Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/535

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Ч-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000688 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тэнссэн хугацаагаар тогтоосон, А овогт Ч-ын Э (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн А.Б-тай маргалдан түлхсэний улмаас А.Б нь гэрийн хаалганы хажууд байрлах цахилгаан үүсгүүрийн таг хэсэгт байрлах төмөр утсанд хүзүүгээ зүсүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч А.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4611 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 7-8 дахь тал), шүүгдэгч Ч.Э-ы хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 24, 26-29, 30, 35-36 дахь тал), шүүгдэгч Ч.Э-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод иргэн А.Б-тай нийлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан улмаар “манай гэрээс гар” хэмээн түлхсэний улмаас  иргэн А.Б нь гэрийн хаалганы хажууд байрлах цахилгаан үүсгүүрийн таг хэсэгт байрлах төмөр утсанд хүзүүгээ зүсүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч А.Б-ы: “... Миний бие 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны  нутаг дэвсгэрт явж байгаад Э ахтай таарч хамтдаа архи уусан. Тэгээд Э ах гэртээ орсон ба би гэрийг нь мэдэх учир араас нь орсон. Намайг гэрт нь ороход Э ах эхнэртэйгээ хамт байсан бөгөөд авчирсан архиа Э ахтай хувааж уусан. Уг архинаас Э ахын эхнэр уугаагүй, хэсэг байж байгаад гараад явсан. Тэр хойгуур Э ах  “чи одоо манайхаас гараа, эгч чинь орж ирнэ” гэсэн. Би архи дуусаагүй байсан учир архиндаа хоргодож улмаар маргаан эхэлсэн. Тэгээд Э ах намайг чирч түлхэн гаргахад  самбар луу мөргөсөн. Намайг мөргөх үед  давхрын гэрэл масс үүсэж унтарч ассан ба хажуу айлын хүн гарч ирээд уурлаж цагдаа дуудсан.  Тухайн үед миний хүзүүнд шалбарсан шарх үүссэн. Хүзүүнээс бусад шарх нь өмнө үүссэн гэмтэл байгаа юм. Уг гэмтэл нь Э ахад хамааралгүй, би  согтуудаа хүнд  зодуулсан  бөгөөд  цагдаагийн байгууллагад шалгуулаагүй. Би Э ахад дургүй хүрээд “энэ намайг хутгалчихсан” гэж хэлсэн. Э ах намайг түлхсэн болохоос хутгалаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 18 дахь тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4611 дугаартай:

“А.Б-ы биед хүзүүнд шарх ... гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүний шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх хүзүүний шарх ...гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

3. Шүүгдэгч Ч.Э-ы: “... 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд  эхнэртэйгээ гэртээ амарч байтал гаднаас Б  согтуу нэг шил архи бариад орж ирснийг Б бид 2 хувааж уусан. Тэгээд Б нь согтоод орилж чарлаад байхаар нь “чи бие муутай, манай гэрт үхэж лай болно, харь яв, битгий гэрт хашхираад бай” гэж хэлтэл  Б “би явахгүй,  хононо” гээд байхаар нь  босгоод  куртикнээс татаад  хаалга онгойлгоод  түлхтэл  хаалганы цаана  байдаг цахилгаан үүсгүүрийг мөргөсөн. Тэр цахилгаан үүсгүүрийг мөргөхдөө  хаалганд уятай  байсан төмөр  утсанд хоолойгоо зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.Э, хохирогч А.Б нар нь нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, шүүгдэгч Ч.Э нь хохирогч А.Б-ыг өөрийн гэрээс явсангүй хэмээн уурлан түүнийг хувцаснаас татаж босгон гэрээсээ түлхэж хөөж гаргахдаа цахилгаан үүсгүүрийн төмөр утсанд хоолойг нь зүсэж эрүүл мэндэд халдсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн санаатай үйлдэл хохирогчид учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ч.Э-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Ч.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ч.Э-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байдал, Ч.Э нь хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу барилгын ажил хийдэг, сард авдаг орлого нь 1,000,000-1,800,000 төгрөгийн хооронд, ажлын гүйцэтгэлээс шалтгаалан авдаг зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг орлогын байдлыг харгалзан 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ч.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ч-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ