Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 545

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, 1946 онд төрсөн, 71 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ46030713, Зуутраг овогт Гэзэгтэйн Цэдэнбалын

            Т.Төмөрхүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Г.Цэдэнбал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Төмөрхүү нь 1962 онд төрсөн, 55 настай. Т.Төмөрхүү нь 17 наснаасаа эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж эхэлсэн. Одоо тэтгэвэрт орох нас болсон бөгөөд тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй учраас Аймгийн архиваас цалингийн лавлагаа авсан болно. Иймд Т.Төмөрхүүгийн 1980-1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд мал маллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тэр үед Т.Төмөрхүүтэй хамт ажиллаж байсан улсын аварга малчин Д.Явуун, тракторчин Р.Пүрвээ нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Г.Цэдэнбал нь Т.Төмөрхүүгийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Т.Төмөрхүүгийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнааражиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Пүрвээ, Д.Явуун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Пүрвээ Миний бие нь 1974-1992 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Т.Төмөрхүү нь 1980 оноос 1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болно. Т.Төмөрхүү нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Т.Төмөрхүүгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Тухайн үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Д.Явуун Миний бие нь 1971-1990 оны хооронд Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Т.Төмөрхүү нь 1980 оноос эхлэн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал ажилласан болно. Т.Төмөрхүү нь голдуу шийр мал малладаг байсан. Тухайн үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Дүүдэй гэх хүн ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

           Т.Төмөрхүү нь 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолт,гэрч Р.Пүрвээ, Д.Явуун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Иймд нэхэмжлэгч Г.Цэдэнбалын хүсэлтийг хангаж, Т.Төмөрхүүгийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 10 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Зуутраг овогт Товноогийн Төмөрхүүгийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 10 /арав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Цэдэнбалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ