Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/294

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч *******- түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005002850126 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч:

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь “Франц улсын виз гаргаж өгнө” гэж Д.А-гаас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр 6.712.160 төгрөгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 3.330.000 төгрөг төлсөн. Үлдсэн 3.384.000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлөхөөр хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг.

 

Хоёр: Эрүүгийн 2005002850126 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-гийн хохирогчоор өгсөн: “Манай нөхөр Эрдэнэтөгс 2017 онд Франц руу улс руу эмчилгээний визээр гараад тэндээ ажиллаж байна. Би таван хүүхдийн хамт Улаанбаатар хотод гэр зуур байдаг. Ингээд нөхөр Францад амьдрах сайхан юм байна хүрээд ир гэж байсан. Нөхөр хэлэхдээ надтай хамт ажиллаж байгаа гэр бүл байна энэ хүмүүс Батсуурь овогтой *******- гэх хүнээр зуучлуулсан гэж байна, би утасны дугаарыг нь авлаа 89800976 дугаарын утастай гэж байна гэж надад Ган-Эрдэнийн утасны дугаарыг өгсөн. 2019 оны 02 дугаар сард *******- гэх хүнтэй утсаар холбогдон ярихад болно ямар ч асуудалгүй ирээд уулз ирэхдээ гадаад паспортуудаа авчраарай гэж хэлсний дагуу би Баянгол дүүргийн 10-р хорооллын автобусны буудал дээр уулзаж өөрийн болон дөрвөн хүүхдийнхээ гадаад паспортыг өгсөн. Үүнээс хойш 10 хоногийн дараа дахин уулзаж Италиас урилга ирж байгаа би захисан одоо та тавын 6.000.000 төгрөг шаардлагатай байна гэхээр нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гэрээсээ мобайл банкаар ************ дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээсээ мобайл банкаар 2.000.000 төгрөгийг, Өргөө кино театрын автобусны буудлын баруун талд байрлалтай Худалдаа хөгжлийн банкнаас *********** дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өргөө кино театрын автобусны буудлын баруун талд байрлалтай Худалдаа хөгжлийн банкнаас *********** дугаарын данс руу 500.000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас *********** дугаарын данс руу 214.000 төгрөгийг шилжүүлээд за би нийт  6.714.000        төгрөгийг шилжүүллээ одоо бид нар яах билээ гэж асуухад 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Италийн элчин дээр визэнд орно өөрөө болон дөрвөн хүүхдийнхээ визний төлбөрийг еврогоор нь бэлдээд байж байгаараа гэж хэлээд ор сураггүй алга болсон. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр *******- өөрийнхөө 89800976 дугаарын утаснаас над руу залгахад настайвтар 50-60 орчим насны эмэгтэй хүн залгаад *******- зам тээврийн осолд ороод биеийн байдал маш муу байна үхэж магадгүй болчхоод байна гэхээр нь би аль эмнэлэгт хэвтэж байгаа юм бэ би очоод уулзмаар байна гэж асуухад Гэмтлийн эмнэлэгт гэхээр нь аль тасагт хэдэн давхарт хэвтэж байгаа вэ гэж асуухад мэдэхгүй өөрсдөө олоод уулз гэж хэлээд утсаа тасалсан. Үүнээс хойш холбоо бариагүй. Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гэж байгаад сүүлдээ ашиглалтад байхгүй болсон. Би гадаадад олон жил амьдарсан, танилын хүрээ ихтэй мөн Италиас таньдаг хүндээ урилга захиад ирэхлээр чамайг дөрвөн хүүхдийн чинь хамтаар визэнд оруулна гэж хэлсэн байсан. Би дөрвөн хүүхэдтэйгээ гарах найдвар хир байдаг вэ гэж асуухад ямар ч асуудалгүй би тавыг гаргана гэж хэлж байсан. 3 удаа уулзаж байсан 2 уулзалт нь манай ажлын дотор, нэг нь 10-р хорооллын автобусны буудал дээр уулзаж байсан. Би ээжийгээ тэтгэврийн зээл авхуулаад мөн таньдаг хүмүүсээсээ мөнгө зээлж уг 6.714.000 төгрөгийг гаргуулан авсан байгаа одоо өрнүүд маань нэхэгдээд хэцүү байна. Хохирлыг минь барагдуулж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал)  

 

3. Д.А-гийн Хаан банкны 5926110675 дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 72-75 дахь тал)

 

4. Д.Цэрэндолгорын Хаан банкны ************ дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 97 дахь тал)

 

5. *******- Худалдаа хөгжлийн банкны *********** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 90-92 дахь тал)   

       

            6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******- яллагдагчаар өгсөн “2018 оны 9 дүгээр сард Д.А-гийн нөхөр миний фейсбүүк хаяг руу холбогдоод чиний Франц улс руу явуулсан хүмүүс миний хажууд байна. Франц улсын Мирселла хотод байна гэсэн. Манай эхнэр 4 хүүхдүүдийг Франц улс руу явуулж өгч туслаач гэж удаа дараа холбогдсон. Тэгээд би эхнэртээ миний утсыг өгөөд надтай холбогдуулаарай гэж хэлсэн. Эхнэр нь буюу Д.А- миний дугаар руу залгахаар нь надтай уулзаад холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ надад бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Д.А- олон хүүхэдтэй байсан болохоор урилгын мөнгө, бичиг баримт бүрдүүлэх мөнгө гэж надад 6.714.000 төгрөгийг 4 удаа хувааж миний Худалдаа хөгжил, Хаан банкны дан руу явуулсан. Тэгээд Европ руу урилга захисан. Тухайн үед дансаар авсан мөнгөнүүдээс ашгаа бодож авч байсан Д.А-гийн мөнгөнөөс бас такси, бичиг баримт канондох гэх зэрэг зүйлд зарцуулсан. Би бичиг баримтыг нь хөөцөлдөж байх үед 2019 оны 7 дугаар сард залилангийн гэмт хэргээр 1 жилийн хугацаагаар хорих ял авсан. Одоо хүсэлт гаргаж биеэр эдлэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлсэн байгаа.  Би Д.А-тай 3 удаа уулзаж байсан. Тухайн үед бичиг баримтыг нь бүрдүүлэх талаар ярилцаж байсан. Би Д.А-д мөнгө өгсөн зүйл байхгүй. Харин Франц улсын виз гаргаж өгөхөөр 6.714.000 төгрөгийг дансаар авсан. Бэлэн мөнгө авсан зүйл байхгүй. Франц улс нь Европын чөлөөтэй улс юм. Тэгээд 24 улсын нэг улсаас урилга авахаар би тэр улсуудад урилга аваад визэнд гарах бичиг баримтуудыг бүрдүүлдэг байсан юм. Д.А- гадаад паспорт, хорооны тодорхойлолт, банкны тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг гарган өгч байсан. Би тэр бичиг баримтуудыг гэртээ байлгадаг байсан юм. Тэгээд залилангийн хэргээр 2019 оны 7 дугаар сард ял аваад Д.А-гийн визийг хөөцөлдөх боломжгүй болсон. Одоо бичиг баримт нь хаана байгааг нь мэдэхгүй, байхгүй болсон. Олон жилийн өмнө Д.А-гаас 6.714.000 төгрөгийг аваад тэр мөнгөө хэрхэн яаж зарцуулснаа нэг бүрчлэн санахгүй байна. Би Д.А-гийн хохирлыг барагдуулна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний нас сүүдэр явж байна. Надад хөнгөн ял өгч тусална уу.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-82 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 84-87 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 152-157 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 158-161 дэх тал), Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаартай захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 162 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.            

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч *******- нь “Франц улсын виз гаргаж өгнө” гэж Д.А-гаас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр 6.712.160 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт нь:

-хохирогч  Д.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

-Д.А-гийн Хаан банкны 5926110675 дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 72-75 дахь тал)

-Д.Цэрэндолгорын Хаан банкны ************ дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 96-97 дахь тал)

-*******- Худалдаа хөгжлийн банкны *********** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 90-92 дахь тал)  

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

“Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

        Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******- нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр бусдын гадаад улсад ажиллаж амьдрах хүсэл сонирхолыг далимдууланФранц улс руу виз гаргаж өгнө” гэж худал хэлж хуурч, Италиас урилга ирж байгаа гэж хохирогчид итгэл үнэмшил төрүүлэн өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 6.712.160 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нь  гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч *******- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч *******ан-Эрдэнийг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,  

          -шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингээс “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж нэг жилийн хугацаагаар нөхөн төлөхөөр болсон. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж өгнө үү. Учир нь *******- нь ажилд орох гэж байгаа бөгөөд өөрийн төрсөн эцэг эх рүү очиж үр хүүхдээ сургуульд хүргэж өгдөг зэрэг хувийн байдлыг харгалзаж үзнэ үү.” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

            *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

            Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал дүгнэлтийг шүүх хүлээн авсан болно.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 05 сар 14 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 04 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******- эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ял 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 01 жил 11 сар 17 хоногтой гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 177 дахь тал) авагджээ.

 

Шүүгдэгч *******- нь “Франц улсын виз гаргаж өгнө” гэж Д.А-гаас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр 6.712.160 төгрөгийг шилжүүлэн авч залилсан дээрх үйлдэл нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолууд гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

           

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

           

         Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө шинэ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор *******-д оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 02 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 02 жил 05 сар 02 хоногийн хугацаагаар тогтоов.  

   

Шүүхээс *******- хувийн байдлыг харгалзан, цаашид ажил хөдөлмөр эрхлэх, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж, зорчих эрхийг түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

          Зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******-д анхааруулав.

            

          Тав. Хохирол, хор уршгийн талаар

 

          Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-гийн эд хөрөнгөд 6.712.160 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч *******- 3.330.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нөхөн төлсөн байна.

         

        Хохирогч Д.А- болон шүүгдэгч *******- нар нь 2022 оны 02 дугаар сарын 21-нд эвлэрлийн гэрээ байгуулж 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлөгдөөгүй үлдсэн 3.384.000 төгрөгийг шүүгдэгч *******- хохирогч Д.А-д нөхөн төлөхөөр гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 126-128 дахь тал)

         

          Иймд тэдгээрийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр төлөгдөөгүй үлдсэн 3.384.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-эс гаргуулж хохирогч Д.А-д олгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд *******ан-Эрдэнийг төлөөгүй үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.

 

Зургаа. Бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурьдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.******************************г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******ан-Эрдэнийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор *******-д оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, түүний эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 02 жил 05 сар 02 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. *******- зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай. 

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******-д анхааруулсугай.

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******-эс 3.384.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д олгосугай.

9. Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ