Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/305

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           4          25                                   2022/ШЦТ/305

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч *******- түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000185 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч:

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж буй “ЭСЭЙ” ХХК-ийн барилгын 01 давхрын агуулахын хаалгыг эвдэж нэвтрэн орж, 100 метрийн урттай 14 ширхэг цахилгааны утаснуудыг хулгайлж, өөрийн унаж явсан “Toyota Sai” маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж 1.408.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

 

          Хоёр: Эрүүгийн 2205000000185 дугаартай хэргээс:

          1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай “ БГД-ийн 08 дугаар хороо 96 айлын орон сууц дотроос цахилгаан утас алдагдсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

 

2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан буудлын хажууд буюу ертөнцийн зүгээр баруун талд байрлах баригдаж буй SA констракшн 96 айлын орон сууцны зориулалтаар барьж буй 12 давхар орон сууцны барилга байх ба тус барилга нь ертөнцийн зүгээр зүүн талд зүүн талд харуулын байх байна. Уг баригдаж буй орон сууцны гадуур торон хашаатай байх ба тус орон сууц нь ертөнцийн зүгээс урдаасаа орох, гарах хаалгатай, тус хаалга нь ямар нэгэн цоож цуурга байхгүй онгорхой хаалгатай байлаа. Уг хаалгаар дотогш ороход ертөнцийн зүгээр зүүн тийш явган коридор байх ба зүүн талын дээд хананд камер байх ба уг коридорт ертөнцийн зүгээр хойд талд ...номерын хаалга байв. Тус хаалганд эвдрэл багажийн мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Мөн тус коридорт  байрлах хяналтын камер доод хэсэг шалан дээр элсэн хэсэг дээр үүссэн гутлын мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлж авлаа. Уг өрөө рүү ороход 2 өрөөний хэсэг байх ба алдагдсан гэх боодолтой утас байсан гэх хэсгийг хохирогчоор заалгаж гэрэл зургаар бэхжүүлж авлаа. Уг өрөөний эд зүйлийг эд зүйлийг гэрэл зургаар бэхжүүлж авлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-10 дахь тал)

 

3. Мэдүүлгийг газар  дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 11-14 дэх тал),

 

4. Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

5. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “цахилгааны утас 14 ширхэг нь 1.408.000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 49-50 дахь тал)

 

6. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota Sai” маркийн автомашин 25.655.810 төгрөг ” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 98-100 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Ахселеугийн өгсөн:

“2022 оны 01 дүгээр сарын 08-нд манай компанийн ажилчид оройн 18 цаг гээд бүгд ажлаа тараад явсан ба ажил дээр үүдний харуул Ж.Баттулга үлдсэн. Тэгээд намайг гэртээ орох гэж байтал 20 цаг 35 минутад над руу залгаад танай өрөөнд хулгай орсон байна, би ороогүй цагдаа дуудсан та хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би инженер О.Батчулуунд хулгай орсон талаар утсаар хэлчихээд ажил дээрээ ирсэн. Тэгэхэд манай барьж байгаа барилгын 01 давхарт байдаг агуулахын хаалгыг эвдэж ороод тухайн өрөөнд байсан цахилгааны 14 ширхэг утас хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)

 

            8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Баттулгын гэрчээр өгсөн:

 “2022 оны 01 дүгээр сарын 08-нд би тус барилгын харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Би камерын дэлгэж хараад байж байтал камер ажиллахгүй байсан. Тэгээд камер мэддэг хүнээ дуудаад би өөрөө дотогшоо ороод шалгаж байхад коридорын гэрэл байхгүй харанхуй байсан. Гайхаад гэрлээ асаагаад очиход камерыг хажуу тийш болгочихсон байдалтай байсан. Хажуу талд нь байсан агуулахын өрөөний цоожийг эвдэлсэн байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Ууганбаярын гэрчээр өгсөн:

“2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэрийг нь мэдэхгүй нэг залуу орж ирээд барилгын ажил хийж байгаад илүү гарсан утас байгаа юм хэдэн төгрөг болох вэ гэж хэлэхээр нь 1.000.000 төгрөгөөр 14 ширхэг цахилгааны утас худалдаж авсан. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө залуу буцаж ирээд зарсан утсаа буцааж авъя, манай утас байна гээд мөнгөө буцааж өгөөд явсан. Манайд ямар нэгэн учирсан хохирол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байгаа орон сууцны барилга руу ажил асуух гэж ороход нэг давхрын агуулахын өрөө байгаа гэдгийг харсан. Тухайн үед манай ажлын газрын залуугийн хүүхэд нь зүрхний цоорхойтой аппаратад орчихсон аппаратыг нь ав гэж эмч нар нь хэлээд байна гээд надад хэлэхээр нь би гүйцэтгэгч компаниас цалин асуухад санхүүжилт орж ирээгүй байна гээд байсан учраас яаралтай мөнгөний хэрэг гарсан. Тухайн үед би хэд хэдэн хүнээс мөнгө зээлэх гэсэн боловч бүтээгүй. Тэгээд уг гэмт хэргийг хийчихлээ. Би тухайн агуулах руу хаалганы цоожийг арматур төмрөөс хөшсөн чинь онгойчихсон. Тэгээд агуулах дотор ороход цахилгааны ороосон утаснууд байхаар нь 14 ширхэг ороосон утсыг аваад цонхоор гаргаад хашааны буланд тавьж байгаад өөрийн унаж байсан 00-00 УНД улсын дугаартай “Toyota Sai” маркийн машиндаа ачиж авч яваад тухайн өдрийн маргааш нь Саппорогийн барилгын дэлгүүрт аваачиж зарсан.  Миний унаж явсан тээврийн хэрэгсэл Нөмөр банк бусын нэр дээр лизингээр авсан автомашин байгаа юм. 26.500.000 төгрөгний лизингээр авсан ба сард 825000 төгрөг төлдөг юм. Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг  ба хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөж ажилдаа унах гэж авсан юм...миний буруу. Дахиж би ийм зүйл хийхгүй. Өөрийнхөө холбогдсон хэрэгт маш их гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)

 

 11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 68 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

Шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж буй “ЭСЭЙ” ХХК-ийн барилгын 01 давхрын агуулахын хаалгыг эвдэж нэвтрэн орж, 100 метрийн урттай 14 ширхэг цахилгааны утаснуудыг хулгайлж, өөрийн унаж явсан “Toyota Sai” маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж  бусдад 1.408.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн агуулах руу хаалганы цоожийг арматур төмрөөс хөшсөн чинь онгойчихсон. Тэгээд агуулах дотор ороход цахилгааны ороосон утаснууд байхаар нь 14 ширхэг ороосон утсыг аваад цонхоор гаргаад хашааны буланд тавьж байгаад өөрийн унаж байсан 00-00 УНД улсын дугаартай “Toyota Sai” маркийн машиндаа ачиж авч яваад тухайн өдрийн маргааш нь Саппорогийн барилгын дэлгүүрт аваачиж зарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал), хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Ахселеугийн өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 08-нд манай компанийн ажилчид оройн 18 цаг гээд бүгд ажлаа тараад явсан ба ажил дээр үүдний харуул Ж.Баттулга үлдсэн. Тэгээд намайг гэртээ орох гэж байж байтал 20 цаг 35 минутад над руу залгаад танай өрөөнд хулгай орсон байна, би ороогүй цагдаа дуудсан та хүрээд ир гэж хэлсэн...манай барьж байгаа барилгын 01 давхарт байдаг агуулахын хаалгыг эвдэж ороод тухайн өрөөнд байсан цахилгааны 14 ширхэг утас хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Ж.Баттулгын гэрчээр өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 08-нд би тус барилгын харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Би камерын дэлгэц хараад байж байтал камер ажиллахгүй байсан. Тэгээд камер мэддэг хүнээ дуудаад би өөрөө дотогшоо ороод шалгаж байхад коридорын гэрэл байхгүй харанхуй байсан. Гайхаад гэрлээ асаагаад очиход камерыг хажуу тийш болгочихсон байдалтай байсан. Хажуу талд нь байсан агуулахын өрөөний цоожийг эвдэлсэн байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), В.Ууганбаярын гэрчээр өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэрийг нь мэдэхгүй нэг залуу орж ирээд барилгын ажил хийж байгаад илүү гарсан утас байгаа юм хэдэн төгрөг болох вэ гэж хэлэхээр нь 1.000.000 төгрөгөөр 14 ширхэг цахилгааны утас худалдаж авсан...Манайд ямар нэгэн учирсан хохирол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай  тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-10 дахь тал), Мэдүүлгийг газар  дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 11-15 дахь тал), Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 49-50, 98-100 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

            Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдэгт “...шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтын бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүний хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон сувъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

          Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт машин механизм ашиглаж үйлдсэн гэдэгт “учрах саадыг арилгах зорилгоор...машин механизм ашиглах” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, хэргийн газраас аль болох богино хугацаанд холдож, хулгайлсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

 

         Дээрх хэргийн хувьд шүүгдэгч *******- нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны оройн 19 цагийн орчимд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулах буюу Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга баригдаж буй “ЭСЭЙ” ХХК-ийн барилгын 01 давхрын агуулахад хууль бусаар нэвтрэн орж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, хулгайлсан эд хөрөнгөө зөөвөрлөх зорилгоор “Нөмөр Кредит” ББСБ-ийн өмчлөлийн “Toyota Sai” 00-00 УНД улсын дугаартай маркийн автомашиныг ашиглаж, 100 метрийн урттай 14 ширхэг 1.408.000 төгрөгийн үнэтэй цахилгааны утаснуудыг хулгайлсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна. 

 

            Шүүгдэгч *******-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” буюу “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнгэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

 

 

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох саналыг,

          -шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Мөн улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Toyota sai” загварын автомашины үнэлгээг улсын орлого болгох тухай албадлагын арга хэмжээний тухайд өөрийн өмчлөлд байгаа эд зүйлийг хураан авч, улсын орлого болгож хохирол төлүүлдэг *******-ын эзэмшиж байгаа тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг бөгөөд *******-ын холбогдсон гэмт хэрэг нь хорих ялтай учраас машины зээлийг цаашид төлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй байхаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд ял шийтгэгдэж байгаагүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******- нь Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний хоёр шинжтэйгээр үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлсөн шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******-ад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав. 

 

*******-ын эдлэх ялыг түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан байна.

 

          Хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 00-00 УНД улсын дугаартай “Toyota Sai” маркийн автомашин  “Нөмөр Кредит” ББСБ-ын өмчлөлийнх болох нь нотлогдсон байна.

 

          Энэ хэргийн хувьд *******- нь хулгайлсан 100 метрийн урттай 14 ширхэг нийт 1.408.000 төгрөгийн үнэтэй цахилгааны утаснуудыг зөөвөрлөх зорилгоор “Нөмөр Кредит” ХХК-ийн өмчлөлийн “Toyota Sai” 00-00 УНД улсын дугаартай маркийн /лизингээр авсан/ автомашиныг ашигласан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон тул тухайн автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзнэ.

 

           “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22-560 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-99/-ээр *******-ын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 УНД улсын дугаартай “Toyota Sai” маркийн автомашины үнэлгээг 25.655.810 төгрөгийг тогтоосон байх бөгөөд хууль зааснаар үнэлгээгээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэлгээний дүнг шүүгдэгч *******-аас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хохирлоо нөхөн төлсөн тул  улсын орлого болгох шаардлагагүй” гэсэн санал дүгнэлтийг  шүүх хүлээн аваагүй болно.

 

          Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдав .

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. *******- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. *******-ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. *******-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

         

         5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ыг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. *******-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн  үнэ 25.655.810 төгрөгийг түүнээс албадан гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          7. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ