| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01550/И |
| Дугаар | 102/ШШ2017/01426 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/01426
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/01426 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 10 дугаар гудамжны 187 тоотод оршин суух Боржигон овогт Энэбиштогтохын Баасантогтоход холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Баасантогтох нь манай компанитай 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1342080 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Э.Баасантогтох нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 220.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.
Иймд Э.Баасантогтохоос төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 330.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу 479 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч Э.Баасантогтох бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 330.000 төгрөгнийхөө 110.000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч Э.Баасантогтох үлдэх 220.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 110.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 110.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч Э.Баасантогтохоос зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 110.000 төгрөгнөөс татгалзаж, 220.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 110.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 110.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Энэбиштогтохын Баасантогтоход холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 110.000 төгрөгнөөс татгалзаж, 220.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 110.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 110.000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.Баасантогтохоос 3625 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА