Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

            Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

            Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва /томилолтоор/,

            Шүүгдэгч М.Б- , түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0356/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М-н Б-д холбогдох эрүүгийн 2102004300073 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “...” цогцолбор сургуулийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... байрны .... тоотод оршин суух, /РД: /

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан М.Б- д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялын хугацааг 6 сарын хугацаагаар тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийтгэсэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт М-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б-  нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марс” зочид буудлын баруун талд шарилжин дунд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 2 ширхэг барианы шилтэй, нийт цэвэр 179.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй “Дельта 9 тетрагидроканнабинол”-/delta-9-tetrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдөр Э.Б- , А.А- , Б.М- нарт өгсөн гэх үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч М.Б- ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 9 тал/,

2. Хэргийн газар үзлэг хийсэн “...М.Б- ын заасны дагуу Марс зочид буудлын ертөнцийн зүгээр баруун талд ургасан шарилжин дунд оруулж тавьсан саарал өнгийн цүнхтэй, цүнх дотор барианы шилтэй өвс мэт зүйлийг заалгаж дүрс бичлэгийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авч барианы шилэн дээр 1, 2 гэж тэмдэглэгээ тавив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 10-13 тал/,

3. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 139 дугаартай прокурорын тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1 хх-ийн 15-16, 17 тал/,

4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “...1 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл цэвэр жин 79.1 грамм, 2 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл цэвэр жин 99.8 грамм зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 18, 19 тал/,

5. Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 20-21 тал/,

6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 22-23 тал/,

7. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 24, 25 тал/,

8. Нас тоолсон тэмдэглэл /1 хх-ийн 28 тал/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4307 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б  Б- 1 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТHC/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТHC/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зураг /1 хх-ийн 53-54, 55 тал/,

 

10. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4305 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. 1, 2 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл /2/ тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн.

Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна.

1 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 79.1 грамм, 2 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 99.8 грамм байсан ба шинжилгээнд 0.1 граммыг зарцуулав...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 58-59, 60 тал/,

 

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 835 дугаартай “...М.Б-  нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Б-  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Б-  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Б-  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. М.Б-  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 77-78 тал/,

 

12. Гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би гэртээ амарч байсан. Тэгтэл үдээс хойш А  надтай утсаар яриад орой ангийнхан уулзана хүрээд ир гэсэн. Би 16 цагийн үед гэрээс гараад 17 цагийн үед Яармагийн гүүрэн дээр явж байхад ангийнхан уулзахгүй гэж байна. Чи гарсан юм чинь Их дэлгүүр дээр хүрээд ир хоёулаа пиво ууя гэсэн. Тэгээд түгжрээд нарны гүүрэн дээр ирээд А тай утсаар ярьтал би 96 дугаар сургууль дээр байна, М-г таних бил үү бид хоёр хамт байна хүрээд ир гэсэн. Тэгээд надад жижиг ямар ч хамаагүй ус болон чихэр, тамхи аваад ирээрэй гэж захисан. Би дэлгүүр орж захисан юмнуудыг нь аваад 96 дугаар сургууль дээр яваад очсон. А , М  хоёр пиво уугаад сууж байсан. Би цүнхнээсээ чихэр усыг нь гаргаж өгөөд тэр хоёрын ууж байсан пивоноос уусан. Тэгээд ойр зуур юм яриад байж байтал М , А  хоёр хоорондоо юм ярьж байгаад энд хийх юмгүй болчихлоо явъя гэсэн. Бид гурав Марс зочид буудлын хажууд очоод ийшээ явна гэсэн тэгэхээр нь би өнгөрөөд явж байсан бөгөөд тэр хоёр ард үлдчихсэн. Марс зочид буудлын зүүн талын шарилж дундаас ямар нэгэн зүйл хайгаад байсан. Тэгээд М  цүнхтэй юм гаргаж ирээд тэрэн дотроос барианы шилтэй зүйл гаргаж ирээд хийх юм байна уу? гэж асуусан тэгтэл А  цүнхнээсээ дэвтэр гаргаж ирээд цаас ураад М д өгсөн. М  тухайн цаасанд тэр барианы шилтэй зүйлээс хийгээд 1 хэсгийг нь надад өгөөд цүнхэндээ хийчих гэж хэлсэн. Тэгээд буцаад нөгөө газар руугаа явъя гээд замаараа би дэлгүүрээр орж пиво худалдаж аваад тэгээд 96 дугаар сургуулийн хашаанд очиж суугаад пиво уусан. Тэгтэл надаар авхуулсан усаа ууж дуусгаад М  тухайн усны савыг асаагуураар цоолоод надаас 100 төгрөг авсан. Тэгээд цаастай юм аа гаргаж ирээд нөгөө хийсэн зүйлдээ хийгээд сороод эхэлсэн. Тэгээд наашаа дамжуулаад надад өгөхөөр нь би 1, 2 удаа сороод хоолой хорсоод ханиалгаад байхаар нь би энэ надад зохихгүй юм байна. Би зүгээр пиво ууя гээд А т өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 84-85 тал/,

 

13. Гэрч Э.Б- гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүү Б- той уулзаад бид хоёр талбай дээр ирээд хоол идээд буцаад модны хоёр орсон. Б-  руу Н  утсаар ярих шиг болсон. Б-  бид хоёр Н той 41 дүгээр байрны тэнд очиж уулзсан. Дэлгүүр орж ундаа аваад 96 дугаар сургуулийн хашаанд очиж суусан. Тэгтэл цагдаа нар ирсэн. ...Б-г гэр рүүгээ явах үед нь М  жаахан юм өгчих гэж асуусан. Б-  байхгүй гэж хэлсэн ба тэгтэл М  худлаа яриад байгаарай очоод авлаа гэж хэлсэн. Б-  гэр рүүгээ ороод А  бид хоёр М г дагаад “Марс” зочид буудлын хажуу талын шарилжин дунд очсон. Шарилжин дунд М  өөрөө ямар нэгэн зүйл хайж байгаад цүнх дотроос барианы шилтэй өвс гаргаж ирсэн. А , М  хоёр тэр барианы шилтэй өвснөөс хоёулаа цаасанд боогоод авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 87, 161-162 тал/,

 

14. Гэрч Д.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зүүн талд ямар нэгэн орох гарах хаалга байхгүй учраас камер байрлуулаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89 тал/,

 

15. Шинжээч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...4305 дугаартай дүгнэлтэд дурдсан 1, 2 гэж дугаарласан варианы шилтэй ургамал мэт зэргээс дээж авч шинжилгээ хийхэд тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Уг бодис нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад орно...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92-93 тал/,

 

16. Шүүгдэгч М.Б- ын хаан банкны депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1 хх-ийн 98-143 тал/,

 

17. Гэрч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-  мөн адил би гэртээ орж хоол хийнэ гээд гэр рүүгээ явсан. Тэгээд А , Б , Б-  бид 4 гэр рүү нь цуг алхаж байхад А  Б- оос чамд юм байна уу, жоохон юм өгчих гээд асуугаад байсан. Тэгтэл Б-  надад юм байхгүй гэж хэлсэн. Тэгсэн А  Б-  руу уурлаад сүртэй юм бэ, жоохон юм өгчих, би чамд дараа нь 2 уут өгье гэж хэлсэн. Тэгтэл Б-  А т хандаж “Марс” зочид буудлын хойно цэнхэр өнгийн цүнхэнд шарилж дунд нуусан байгаа тэрнээс очиж ав гэж хэлсэн. Б-  гэр рүүгээ ороод, А , Б  бид гурав “Марс” зочид буудлын тэнд очоод шарилжин дундаас нөгөө хэлсэн цүнхийг олж аваад А  нэг дэвтрийн цаасанд бага зэргийг аваад бид гурав 96 дугаар сургуулийн хашаанд очоод А ын авсан өвсийг хэрэглээд, би үсээ засуулна гээд яваад өгсөн. ...Би яваад очтол Б- , Н , Б  бид гурав ажилтай болчихлоо явлаа гэсэн. Тэгээд А  бид хоёр үлдээд дэлгүүр орж 8 лааз пиво аваад 96 дугаар сургуулийн хашаанд очиж суугаад пиво уусан. Тэгээд байж байтал А  манай нэг найз одоо ирж байгаа гэж хэлсэн ба удалгүй Н гэх залуу ирсэн. Н ирээд 1 лааз пиво уугаад сууж байтал А  “Марс”-ийн хойд талд очоод жаахан юм авъя гэж хэлсэн. Н , А  бид 3 “Марс” зочид буудал дээр очоод А  өөрийн цүнхнээс цаас тасалж аваад Б- ын зааж өгсөн цүнхтэй өвснөөс 2 тусад нь хийж авсан. 1 дэвтрийн цаастай өвсийг Н од өгөөд чи энийг цүнхэндээ хийчих гэж хэлээд нөгөө нэгийг нь өөрөө халаасандаа хийгээд бид гурав буцаад 96 дугаар сургуулийн хашаанд очоод А ын авсан өвсийг хэрэглэж дуусгаад пиво уугаад байж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 149 тал/,

 

18. Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх-ийн 151-156 тал/,

 

19. Гэрч О.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би хичээлдээ суугаад 15 цагийн үед хичээл тараад найз охинтой уулзах гээд явсан. 16 цаг 40 минутын үед найз охинтойгоо уулзаад хамт байгаад 20 цаг өнгөрч байх үед гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явж байхдаа 10 жил төгссөн сургуулийнхаа хажуугаар явсан ба таньдаг хүмүүсээс уулзах хүн байж магадгүй гэж бодоод Б- той утсаар холбогдоход Б тай хамт байна гэсэн. Бид гурав 41 дүгээр байрны дэлгүүрийн үүдэнд уулзахаар болоод би 96 дугаар сургуулийн хашааны гадуур 41 дүгээр байрны дэлгүүр рүү явсан. Тэгээд явж байх үед хэсэг бүлэг хүүхдүүд сургуулийн хашааг даваад гүйгээд гарч байсан. Би хүүхдүүд яагаад гүйгээд явж байгаа юм болоо гэж бодоод тэр хүүхдүүдийн байсан газар яваад очтол цагаан өнгийн гялгар ууттай зүйл байсан. Тэр гялгар уутыг онгойлгоод үзэхэд дотор нь нунтаг өвс мэт зүйл байсан бөгөөд тэрийг нь сонирхоод тамхины оронд хийгээд татаж үзсэн. Гялгар ууттай зүйлийг байсан газраас нь аваад сургуулийн цайны газрын гадаа шатан дээр аваачиж үлдээгээд 41 дүгээр байрны дэлгүүр рүү явсан. 41 дүгээр байрны гадаа Б , Б-  хоёртой уулзсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 158-159 тал/,

 

20. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоол /1 хх-ийн 164-173 тал/,

 

21. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/4573 дугаартай “...Ялтан М.Б-  нь 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2 сар 19 хоногийг биеэр эдэлж шагналын 10 хоног авч 3 сар 1 хоногийн үлдэгдэлтэй байна...” гэх албан тоот /1 хх-ийн 217 тал/,

 

22. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2102004290088 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоол, 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай яллах дүгнэлт /1 хх-ийн 218-221, 222-225, 226-229, 230-233 тал/

 

23. Шүүгдэгч М.Б- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 96 дугаар сургуулийн хашаанаас өвс олсон. Тэр өвсийг сонирхож үзээд дотор нь цаасанд ороолттой байсан өвсийг сорж үзээд тухайн олсон өвсийг аваад Марс зочид буудлын хажуу талын шарилжин дунд аваачиж хаясан. ...Миний хувьд прокурорын яллагдагчаар татсан тогтоол зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа боловч тогтоолд дурдсан Б , А , М  нарт өвс байгаа газрыг зааж өгч тэд нарт өвс өгсөн зүйл байхгүй. Харин М  яриан дундуур 96 дугаар сургуулийн хашаанаас олсон өвсөө Марс зочид буудлын тэнд аваачиж хаясан талаар хальт яриад өнгөрсөн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 188 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид тавьсан зорилго байгаа. Дахин ийм алдаа гаргасандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2102004290088 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоол зэргийг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор

Хүүхэд залуучуудын хөгжлийн шинэ зуун авьяас төвийн шилдэг сурагч алтан медалиар шагнасан үнэмлэхийн хуулбар /хх-ийн 30 тал/, өргөмжлөл /хх-ийн 31 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/, Оюуны ундраа цогцолбор сургуулийн 123 ангийн багшийн “...М.Б-  нь үг дуу цөөтэй, аливаад тууштай сайн ханддаг, IQ болон мэдээлэл технологи, англи хэлний хичээлүүдэд илүү сонирхолтой сэтгэлгээний өндөр чадвартай сурагч юм...” гэх тодорхойлолт /хх-ийн 33-34 тал/, Нийслэлийн ерөнхий боловсролын оюуны ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт /хх-ийн 35 тал/, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 36 тал/, сургууль төгссөн тухай мэдээлэл, хувийн хэрэг /хх-ийн 37-47 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 тал/, гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү даруу төлөв, хүний үгэнд оромтгой, гарч орохдоо надаас зөвшөөрөл авдаг, хүнд тусархуу цагаан цайлган хүүхэд. Найз нөхдийн талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 177 тал/, гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү сурлагын хувьд сайн сурдаг хичээнгүй хүүхэд. Манай дүү спортоор хичээллээд байдаггүй гэхдээ сагсан бөмбөг тоглодог...” гэх мэдүүлэг /хх-ийн 179 тал/, 2021-2022 оны хичээл сонголтын жилийн дүн /хх-ийн 205-206 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б- ын гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул хэргийн 27, 64-65, 67, 74, 175 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

 

Шүүгдэгч М.Б-  нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марс” зочид буудлын баруун талд шарилжин дунд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 2 ширхэг барианы шилтэй, нийт цэвэр 179.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй “Дельта 9 тетрагидроканнабинол”-/delta-9-tetrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдөр Э.Б- , А.А- , Б.М- нарт өгсөн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 139 дугаартай прокурорын тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4307 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4305 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 835 дугаартай дүгнэлт, гэрч Ч.Н , Э.Б- , Б.М , О.Н  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2102004290088 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоол, 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай яллах дүгнэлт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоол зэргээр болон шүүгдэгч М.Б- ын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чА , хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, нуувч газар зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгодог.

 

Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан, бусдад өгсөн идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд нууц далд аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б-  нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Марс” зочид буудлын баруун талд шарилжин дунд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 2 ширхэг барианы шилтэй, нийт цэвэр 179.9 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй “Дельта 9 тетрагидроканнабинол”-/delta-9-tetrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдрөө сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан газраа Э.Б- , А.А- , Б.М- нарт зааж өгсөн үйлдэл тогтоогдож байх тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан. ...бусдад өгсөн...” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч М.Б-  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Хэргийн 218-233 дахь талд авагдсан прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор Ч.Н , Б.М , А.А- ын үйлдэл холбогдолд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа, “Яллах дүгнэлт”-ээр О.Н ид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон.

Иймд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч М.Б- ыг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- , түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Б-  нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 835 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.     

Улсын яллагчаас: Шүүгдэгч М.Б- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сар 25 хоног хорих ял оногдуулахаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн ангилалд хамаарч байгаа тул тэнсэх, эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар тус тус эрүүгийн хариуцлагын санал гаргасан.

 

Шүүгдэгч М.Б-  нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор энэ төрлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг, тодруулбал, нийгмийн аюулын шинж , хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир өмгөөлөгч Б.Отгонтөгсийн шүүх хуралдаанд гаргасан “...зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА , хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, талуудын ялын санал зэрэгт шүүх дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/4573 дугаартай “...Ялтан М.Б-  нь 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2 сар 19 хоногийг биеэр эдэлж шагналын 10 хоног авч 3 сар 1 хоногийн үлдэгдэлтэй байна...” гэх албан тоот авагдсан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас өнөөдрийн байдлаар шүүгдэгч М.Б- ын эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Б- ын биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.   

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч М.Б- оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан шүүгдэгч М.Б- оос хураан авсан 1 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл цэвэр жин 79.1 грамм, 2 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл цэвэр жин 99.8 грамм жинтэй өвс гэх нэршилтэй “Дельта 9 тетрагидроканнабинол” /delta-9-tetrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд улсын яллагчийн “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон 1 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл цэвэр жин 79.1 грамм, 2 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл цэвэр жин 99.8 грамм жинтэй өвсийг устгуулах тухай” саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий учир хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б-  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б- д хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б ын Б- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б- ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Б- ын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл цэвэр жин 79.1 грамм, 2 гэж дугаарласан шилэн савтай ургамал мэт зүйл цэвэр жин 99.8 грамм жинтэй өвсийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б-  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА