Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2020/0103/З |
Дугаар | 0250 |
Огноо | 2020-04-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 0250
2020 оны 04 сарын 13 өдөр |
Дугаар 128/ШШ2020/0250 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: Чдтхтуб
Д.О, Ц.Ц,
Нэхэмжлэлийн шаардлага: “Чдтхтуб Д.О, Ц.Ц нарын 22,118,120 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 350017791 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Д.Ргаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““Г” ХХК-ийн 2010-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Чдтхтубид хяналт шалгалт хийж 221,118,120 төгрөгийн зөрчил илрүүлж Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хянуулахаар шилжүүлсэн.
Дээрх дүгнэлттэй холбоотой Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 тоот тогтоол гарч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Гэтэл Чдтхтуб Д.О, Ц.Ц нар 1524 тоот тогтоолыг үндэслэн 22 118 120 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 350017791 дугаартай актыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үйлдсэн байдаг.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно гэж заасан байтал хэргийг хэрэгсэхгүй болгосон 1524 тоот тогтоол гарсанаас хойш 4 сарын дараа татварын улсын байцаагчийн акт гарч төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гомдол гаргаж Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 019 тоот тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 28 тоот тогтоолоор 300 000 төгрөгийн нөхөн татварыг хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэх үндэслэлээр хүчингүй болгосон” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх хугацаа хэтрүүлсэн гэж маргаж байгаа. Хуульд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд зөрчилд нь захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал гэж заасан. Татварын алба захиргааны байгууллага тул хуулийн заалтыг баримтлах ёстой байсан. Маргаан таслах зөвлөлийн тогтоолд захиргааны акт гаргасан захирамжилсан шинжтэй тул заавал иргэний журмаар шийдвэрлэх шаардлагагүй гэсэн байна. Үүнээс үзэхэд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, иргэний журмаар явахгүй эсхүл заавал Татварын ерөнхий газрын акт гарах ёстой гэдгийг Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл хэлж байгаа. Тэгвэл гарах ёстой акт нь хугацаандаа гарах ёстой байсан гэж үзэж байгаа. Акт гарч байж дахин томилж хяналт шалгалт хийж байгаа. Тиймээс хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа” гэв.
Хариуцагч Д.О, Ц.Ц нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... 1. 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 35/130252 тоот татварын хяналт шалгалт томилолт хүрээнд ТУБ Ц.Б, Ц.Э нар шалгалтыг хийж 221,181,200.00 төгрөгийн зөрчил илрүүлсэн FISHER SYSTEM-Д бүртгэж, 350020 тоот дүгнэлт бичиж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хянан шалгуулахаар шилжүүлсэн байна.
2. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 18- ны өдрийн 1524 тоот тогтоолоор “Г” ХХК-ийн захирал Д.Р нь нийт 221,181.80 мянган төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 22,118.2 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтанд холбогдох татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208,209 дүгээр зүйлийг удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201626020533 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Ш.Ж нарт холбогдох хэргийг...хэрэгсэхгүй болгосугай» гэсэн нь тус компанийг гэм буруутайд тооцож, уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
3. Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн «4.3.Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ», 10 дугаар зүйлийн «10.7. Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна» гэж заасныг үндэслэн 635,436.00 төгрөгийн торгууль, 11,059,060.00 төгрөгийн алдангийг чөлөөлсөн.
4. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 019 тоот Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 300,000.00 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, үлдэх төлбөрийг хэвээр баталсан байна.
5. 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 28 тоот Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэвээр баталсан байна” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Татвар төлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн байж дараа нь маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Татварын хөөн хэлэлцэх хугацаанд акт тавьсан. Тиймээс улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү ... н.Жаргалмаагийн өөрийнх нь нэр дээр бүртгүүлсэн үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн тараадаг компаниуд. 15 компани бий болгоод тэд нарын нэр дээр худалдаж аваад татвараа бууруулж байгаа үйл ажиллагаа. Татвараас зайлсхийх сонирхолтой” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр “Г” ХХК-ийн “Чдтхтуб Д.О, Ц.Ц нарын 22,118,120 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 350017791 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Чдтхтуб Д.О, Ц.Ц нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 350017791 дугаартай татварын улсын байцаагчийн актаар[1] 221,181,817.2 төгрөгийн зөрчилд 22,118,120.00 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны 28 дугаартай тогтоолоор[2] Татварын улсын байцаагчийн 350017791 тоот актаар тогтоосон төлбөрөөс 2011 оны 06 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан 3,000,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 300,000.00 төгрөгийн төлбөрийг “татварын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хасаж 350017791 тоот актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 21,818,120.00 төгрөгийг төлүүлэхээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Г” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс актаар тогтоосон төлбөрийн хэмжээнд маргаагүй, харин “Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой байтал энэ хугацааг баримтлаагүй, 4 сарын дараа хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагч нь “эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн атлаа маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар зааснаар татвар төлөгч нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуул/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” байх үүрэгтэй.
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1524 тоот тогтоолоор Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 5135281 регистртэй “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ргийн 2012 онд “М” ХХК-ийн 36363,6 мянган төгрөгийн, “Т” ХХК-ийн 3000,0 мянган төгрөгийн, “Төгөлдөр гуалин” ХХК-ийн 90909,1 мянган төгрөгийн, “Дархан наран сүлд” ХХК-ийн 90909,1 мянган төгрөгийн, нийт 221181,8 мянган төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 22118,2 мянган төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ[3].
Дээрх тогтоолыг тус газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/2386 албан бичгээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хүргүүлж, улмаар Чдтхтуб Д.О, Ц.Ц нараас нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн (35/13)0252 тоот томилолтын дагуу “Г” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ээс 2012 оны 12 дугаар сарын 31-дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж маргаан бүхий 350017791 тоот актыг үйлдсэн нь татварын улсын байцаагчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр байна. Учир нь:
Татварын ерөнхий хууль/2008/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-т татвар нөхөн ногдуулах хугацааг 5 жил байхаар заажээ.
Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-т зааснаар дээрх хугацааны дотор татварын татварын улсын байцаагч нь “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” эрх хэмжээтэй ба мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4-т зааснаар “тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд, багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөсөн” зөрчилд татварын нөхөн ногдуулах үүрэгтэй тул хуульд заасан хугацааны дотор татварыг нөхөн ногдуулж гаргасан татварын улсын байцаагчийн 350017791 тоот актыг хууль бус гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актаар төлүүлэхээр тогтоосон 22,118,120.00 төгрөгийн төлбөр нь зөвхөн нөхөн татвар/торгууль, алданги хамаарахгүй/ байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор хасч багасан 2011 онд “Т” ХХК-ийн 3000,0 мянган төгрөгийн хий бичилттэй падаанаас бусад, “М” ХХК-ийн 36363,6 мянга, “Т” ХХК-ийн 90909,1 мянга, “Д” ХХК-ийн 90909,1 мянган төгрөгийн падаанаар тус тус тайлагнаж багасгасан, нийт 21,818,120.00 төгрөгийн нөхөн татвар нь маргаан бүхий акт гарсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнөх 5 жилийн хугацаанд хамаарч байгаа тухайд маргахгүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарыг татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн хууль тогтоогчоос Татварын ерөнхий хууль/2008/-ийн зорилтыг “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байх тул татвар төлөх тайлагнах, улмаар татварын зөрчилд хариуцлага ногдуулахтай холбогдсон харилцаанд Захиргааны хариуцлагын тухай хуулиар тогтоосон хугацааг мөрдөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой байтал энэ хугацааг баримтлаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Чдтхтуб Д.О, Ц.Ц нарын 22,118,120 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 350017791 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Чдтхтуб Д.О, Ц.Ц нарын 22,118,120 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 350017791 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] Хавтаст хэргийн 43-48 ахь талд
[2] Хавтаст хэргийн 6-12 дахь талд
[3] Хавтаст хэргийн 37 дахь талд