| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01565/И |
| Дугаар | 102/ШШ2017/01394 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/01394
| 2017 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/01394 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энх тайваны өргөн чөлөө гудамжны 7-6 байрны 05 тоотод оршин суух, Загд овогт Мягмарын Доржнамжилийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Доржнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М.Доржнамжил нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 7 жил Техник туслалцааны үйлдвэрийн барилга тресст-д Сүрэн ахлагчтай засал чимэглэлийн бригадад мөн Геологи уул уурхайн Яамны харъяа Геологийн барилгын конторт 1978 оны 12 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жил засалчинаар тус тус ажиллаж байсан бөгөөд энэ талаарх тушаал, шийдвэр холбогдох бичиг баримт архивт байхгүй, олдохгүй байгаа тул дээрх хоёр байгууллагад ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Доржнамжил 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга тресст-д, 1978 оны 12 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Геологи уул уурхайн Яамны харъяа Геологийн барилгын конторт засалчинаар 10 жил ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга тресст-д мөн Геологи уул уурхайн Яамны харъяа Геологийн барилгын конторт 1978 оны 12 дугаар сарын 20-ноос 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл засалчинаар ажиллаж байсан болох нь 1979 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр М.Доржнамжилын нэр дээр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр, Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн, нийгмийн даатгалын хэлтсийн Архивын лавлагаа, Үндэсний төв Архивын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, гэрч М.Мөнхцэрэн, Ө.Эрдэнэчимэг нар мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Загд овогт Мягмарын Доржнамжилийг 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга тресст-д, 1978 оны 12 дугаар сарын 20-ноос 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Геологи уул уурхайн Яамны харъяа Геологийн барилгын конторт засалчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА