Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/320

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,

Хохирогч: Г.Ө- , Г.Б ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.П ,

Шүүгдэгч: А.С , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0611/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-ны С т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000000163 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын Иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Э” их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт .... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух /РД: /, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ны С .

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.С  нь 2022 оны 2 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн баруун урд уулзварын замд “Toyota Prius 30” маркийн 00-00 УБУ тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.9-д “гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зөвшөөрөгдсөн нэмэгдэл ногоон гэрлээр уулзвар нэвтэрч байсан “Toyota prius 30” маркийн 00-00 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Г.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр, замын хажууд зогсож байсан явган зорчигч Г.Ө- г мөргөж мөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч А.С ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед ахынхаа хувийн компанид ажиллаж байсан бөгөөд хичээлдээ давхар явдаг байсан. Хэрэг гарах өдөр зүүрмэглэж улаан гэрлээр гарсан. Иргэний нэхэмжлэгч М.Г-н хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч Г.Ө- д 519.000 төгрөг нөхөн төлсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ө-  мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найзтайгаа уулзаад гэртээ харихаар явж байсан. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Эмчилгээ хийлгээд хичээлдээ явах боломжгүй байсан. 21 хоног хичээлдээ очиж чадаагүй. Зүүн хөлний дотор талаар өвддөг болсон. Осол болсноос хойш 1 сарын дараа 519.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Сургалтын төлбөр болон сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б  мэдүүлэхдээ: “...Ажлаа тараад гэр рүүгээ явж байх замдаа 25 дугаар эмийн сангаас 3, 4 дүгээр хороолол явдаг уулзвар дээр хоёр машин байсан. Ногоон гэрэл асахаар зүүн тийшээ эргэх гэж байтал нүдний үзүүрт нэг хар юм харагдсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Ослоос хойш маш их салгалдаг болсон. Бүсэлхийнээс доош өвдөж байгаа. ...Би маш их сэтгэл санаагаар хямарсан. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Ажилдаа явж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П  мэдүүлэхдээ: “...Энэ хүмүүс баримттай зардлыг төлнө гэж байна. Манайхаас гаргаж өгсөн зардал бүгд баримттай байгаа. Хохирлыг гаргуулж өгнө үү...” гэв.

Эрүүгийн 2203000000163 дугаартай хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэлүүд /хх-ийн 2-17 тал/,

 

2. Хохирогч Г.Ө- гээс гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 19-20 тал/,

 

3. Хохирогч Г.Ө- гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 23:00 цагийн үед Бөхийн өргөөний тэндээс гэртээ харихаар яваад 25-р эмийн сангийн баруун талын гэрлэн дохиотой уулзварын зүүн талаас баруун тийш зам хөндлөн гараад урагшаа явдаг явган хүний ногоон гэрэл асахаар зам хөндлөн гарч явах үед зүүн талаас гэрэл гялбаад гэнэт машин орж ирээд миний зүүн талын мөр орчим хүчтэй мөргөж газар унасан. Ухаан алдаад сэргэхэд түргэний автомашинд явж байгаа харагдсан. Намайг гэмтлийн эмнэлэг хүргэж өгсний дараа нарийн шинжилгээ өгөхөд зүүн эгэмний яс хугарсан байна гээд боолт хийж өгсөн мөн зүүн сарвууны яс хавдсан болохоор хугарсан байж магадгүй гээд гипс тавьж өгсөн. Энэ хугацаанд 500.000 төгрөгийн эмчилгээ эм тариа авч хэрэглэсэн. Одоогоор 1.000.000 гаруй төгрөгийн зардал гарсан. Осол болж сургалтдаа хамрагдаж чадахгүй болсон тул сургалтын нэмэлт зардал нэхэмжилж байна. ...Баримттай зардалд 1.000.000 төгрөг гарсан. Сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 24 тал/

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг өнгөрч байхад манай хүү эгч Бямбасүрэнгийн хамт 10-р хорооллын урд талын Хермес худалдааны төвөөс 3, 4 дүгээр хороолол руу явах замдаа 25-р эмийн сангийн уулзвараар зүүн гар тийш эргэх үедээ автомашинд мөргүүлсэн. Энэ талаар удаагүй Бямбасүрэнгээс мэдээд ослын газарт очиход манай хүү Т машинд суугаад Бямбасүрэн явган зорчигч залуугийн хамт түргэний эмчид үзүүлээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/, 

 

5. Иргэний нэхэмжлэгч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би автомашины хохирлын үнэлгээг хийлгэхэд 1.175.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн үнэлгээ хийлгэсэн зардал 65.000 төгрөг, оношилгооны зардалд 55.000 төгрөг зарцуулсан. Нийт 1.298.000 төгрөгийн буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

6. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дээрх автомашиныг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13.040.000 төгрөгөөр худалдаж авахдаа урьдчилгаа 3.260.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг Т.А ХХК-тай зээлийн гэрээ байгуулж авсан. Би ослын талаар мэдэхгүй. Хохирлыг даатгалын байгууллагаар гаргуулж авахаар хохирлын үнэлгээ хийлгэнэ. ... Миний зүгээс хүүгийнхээ асуудлыг аль болох шийдвэрлэхийн төлөө явна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 38 тал/,

7. Хохирогч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ослоос болж эмчилгээнд 1 сая гаруй төгрөг зарцуулсан баримтуудыг бүрдүүлж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй болохоор эм тариа авахгүй өвчин намдаах эм уугаад явж байна. Цаашид уламжлалтын эмнэлгээр үзүүлэх шаардлагатай байна. Миний нуруу өвдөөд хоёр хөл рүүгээ чинэрч өвдөж байгаа болохоор үүдэн гарах зардлуудыг буруутай жолоочоос гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

8. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3471 дугаартай Хүний биед хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Г.Б гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 56-57 тал/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 292 дугаартай “...Г.Б гийн биед бүсэлхийн 5, ахар сүүлийн 1-р нугалам хоорондын цагираг мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална...” дүгнэлт /хх-ийн 63-65 тал/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 3470 дугаартай “...Г.Т-н биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3463 дугаартай “...Г.Ө- гийн биед зүүн эгэм ясны хугарал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, эрүүнд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зүүн гарын долоовор хуруу, дунд хуруу, ядам хуруу, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 75-76 тал/,

 

12. “К” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.175.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 83-84 тал/,

 

13. Мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын сарын 10-ны өдрийн 273 дугаартай “...Тоёота приус 30 маркийн 00-00  УБУ улсын дугаартай автомашины жолооч А.С  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ эсхүл ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.9-д “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Тоёота приус 30 маркийн 00-00 УНҮ улсын дугаартай автомашины жолооч Г.Б  нь МУ-н замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 89 тал/,

 

14. Хохирогч Г.Б , Г.Т нарын төлбөр төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 146-152 тал/,

 

15. Шүүгдэгч А.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 23 цагийн үед найзуудтайгаа уулзчихаад гэртээ харихаар тоёота приус-30 маркийн 00-00 УБУ улсын дугаартай автомашиныг жолоодон 12-н мянгатын тэндээс гарсан. 25-р эмийн сангийн уулзвар руу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд замын 3 дугаар эгнээгээр явж байснаа санаж байна. Тухайн үед жоохон нойр хүрээд нойрмоглож яваад тэрүүхэн зуур унтчихсан байсан ба улаан гэрлээр уулзвар руу ороод зүүн гар тийш эргэж байсан машины зүүн урд хэсэгт мөргөөд цааш явж явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байсан хүнийг мөргөсөн. Би ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй дүрмийг мэдэж байгаа болохоор өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна. Би тоёота приус-30 маркийн автомашины жолоочид 500.000 төгрөг өгсөн, явган зорчигчийн баримтаар гаргаж өгсөн зардлуудыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 119 тал/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 94 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 95 тал/, өргөмжлөлүүд /хх-ийн 98-100 тал/, У.П коплет сургуулийн шилдэг төгсөгч үнэмлэх /хх-ийн 101 тал/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зан байдлын хувьд их зөв төлөвшилтэй, зөв боловсон харьцаатай. ...коллежоо төгсөхдөө шилдгийн шилдэг сурагчаар тодорч өргөмжлөл авч байсан, нийгмийн идэвхи сайтай хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 тал/, гэрч О.Туяацэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зан байдлын хувьд үг дуу цөөтэй, их дөлгөөн зантай, гэр бүлийн хүмүүжил сайтай хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 107 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.С-ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 53 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэлүүд, хохирогч Г.Ө- гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зүүн талаас гэрэл гялбаад гэнэт машин орж ирээд миний зүүн талын мөр орчим хүчтэй мөргөж газар унасан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг өнгөрч байхад манай хүү эгч Б-н хамт 10-р хорооллын урд талын Хермес худалдааны төвөөс 3, 4 дүгээр хороолол руу явах замдаа 25-р эмийн сангийн уулзвараар зүүн гар тийш эргэх үедээ автомашинд мөргүүлсэн. Энэ талаар удаагүй Бямбасүрэнгээс мэдээд ослын газарт очиход манай хүү Т машинд суугаад Бямбасүрэн явган зорчигч залуугийн хамт түргэний эмчид үзүүлээд байж байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нийт 1.298.000 төгрөгийн буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 292, 3463 дугаартай дүгнэлтүүд,  “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, мөрдөгчийн 2022 оны 3 дугаар сарын сарын 10-ны өдрийн 273 дугаартай магадлагаа болон шүүгдэгч А.С ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч А.С  нь 2022 оны 2 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн баруун урд уулзварын замд “Toyota Prius 30” маркийн 00-00  УБУ тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “жолооч ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, мөн дүрмийн 8.9-д “...улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчиж, зөвшөөрөгдсөн нэмэгдэл ногоон гэрлээр уулзвар нэвтэрч байсан “Toyota prius 30” маркийн 00-00 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Г.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Г.Т-н эрүүл мэндэд хөнгөн, замын хажууд зогсож байсан явган зорчигч хохирогч Г.Ө- г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 8.9-д “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.С ийн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар зүүрмэглэн улаан гэрэл дохиогоор уулзвар нэвтэрч зам тээврийн осол гаргасан үйлдэл нь хууль бус буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

 

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч Г.Б гийн эрүүл мэндэд бүсэлхийн 5, ахар сүүлийн 1-р нугалам хоорондын цагираг мөгөөрсний урагдал гэмтэл, хохирогч Г.Ө- гийн эрүүл мэндэд зүүн эгэм ясны хугарал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, эрүүнд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт, зүүн гарын долоовор хуруу, дунд хуруу, ядам хуруу, чигчий хуруунд зулгаралт гэмтэл, хохирогч Г.Т-н эрүүл мэндэд дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тус учирсан бөгөөд хохирогч Г.Б , Г.Ө-  нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 292, 3463 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдсон байна. 

 

Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2203000000163 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч А.С  нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч А.С ийн 2022 оны 2 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн баруун урд уулзварын замд “Toyota Prius 30” маркийн 00-00  УБУ тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Б , Г.Ө-  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгч А.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч А.С  нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.С  нь 20 настай, “Этүгэн” их сургуулийн 2 дугаар курсын оюутан, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолол 48 дугаар байрны 83 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.

 

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, гэмт хэргийн шинж, хяналтын прокурор, өмгөөлөгч нарын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч А.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч А.С т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.С т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ө- , Г.Б  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Г.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Ж.Г-н автомашинд 1.175.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч А.С  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Ө- гийн эрүүл мэндэд учирсан хохиролд 519.750 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Г-н эд хөрөнгөд учирсан хохиролд 1.239.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогджээ.

Харин хохирогч Г.Б , Г.Т нарын эрүүл мэндэд учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй бөгөөд шүүхийн шатанд хохирогч Г.Б  661.880 төгрөгийн, Г.Т 530.120 төгрөгийн баримтыг хохирол, хор уршигтай холбоотойгоор гарган өгсөн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.С ээс нийт 1.192.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Б д 661.880 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П д 530.120 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Г.Ө- , Г.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт баримтгүйгээр гарсан хоол унааны зардал, сургалтын төлбөр, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, үйл баримтыг дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.С  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ны С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.С т мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С ээс нийт 1.192.000 /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Г.Б д 661.880 /зургаан зуун жаран нэгэн мянга найман зуун ная/-н төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П д 530.120 /таван зуун гучин мянга нэг зуун хорь/-н төгрөг тус тус олгосугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч А.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Ө- д 519.750 /таван зуун арван есөн мянга долоон зуун тавь/-н төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Г-д 1.239.000 /нэг сая хоёр зуун гучин есөн мянга/-н төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Г.Ө- , Г.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П  нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА