Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Б-н У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000636 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ний өдөр .... аймгийн ... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “С” ХХК-д шавар зуурагч ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт ....  дүүргийн .... дүгээр хороо .... гудамжны .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .... дүүргийн .... дугаар хорооны сургуулийн ....  тоотод түр оршин суудаг, /РД: / урьд ял шийтгэлгүй, О овогт Б-ны У.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ караокед хамт ширээн дээр сууж байсан Х.Б-тай үл ойлголцож маргалдаж, гараараа түлхэж, хана мөргүүлж “дагз хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

        2. Таньж олуулах ажиллагаа хийсэн “...4 дугаартай хүснэгтэд байгаа зургийг уг хүн намайг хана руу савсан хүн мөн байна. Би шууд хараад таньж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 7-8 тал/,

 

3. Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн үед хорооллын эцэст Макс караокед ганцаараа орсон. Пиво ууж суунгаа 3 дуу дуулсан. Нэг пиво уучхаад дараагийнхаа пивоо ууж байтал хажуу ширээнд сууж байсан нэг залуу манай ширээнд хамт суучих гэж хэлсэн. Би зөвшөөрөөд нөгөө ширээнд суутал нөгөө залуучууд архи пиво захиалсан. Архи пиво ирэхээр нь бид хэд юм ярьж суунгаа тэрнээс нь ууж хэсэг хугацаанд ярилцаж бас дуулж суусан. Хамт сууж байсан залуу өөр ширээ рүү яваад хоёр хүүхэн рүү очоод ирээд байсан. Тэгсэн тэр хоёр хүүхэн намайг янхан минь гэж хэлээд орилоод байхаар нь би явж очоод та хоёр юу гээд байгаа юм бэ гээд ууж байсан пивоо цацсан. Нөгөө залуучууд яагаад байгаа юм бэ гэхээр нь би хариуд нь тэр эмэгтэйчүүд намайг доромжлоод байна шүү гэж хэлсэн. Тэр хар цамцтай хууз сахалтай залуу хоёр ширээний хооронд маш их явсан. Тэгээд тэр хоёр эмэгтэйн ширээ рүү оччихоод ирээд намайг заамдаж байгаад хана руу нэгээс хоёр удаа савсан. Удалгүй миний араас хүйтэн оргиод байхаар нь гараараа толгойн ар хэсгээ бариад үзтэл цус гарсан байсан. ...Би нөгөө залууд чи миний толгойг хагалчихлаа гэсэн тэгтэл тэр хар цамцтай залуу над руу салаавч гаргасан. Би тэгэхээр нь цагдаа дуудчихлаа чи байж бай гэсэн чинь тэр хар цамцтай залуу чи цагдаа дуудаад яадаг юм янхан минь гэж хэлээд нөгөө ширээнд нь очоод байсан хоёр хүүхнээ авч явсан. Би явуулахгүй гээд дийлээгүй тэгээд хар цамцтай залуу гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Нэг цагдаа намайг дагуулаад Гэмтэл согог үндэсний төв рүү авч яваад чихний ар хэсэгт гурван оёдол тавиулсан. ...Би 10 хоног эмчилгээ хийлгээд ажилдаа явж чадаагүй, 1 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14 тал/,

 

  1. Гэрч  Ч.Б-н  мөрдөн  шалгах  ажиллагаанд  өгсөн  “...Хорооллын

эцсийн Макс караокед 16 цагийн үед уулзаад Боргио нэртэй 0.5 литрийн пиво 8 шилийг уусан. Би дуу захиалаад хажуу талын ширээнд байсан үл таних эмэгтэйг ширээнд урьж бүжиглэсэн. Дараа нь би гарч караокены үүдэнд тамхи татчихаад эргээд орсон чинь надтай хамт бүжиглэсэн үл таних эмэгтэй над руу танай найз намайг цохичихлоо гэхээр нь би найзыгаа хааччихсан юм бэ гэж асуусан чинь найз чинь гараад зугтчихлаа гэж хэлэхээр нь би ширээндээ суугаад пивоо гүйцээгээд ууж байсан чинь гаднаас хоёр цагдаа орж ирээд намайг аваад явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

  1. Гэрч  Ц.Б-йн  мөрдөн  шалгах  ажиллагаанд  өгсөн  “...2022 оны 1

дүгээр сарын 20-ны би хорооллын эцсийн Макс нийтийн караоке дээр бармены ажлаа хийж байтал орой 21 цагийн үед үл таних эмэгтэй нэг ширээн дээр сууж байтал хажуугийн ширээнд дөрвүүлээ сууж байсан үл таних эрэгтэй нараас нэг үл таних эрэгтэй нь тэр эгч дээр явж очоод манай ширээнд суучих гэж уриад өөрийнхөө сууж байсан ширээнд суулгасан. Тэд нар архиа ууж сууж байгаад хоорондоо маргалдаад тэр эгчийг анх ширээндээ урьж суулгасан эрэгтэй тэр эмэгтэй толгойг нь арагш түлхээд 2 удаа хана мөргүүлсэн. Тэр эгчийн толгойн ар хэсгээс цус гараад эхэлтэл тэр үл таних эрэгтэй шууд гараад зугтаачихсан. Би тэр эгчийн толгойных нь цусыг тогтоож арчиж өгөөд тэр эгч 102-руу залгаж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2194 дугаартай “...Х.Б-н биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

 

7. “М” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “...Х.Б нь сарын үндсэн цалин 2 сая төгрөг авдаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 42 тал/,

 

8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...21 цаг 16 минут 25 секундэд босоод зогссон хар куртиктэй дунд орчим насны залуу уг эмэгтэй рүү давшилсан байдалтай байх хугацаанд тухайн эмэгтэй гараараа тухайн залууг түлхэх ба тухайн голд нь сууж байсан эмэгтэйг 21 цаг 16 минут 35 секундэд ханатай хавсарч цээж толгойн хэсэг рүү түлхээд толгойг нь хананд цохиод дараа нь гараа өргөөд тухайн эмэгтэйн баруун гар талд сууж байгаа дунд эргэм насны эрүү сахалтай эрэгтэйн хажууд суугаад тэврэлдээд хоорондоо харилцан ярилцаж байгаа харагдах ба 21 цаг 17 минутад тухайн эмэгтэй босоод толгойнхоо ар хэсгээ дараад өөрийг ханатай хавсарсан залууд 21 цаг 17 минут 10 секундэд босож байх ба тухайн эмэгтэйг ханатай хавсарч түлхсэн хар куртиктэй залуу босоод куртикээ хагас тайлахад баруун гарын булчин хэсэгт шивээстэй харагдах ба тухайн эмэгтэй рүү салаавч гаргаад нүүр рүү нь гараараа хүрч байгаа харагдана...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-72 тал/,

 

9. Шүүгдэгч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг үйлдэлдээ гэмшиж байна. ...Маск гэх караокед орж пиво уугаад жаахан дуулсан тэгсэн Бямбадорж хажуу талын ширээн дээр сууж байсан 40-50 орчим насны эмэгтэйг ширээн дээр суулгаж хамт пиво уусан. Би тэр эмэгтэйг суугаад удаагүй байхад тасраад ухаанаа алдсан. Нэг ухаан ороход хувцсаа аваад тэр хоёр эмэгтэйн хамт гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид хохирол хор уршигт тооцож 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн өгсөн Б.Уламбаярын Хаан банкны депозит дансны хуулга болон “Супер цонх” ХХК-ийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-н хувийн байдалтай холбоотойгоор гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. ...Манай нөхөр зан байдлын хувьд ер нь дуу муутай, даруу төлөв зантай, архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг боловч элдэв агсам согтуу тавиад байдаггүй. Согтохоороо унтаад өгдөг. Найз нөхөд цөөтэй хүн, гэрээс нэг их гараад байдаггүй хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Э.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз У нь дээрээ нэг ахтай, доороо нэг охин дүүтэй айлын дундах хүүхэд. Их л даруухан хүн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 47 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 48-50 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 51-62 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.У-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.У 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ караокед хамт ширээн дээр сууж байсан Х.Б-тай үл ойлголцож маргалдаж, гараараа түлхэж, хана мөргүүлж “дагз хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хохирогч Х.Б, гэрч Ч.Б, Ц.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2194 дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч Х.Б-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн 2194 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Х.Б-н эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Б.У-н хохирогчийг гараараа түлхэж толгойн ар хэсгээр хана мөргүүлсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.У нь хохирогч Х.Б-г түлхэж толгойн ар хэсгээр хана мөргүүлэхэд түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.У-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.У-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.У-т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2194 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 14 дэх талд “...Би 10 хоног эмчилгээ хийлгээд ажилдаа явж чадаагүй, 1 сая төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У нь хохирол төлбөр 500.000 төгрөг төлсөн талаарх баримтыг гарган өгсөн ба хохирогч Х.Б-н ........ утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол 500.000 төгрөг авсан” гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Б.У-с гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Б-ны У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-т сануулсугай.

  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  Х.Б-д хохирол хор уршигт тооцож 500.000 /таван зуун мянга/-н төгрөг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА