| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01555/И |
| Дугаар | 102/ШШ2017/01400 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/01400
| 2017 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/01400 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34-А байрны 42 тоотод байрлах Зориг транс ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Топ десишн ХХК-ийн захирал Г.Ганбатыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонсүрэн, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Зориг транс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн захирал Х.Ганзориг миний бие Топ десишн ХХК-ийн захирал Г.Ганбаттай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15-23-УН улсын дугаартай эксковаторыг сарын 20.000.000 төгрөгөөр, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 60-59-УБ улсын дугаартай бульдозерийг сарын 23.000.000 төгрөгийн төлбөртэйгээр Сэлэнгэ аймгийн Шарын гол сумын уурхайд ажиллуулахаар гэрээ байгуулж, манай компанийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчоон дахь Аж ахуйн хашаанаас дээрх техникүүдийг компаниас гаргаж өгсөн, операторын хамт гаргуулж авсан.
Эксковаторыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, бульдозерийг 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд түрээслэж, урьдчилгаа төлбөрт нийт 34.300.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 39.934.688 төгрөгийг шаардаж, ...тооцоо нийлье... гэж санал тавихад Г.Ганбат манайхаас гаргасан тооцоотой санал нийлэхгүй гээд түүнээс хойш 98666866 дугаарын утсаа авахгүй алга болсон.
2016 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн Анхан шатны шүүхэд Топ десишн ХХК-ийн Улсын бүртгэлийн дугаар 9011244036, Улсын бүртгэлийн гэрчилгээний 5393043 дугаартай, захирал гэх бүртгэлтэй Гантуяад холбогдуулан нэхэмжлэл гарган, албадан ирүүлж, шүүх хурал явуулахад албан ёсны захирал нь Г.Ганбат өөрөө солигдсон гээд нэхэмжлэлийг гардан аваагүй.
Гантуяа бол Г.Ганбатын албан ёсны эхнэр нь юм. Тэгээд Гантуяагаар дамжуулан Г.Ганбатыг дуудуулах гэхэд хөдөө хол байгаа, дуудахад цаг орно гэх мэтээр хэлдэг.
Иймээс Топ десишн ХХК-ийн захирал Г.Ганбат гэрээ болон Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хаягтаа бүртгэлгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, тодорхой бус байгаа тул зохих хуулийн дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонсүрэн гаргасан тайлбартаа: Топ десишн ХХК-ийн захирал Г.Ганбат, эхнэр Гантуяа нар манай байгууллагын техникүүдийг түрээслэн ажиллуулахаар гэрээ байгуулж, ашигласан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, олдохгүй байна.
Бид өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаягтаа байхгүй гэх Тодорхойлол-тыг хорооноос өгсөн тул эрэн сурвалжуулах хүсэлтийг гаргаж, хүсэлтээ дэмжиж байна гэлээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Зориг транс ХХК, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Топ десишн ХХК, захирал Г.Ганбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Топ десишн ХХК, захирал Г.Ганбатыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга С.Мягмарсүрэнгийн Тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2350 дугаартай Шүүгчийн захирамж зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Топ десишн ХХК, захирал Г.Ганбатыг эрэн сурвалжилсугай.
2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Дарханцэцэгт үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.АРИУНАА