Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01389

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01389

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 хороолол, 12 дугаар байрны 204 тоотод оршин суух, Боржигон овогт Батшийрэвийн Оюунбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 2 дугаар байрны 44 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Очирын Батшийрэвт холбогдох хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунбат, хариуцагч Б.Батшийрэв, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Б.Оюунбат нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн төрсөн ээж болох Батшийрэвт хүү Батмөнхөө үрчлүүлсэн. Хүүгээ өөрийнхөө нэрээр овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Тухайн үед нөхөр бид хоёр гадаадад ажиллаж, амьдрахаар явсан. Одоо эх орондоо ирээд, 1 жил орчим болж байна. Хүү биднийг ирснээс хойш хамт амьдарч байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.Батшийрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие өөрийн төрсөн охины хүү, зээ Батмөнхийг өсгөсөн. Аав Эрдэнэмөнх, ээж Оюунбат нар гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн учраас зээ хүүг эцэг, эхэд нь өгмөөр байна. Иймээс үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөөч гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Б.Оюунбат, хүү Батмөнхийг үрчилснийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Үрчлүүлэгч Б.Оюунбат, хүү Батмөнхийг 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан нь тогтоодогдож байна.

 

Үрчлэн авагч Б.Батшийрэв Батмөнхийг 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үрчлэн авсныг, хүүхэд үрчилсний бүртгэлийн 0002 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт үрчлэгч нь эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж заажээ.

 

Дээрх байдлууд тогтоогдоогүй боловч бодит байдал дээр хүүгийн эцэг,эх гадаадад ажиллаж, амьдарч байсны улмаас хүүтэйгээ хамт амьдрах боломжгүй, тэндний гэр бүлд бүртгэгдээгүй, үрчлэн авсан хүүхэд нь үрчлэн авагчтай одоо хамт амьдраагүй, өөрийнхөө төрсөн эцэг, эхийнхээ гар дээр өсөн бойжин, хүмүүжиж байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар Батшийрэв овогтой Батмөнхийг 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Боржигон овогт Бат-Очирын Батшийрэвт үрчилснийг хүчингүйд тооцсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Батмөнхийг ээж Боржигон овогт Батшийрэвийн Оюунбатын асрамжинд шилжүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Дарханцэцэгт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА