Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2014/0101

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

 

2014 оны 02 дугаар сарын 26 өдөр       дугаар 101            Улаанбаатар хот

Ц.О нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ц.О, Н.Д, Т.Ө, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд А.Б, түүний өмгөөлөгч Н.Д нарыг оролцуулан хийж, захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.О нарын нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Х х" ХХК нь 1996 онд үүсгэн байгуулах гэрээ, дүрмээ батлан улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Улмаар 2001 онд "Х х" ХХК дүрмээ дахин шинэчлэн бүртгүүлсэн байдаг бөгөөд энэхүү дүрмээ батлахдаа тухайн үед үйлчилж байсан 1999 оны Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 63.1.1-д заасны дагуу хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулж дүрмийг батлах ёстой байтал хувь нийлүүлэгчдийн хурал огт хуралдуулалгүй, хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй дүрмээ баталсан байдаг. Мөн дүрмийн 8 дахь хэсэгт 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10440 ширхэг хувьцаа байна гэсэн атлаа хувь нийлүүлэгчдэд хувьцааг хуваахдаа тус бүр нь 6960 төгрөгийн үнэтэй 90 ширхэг хувьцаа гэж зөрүүтэйгээр бичсэн. Мөн хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгийг компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь хэмжээг буруу тогтоосон байхад бүртгэлийн байгууллага нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.2-т заасан заалтуудыг зөрчиж бүртгэсэн.

Компани нийт хэдэн энгийн хувьцаатай болох, хувьцааных нь нэрлэсэн үнэ хэд болох, хэдэн хувь нийлүүлэгчтэй болох нь тодорхойгүй, хувь нийлүүлэгчдийн эзэмшиж буй хувьцаа нь компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд эзлэх хувь ойлгомжгүй түүнчлэн тус дүрмийг хэн баталсан нь тодорхойгүй, компани дүрмээ хувь нийлүүлэгчдийн хурлаар батлах хуулийн шаардлага хангаагүй, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр байхгүй байхад бүртгэлийн байгууллага уг дүрмийг бүртгэж, зарим хувь нийлүүлэгчдийн эзэмшиж буй хувьцааг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, нэр бүхий хувьцаа эзэмшигчид бидний хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа тул тус компанийн 2001 оны дүрмийг бүртгэсэн ажиллагааг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү.

Мөн "Х х" ХХК нь 2001 онд дүрмээ баталж улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурал огт хийгээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, протокол, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан ямар ч баримт бичиг байхгүй байхад 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулан нийт 23 хувьцаа эзэмшигчийн нэрсийг жагсаасан атлаа 6 хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлснээр, бусад хувьцаа эзэмшигчид нь тэг хувьтайгаар бүртгэсэн нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т үүсгэн байгуулах баримт бичиг гэж "хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээг" хэлнэ. Мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэл бүртгэхдээ үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ" гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэсэн бүртгэлийн ажиллагааг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү.

Бид хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт орж 23 хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэсэн байсныг 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн газраас өгсөн лавлагааны хариугаар мэдэж, 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл хяналтын газарт гомдол гаргасан ба тус газраас 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр "... асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариу өгсөн тул тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд "Х х" ХХК-ийн 2001 оны дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "Х х" ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт орж 6 хувьцаа. эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн бүртгэлийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ компанийг анх үүсгэн байгуулалцаж 2 гараараа бүтээн байгуулалтыг нь хийж байсан хүн байгаа юм. Би 2004 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Тэрнээс хойш энэ компанийн үйл ажиллагааг нарийн сайн мэдэхээ больсон. Тэгээд 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Х х” ХХК-ийн хувьцаатай холбоотой захиргааны хэргийн шүүх хуралдаан болно гэдгийг дуулаад аймгийн төвд анх ирсэн ба өөрийнхөө хувьцааг тэг болсон гэдгийг анх мэдсэн. 2001 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй, шийдвэр, тогтоол гараагүй байхад эрх мэдэлтнүүд улсын бүртгэлийн байгууллагад очиж бүртгүүлсэн байдаг. Мөн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй байхад 6 гишүүдийн нэр дээр хувьцаа бүртгэгдэж, бидний хувьцаа байхгүй болж бүртгэгдсэн байсан. Энэ хоёр бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өмнө нь нэг ч хувьцаа эзэмшигчдийн хурал хийж байгаагүй, иймээс дээрх бүртгэлүүдийг бүртгүүлсэн үйл ажиллагааг зөвтгөж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2001 болон 2007 оны “Х х” ХХК-ийн бүртгэлийг Улсын бүртгэлийн хэлтэс биш Татварын хэлтэс бүртгэсэн байдаг. Манай байгууллагын архивт байгаа “Х х” ХХК-ийн хувийн хэрэг болон нотлох баримтуудыг үзэхээр 2001 оны дүрмийг бүртгэхдээ түүнийг баталсан тогтоол, шийдвэр байхгүй байхад бүртгэсэн байдаг. Мөн 2007 оны бүртгэл гэж яриад байдаг боловч компанийн гэрчилгээ гарсан он, сар нь болохоор 2006 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгаа. Яг бүртгэл хийсэн нь 2006 он боловч 2007 онд Татварын хэлтсийн “1.ЕГС” программ нь устаад дахин нөхөн бүртгэсэн байдаг. Энэ нь лавлагаагаар 2007 он гэж гараад байгаа. Хамгийн сүүлийн бүртгэл болох 2006 онд 6 хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэсэн бүртгэлд ямар ч тогтоол, шийдвэр, дүрэм байхгүй байхад бүртгэсэн байдаг. Би хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагааг хийгээд 3 жил болж байна. Одоо энэ маргааныг хурдан шийдэхгүй бол тэг хувьцаатай болсон гээд байгаа хүмүүс өөрийнхөө хувьцааг өв залгамжлалаар бүртгүүлэх гээд хандаж байгаа. Энэ болгоныг бүртгэхгүй буцааж байна. Тэр болгонд манай байгууллага ажлаа хийж мэдэхгүй байгаа юм шиг шүүхэд ирээд баймааргүй байна. Мөн архивт байгаа баримт бичиг устгасан, материал алга болгосон гэх зэргээр А.Б намайг хэлдэг. Тиймээс энэ маргааныг түргэн шуурхай шийдүүлэхгүй бол хүмүүст буруу ойлголт өгөөд, манай байгууллагын нэр хүнд ч гэсэн унаад байна. Энэ 2001 болон 2007 оны бүртгэлийг хийсэн Татварын хэлтэс буруутай байгаа болохоор манай байгууллагад хамаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Х х" ХХК нь 1996 онд үүсгэн байгуулах гэрээ, дүрмээ батлан улсын бүртгэлд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж хуулийн этгээдийн эрхтэй болсон бөгөөд 2001 болон 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр компани нь дүрэмдээ өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Уг бүртгэлийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг иргэн Ц.О нар нь тус шүүхэд гаргаж, улмаар тус шүүхийн шүүгчийн захирамжаар би уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байна. "Х х” ХХК- ийн дүрэмд 2001, 2007 онуудад өөрчлөлт оруулах үед буюу 1996 оноос 2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн нутаг дэвсгэрт байсан бүх хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлыг Хэнтий аймгийн Татварын хэлтэс хариуцаж байсан бөгөөд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтсийн даргын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хамтарсан тушаалаар хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой ажлын чиг үүргийг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлсэн.

Ийнхүү шилжиж байгаатай холбогдуулан ажил хүлээлцэх комисс томилж, уг тушаалын 2 дахь заалтаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн татвар төлөгчийн бүртгэлийг, мэдээллийн санд бүртгэлтэй татвар төлөгчдийн тоо, мэдээллийн үнэн зөв эсэх, хувийн хэрэгт байгаа материалууд бүрэн эсэх улсын бүртгэлийг эрхлэх үйл ажиллагаанд дүрмийн сан, харилцах данс, эрхлэх ажил үйлчилгээ, удирдлагын овог нэр, харилцах утас, хаяг байршлын талаарх мэдээллийг татвар төлөгч бүрээр тулгах”-ыг комиссын ахлагч У.Мөнхцэцэгт үүрэг болгосон байна. Түүнчлэн "Х х” ХХК-ийн улсын бүртгэлд орсон тухайн өөрчлөлт нь Улсын бүртгэлийн хууль болон холбогдох журам, дүрмийн дагуу хийгдсэн ба тус компанийн зүгээс шаардлагатай бүхий л баримтыг гаргаж ирүүлснийг үндэслэн уг бүртгэлийг хийсэн. Уг бүртгэлтэй холбоотой материалууд бүгд улсын бүртгэлийн хэлтэст шилжсэн гэдгийг "Х х” ХХК-ийн бүртгэлийг хариуцан ажиллаж байсан татварын улсын байцаагч С.Ихбаяр шүүхэд гэрчилсэн байдаг. Иймд улсын бүртгэгч, ажил хүлээлцэх комиссын дарга У.Мөнхцэцэгээр, улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн бүртгэлийг хүлээн авах үед “Х х” ХХК-ийн улсын бүртгэлийн бичиг баримтууд нь мэдээллийн сангийн бүртгэлтэй тохирч байсан болон "Х х" ХХК-ийн хувийн хэрэг материалууд, тухайлбал тус компанийн дүрмийн өөрчлөлтөд холбогдох баримт бичгүүд болох компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрүүд, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, мэдээлэл бүрэн байсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хангаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 22 дугаар зүйлийн 22.1, Компанийн тухай хуулийн /1999 оны/ 17 дугаар зүйлийн 17.6, 33 дугаар зүйлийн 33.6-д тус тус заасныг баримтлан Ц.О, Б.С, Н.Д, Т.Ө нарын нэхэмжлэлийн шаардлагаас “Х х" ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт орж 6/зургаан/ хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Х х” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2001 онд улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Татварын хэлтсээс “Х х” ХХК-ийн улсын бүртгэлийн бичиг баримтыг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүлээн авах үед тус компанийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой баримт бичгүүд болох компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрүүд, дүрмийн шинэчлэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, мэдээлэл бүрэн байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.Б-гийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхэд иргэн Б.С, Н.Д болон хувьцаа эзэмшигч Мөнгөнтуяа, Хишигжаргал, Егүүр, Дэжидмаа, Алтансүх, Батдолгор, Пунцаг, Нягт-Ундрал, Өдөр, Сандагдорж нарыг төлөөлж Ц.О гарын үсэг зурж 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлд дээрх 10 хувьцаа эзэмшигчээс олгосон итгэмжлэлийг хавсаргаж ирүүлсэн байдаг. Гэвч дээрх итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг үндэслэн Иргэний шүүхэд болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчээр оролцох нийтлэг эрхийг л иргэн Ц.Од олгосон байсан. Харин захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т "төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах эрх эдлэх" ёстой гэж тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч 10 иргэн нь Ц.Од захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах эрхийг тусгайлан олгоогүй юм. Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой атал хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2013 оны 5 дугаар сарын 29-нд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцдаа нэхэмжлэгч Л.Э-аас иргэн Ц.Од 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгч Т.Ө нь шүүхэд хэрэг үүсгэн шүүх хуралдаан зарласнаас хойш хэргийн нэхэмжлэгчээр орж ирсэн ба тэдний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн бусад оролцогчдод танилцуулаагүй, хариу тайлбар гаргуулаагүй шууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Шүүх нэхэмжлэгч Б.С нь "Х х" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй байх тул тус компанийн хувьцаа эзэмшигч мөн эсэх талаарх маргаанаа ердийн харьяаллын шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна" гэж дүгнэсэн атлаа түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголгүй хүлээн авч зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Б.С нь "Х х" ХХК-д хувьцаа эзэмшдэггүй нь тогтоогдсон тул тэрээр тус компанийн аливаа асуудалд оролцох эрхгүй, шүүхэд ч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа "Х х” ХХК-ийн 2001, 2007 оны бүртгэлүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэж тодорхойлсон боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад дээрх захиргааны актууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9-д заасан "захиргааны акт илт хүчин төгөлдөр бус байх" тохиолдлын алинд ч хамаарахгүй, илт хүчин төгөлдөр бус захиргааны акт биш харин маргаан бүхий захиргааны акт байх боломжтой байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Ц.О нь "Х х" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 2001, 2007 оны бүртгэлийн үйл ажиллагааг хийлгэхээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн хүсэлт гаргаж холбогдох баримтуудыг бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч "хууль мэдээгүй учраас тухайн үед нь гомдол гаргаагүй" гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн болно. Энэ нь нэхэмжлэгч тухайн үед хийлгэсэн бүртгэлийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч ирснийг нотолж байна. Гэтэл 2001, 2007 оны бүртгэлийг өөрөө компанийг төлөөлж хийлгэсэн атлаа бүтэн 5-12 жилийн дараа буюу 2013 онд гомдол нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан "хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд гомдол гаргана", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "иргэн хуулийн этгээд ... энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Нөгөө талаар 2001, 2007 оны бүртгэлүүд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ байдлаа шүүх хуралдаан дээр Ц.О нь хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч Н.Д, Б.С болон бусад нэр бүхий 11 нэхэмжлэгчийг "Х х" ХХК-ийн хувь нийлүүлэгч гэж нотлох ямар ч баримт хэргийн материалд байхгүй, харин ч хувьцаа болон түүнд ногдох хөрөнгөө аваад компаниас гарсан хүмүүс юм. Хэрвээ эдгээр хүмүүс өөрсдийгөө хувь нийлүүлэгч, хувь нийлүүлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол тус компанийн дүрэмд заасан "Хувь нийлүүлэгчийн эрх"-ээ хэрэгжүүлж жил бүр компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хурлаа хуралдуулах гомдол хүсэлт гаргах, хувьцааныхаа талаар мэдээлэл авах боломжтой байсан ба шаардлагатай гэж үзвэл Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д зааснаар “хурлаа зарлахыг шаардаж шүүхэд хандах, эсхүл өөрөө зарлан хуралдуулах" бүрэн боломжтой байсан. Энэ эрхээ хэрэгжүүлж байгаагүй атлаа тус компанийн захирал Д.Амгаланг нас барсны дараа түүний өв залгамжлагчийг хүлээн зөвшөөрөхгүйн тулд бүртгэлийн байгууллагыг буруутган нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус.

Шүүх хэргийн гуравдагч этгээд болох М.Лувсангомбыг "Х х" ХХК-ийн 17.7 хувийн хувьцааг эзэмшдэггүй болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тэрээр шүүхэд тайлбар өгөхдөө "хувьцаатай, харин тоо хэмжээг нь нарийн мэдэхгүй" гэж мэдүүлсэн бөгөөд Хэнтий аймгийн улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдсон байхад түүнийг огт хувьцаа эзэмшдэггүй гэж дүгнэсэн нь буруу.

Шүүх хэргийн гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага болох "2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн татварын хэлтсээс "Х х" ХХК-ийн улсын бүртгэлийн баримт бичгийг Хэнтий аймгийн бүртгэлийн хэлтэст хүлээн авах үед тус компанийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой баримт бичгүүд болох компанийн хувь нийлүүлэгчийн хурлын шийдвэрүүд, улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл, эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл бүрэн байсан болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх тухай" нэхэмжлэлийг шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Хэнтий аймгийн татварын хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтсийн хооронд ажил хүлээлцэх үйл ажиллагааг гардан хариуцсан Улсын бүртгэгч У.Мөнхцэцэгийн үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.5 болон 3.1.4-д заасан "... эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагаа"-нд хамаарах тул энэхүү үйл ажиллагааны үр дүнг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан байхад шүүх харьяаллын маргаан биш гэж дүгнэн мөн хуулийн 34.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй.

Ийнхүү нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгч нар нь өөрт хуулиар болон компанийн дүрмээр олгогдсон эрхээ хугацаанд нь хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие "Х х" ХХК-ийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х х” ХХК-ийн 2001 оны дүрмийг бүртгэсэн болон 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан Улсын бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно.

Өмгөөлөгч Ц.Бат-Өлзий миний бие дээрх шийдвэрийн зарим хэсэг үндэслэлгүй болсон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Ц.О "Х х" ХХК-ийн 2001 оны дүрмийн шинэчилсэн найруулга дээр гарын үсэг зурж баталгаажуулж уг шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг бүртгэх байгууллагад гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Б.С Ц.Огийн гэр бүлийн хүн учраас 2001 оны бүртгэлийг мэдсэн байх боломжтой, нэхэмжлэгч Н.Д 2001 онд дүрэм батлагдсан гэдгийг 2008 онд ноогдол ашиг авах үед мэдсэн гэж шүүхэд тайлбар гаргасан зэргээс үзэхэд хуульд заасан нэхэмжлэл гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж энэ талаар нэхэмжлэл гаргах эрхээ алдсан.

т

Нэр бүхий 11 хүний Ц.Од олгосон итгэмжлэл, тэдний өгсөн тайлбараас үзэхэд тэд 2001 оны дүрмийг хүчингүй болгуулахаар итгэмжлэлийг олгоогүй байна гэж дүгнэснийг тус тус хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан дээрх дүгнэлтэд нэхэмжлэгч Т.Өийн нэхэмжлэл, шаардлага хамрагдаагүй бөгөөд түүний нэхэмжлэл нь урьдчилан шийдүүлэх хуулийн шаардлага хангасан, хөөн хэлэлцэх хугацааны дотор хууль зүйд нийцүүлж гаргасан нэхэмжлэл байтал шүүх 2001 оны дүрэм бүртгэгдсэнээс түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж дүгнэн Т.Өийн нэхэмжлэлийн шаардлагаас 2001 оны дүрмийг бүртгэсэн бүртгэл илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хэсгийг дээрх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй хамтатган хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

2001 оны дүрмийн шинэчилсэн найруулгад хувьцааны тоо, эзэмших хувийг Ц.Ам 20 ширхэг буюу 39 хувь гэж, Ц.О 35 ширхэг буюу 29 хувь гэж, Лувсангомбо О ширхэг буюу 3.16 хувь гэж үндэслэлгүйгээр нэмэгдүүлж бүртгэлд бүртгүүлснээр дээрх хүмүүс цаашид компанид алив асуудлыг саналын давуу эрхээр өөрсдийн хүсэл зорилгодоо нийцүүлэн шийдэх давуу байдлыг өөрсдөдөө бий болгосон нь бусад жижиг хувьцаа эзэмшигч нар тухайлбал, нэхэмжлэгч Т.Өийн компанийн засаглалын эрхийг зөрчсөн болох нь тодорхой байна. Тухайлбал шинэчилсэн дүрэмд Ц.Ам 20ш, Ц.О 35ш хувьцаатай мэтээр бүртгүүлснээр энэ 2 хүн компанийн саналын эрхтэй хувьцааны 55 хувийг эзэлж бусад хувьцаа эзэмшигч нар цаашид хуралд ч орох шаардлагагүй болж хохирсон харагдаж байна.

Т.Ө нь өнөөг хүртэл хувь нийлүүлэгчийн эрх эдэлж 2001 оны дүрэм хэлэлцэхэд оролцоогүй, хууль зүйн дагуу хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гаргах эрхээ эдлээгүй байхад Улсын бүртгэлийн алба ийм хууль бус нотлох баримтын бүрдлийн дагуу 2001 оны дүрмийг бүртгэсэн нь Өнөрцэцэгийн дээрх эрхийг зөрчсөн хууль бус бүртгэл болсон байна. Ийм учраас Т.Өийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох 2001 оны дүрмийг бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны 19 дүгээр шүүхийн 02 дугаар шийдвэр бүхий хэргийг хянаж зөвхөн Т.Өт холбогдох дээрх хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг нь бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр Захиргааны хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд:

  1. “Х х" ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2001 онд улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 64 дүгээр зүйлийн 64.5-д “энэ хуулийн 63.1.1-63.1.6, 63.1.12-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ” гэж заажээ.

“Х х” ХХК-ийн 2001 оны дүрмийн хавсралтад “нийт 29 хувьцаа эзэмшигчтэй, тэдгээрээс Ц.Ам 39 хувь, Ц.О 29 хувь, С.До 7.2 хувь, Т.А 1 хувь, Ч.Зо 1.6 хувь, Д.Ня 5.5 хувь, М.Лу 3.16 хувийн хувьцаа, бусад хувьцаа эзэмшигчид тус бүр 0.54 хувийн хувьцаа эзэмшинэ” гэж тодорхойлжээ.

Тус компанийн нийт хувьцааны 75.2 хувийг эзэмшигч Ц.Ам, Ц.О, С.До нар оролцож, дээрх хуулийн 63.1.1-д заасан “компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах” гэж заасны дагуу компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, дүрмийг шинэчлэн, уг дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Татварын хэлтэст хандсанаар бүртгэлийн байгууллага тус компанийн 2001 оны дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэсгүй байна.

Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Ц.Ам-гийн эзэмшлийн 39 хувийн хувьцаа болон хувьцааны өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2001 оны компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /1хх-ийн 135 тал/, компанийн дүрэм /1хх-ийн 137-145 тал/, 2008 оны 11 дүгээр сарын 03, 06-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол /1хх-ийн 173-176 тал/, мөн компаниас хөрөнгө, ногдол ашиг авсан тухай санхүүгийн баримт зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нар компанийн 2001 оны дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлснийг мэдсэн болох нь тогтоогджээ.

Дээрх үндэслэлүүдээр “Х х” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2001 онд улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх үндэслэлгүй. Иймд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэстэй байна.

  1. “Х х” ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт орж 6 /зургаан/ хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д бүртгэлийн байгууллага үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, оруулсан өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн бүртгэлийг хийхээр хуульчилжээ.

“Х х” ХХК нь 2001 онд дүрмийн шинэчилсэн найруулгыг Хэнтий аймгийн Татварын хэлтэст бүртгүүлэхдээ нийт 29 хувьцаа эзэмшигчтэй, тэдгээрээс Ц.Ам 39 хувь, Ц.О 29 хувь, С.До 7.2 хувь, Т.А 1 хувь, Ч.Зо 1.6 хувь, Д.Ня 5.5 хувь, М.Лу 3.16 хувийн хувьцаа, бусад хувьцаа эзэмшигчид тус бүр 0.54 хувийн хувьцаа эзэмшдэг гэж бүртгэгджээ.

Гэтэл 2007 онд Татварын ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд “1_ЕР” нэртэй цахим бүртгэлийн программ нэвтрүүлсэн байх ба Хэнтий аймгийн Татварын хэлтэс нь уг программын дагуу, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Х х” ХХК-ийг шинэчлэн бүртгэхдээ үүсгэн байгуулагч, гишүүдийн тоог 23, хувьцаа эзэмшигчийг болгож, компанийн үүсгэн байгуулагч, компанийн хувьцааны 0.54 хувийг эзэмшиж байсан нэр бүхий нэхэмжлэгч нарын хувьцааг 0 /тэг/ болгон, тэдгээрийн хувьцааг нэмж, 3.16 хувийн хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байсан М.Лувсангомбын нэр дээр /17.68 хувийн хувьцаа эзэмшдэгээр/ бүх хувьцааг бүртгэсэн нь хэргийн оролцогч нарын тайлбар, гэрч С.И-ын мэдүүлэг, Хэнтий аймгийн Татварын хэлтсийн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/494 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага “Х х” ХХК-ийг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхдээ хуулийн дээрх заалтыг зөрчиж, компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай ямар ч шийдвэр, баримтгүйгээр нэхэмжлэгч Н.Д, Ш.С, Б.П, Ж.Б, Т.А, Н.Д, Ё.Е, М.Х, М.М, Л.Э, Т.Ө нарын эзэмшиж байсан хувьцааг 0 /тэг/ болгон, А.Өдрийн хувьцааг өөрчлөн бүртгэсэн нь тэдний эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул уг бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, дээрх нэхэмжлэгч нарын хувьцааг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Харин 2001 оны компанийн дүрмийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч Ц.О 29 хувь, Д.Ня 5.54 хувийн хувьцаа эзэмшиж байсан байх ба 2007 онд компанийг шинэчлэн бүртгэхэд Ц.О, Д.Ня нарын эзэмшиж буй хувьцааны хэмжээ өөрчлөгдөөгүй, мөн Б.С нь тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй тул уг бүртгэлийн улмаас эдгээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учир тэдний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Иймд энэ үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Од итгэмжлэл олгосон дээрх, нэр бүхий нэхэмжлэгч нар нь тэдний эзэмшиж байсан хувьцаа 0 /тэг/ болон өөрчлөгдөж, эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар эрх бүхий байгууллагад хандаж хариу авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул тэднийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Дуламсүрэнгийн "... Ц.Од хувьцаа эзэмшигч 10 иргэнээс олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг олгоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу” гэсэн давж заалдах гомдол үндэсгүй. Учир нь,

Нэр бүхий нэхэмжлэгч нар Ц.Од өөрсдийгөө бүрэн төлөөлөх итгэмжлэлийг олгосон байдаг бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тус бүрээс олгосон итгэмжлэлийнх нь талаар асууж тодруулан тайлбар авсан байх тул нэхэмжлэгч нарын олгосон итгэмжлэлийг хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй юм.

  1. Гуравдагч этгээдийн А.Б-гийн бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд А.Б нь 2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн татварын хэлтсээс "Х х" ХХК-ийн улсын бүртгэлийн бичиг баримтыг Хэнтий аймгийн бүртгэлийн хэлтэст хүлээн авах үед тус компанийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой баримт бичгүүд болох компанийн хувь нийлүүлэгчийн хурлын шийдвэрүүд, улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрмийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл, эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл бүрэн байсан болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх тухай бие даасан шаардлагыг шүүхэд гаргажээ.

Уг бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасан захиргааны актын эрх зүйн үр дагавар бий болгодог захирамжилсан үйл ажиллагаанд хамаарч байхад шүүх мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон түүний харьяа салбар, нэгж нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, эх нотлох баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл,

Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хуулийн дагуу 2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн татварын хэлтсээс “Х х” ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой бичиг баримтыг хүлээн авч, уг бичиг баримтын бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангаж ажилласан тул тус хэлтсийн улсын бүртгэгч У.Мөнхцэцэгт холбогдуулан гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэсгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.3ахиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 22 дугаар зүйлийн 22.1, 12 дугаар зүйлийн 12.6, 13 дугаар зүйлийн 13.1, Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Х х” ХХК-ийг улсын бүртгэлд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн бүртгэлээс Н.Д, Ш.С, Б.П, Ж.Б, Т.А, Н.Д, Ё.Е, М.Х, М.М, А.Ө, Л.Э, Т.Ө нарын компанид оруулсан хөрөнгө, хувийг өөрчлөн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Х х” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 2001 онд улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэл, гуравдагч этгээд А.Б-гийн гаргасан бие даасан шаардлага, нэхэмжлэгч Ц.О, Д.Ня, Б.С нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн “3” гэснийг “2" гэж өөрчлөн, 2 дахь заалтын “гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай” гэснийг “гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

Ц.ЦОГТ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Б.МӨНХТУЯА

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД