Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

 

 

 

   2022          03          23                                     2021/ШЦТ/228

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Намжил,

Шүүгдэгч: Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Мянган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105013540071 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т-, .... тоот регистртэй,

  Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 95а байрны баруун талд байрлах үерийн далангийн дэргэд хохирогч Э.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж “гавлын дух ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хацар ясны нум, хоншоор яс, зүүн ухархайн дээд ба дотор, доод хана, баруун ухархайн доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт” гэмтэл үүсгэн, хүүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т- шүүх хуралдаанд: “...Би тухайн өдөр ажлаа тараад явж байсан. Тэнд байсан Г- гэх залууг таньдаг байсан бөгөөд маргалдаад байна гэхээр нь ярилцах гээд явсан. Б- намайг нэг цохихоор нь би уурандаа цохисон” гэв.

Хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн үед Ганбаа түүний 2 найз бид 4 барилга барьж байсан айлаас гараад ...сагсан бөмбөгийн шийд дээр тоглох гээд байж байхад ...Ганбаа бид 3-т хандаж Т- гэх хүүхэд дуудаад байна, очоод уулзъя гэхээр нь бид 3 зөвшөөрч Ганбаагийн хамт 95а байрны үерийн далан дээр очих үед ...Ч- гэх ах Т- намайг цохихоос нилээд өмнө ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр зүүн хацар буюу чихний доод хэсгээр алгадсан. Би Т- гэх хүүхдэд цохиулаад хамраас цус гараад ухаан балартаад явчихсан. Нэг сэргэхэд Ганбаа гэх найзынхаа хашаан дотор ахынх нь машинд сууж байсан. Нүд бараг юм харахгүй хавдсан байсан. ...Маргааш нь ээж болон эмээтэй Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн ...шууд хэвт тархинд цусан хуруу үүссэн байна. Хагалгаанд орно гэж хэлээд тухайн өдрөө ГССҮТ-д гавал тархины тасагт хэвтсэн. Эмчилгээнд гаргасан зардал мөнгөө гаргаж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 79-86/,

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг өнгөрч байсан байхаа Баатарцогтын гэрээс Б-, Б- бид хэд манайд очиж хувцсаа солиод ...сагс тоглох гээд байж байсан чинь Т- гэдэг хүүхэд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 95а байрны ертөнцийн зүгээр баруун талд байх үерийн далан дээр хүрээд ир гээд дуудсан. Т-ийн найзууд бид 4 дээр ирээд юм ярилгүй байж байсан чинь Т-ийн ах Ч- гэх залуу Б-ын зүүн шанаа хацар хэсэг рүү ...нэг удаа цохисон чинь цагдаагийн алаг машин явж харагдсан чинь бүгд тарсан. Машин өнгөрөөд яваад өгсөн чинь эргэж цуглаад ...Т- над дээр хүрч ирээд зууралдсан. Б- хүрч ирээд Т-ийг цохисон чинь Ч- гэх залуугийн найз хүрч ирээд Б-ыг татаж цагаан Приусэндээ суулгахаар нь би очоод найзыгаа буулгаж авсан. Б-ыг хажуудаа дагуулаад явж байсан чинь Т- араас хүрч ирээд Б-ын баруун гараас татсан чинь Б- эргээд харсан. Т- Б-ын зүүн нүд шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад саваад нэг удаа чанга цохисон чинь Б- хашаа налаад суусан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 03-нд үеэл ах болох Эрдэнээ ахын гэрт байшингийн хундаам цутгах ажилтай үеэл дүү Баатарцогтын хамт ...найз болох Г-тай уулзаад энэ ажилд туслаад өгөөч гэж хэлсэн. ...Б-, Г-ын гэрт байсан тул бид 4 хамт очиж ахын хундааманд тусалсан. ...22 цагийн үед гэрээс нь гарч сагсны шийд орох гээд явж байхад тэр хавийн хэдэн хүн ирээд Г- болон Б- нартай маргаан хийгээд эхэлсэн. Энэ үед тэнд байсан Ч- гэх ах Булгааг машиндаа суулгаад элэгдэж байгаа харагдсан. ...Б-ыг Г-тай анх маргаад хашааны хажууд зогсож байсан шар Төөгөө гэх залуу нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Б- манараад байгаа бололтой доош суусан. ...хамраас нь цус гарсан байдалтай нэг нүд нь хавдсан бололтой харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Насанд хүрээгүй гэрч Б.Баатарцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үеэл Ц.Б-ын хамтаар тэнд байдаг найз Г-ын гэрт очсон. ...бид нар ахын хашаанд хундаам цутгасан. ...22 цагийн үед сагс тоглохоор болоод Г-ын гэрээс гараад тэдний гэрийн урдхан байдаг шийд рүү сагс тоглохоор явж байгаад тэр хавийн хүүхдүүдтэй таарсан. ...ямар учраас маргаан хийгээд байгааг сайн ойлгоогүй. ...Ч- гэх ах, Т-, Төгсөө нар байсан. Би Барсбаярын хамт тухайн газраас жаахан холдоод хараад зогсож байсан. Б-ыг Ч- ах машинд оруулж байгаа харагдсан. Машин дотроос Б- буугаад аархаж байхад нь шар Төөгөө гэх залуу хажуунаас нь гараараа нүүрний хэсэгт нь нэг удаа цохисон. Б- шууд доошоо газар суусан. ...хамраас нь цус гараад нүүрээ дараад харуулахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Насанд хүрээгүй гэрч Ц.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед найз Төгсөөгийн хамт явж байгаад “Г- нарын хэдэн хүүхэд шийдэн дээр ирээд томорсон” гэж ярьж байсан чинь тэд нартай таарсан, таараад ганц нэг үг солиод маргаан болсон. Нэг машин дотроос Ч- ах гарч ирээд “юу болоод байгаа юм бэ, нэг дэнжийн хүүхдүүд байж боль” гэх мэт зүйл яриад байхад Г- болихгүй манай найз Ариунтөгсийг 2, 3 гараа цохисон ба хажуугаар цагдаагийн машин явахаар бүгдээрээ тараад явсан. Би нэг харсан чинь үл таних нэг өндөр банди Т-ийн шанаа орчим цохисон. Т- хариу гараараа нүүр хэсэгт нь цохиод салсан. ...миний харснаар хамраас нь цус гараад машины хажууд сууж байсан. ...өөр ямар нэгэн маргаан зодоон болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Насанд хүрээгүй гэрч Йийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хэрэг маргаан гарсан өдөр манай тэнд байдаг Г- гээд хүүхэд манай найз нартай муудсан гэсэн. ...бөөнөөрөө явж байхад замд Т- таарсан бөгөөд Ганбааг гайгүй таниад байдаг болохоор нь хамт явчихье гээд дагуулаад явсан. Бид нар далангийн тэнд Ганбаа болон өөр 2, 3 хүүхэдтэй таарсан. Маргаан хийсэн талаар яриад байж байхад Ч- гэх ах ирсэн. ...боль гэж салгаад Г-ын ахтай хамт цаашаа яваад өгсөн. Г-тай хамт байсан нэг өндөр залуу нь Т-т юм хэлээд өөдөөс хашгирч ирээд Т-ийг нүүр хэсэгт нь гараараа цохиод явсан чинь Т- нөгөө хүүхдийг өөдөөс нь нэг удаа нүүр хэсэгт нь цохисон ах нар ирээд салгаад бид нарыг хөөгөөд явуулсан. ...Т-т цохиулсан хүүхдийг харахад хамраас нь цус гараад байгаа бололтой цусаа арилгаад сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

Гэрч Б.Ч-балын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 03-ны орой ажил тараад гэртээ харих гээд явж байхад манай ойролцоо байдаг хэсэг хүүхдүүд бөөгнөрч маргаан хийж байгаа харагдсан. ...Г- гэх зүс таних Т- гэх залууг Г-ын найз гэх залуу нүүр хэсэгт гараараа цохисон. Т- зөрүүлээд нэг удаа гараараа нөгөө өндөр хүүхдийн мөн нүүр хэсэгт нь цохисон. Гантулга бид 2 маргаан зодооныг салгасан. Т-т цохиулсан залуугийн хамраас цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 51-53/,

Шинжээчийн 6147 тоот дүгнэлтэд: “...Э.Б-ын биед гавлын дух ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хацар ясын нум, хоншоор яс, зүүн ухархайн дээд ба дотор, доод хана, баруун ухархайн доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 57-58/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 7-8/, шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 22/, хохирлын баримтууд /хх-н 62/, хохирогчийн өвчний түүх /хх-н 64-75/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 103-113/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 114-121/, хохирогчийн хүсэлт /хх-н 131/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.Т- нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 95а байрны баруун талд байрлах үерийн далангийн дэргэд хохирогч Э.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж “гавлын дух ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн хацар ясны нум, хоншоор яс, зүүн ухархайн дээд ба дотор, доод хана, баруун ухархайн доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт” гэмтэл үүсгэн, хүүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Б-ын мэдүүлэг, гэрч Б.Г-, Ц.Б-, Б.Ч-бал, насанд хүрээгүй гэрч Б.Баатарцогт, Ц.М-, А.А- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Т- нь хохирогч Э.Б-тай маргалдаж улмаар түүнийг цохисны улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Т-ийн хохирогч Э.Б-ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Т- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, хохирлыг барагдуулсан гэсэн хүсэлт /хх-н 131/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 03 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Т-ийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 8.5 дугаар зүйлд “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” 2 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...”, 3 дахь хэсэгт “хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Т- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй болох нь нас тоолсон тэмдэглэлээр /хх-н 22/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүлэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Т-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эхийн зөвшөөрснөөр шүүгдэгчийн эцэг, эхэд даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т авсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эхийн зөвшөөрснөөр шүүгдэгчийн эцэг, эхэд даалгасугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Б.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР