5.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хэрэв тогтоосон хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагч 5.500.000 төгрөгийг төлөхөөр эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч П.Ганбаатар, Д.Дэлгэрмаа нар хариуцагч Ч.Оюунсувдаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5.810.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 810.000 төгрөгнөөс татгалзаж, 5.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлөхөөр, хэрэв тогтоосон хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагч 5.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Халзан овогт Пүрэвийн Ганбаатар, Давсчин овогт Дашдаваагийн Дэлгэрмаа нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Тайж овогт Чулуунбаатарын Оюунсувдад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5.810.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 810.000 төгрөгнөөс татгалзаж, 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлөхөөр, тогтоосон хугацаандаа төлөөгүй тохиолдолд 5.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107910 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 53955 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.Оюунсувдаас 53955 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА