Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0427/Э |
Дугаар | 2022/ШЦТ/459 |
Огноо | 2022-04-12 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос И Х овогт М-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000351 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын коллеж төгссөн, барилгын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1598 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 03 жил 03 сар 03 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 363 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.А-ийн эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 01 хорих ялыг өршөөн хасаж сулласан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, биелүүлээгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн И Х овогт М-ийн А /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон автотээврийн үндэсний төвөөс хохирогч А.О-гийн өмчлөлийн Самсунг А-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие тухайн өдөр Толгойт орох гээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн урд хаалгаар орох гээд явж байхад миний урд нэг хүн явж байсан ба халааснаас нь утас нь цухуйгаад байхаар нь араас нь дагаад хаалгаар орох үед нь тухайн залуугийн халааснаас нь Самсунг А-30 эс маркийн гар утсыг авчихсан юм. Маргах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас М.А-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч М.А нь “...маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна” гэж санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.А нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон автотээврийн үндэсний төвийн хаалгаар орж явсан иргэн А.О-гийн өмсөж явсан гадуур хүрэмний халааснаас Самсунг А-30 маркийн гар утсыг түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал),
3. Хохирогч А.О-гийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон автотээврийн зогсоол дээрээс хөдөө орон нутаг руу ачаа ачуулахаар ирсэн. Шилэн Драгоны авто тээврийн үндэсний төв орохоор урд талын хаалгаар ороход пальтоны баруун талд байсан миний өөрийн эзэмшлийн Самсунг А-30 загварын гар утас байхгүй болсон байсан. Хаалгаар орохоос өмнө би өөрийн утсаараа яриад пальтоны баруун талын доод халаасандаа хийсэн юм. Тухайн үед миний хажууд зогсож байсан иргэн миний халаас руу гараа хийх шиг болсон. Би тэр үед 2 гартаа ачаа бариад байж байсан болохоор анзаараагүй хаалгаар ороод гар утсаа үзтэл алга болсон байсан, тэгээд цагдаад мэдэгдсэн. Утсаа төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
4. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Samsung a30 гар утасны үнэлгээ 400,000 төгрөгөөр тогтоогдсон, (хавтаст хэргийн 20- 21 дэх тал),
5.Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...шүүгдэгч М.Аээс цагаан өнгийн ... имэй дугаартай, Galaxy A-30 маркийн гар утсыг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хохирогч А.О-д хүлээлгэн өгсөн” (хавтаст хэргийн 6-7 дугаар тал)
6. Шүүгдэгч М.А-ийн “...Уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 30 минут орчимд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Толгойт орох гэж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон терминал төвийн урд хаалгаар орж байхад миний урд 41 орчим насны залуу хайрцагтай эд зүйл бариад уг Драгон төв рүү орж байхыг хараад араас нь дагаад хаалгаар орох үед тухайн залуугийн пальтоны баруун талын халааснаас нь Самсунг А-30 эс маркийн гар утас хулгайлсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэмээн бичсэн байх боловч 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А.О-гийн мэдүүлэг, шүүгдэгч М.А-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул гэмт хэрэг гасан цаг хугацааг үйл баримт дээр зөвтгөн дүгнэсэн болохыг тэмдэглэв.
Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч М.А нь Толгойт руу явж байсан гэсэн атлаа Драгон тэр хавиар сэлгүүцэн явж улмаар хохирогч А.О-г гар утсаараа ярьж дууссаны дараа пальтоны халаасанд гар утсаа хийж, улмаар 2 гартаа ачаа барьсан байдалтай явж байгааг харж ажиглан араас нь дагаж Драгон төвийн хаалгаар орох гэж буй үетэй давхцан халаас руу руу гараа хийж Самунг А-30 маркийн гар утсыг өөртөө авсан, тэрбээр үйлдлээ гүйцэтгэхдээ хохирогчид хүч хэрэглээгүй, хохирогчид мэдэгдэлгүйгээр, сэм авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын хэн алины мэдүүлгээр тогтоогдсон, улмаар шүүгдэгчээс хохирогчийн эзэмшлийн гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн баримттай байна.
Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг хохирогчоос хэрхэн өөртөө шилжүүлэн авч байгаа байдлаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших ... гэмт хэрэг болж хоорондоо ялгагддаг байна. Хулгайлах гэмт хэрэг нь бусад ойролцоо төрлийн гэмт хэргүүдээс нууц далд аргаар үйлдэгддэг, хохирогчид мэдэгдэхгүйгээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан үйлдлээр ялгагдахаар тусгажээ.
Шүүгдэгч нь хохирогч А.О-д мэдэгдэлгүйгээр түүний гар утсыг нууцаар, хууль бус аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоо олгосон дээрх үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан ба уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч М.А-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.О-д 400,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч М.А-ээс “Galaxy A30s” маркийн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч нь “гомдол саналгүй, хохирлоо бүрэн бүтэн хүлээж авсан” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ял дээр, шүүгдэгч М.А-ийн урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай нагийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сар 7 хоногийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
Шүүгдэгч “буруу зан гаргаж бусдад хохирол учруулсан явдалд харамсаж байна. Ялыг маань хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасан.
Шүүгдэгч М.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал, тэрбээр удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан ч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй ахин гэмт хэргийг өмнө шийтгүүлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлж байхдаа үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүйгээс хууль бус аргаар бусдын өмчлөх эрхэд халдахад хүргэсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аэд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.А өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ч уг ялыг биелүүлээгүй, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ч ялаа бүрэн биелүүлээгүй, одоо 134 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, уг ялыг биелүүлэх явцдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймээс дараах байдлаар шийдвэрлэхээр тогтов. Тухайлбал,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аэд урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв. Учир нь,
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж бангын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байна.
Шүүгдэгч М.А-ийн хувьд, түүний ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялын төрөлгүй, улмаар цаг хугацааны хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан үндэслэлд хамаарч байгаа тул М.А-ийн биелүүлээгүй 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 134 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Учир нь, М.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн хэдий байх боловч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэгт/-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамруулахгүй гэж заасан байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И Х овогт М-ийн А-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-эд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-эд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.А-эд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 134 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг (нэг) жил 4 (дөрөв) сар 14 (арван дөрөв) хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.А-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ