Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/308

 

                      

 

 

 

 

 

 

     2022          4           25                                     2022/ШЦТ/308

 

 

                    

                               

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/

шүүгдэгч *******- түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105022411113 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

                      Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

              Шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны оройн 20 цаг орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 10 дугаар гудамжинд явж байсан хохирогч Б.Х-гийн эзэмшлийн “Realme 7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шүүрэн авч зугтаан 799.200 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Миний хүү А- нь 05 настай, цэцэрлэгт явдаг. Би хүүхдээ өглөө оройд цэцэрлэгт хүргэж өгдөг. Салсан эхнэр маань Улаанбаатар хотод оршин суудаг. Гэр бүлийн хүмүүсийн биеийн эрүүл мэндийн байдал гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн. Хохирогчид Самсунг А80 загварын гар утсыг хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан. Хүүхэдтэй минь хамт байлгаж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

 Хоёр: Эрүүгийн 2105022411113 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай “2021 оны 10 дугаар сарын 22-нд Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 10 дугаар гудамжинд үл таних хүнд гар утсаа булаалгасан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал)

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8 дахь тал)

 

3. Хохирогч Б.Х-д “Самсунг А80 загварын ...дугаартай гар утсыг хүлээлгэн өгсөн...” эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 48 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х-гийн хохирогчоор өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд би сургалтаа тараад гэр рүүгээ харих гээд баруун дөрвөн замаас төв зам дагаад алхаад явсан. Би алхсаар байгаад 25-р эмийн сан өнгөрөөд 3,4-р хорооллын эцсийн Оргил худалдааны төв ороод 10 орчим минут болж буцаж гарч ирээд Нэхий плазагийн хажуу талаар алхаад хорооллын арын усан сангийн орчимд явж байхад миний араас нэг залуу дагаад байсан. Тэгээд би өөрийнхөө гар утсыг баруун гартаа бариад явж байтал миний ард явж байсан залуу зэрэгцэж ирээд миний гарт байсан гар утсыг шүүрээд зугтаасан. Би уг залуугийн араас хөөсөн боловч хөөгөөд гүйцээгүй алдсан. Ингээд цагдаад дуудлага өгч өргөдөл бичиж өгсөн. 20-25 орчим насны хар хөх өнгийн малгайтай, хар өнгийн богино куртиктэй эрэгтэй байсан. Тухайн үед би царайг нь харж чадаагүй.

Миний гар утас Realme 7 загварын саарал өнгөтэй гар утас байсан ба би гар утсаа алдахаасаа 3 сарын өмнө 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

5. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Realme 7 загварын гар утас 1 ширхэг 799.200 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “Би Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнийн гаргасан тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа ялтай холбоотой санал хүсэлт байхгүй. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах айлаас захиалсан тавилгын хэмжээ авах гэж 19 цагийн орчимд явж байхад тухайн айл захиалгаа цуцалсан тул  гэр рүүгээ харих гээд Баянгол дүүргийн 10-р хороо нутаг дэвсгэрт явж байхад гэр хорооллын гудамжны өнцгөөс нэг эмэгтэй хүн гар утсаа оролдсон байдалтай явж байхаар нь хажуугаар нь зөрөхдөө гар утсыг булааж зугтаасан. Тухайн гар утсыг би Баянхошууны тойргийн ойролцоо хүнд 250,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөө өөрийн хэрэглээнд зарцуулсан. Би тухайн үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би дээрэмдсэн гар утсаа 250,000 төгрөгөөр зарсан. Гар утас авсан хүнийг би танихгүй. Зарсан мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулж байгаад дуусгасан. Яг юунд зарцуулсан талаараа санахгүй байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хохирогчид гар утас авч өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал)

 

   7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 56-58 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-62 дахь тал), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 549 дугаартай магадлалын хуулбар (хавтаст хэргийн 80-84 дэх тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

Шүүгдэгч *******- нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 10 дугаар гудамжинд гэртээ харихаар явж байсан хохирогч Б.Х-гийн эзэмшлийн “Realme 7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шүүрэн авч зугтаан 799.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Б.Х-гийн хохирогчоор өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд би сургалтаа тараад гэр рүүгээ харих гээд ...явж байхад миний араас нэг залуу дагаад байсан. Тэгээд би өөрийнхөө гар утсыг баруун гартаа бариад явж байтал миний ард явж байсан залуу зэрэгцэж ирээд миний гарт байсан гар утсыг шүүрээд зугтаасан. Би уг залуугийн араас хөөсөн боловч хөөгөөд гүйцээгүй алдсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 05 дахь тал), *******-ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-нд....Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт явж байхад гэр хорооллын гудамжны өнцгөөс нэг эмэгтэй хүн гар утсаа оролдсон байдалтай явж байхаар нь хажуу нь зөрөхдөө гар утсыг булааж зугтаасан. Тухайн гар утсыг би Баянхошууны тойргийн ойролцоо хүнд 250,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөө өөрийн хэрэглээнд зарцуулсан. Би тухайн үед бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8 дахь тал), Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 47-48 дахь тал) Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Realme 7 загварын гар утас 1 ширхэг 799.200 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 Хяналтын прокуророос *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг илээр авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.

 

Хүч хэрэглэхгүйгээр гэдэгт бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.      

 

Хууль бусаар авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчимд хохирогч Б.Х-г гудамжинд харихаар алхаж явахад нь түүнийг дагаж Б.Х-гийн эзэмшлийн “Realme 7” загварын 799.200 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг шүүрэн авч зугтаасан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

        Шүүгдэгч *******-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

          Улсын яллагчаас шүүгдэгч *******-од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн. Мөн хувийн байдалд хамаарах 05 настай хүүгээ асардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэр нь зам тээврийн осолд орсны улмаас баруун хөлөө тайруулж хүүхдээ асрах боломжгүй болсон. Иймд асран хамгаалах харгалзан дэмжих боломжийг олгож шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа.

 

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан нийт 53 хуудас баримтуудаас үзэхэд  *******- нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй байх ба *******-ийн мэдүүлснээр өөрийн хүү гэх  /РД:ОГ16252510/ регистрийн дугаартай Тугтан овогт Хундагын Алтангэрэл нь өөр овогтой байна.

 

          Түүнчлэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар хүүхдийн хамт амьдардаг гэсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан (хавтаст хэргийн 49 дэх тал)-д 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ганцаараа амьдардаг гэх Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт нь хоорондоо зөрүүтэй байх тул хорооны засаг даргын тодорхойлолтыг аль нь үнэн болохыг шүүх тогтоох боломжгүй юм.

 

         Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэх нийт 53 хуудас баримтууд нь бүхэлдээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангааг0ү0й байх тул нотлох баримтаар шүүх үнэлээгүй болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-од Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй дахин дээрмийн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******-од урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар удаа дараа ял шийтгэгдэж байсан байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу биет байдлаар өөр загварын гар утсыг хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******-од Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан “...зорчих эрхийг хязгаарлах, хорих” гэсэн хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч *******-од хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

 

Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэр хэмжээ шинж чанарыг  харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Тав. Хохирол, хор уршгийн талаар

        Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-д 799.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******- нь 2022 оны 3 дугаар сарын 09-нд хохирогч Б.Х-д “Самсунг А80” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 48 дахь тал)-д тусгагдсан байх (хавтаст хэргийн 51 дэх тал)-д хохирогч Б.Х-гийн “гомдол саналгүй байхгүй” гэсэн бичгийн хүсэлт хавсаргагдсан байх тул шүүгдэгч *******-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Энэ хэрэгт *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус  дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. *******- “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         3.  *******-ийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4. *******-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

         5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ийн цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ