| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00501/и |
| Дугаар | 547 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багт оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО57052011, Тайж овогт Түвжгээгийн Бөхөөгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бөхөө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсөө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1957 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 60 настай. Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1974 оны 7 дугаар сараас малчнаар ажиллах болсон. Тус нэгдэлд 1989 оныг дуустал нийт 12 жил 2 сар малчнаар ажилласан болно. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, мөн тухайн үед ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох нас болсон тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.Иймд намайг 1974 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 12 жил 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн надтай хамт ажиллаж байсан Ж.Найдан, Д.Бадарч нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бөхөө нь 1974 оны 7 дугаар сараас 1989 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 12 жил 2 сар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Түвжгээгийн Бөхөөгийн 1974 оны 7 дугаар сараас 1989 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Бадарч, Ж.Найдан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчД.Бадарч Миний бие нь 1977 оноос 1987 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн Нуур бригадад бригадын зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Т.Бөхөө нь бага наснаасаа эхлэн аав ээжийн хамтаар мал малладаг байсан бөгөөд 1974 оноос тус нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие нь 1987 онд намын дээд сургуульд суралцахаар явахад Т.Бөхөө нь тус нэгдэлд малаа маллаад үлдсэн юм. Тухайн үед Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Норов, Далай гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ж.Найдан Миний бие нь 1968 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл, тус сумын 10-н жилийн дунд сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудад ажиллаж байсан. Би 1968 оноос 1976 оны хооронд Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор ажиллаж байхад Т.Бөхөө нь 1974 оноос тус нэгдэлд мал маллаж эхэлсэн. Миний бие нь 1976 оны 9 дүгээр сараас тус Тэс сумын 10-н жилийн дунд сургуульд аж ахуйн даргаар ажиллах болсон ба намайг ажлаас чөлөөлөгдөхөд Т.Бөхөө нь тус нэгдэлд мөн л мал маллаж байсан. Тухайн үед Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Далай, Норов гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Бөхөө нь 1974 оны 7 дугаар сараас 1989 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Бадарч, Ж.Найдан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Бөхөөгийн хүсэлтийг хангаж, түүний 1974 оны 7 дугаар сараас 1989 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 12 жил 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Түвжгээгийн Бөхөөгийн 1974 оны 7 дугаар сараас 1989 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 12 /арван хоёр/ жил 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Бөхөөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ