Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1702

 

О.Оюуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01567 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Оюуны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Оюун надаас хуучнаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6100 дугаар захирамжийн дагуу 101 885 769 төгрөгийг гаргуулж “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна. Учир нь төлбөр төлөгч миний эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 32А байрны 16 тоот 86.52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр оруулсан. Дээрх орон сууцыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 91 750 000 төгрөгөөр оруулах болсоныг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч О.Оюун надад мэдэгдсэн. Миний бие өөрийн амьдардаг ганц байрыг өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр 2 дахь дуудлага худалдаанд оруулахад гомдолтой байгаа тул энэ тухай гомдлоо НШГА-ны даргад гаргахад тэрээр 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хариу мэдэгдэлдээ “..., анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул 2 дахь дуудлага худалдаанд 91 750 000 төгрөгөөр оруулж байгаа нь хууль зөрчөөгүй” гэсэн утгатай хариу өгсөн. Миний бие дээрх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Учир нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2010 оны 150 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Үнэ хямдруулан худалдан борлуулах журмын 2.6.1 дэх хэсэгт худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл, холбогдох материалтай танилцаж, түүний чанар байдлыг харгалзан анхны дуудлага худалдаанд санал болгосон нийт 50 хувиар бууруулах”, мөн журмын 2.6.2 дахь хэсэгт “албадан дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх” гэж зохицуулсан байдаг. Гэтэл НШГА нь үл хөдлөх хөрөнгийн анхны үнийг 70 хувиар бууруулж, дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө олон нийтэд мэдээлж байгаа нь дээрх журмыг зөрчсөн болохыг илт харуулж байна. Миний бие Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 32А байрны 1 тоот 86,52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг өр толгойлсон эмэгтэй бөгөөд миний хөрөнгийг ийм бага үнээр дуудлага худалдаанд оруулж худалдвал би орох оронгүй гудамжинд гарах нөхцөл байдалд ороод байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 32А байрны 16 тоот байрлах, 86.52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 91 750 000 төгрөгөөр 2 дахь албадан худалдаанд оруулах гэж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул энэхүү үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6100 дүгээр шийдвэрээр О.Оюунаас 101 885 769 төгрөг гаргуулж “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч О.Оюуны өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 32А байрны 16 тоот 86.52 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр битүүмжлэн, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хураан авч хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/18 дугаар тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/8101 дугаар мэдэгдлийг О.Оюунд танилцуулж, гардуулж өгсөн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн болох 2 дахь албадан дуудлага худалдаанд мэдээлэх явцад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32017/04361 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг тус албанд даалгаж захирамжилсан тул албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу “хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Ориент инвест ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч О.Оюун нь төлбөрөө төлөхгүй байх зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1 ажиллагаа явуулахад уг ажиллагаатай холбоотой худлаа гомдлыг шүүхэд гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж байна. Энэ удаад үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахтай холбоогүй журмын заалтыг нэхэмжлэлдээ бичиж гомдол гаргасан нь хууль, зүйн үлдэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд санал болгох үнэ хуулийн дагуу тогтоогдсон тул О.Оюуны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар О.Оюуны Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны Өргөн чөлөө 32а байрны 16 тоот хаягт байрлах, 86.52 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хоёрдахь албадан дуудлага худалдаанд санал болгох үнэ 91 750 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний  хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4361 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01567 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 32 а байрны 16 тоот хаягт байрлах 86.52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт бага үнээр буюу 91 750 000 төгрөгөер худалдан борлуулах гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч О.Оюун хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6100 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаар магадлалаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар О.Оюунаас 101 221 711 төгрөгийг гаргуулан “Ориент инвест ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 32а байрны 16 тоотод байрлах 86.52 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хураан авах ажиллагааг явуулсан байна. /хэргийн 22-34 дүгээр тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч О.Оюунаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад тэрээр 500 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч “Ориент инвест ББСБ” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар тогтоолоор “Мөнх Оргил Трейд” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 32а байрны 16 тоотод байрлах 86.52 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 183 500 000 төгрөгөөр үнэлсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 128 450 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. /хэргийн 36-49 дүгээр тал/

 

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1026 дугаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 607 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 617 дугаар тогтоолоор нэхэмжлэгч О.Оюуны орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 128 450 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 54-61 дүгээр тал/

 

Мөн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9/277 дугаар тогтоолоор барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч орон сууцыг чөлөөлүүлэх, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1511 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3/18 дугаар тогтоолоор барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хоёрдахь албадан дуудлага худалдаанд мөн оны 3 дугаар сарын 24-ний өдөр оруулахаар шийдвэрлэжээ.

 /хэргийн 66, 73-75, 77 дугаар тал/

 

Иймээс төлбөр төлөгч О.Оюуны төлбөрт хураагдсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 32а байрны 16 тоотод байрлах 86.52 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь буюу 91 750 000 төгрөгөөр хоёрдахь албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                                С.ЭНХТӨР