Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2205000001179 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цайны газар түрээслэн ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... суудаг /РД: /, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-н М.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” баарны гадна танил *******-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биед дээд уруулд шарх, доод уруулд салстын өнгөц шарх, зүүн дээд, доод 2 дугаар шүдний сулрал, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9, 10-12 тал/,

3. Гэрч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 01 цагийн орчимд М , Т нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* бааранд орцгоосон. ...Удаагүй М  ах ганцаараа гарч ирээд миний хувцсыг аваад гараад байж бай гэсэн тэгэхээр нь Т бид хоёр хувцсыг нь аваад түрүүлээд гадаа гарахад ардаас М  ах ганцаараа гарч ирсэн. Ирээд гадаа машины хажууд тамхи татаад зогсож байхад М-н хамт явж байсан нэг залуу бид нар дээр ирээд М  ахтай юм яриад зогсоод байсан. М  баарнаас гарч ирээд шууд М  ахыг араас нь тэвэрч аваад газарт хавираад унагаасан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад нэлээн ноцолдсон. Дээр доороо гаралцаад байсан. Баарны хамгаалагчид болон М-н хамт явж байсан хүмүүс салгасан. Өөр ямар нэг хүн зодоонд оролцоогүй. Цагдаа хүрч ирэхэд М  миний шүд уначихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

4. Гэрч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 01 цагийн орчимд хуурай ах М , найз Л   нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* бааранд орцгоосон. Орохдоо бид гурав ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Удаагүй М  ах ганцаараа гарч ирээд миний хувцсыг аваад гараад байж бай гэсэн. Тэгэхээр нь Л   бид хоёр хувцсыг нь аваад түрүүлээд гадаа гарахад ардаас М  ах ганцаараа гарч ирсэн. Гарч ирээд гадаа машины хажууд тамхи татаад зогсож байхад М ын хамт явж байсан нэг залуу бид нар дээр ирээд М  ахтай юм яриад зогсож байсан. М  баарнаас гарч ирээд шууд М  ахыг араас нь тэвэрч аваад газарт хавираад унагаасан. ...Тэр хоёр дээр доороо гараад л байсан хэсэг ноцолдож байгаад хамгаалагч нар салгасан. Тэгээд М  ах машиндаа суугаад гар нь тэр чигтээ цус болчихсон цус арчих юм байна уу гээд сальфитик гаргаж өгөөд дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3808 дугаартай “...******* ын биед дээд уруулд шарх, доод уруулд салстын өнгөц шарх, зүүн дээд, доод 2 дугаар шүдний сулрал, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

6. Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* бааранд найз Ба-н хамт орсон. Тухайн бааранд ороод 1 шил Эдэн нэртэй архи авч хувааж уусан. Ингээд 02 цагийн орчимд тухайн бааранд өмнө нь нэг сургуульд хамт сурдаг байсан М тай таараад тамхины өрөөнд тамхилаад юм ярьж зогсож байтал үл ойлголцоод хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр үед тамхины өрөөнд бид хоёр л байсан. Тэгээд маргалдаад гадагш гарахаар болсон ба ширээн дээрээ очоод гадуур хувцсаа аваад гадагш Ба-н хамт гарахад гадаа М  ганцаараа намайг хүлээгээд зогсож байсан. Би очоод хоорондоо барьцалдаж аваад хоёулаа газарт унасан. ...Босч ирээд хоорондоо дахин хэрэлдээд зогсож байсан чинь гэнэт тас гээд л шүд ам хэсэг рүү М н гар нь ороод ирсэн. Нэг л эвгүй болоод амнаас цус гоожоод М  ч нэг машинд суугаад явах гэтэл яг баарны үүдэнд цагдаа нар ирж таараад бид хоёрыг авч явсан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хэрэг болсны дараа нь М тай уулзаад хамт эмнэлгээр яваад төлбөр тооцоогоо бүгдийг нь хийлгэсэн. Одоо надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 67, 68 тал/,

8. М.Э-н Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 70-73 тал/,

9. Шүүгдэгч ******* н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 01 цагийн орчимд дүү нар болох Л, Ө нартай Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй бааранд хамт орсон. Тэндээ сууж байхад хажуу ширээнд 10 жилдээ хамт толгойтын 42 дугаар сургуульд сурч байсан зүс таних М  гэх залуу сууж байсан. ...Бид хоёр ширээнээс босоод тамхины өрөө рүү орсон. Тэгсэн чинь далжигнаад байхаар нь би за яршиг гэж бодоод тамхины өрөөнд М ыг үлдээгээд ширээн дээрээ ирээд Л, Ө хоёрыг хувцаснуудаа ав явъя гэж хэлээд бид гурав түрүүлээд гарч явсан. Машинд суух гээд явж байтал ардаас М  гарч ирээд намайг араас хавираад унагаасан. Босож ирээд барьцалдаж авсан ба намайг 2-3 удаа газарт унагаж шидсэн. Би босож ирээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Дахин барьцалдаж аваад байж байтал дүү нар болон баарны хамгаалагч нар салгасан. ...М од учирсан хохирлыг төлж барагдуулсан. Нийт дансаар 3.000.000 төгрөг шилжүүлж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* н хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зан байдлын хувьд дуугүй, төлөв даруу ямарваа нэг зүйлд хариуцлагатай ханддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 44 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 48 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 50-51 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52, 53 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 58-64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 13-14 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* той 2021 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” бааранд тааралдаж, үл ойлголцон маргалдан харилцан зодолдсон байх ба улмаар шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед дээд уруулд шарх, доод уруулд салстын өнгөц шарх, зүүн дээд, доод 2 дугаар шүдний сулрал, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ******* , гэрч Г.Л  , М.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3808 дугаартай дүгнэлт, шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ******* ын эрүүл мэндэд учирсан дээд уруулд шарх, доод уруулд салстын өнгөц шарх, зүүн дээд, доод 2 дугаар шүдний сулрал, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 3808 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч ******* ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ******* н хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ******* г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бие хянах, өөрийгөө зөв удирдан авч явах чадвар алдагдсантай холбоотой байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 67 тал/ 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 75-76 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ******* д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ******* н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3808 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас 29-30 дахь “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хэрэг болсны дараа нь М тай уулзаад хамт эмнэлгээр яваад төлбөр тооцоогоо бүгдийг нь хийлгэсэн. Одоо надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэж,

68 дахь талд “...Надад гомдол, санал байхгүй. Өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэж тус тус мэдүүлэг, тайлбар гаргасан байна.

Иймд шүүгдэгч ******* гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА