Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0286

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 04 өдөр                   Дугаар128/ШШ2020/0286                Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн Ш-ын Д,

Хариуцагч: ХудЗд,

Гуравдагч этгээд: Б овгийн Чийн М,

Нэхэмжлэлийн шаардлага: “ХудЗдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 дугаар захирамжийн Ч.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Ч.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б, гэрч Т.Г, Ч.Д, Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш овогтой Д миний бие нь Хан-Уул дүүргийн хороо А гудамж тоотод 1999 оноос хойш амьдарч байна. 1999 оноос хойш эзэмшиж байсан газартай кадастрын зураг гаргуулж өмчилж авах гэж хороо дүүргийн ажилтнуудтай удаа дараа уулзсан боловч тусыг эс олсон. Арын хашааны 00 номерын эмээ Д нь хүү Б-ийг манай хашаанд түр буулгасан. Б нь 2006 онд нас барсан. Эхнэр Ч овогтой М нь хүүхдийн хамт үлдэж байгаад 2017 онд нүүсэн. Ч овогтой М нь манай хашаанд түр оршин суух хугацаанд манай хашааны газраас 150м2 газарт Дүүргийн Засаг Даргаар 2019 оны 07-р сарын 26-ны өдөр А/272 тоот захирамж хашааны эзэний зөвшөөрөлгүй гэрчилгээ гаргуулсан байна. Дүүргийн Засаг Даргын Захирамжийг хүчингүй болох өргөдлийн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.А-д өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй ХУД-ийн хорооны Засаг Дарга байсан Г, зохион байгуулагч А, М нарын шалган үзэж ХудЗдын 2019 оны 07-р сарын 26-ны өдрийн А/272 тоот захирамжийн зүйлийн хавсралтын 1-нд заасан Ч овогтой Мт /РД:ЖЯ/, 151 м2 газрын олгосон, газар эзэмших захирамжийг хүчингүй болгож ХУД-ийн хорооны А гудамжны тоотод оршин суугч Б овогтой Ш-н Д нь 1999 оноос хойш эзэмшиж байгаа газрыг өөрийн нэр дээр болгох хүсэлтийг минь хүлээн авч үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Манай хороонд А гудамжинд *******б гэсэн хашаа байхгүй. Намайг манай хороо, гудамжны эргэн тойрны иргэд, оршин суугчид бүгд гэрчилнэ.

... А гудамжны 25 нойморын Д эмээгийн хүү Б 2003 оны 5 сард Дорнод аймагт ажлаар явж байгаад 2003 оны 8 сард цус харвах үед нь ах М*******, ах Б, дүү Б******* нар нь очоод авахад Бийг асарч хамгаална гэж хэлээд М цуг ирсэн. Ирээд 2003 оны 8-р сараас Д эмээтэй цуг амьдарч байгаад Д эмээ хүүхдүүддээ хэлж байгаад 2004 оны 6 сард Чингэлтэйд хүү Бгийн хашаанд шинэ гэр барьж өгч н.Б, Ч.М нарыг тусад нь гаргасан.

Тэгээд 2005 оны 5 сард Д эмээ надтай уулзаад хашаандаа түр хугацаагаар буулгаад өгч туслана уу. Бийн бие хааг нь харж байх гэсэн юм гэхэд нь би эх хүний сэтгэлийг бодоод зөвшөөрч буулгасан. Ингээд 2006.5.15-ны өдөр манай хашаанд гал гарч манайх болон Бийн гэр хамтад нь бүрмөсэн шатсан. Д эмээ Бийн ах Б нар дахин 2 дахь гэрээ авч өгч Д эмээ, Б, М нар нь дахин надаас гуйхад нь М, Д эмээ, ах Б нарт хожим хойно ямар нэгэн хэрүүл маргаан асуудал гаргахгүй гэж Ч.Мээс асуухад тийм зүйл байхгүй гэж хэлж байсан. Нөхөр Бийн бие нь маш муу байхыг хараад би өрөвдөөд дахин түр хугацаагаар буулгасан.

Ингээд 2006.06.20-нд Б нь нас барж М нь 4 хүүхдийн хамт үлдсэн. М манай хашаанд Чингэлтэйгээс нүүж ирэхэд нь 3 хүүхдийн ******* сургуульд 3-8-р ангид нь оруулж өгч байсан. Д эмээ Мт аминчилж: чи хэзээ нэгэн цагт нүүхдээ ямар нэгэн асуудал гаргахгүй хэл ам хийхгүй байж байгаад чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээрэй гэж захиж байсан. Миний бие нь Мээс ямар нэгэн мөнгө түрээс авдаггүй байсан. Мээс манай хашаанд ямар ч хашааны банз, хадаас ороогүй болно. М нь хорооны хэсгийн ахлагч хийж байх хугацаандаа иргэний үнэмлэхээ сольж *******6 гэсэн хаяг бий болгож өрхийн дэвтэр дээр гэж бичсэн байсныг *******6 гэж засвар хийсэн байна. М нь надыг чинь сэтгэлээсээ тусалсаны хариуд хүн чанаргүй, хүний мөсгүй чанар гаргаж байгаад нь гомдолтой байна.

Миний бие нь зүүн гар хөл саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй болохоор нь Дгийн хашаанаас талыг нь авчих гэсэн бодолтой байсны илрэл одоо гарч ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дарангуйлан хууль бус үйл ажиллагаа явуулсан. Манай хашаа нь нийтдээ 515м2 талбайтай хашаа болно.

Ч.М нь 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны хооронд 12 жил амьдарч байгаад манай хашаанаас нүүсэн. Одоо манай хашаанд байхгүй ээ. Ч.М нь 2016 оны их хурлын сонгуулийн дараа орон нутгийн сонгуулийн өмнө хорооны Засаг дарга н.Г нь 2016.08.01-ний өдрийн 2091 тоот тодорхойлолтыг Ч.Мт хийж өгөхдөө манай хашаанд ямар нэгэн хамар зааг байхгүй айлын хашаанд *******б гэсэн хийсвэр хаягыг судлан үзээгүй, хаягжилт байхгүй байхад Мт газрын тодорхойлолт хийж өгсөнийг хууль бус үйл ажиллагаа байна. Хорооны Засаг даргын ажлын хуваарьт газар эзэмшлийн асуудлаар хорооны засаг даргаас бусад ажилчин албан хаагчид хийж өгөхгүй гэж заасан байдаг.

Дүүргийн газрын албаны дарга Мтай уулзахад Мийн нэрэн дээр гарсан захирамжийн талаар асуухад хорооны газар зохион байгуулагч М нь ээлжийн амралттай байхад нь дуудаж ажилд нь оруулаад Д, М 2-ын газрын маргааныг шийдвэрлэж учрыг нь олж өгөх үүрэг өгсөн. Миний бие нь урьд нь н.Мтай уулзаж байгаагүйээ. н.М нь таныг Ч.Мтэй цуг байлгаж байгаад шийдвэрлье гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. М нь Мийг 2019.08.10-ны өдөр 10 цагт ир гэж утсаар хэлсэн. Намайг бас 10 цагт хүрээд ир гзж г 1 хэлэхэд би 10 цагт ирээд 11 цаг 30 минут хүртэл Мийг хүлээсэн боловч ч ирээгүй. Ирэхгүй болохоор М намайг яв гэсэн. М нь 2 дахь удаагаа буюу 2019.08.20-нд ахиж надтай утсаар яриад М маргааш 10 цагт ирнэ гэсэн би маргааш нь 10 цагт ирээд 12 цаг хүртэл хүлээсэн боловч М бас л ирээгүй.

М нь 2016 онд хорооны газар зохион байгуулагчийн ажлыг Г-с хүлээн авахдаа Мийн материалыг хүлээн авсан байна. Ингээд газрын албаны дарга О******* нь Мийн материалтай танилцаж материал дутуу, зураг зөрүүтэй дахин нягтлан шалга гэсэн бичгийг Г*******эс М хүлээж авсан байна.

н.М нь материал хүлээж авснаас хойш Мээс хажуу айлын зөвшөөрсөн гарын үсэг хийлгэж ир гэхэд нь М нь гэр орондоо алга байна гэж олон удаа худлаа хэлж байсан байна. М нь 2 удаа манай хашаанд ирэхэд би байхгүй байсан. Миний бие нь өдрийн цагаар хуванцар лааз аргалд явж хоол унд, талхныхаа мөнгө олдог юмаа. М нь Мийн газрын зураг зөрүүтэй, хашааны эзний зөвшөөрөлгүй, хаягжилт байхгүй, хашаан дотор ямар нэгэн зааггүй, хашаанд түр байсан Мт 150м2 газрыг эзэмших захирамж гаргасан нь хуулийн захирамж зөрчсөн үйлдэл юм.

М нь Дгийн хашаанд түр хугацаагаар байсан үнэн гэсэн хорооны иргэд хөдөлмөрчдийн 80 хүний гарын үсэгтэй өргөдөл ХУД-ын газрын албанд 2019.08.23-нд өгсөн. 2019.09.02-ны өдрийн 16/3100 тоот албан бичгээр тоот албан бичгээр дээд байгууллага болон шүүхэд ханд гэсэн хариу бичиг ирсэн. 2019 оны 9 сард Нийслэлийн засаг дарга Амарсайханд өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй.

2019 оны 10 сард Нийслэлийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. ХудЗдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 тоот захирамжийн 1.1-т заасан Ч овогтой Мт 150м2 газар олгосон эзэмших захирамжийг хүчингүй болгож Хан-Уул дүүргийн хорооны А гудамжны тоотод оршин суугч Шатар овогтой Ц-ийн нэрэн дээр болгож хүсэлтийг хүлээн авч хүсэлтийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Маргаан бүхий газар нь анх ******* тоот гэх хаяг олгогдсон. Энэ нь яагаад *******а, *******б болсон нь ойлгомжгүй. Хаяг олгох журам зөрчигдсөн. Хаягийг Газрын алба, хороо нийлж дүгнэлт гаргаж байж хаяг өгдөг.  2 хаяг байгаа боловч бодит байдал дээр нэг хашаа байгаа. Ш.Д нь 2000 онд уг хашааг барьсан. Ч.М гэх хүн нөхөртэйгөө ирж гуйж буусан. Хашаан дотроо буулгасан гэдгийг гэрч мэдүүлж байна. Мөн хорооны олон оршин суугчдын тодорхойлолт байгаа. Ш.Дг ганц бие олон жил амьдарч байгаа гэдгийг олон хүн гэрчилж гарын үсэг зурсан. Мөн Ш.Дгийн хашаанд Ч.М сүүлд буусан гэх баримт байгаа. Үүнээс үзэхэд Ч.М нь Ш.Дгийн хашаанд гэр барьж түр хугацаагаар буусан гэх тайлбар батлагдаж байна. Ч.М нь Ш.Д газар эзэмших эрхээ хөөцөлдөөгүй гэдгийг мэдээд хүсэлт өгч тал газрыг нь өөрийн нэр дээр эзэмших захирамж гаргуулсан. Захирамж гаргасан процессыг нь харахад хууль зүйн хувьд бүрдүүлсэн материал алдаатай, байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журам нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл, Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолыг үндэслэж гарсан. Энэ журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг журамд өргөдөлтэй танилцаж судалгаа хийнэ, хээрийн судалгаа хийнэ гэж заасан. Хэрийн судалгаанд нэгж талбарын орц, гарцыг тогтооно, хил заагийг газарт шилжүүлж урьдчилсан байдлаар солбицлыг тогтоож тэмдэгжүүлнэ, бусдын эзэмшил ашиглалтын газартай давхацсан эсэхийг тодруулна, үер усны бүсэд байгаа эсэхийг тодруулна, хөрштэй хийсэн тэмдэглэл үйлдэнэ гэж тус тус заасан. Гэтэл хөршийн тэмдэглэл болон орц, гарцыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад материал бүрдүүлэхгүй захирамж гаргасан. Гарын албаны хүн хэлэхдээ агаар, сансрын зургаас харахад нэг хашаа байсан. Хажуу айлын хүнтэйгээ хамт ир гэсэн шаардлага тавьсан боловч ирэхгүй гэсэн тайлбар өгсөн гэж гэрчилсэн. Хээрийн судалгаа хийгдээгүй тул үндэслэлгүй захирамж гарсан. Ш.Д нь цаашид газраа бүтнээр нь эзэмших эрх олж авах эрх нь зөрчигдөж байна. Уг газар дээрх хашааг Ш.Д өөрөө барьсан. Тиймээс Ш.Дгийн өөрийн өмч хөрөнгө бусдын өмчлөлд шилжихэд бэлэн болоод байна. Геодези зураг зүйн газраас ирүүлсэн зургийг үзэхэд нэг хашаа байгаагаар харагдаж байна. Дотор нь байгаа гэр нь дундуураа хуваагдсан байдалтай харагдаж байгаагаас үзвэл нэг хашаа байсан гэдэг нь батлагдаж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан маргаан бүхий захирамжийн Ч.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч ХудЗд Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ш.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тус дуургийн 4 дүгээр хороо, А ******* хаягтай иргэн Ч.М Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр амьдарч байгаа 150,7 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан байна.

Хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 тоот захирамжаар маргаан бүхий газрыг иргэн Ч.Мт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Маргаан бүхий захиргааны акт хуульд заасан шаардлагыг хангасан, газрын давхцалгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.М нь 2016 онд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргасан. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ч.Мт эзэмшүүлсэн. Маргаан бүхий газрыг эзэмшүүлэхэд Газрын албаны мэдээллийн санд ямар нэг газрын давхцалгүй байсан. Орц гарцын асуудлыг судалсны үндсэн дээр уг газрыг эзэмшүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна” гэв.

 

Гуравдагч этгээд Ч.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ш.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХудЗдд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Ч.М миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар эрхийн гэрчилгээгүйгээр аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон байдаг.

Иргэн Ч.М миний бие “Газрын тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, А 1 дүгээр гудамж, *******б тоот хаягт байрлах 151-н м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хуулийн дагуу эзэмшихээр шаардлагатай баримт материалуудыг бүрдүүлэн харъяа дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан. Улмаар миний хүсэлтийг судлан үзээд холбогдох хууль тогтоомжид нийцэж байсан учир надад 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг олгосон.

Дээр дурдсан газрын эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй буюу эзэмших, өмчлөх эрхэнд нь хууль бусаар халдаагүй болно. Өөрөөр хэлбэл эрхийн гэрчилгээгээр баталгаажсан нэхэмжлэгчийн эзэмшлийн эсхүл өмчлөлийн газрыг би хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй бөгөөд эрхийн гэрчилгээгүй, ямар нэгэн эрхийн доголдолгүй газрын эзэмших эрхийг олж авсан.

Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн ХудЗдын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №А/272 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны илт хууль бус акт биш гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй, эрхийн гэрчилгээгээр баталгаажсан түүний эзэмшил, өмчлөлийн газрыг хууль бусаар өөртөө аваагүй, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, газар эзэмших эрх олгосон А/272 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэний бүртгэлийн лавлагаанд ******* тоот гэж огт байгаагүй. Анхнаасаа *******а, *******б гэх хоёр хаяг байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглосон байдаг. Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай” журмын 2, 3 дугаар хэсэгт зааснаар Ч.М нь өөрийн оршин суугаа хаягийн дагуу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлд тус тус зааснаар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо А ******* тоотыг хууль ёсоор эзэмшиж байгаа. Ш.Дгийн хууль ёсны өмчид Ч.М огт халдаагүй. Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо А ******* тоотыг эзэмшиж байгаа талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт тодорхой дурдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ХудЗдын 2019 оны А/272 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус акт биш гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Дгаас ХудЗдд холбогдуулж гаргасан “ХудЗдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 дугаар захирамжийн Ч.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

            ХудЗдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/272 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх хэсэгт Ч.Мт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А 1 дүгээр гудамжны *******б тоот хаягт 151 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “*******б гэж хаяг байхгүй буюу тус хаягийг хаяг олгох журам зөрчиж олгосон ба бодит байдал дээр нэг хашаа байгаа, захирамжийг гаргахдаа процесс зөрчсөн буюу бүрдүүлсэн материал дутуу, алдаатай, нэхэмжлэгч нь өөрийн удаан хугацаагаар амьдарч ирсэн газраа эзэмших эрх зөрчигдсөн” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Ч.Мээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлаад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул Засаг даргын А/272 дугаар захирамж гарсан. Уг акт нь хуульд заасан шаардлагыг хангасан” гэж, гуравдагч этгээдээс нэхэмжлэлийг мөн эс зөвшөөрч “маргаан бүхий газарт өөрийн зардлаар хашаа барьсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй буюу эрхийн гэрчилгээгүй газрыг хуульд заасан холбогдох материалыг бүрдүүлж газар эзэмшсэн тул ХудЗдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 1999 оноос, мөн хорооны А 1 дүгээр гудамжны *******а тоот хаягт 2000 оноос хойш амьдарч байгаа болох нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221 тоот албан бичиг[1], мөн хорооны иргэдийн гарын үсэг бүхий тодорхойлолт[2], гэрч Т.Гын “...******* тоотод Ш.Д амьдарч байсныг мэднэ. Нэг бус удаа газрынхаа гэрчилгээг ав, өргөдлөө өг гэж хэлж байсан, ... Ч.Мээс өмнө Ш. Д амьдарч байсан гэдгийг мэднэ” гэсэн, гэрч Ч.Дийн “... манайх 1996 онд тэнд буухад нэг ч айл байгаагүй. Ш.Д зүүн талын хошуу зайнд 2000 онд хашаа хатгаж буусан, ... Ч.М 2005 онд Ш.Дгийн хашаанд буусан”[3] гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Харин Ч.М нь 2006 оноос Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр гудамжны 0026 тоот хаягт бүртгэлтэйгээр амьдарч эхэлсэн байх ба 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөн хорооны 1 дүгээр гудамж, *******б тоот хаягт бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/3083 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа[4] хорооны Засаг дарга О.Г-ийн Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт хийсэн тэмдэглэгээ бүхий баримт[5]-аар тогтоогдов.

Тухайн газарт нэхэмжлэгч Ш.Д болон Ч.М нар зэрэгцэн амьдарч байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3-т зааснаар “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтлахаар, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан байна.

Гэтэл ХудЗд нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А ******* хаягт байрлах 151 м.кв газрын Ч.Мт эзэмших эрх олгосон шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Ш.Дгийн удаан хугацаагаар амьдарч байсан газар/хашаанд/-тай давхцаж байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, газрын харилцаанд тэгш байдал болон шударга ёсыг хангаагүй хууль бус шийдвэр болжээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар дүүргийн Засаг дарга нь “... газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон эсэх, бодитоор суурьшил үүссэн эсэхийг шалган тогтоох үүрэгтэй байна.

Мөн газар эзэмших эрх олгох харилцааг журамласан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын “Газар эзэмших, ашиглах эрх олгох журам батлах тухай” тушаалын хавсралтын хоёр дахь хэсгийн 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ” 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх” 2.1.3-т “Хээрийн судалгаа хийх” 2.1.8-д “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж өгөх”, мөн журмын Зургаа дахь хэсгийн 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ” 6.2.4-т “Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй ... тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/, 6.3-т “Энэ журмын 6.2.4-д заасан “шаардлагатай” гэсэнд дараах тохиолдол хамаарна” 6.3.3-т “Бусад”, 6.4-т “Хээрийн судалгааны ажлын үр дүнг боловсруулахдаа ажлын файл /temporary file/-ыг ашиглана” 6.5-д “Хээрийн судалгаа хийх явцад ямарваа зөрчил илэрсэн бол түүнийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлон, хэрэв боломжтой бол зөрчлийг арилгах арга хэмжээг авсны дараа ажлын файлд үр дүнг оруулна” гэж тус тус заасан байна.

Маргаан бүхий актыг гаргах үед буюу 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан гэрч Н.Маас шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... өмнөх 2 газар зохион байгуулагчийг дамжсан, “шийднэ” гэсэн өргөдөл надад ирсэн, захирамжийн төсөлд орсон байсан..., сансрын зургаас харахад айл байсан, ... Ч.Мийн өргөдөлд иргэний үнэмлэхийн хуулбар, хорооны тодорхойлолт, кадастрын зураг, улсын бүртгэлийн материал байсан бөгөөд газар дээр нь биечилж очиж үзээгүй, ... хөршийн тэмдэглэл болон хээрийн судалгаа хийгээгүй” гэж тайлбарласнаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий газрыг бусдын эзэмшилд байгаа эсэхийг тодруулах, давхцуулахгүй байх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Өөрөөр хэлбэл, газрын харилцаанд шударга ёсыг хангах зарчмын хэрэгжилт нь анх эзэмшил үүсэж байгаа газрын хувьд өөр бусад этгээд бодитоор эзэмшиж байгаа эсэхийг шалган тогтоох үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй юм.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн “Ч.Мээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлаад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тул Засаг даргын А/272 дугаар захирамж гарсан. Уг акт нь хуульд заасан шаардлагыг хангасан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ш.Дгийн хувьд тухайн газрыг эзэмших талаар эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргаагүй байх боловч тэрээр Газрын тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн 2003 оны 01 дүгээр сарын 01-ээс өмнөх цаг хугацаанд тухайн газар дээр суурьшсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... удаан хугацаанд оршин суусан газартаа эзэмших эрхийг гэрчилгээ авах боломжгүй болсон” гэсэн тайлбарыг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

Дээрхээс нэгтгэн үзвэл, ХудЗдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/272 дугаар захирамжаар Ч.Мт газар эзэмших эрх олгосон хэсэг нь хууль бус буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Ш.Дгаас тус дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “ХудЗдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 272 дугаар захирамжийн Ч.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “нэн ядуу амьдралтай, төлбөрийн чадваргүй тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай” хүсэлт болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 301 тоот албан бичгээс үзвэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.1-д “Хэргийн оролцогч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, эсхүл хуульд заасан бусад үндэслэл байвал тэдгээрийг нөхөн төлүүлэх шүүхийн зардлаас чөлөөлж болно” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХудЗдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/272 дугаар захирамжийн Ч.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

 


[1] Хавтаст хэргийн 15 дахь талд

[2] Хавтаст хэргийн 19 дэх талд

[3] Хавтаст хэргийн 153 дахь талд

[4] Хавтаст хэргийн 82-85 дахь талд

[5] Хавтас хэргийн 102-105 дахь талд