Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 34б тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОБ61111019, Алаг адуут овогт Довчингийн Доржсүрэнгийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулгатогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулгатогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, 56 настай. Би 1981 оны 6 дугаар сард Оросын Холбооны Улсын Джомбул хотод техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд барилгачнаар анх ажилд орсон. Дараа нь тус нэгдлийн туслах үйлдвэрт талхчнаар ажиллаж байгаад 1983 оны зун цэрэгт явах болсон тул ажлаасаа гарсан боловч сонсгол муу гэсэн эмнэлгийн дүгнэлтээр цэргийн албанд тэнцээгүй тул 1983 оны 7 дугаар сараас үргэлжлүүлэн тус нэгдэлд мужаанаар 1990 оны 11 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан. Тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаалууд, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон. Миний 1986 оноос 1990 оны хооронд ажиллаж байсан цалингийн баримт, тушаалууд олдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд 1981 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачин, мужаанаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан П.Эрдэнэ, Б.Нарантуяа нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Доржсүрэн нь 1981 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачин, мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Довчингийн Доржсүрэнгийн 1982 оны 5 дугаар сараас 1985 оны 6 дугаар сарын хооронд Увс аймгийнБөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

          Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар Талхчин томилох тухай тушаалд: ...Нэгдлийн талхчинаар Довчин овогтой Доржсүрэнг 1982 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн томилон ажиллуулсугай гэжээ.

           Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар Туслах үйлдвэрлэлийн барилгын ажилчид чөлөөлөх тухай тушаалд: ...Нэгдлийн барилгын туслах үйлдвэрийн ажилчин Довчин овогтой Доржсүрэн нь цэрэгт явах болсон учир 1983 оны 6 дугаар сарын 15-наар чөлөөлсүгэй гэжээ.

          Увс аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн Довчин овогтой Доржсүрэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй нь үнэн болно гэжээ.

          Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Нарантуяа, П.Эрдэнэ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчБ.Нарантуяа Миний бие нь 1976 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд барилгачнаар ажиллаж байсан. Намайг тус газар ажиллаж байхад Д.Доржсүрэн нь Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1981 оноос эхлэн барилгачнаар ажиллаж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн тус газарт 1990 оны 10 дугаар сарыг дуустал мужаан, талхчин зэрэг ажлуудыг эрхэлж байсан болно. Тухайн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Дүгэржав, Орших, Эрдэнэ, Сайжрах гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч П.Эрдэнэ Миний бие нь 1963 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл, Бадрал ХХК-д бригадын дарга, агент, нярав зэргээр ажиллаж байсан. Намайг тус газар ажиллаж байхад Д.Доржсүрэн нь Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1981 оноос эхлэн барилгачнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1982 оноос эхлэн талхчнаар, 1983 оноос 1990 оны 10 дугаар сарыг дуустал мужаанаар ажиллаж байсан болно. Тухайн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Дүгэржав, Орших, Эрдэнэ, Сайжрах гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Д.Доржсүрэн нь 1981 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачин, мужаанаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар Талхчин томилох тухай тушаал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар Туслах үйлдвэрлэлийн барилгын ажилчид чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар тодорхойлолт, гэрч Б.Нарантуяа, П.Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Д.Доржсүрэнгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачин, мужаанаар 4 жил 5 сар 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Алаг адуут овогт Довчингийн Доржсүрэнгийн 1981 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачин, мужаанаар 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 15 /арван тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Доржсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ